Өвөрхангай аймгаас үхэр жилийн ажил үйлсээрээ манлайлсан “Улсын аварга малчин” 9 төрсөн. Тэдний нэг нь Сант сумын Цариг багийн малчин Н.Нарангийнд “Улсын аварга малчин”-ы шагналыг нь энэ сарын 21-нд гардуулж өглөө.
Н.Нарангийнх нутаглаж буй Амнууд энэ жил цас бага ч мал малын идэштэй өнтэй сайхан байна. Сантад сүүлийн гурван жил дараалж зуншлага тааруугаас өвөл хавартаа цаг хүндэрч малчид олноороо алсын оторт явж гадны аймаг сумын нутагт өвөлжиж хаваржсан.
Нарангийнх өнгөрсөн жил Булганы Хишиг-Өндөр, Бүрэгхангайн заагт оторлож хавар оройхон нутагтаа нүүж ирсэн гэнэ. Тэд өнгөрсөн тооноор 2500 толгой мал тоолуулсан төдийгүй малаас авах ашиг шим, бэлчээр ашиглалт гээд олон зүйлээр нутагтаа төдийгүй улсад жишиг болохоор хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж “Улсын аварга малчин” хэмээх энэ хүндтэй цолыг хүртсэн юм.
Шинэ аварга “Манайх жилдээ 1000 дөхсөн төл авчихдаг айл. Сүүлийн 2-3 жил цаг хүндхэн байснаас отор нүүдэл ихтэй, нутаг орондоо өвөлжиж ч чадаагүй. Харин энэ жил сайхан байна. Газрын гарц шингэвтэр ч бараг намраараа өвөлжиж, мал тарга тэвээргээ алдаагүй өвлийг өнтэй давсан болохоор энэ жил толгойн тоо тоогоор төл авна гэж бодож байгаа. Ер нь ч тэгээд бэлчээр сайн байхад мал ч өөрөө өсч, буян хишгээ харамгүй хайрладаг юм даа” хэмээн ярьж байсан.
Шинэ аваргын шагналыг хамтдаа тосч баяр хүргэхээр хол ойроос ах дүүс нь, нутгийн түмэн нь цуглаж хөл ихтэй хөөр хөгжөөн ихтэй байсан.
“Улсын аварга малчин” Намсрайн Наран, түүний гэргий Төмөр-Уяагийн Пүрэвсүрэн нар 1988 онд илгээлтээр малчин болсон бөгөөд 1993 онд гэр бүл болсноос хойш хамтдаа буянт мал сүргээ өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн төлөө зүтгэсэн улс.
Тэд аль аль талаасаа нутаг орондоо магтагдсан малч удамтай. Нарангийн аав Намсрай аваргыг Сантынхан андахгүй. Арга туршлагаас нь хуваалцаж, мал маллах арга ухаанаас нь суралцаж явсан хүн олон.
Нарангийн хадам ээж Төмөр-Уяа гэж сүрхий хөгшин бий. “Гурван хүргэнээ “Улсын аварга малчин” гэж хүндтэй шагнал гардахыг үздэг азтай хүн шүү, би” хэмээн баярлах Төмөр-Уяа гуай нас сүүдэр ная дөхөж яваа ч мал маллах ухаан, сааль сүү базаах идээ цагаа бэлтгэх гээд малчин хүний хийдэг ажилд хошуу нэмэхээс хэтрэхгүй болж дээ хэмээж байсан.
Discussion about this post