Л.МӨНХТӨР
Хааны агь, нуган үр гэдэг үгс мартагдах шахаж, толь бичиг эргүүлэхэд хуучирсан гэсэн зүүлт авсан байх юм. Бид хаантай байсан нь үнэн. Хаан шиг хаантай байсан Угсаа залгамжилсан шиг залгамжилж байсан. Одоо харин хаангүй болсон. Угсаа залгамжлах эрх зүйгүй болсон. Амьдрал дээр бичигдээгүй хууль, бичигдснээсээ хүчтэй байх тохиолдол их гарах боллоо доо. Энэ нь нэг талаас монголчуудын өрөвдөх сэтгэлгээний илрэл, нөгөө талаасаа сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэгтэй агаар нэг..Манайд ийм нэг “том” дарга нарынхаар бол зарчимгүй юм их гарах болоо удаж байна. Мөн л аливаа намын мухардсан аргын нэг болой.Болоод өнгөрсөн 2020 оны сонгуульд Ц.Элбэгдорж, Н. Энхбаяр М.Энхболд Сү Батболд, Ц.Нямдоржтоны нуган үрс нэр дэвшинэ гээд уртын урт жагсаалт цахим хуудсанд жирийж байсныг тод санаж байна. Нөгөө л улс төрийн “жиргээчид” нь жиргэсэн юм. Тэр өнгөрсөн баларсан юм цахим түүхнээс минь гараад ирлээ. Яана даа таминь. Харцын хүүхэд ч хог дээр хаягдах цаг ойртож байх шиг гэж эмзэглэлээ. Ер нь энэ янзаараа бол энэ улс гүрэн чинь парламентийн засаглалтай байна уу… хэмжээгүй эрхт хаант засаглалтай байна уу…Ингэж бодогдож байх юм. Учрыг нь олж хужрыг нь тунгаамаар аа. Ер нь тэгээд парламентийнхаа хуулинд угсаа залгамжлан УИХ-д сууна гэсэн өөрчлөлт оруулчихвал яасан юм дээ… Нэлээд эртнээс улбаатай энэ гажуудал одоо бүр гаарч, төрийн алба төрлийн алба хэмээх хэлц гараад хэвшчихлээ. Үүнийг дээдэс сонсохч үгүй чихгүй толгой л явцгааж байна. Саяхан бас л өнөө “жиргээчид” тэрний дүү энэний хүү, тэрний охин, энэний ах тийм тийм ажил эрхэлдэг жагсаасан байх юм. Дээхнэ үедээ бол Энэбиш даргын хүү Мөнх-очир, Зоригийн дүү Оюун, Отгонбилэгийн эхнэр Туяа гэхчлэн өв залгамжилж өөрийн намдаа “хаан” суудал олж өгч байсан. Одоо УИХ-ын эрхэм тодотголтой, халдашгүй байдлын хамгаалалттай гишүүд маань нуган хүүгээ, агь охиноо өөрийн суудал залгамжлуулахаар бэлтгэж байдаг бололтой аж. Энэ наадамд чинь харц ардын хүү түрүүлж болохгүй юу гэдэг шиг л болох нь дээ….Тийм л ёстой юм бол сонгууль хийж цаг зав, мөнгө хөрөнгө үрж суух хэрэг байна уу даа… Мөн ч УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг гэж ёстой ядуу хүний огиудас хүрч даралт ихэсгэмээр олон оронтой тоо олохуйяа бэрх эд хөрөнгө дурайдаг болж. Эгэл ардын хөрөнгө орлогын мэдүүлэг авбал өрийн данс өрөөсөн оймс л гарна биз. Энд залгамжлахын нэг хувилбар байна. Эрхэм гишүүний сэнтийд заларсан этгээд эхнэр эсвэл нөхөртөө хөрөнгө, аж ахуйгаа залгамжлуулдаг. Өөрөө хамгаалалт бүхий “нууц ноёнтон” болдог. Эртхэн сайн муугаа ярьж хууль дүрмээ эмхэлж оюун бодлоо цэгцэлж, орон улсаа зөв хүнээр удирдуулах оноо алдаагаа цэгнэмээр. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг сэн. Санал бодлоо уралдуулаарай. Өгөөшийг нь бивээр ийнхүү тэрэллээ. .. 2022 оныг давчихвал сонгуулиар хийрхсэн он гарах нь мэдээж ээ. Тэр удахгүй. Цаг хугацаа зогсошгүй.
Discussion about this post