Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2025 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр баталсан ч хэрэгжилт хангалтгүй байна. Ялангуяа, 2017-2020 онд төлөвлөсөн ажлын хэрэгжилт 40 хувьтай, 456 ТЭРБУМ төгрөг зарцуулсан ч үр дүн муу байна. Үр дүнгүй байгаагийн нэг шалтгаан нь хариуцсан төрийн байгууллагууд уялдаа холбоогүй, Үндэсний хөтөлбөрт тусгасан төлөвлөгөөт ажлуудыг төсөвтөө тусгаагүй, тусгасан төсвийг зориулалтаар нь зарцуулаагүй зэрэг зөрчлүүд байгаа юм.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн хугацаа болох 2019 оны аравдугаар сараас 2020 оны гуравдугаар сар хүртэлх хугацааг түүхий нүүрс хэрэглэж байсан 2018 оны аравдугаар сараас 2019 оны гуравдугаар сар хүртэлх үетэй харьцуулахад
- агаар дахь PM2.5, PM10 тоосонцрын хэмжээ 37.7 хувиар тус тус буурсан ч
- хийн бохирдуулагч болох хүхрийн давхар исэл (SO2) 98 хувиар, азотын давхар исэл (NO2) 53.8 хувиар тус тус нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарсан.
Тэгвэл энэхүү том хөтөлбөртэй холбоотой Аудитын шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдээс шууд худалдан авалттай холбоотой ноцтой асуудлуудыг онцолж байна.
Тодруулбал, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр улс, орон нутгийн төсвөөс зарцуулсан хөрөнгийн зарцуулалтыг түүвэрлэн шалгахад Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд Тагнуулын ерөнхий газрын зөвшөөрлөөр зарим худалдан авалтыг төрийн нууцад хамааралтай гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 3.4-т заасны дагуу шууд гэрээ байгуулжээ. Энэ нь батлагдсан төсвийг арвилан хэмнэлтгүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж ҮАГ дүгнэсэн байна.
Шууд худалдан авалттай холбоотой зөрчлүүд:
- БОАЖ-ын Сайдын 2019 оны А/283, А/323, А/435 дугаар тушаалыг тус тус үндэслэн “Улаанбаатар хотын усан халаалтын бага, дунд оврын халаалтын зуухны утааны хий дэх үнс, тоосонцрыг барих төхөөрөмж худалдан авах, суурилуулах ажил”-ын хүрээнд нийт 290 ширхэг шүүлтүүрийг 12,029.7 сая буюу 12 тэрбум төгрөгөөр худалдан авч, суурилуулан ашиглалтад бүрэн оруулах ажлыг гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын Jiangshu Fengyu environmental protection, Center New Power, Hebei Yonghua environment Protection зэрэг компанитай шууд гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд нийт 10 тэрбум 390 сая төгрөгийн 290 ширхэг шүүлтүүрийг хүлээн авсан гэх боловч Хүлээн авах комиссыг албан ёсоор томилж, хүлээн авч, акт үйлдээгүй, аж ахуйн нэгж, байгууллагын халаалтын зуухны ашиглалтын талаарх мэдээлэл хангалтгүй, эд хариуцагч, ажил хариуцсан мэргэжилтнүүдийн шүүлтүүрийн тоо мэдээлэл зөрүүтэй, одоог хүртэл аж ахуйн нэгж байгууллагад суурилуулсан шүүлтүүрийн тоонууд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
- Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд сайжруулсан түлш нийлүүлэх, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрүүдийн хүчин чадал, үйл ажиллагааны түвшнийг тогтоож, дүгнэлт гаргах ажлын хэсгийн 2018 оны аравдугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт, БОАЖ-ын Сайдын 2018 оны А/425 дугаар тушаалыг тус тус үндэслэн 5 компанитай нийт 3.4 тэрбум төгрөгийн 68,000 тонн сайжруулсан түлш нийлүүлэх гэрээг шууд байгуулж, гэрээний дагуу 30 хувийн урьдчилгаанд 1.1 тэрбум төгрөгийг олгожээ. Гэрээний хэрэгжилтийг 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр дүгнэхэд “Усу Коал” ХХК гэрээний дагуу 9,000 тонн сайжруулсан түлш нийлүүлэхээс 8,615 тонныг дутуу нийлүүлсэн буюу 241.7 сая төгрөгийн төлбөрийг буцаан төвлөрүүлээгүй.
- Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2.9 ТЭРБУМ сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2,000 ширхэг гэр хорооллын сайжруулсан ариун цэврийн байгууламж барьж гүйцэтгэх тендер зарлан “Хэмжилзүй” ХХК-тай 2020 оны долдугаар сарын 29-ний өдөр 1,406.5 сая буюу 1.4 ТЭРБУМ төгрөгийн, “Дархан нэгдэл” ХХК-тай 2020 оны зургаадугаар сарын 8-ны өдөр 1.45 ТЭРБУМ төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, Хэмжил зүй ХХК-тай байгуулсан ажлын гэрээнд 28.1 сая төгрөг, Дархан нэгдэл ХХК-тай байгуулсан ажлын гэрээнд 28.9 сая төгрөг, нийт 57 сая төгрөгийн захиалагчийн хяналтын зардлыг хэрэгжүүлэгч байгууллагад шилжүүлэхээр тусгасан боловч улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй тус 2 арга хэмжээний гүйцэтгэлд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлээгүй байна.
Аудитын явцад дээр дурдсан БНХАУ-ын нэр бүхий 3 компанитай байгуулсан шууд гэрээгээр нийт 10.4 тэрбум төгрөгийн 290 ширхэг шүүлтүүртэй холбоотой зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн боловч хэрэгжилтийг ирүүлээгүй, Монгол Улсад хэдэн ширхэг шүүлтүүр хилээр орж ирсэн талаарх мэдээллийг Гаалийн ерөнхий газраас авахад Jiangshu Fengyu environmental protection ХХК-ийн оруулж ирсэн 50 ширхэг шүүлтүүр бүртгэгдэж, үлдсэн 240 ширхэг шүүлтүүрийн мэдээлэл бүртгэгдээгүй байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагад суурилуулсан шүүлтүүрийг ашиглаж буй мэдээллийг ирүүлээгүй тул хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах нь зүйтэй гэж үзжээ.
Тайланг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
Discussion about this post