«Бүх ард түмний найрамдлын одон» шагналтан «Алан» Улсын эрдмийн бүжгийн чуулга болон «Бүх ард түмний найрамдлын одон» ба «Оросын үнэн алдартны сүмийн Ариун гэгээн ханхүү Дмитрий Донскойн I зэргийн одон» шагналтан Кубанийн казакуудын найрал дууны бүжгийн чуулга Улаанбаатар хотноо «Монгол, Оросын хооронд соёлын арга хэмжээнүүдийн солилцоо»-ны хүрээнд хамтарсан тоглолтоо толилуулах гэж байна.
Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнүүдийн хүрээнд 2021 оны 11-р сарын 4, 5-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд «Монгол, Оросын хооронд соёлын арга хэмжээнүүдийн солилцоо» төслийн хүрээнд «Алан» бүжгийн чуулга болон Кубанийн казакуудын найрал дууны бүжгийн чуулгын хамтарсан тоглолт болох гэж байна. Уг тоглолтуудыг Оросын Холбооны Улсын Соёлын яам, Монгол Улсын Соёлын яам, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Холбооны улсын төсвийн соёлын байгууллага «РОСКОНЦЕРТ» зохион байгуулж байгаа билээ.
«Алан» бүжгийн чуулгын «Кавказ үндэстнүүдийн бүжиг» хөтөлбөрт дэгжин ба зөөлөн «Охидын бүжиг», Гүрж ардын «Картули» хуримын бүжиг, Аджар ардын «Гандаган» баярын олон нийтийн бүжиг, Дагестан ардын «Лезгин» болон Осет ардын бүжиг дэглэлтийн сувдан шигтгээ болсон ёслол төгөлдөр, эрхэмсэг «Симд» эртний бүжиг батална.
Кубанийн казакуудын найрал дууны бүжгийн чуулга нь «Казакуудын баярын бүжиг», «Эзэн хааны бие хамгаалагч хишигтэн цэргүүдийн бүжиг», Некрасовын казакуудын «Жигүүр» бүжиг, охид бүсгүйчүүдийн «Жаран хөлт» бүжиг, «Кубань бүжиг», «Кубань нутгаар хэнгэрэг дэлдэх нь» зэрэг бүжгүүдийг сонирхуулна.
Харин тоглолтын төгсгөлд Кубанийн казакуудын найрал дууны бүжгийн чуулга болон «Алан» чуулгын уран бүтээлчид «Калинка-Лезгинка» бүжгийн өвөрмөц найруулгыг толилуулах болно.
«Алан» чуулга 1938 онд үүсгэн байгуулагдсан ба 1957 онд Москва хотноо зохион байгуулагдсан Дэлхийн оюутан, залуучуудын VI наадмын Бүх холбоотны болон Олон улсын уралдаануудын шагналтан болж байжээ. Тэр цагаас хойш тус чуулга нь гадаадын улс орнуудаар аялан тоглолт хийх болсон ба Дэлхий дахинд мэргэжлийн баг гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн. Гайхалтай чадварлаг уран бүтээлчдийг Берлин ба Амстердам, Праг ба Софи, Брюссель ба Белград, Стокгольм ба Рейкьявик, Кабул ба Рангун гээд дэлхийн олон, олон хотуудад алга ташин хүлээн авсаар байна. 1968 онд «Алан» чуулга Софи хотод болсон Дэлхийн оюутан, залуучуудын наадмын тэргүүн шагналтан болсон ба 1997 онд «Эрдмийн» хэмээх өндөр цолыг хүртжээ.
Чуулгын хөтөлбөр байнга шинэчлэгдэн өргөждөг бөгөөд одоогийн байдлаар түүнд 20 гаруй Осетин болон Кавказын бусад олон үндэстэн язгууртнуудын бүжгүүд багтаж байна. 2000 онд Хойд Осет-Аланийн Бүгд Найрамдах Улсын «Бүх ард түмний найрамдлын одон»-гийн шагналтан «Алан» Улсын эрдмийн бүжгийн чуулга нь Урлагийн салбарын дээд шагнал болон «Алтан Аполлон»-ыг хүртсэн ба Франц Улсын Дижон хотноо зохион байгуулагдсан Таван тивийн олон улсын наадмын алтан медалийн эзэн болсон юм.
Кубанийн казакуудын найрал дуу нь XIX зууны эхэн үед үүсгэн байгуулагдсан ба тэр үеэс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй Оросын ардын урлагийн цорын ганц мэргэжлийн хамтлаг бөгөөд казакуудын үндэсний хамгийн эртний бөгөөд хамгийн том хамтлаг юм. Кубанийн казакуудын найрал дууны дуучид, бүжигчдийн ур чадварын өндөр түвшинг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь тус хамтлагийг гадаад, дотоодод аялан тоглолтоор ирэхийг маш их урьдаг, ирэхэд нь том том концертын танхимууд дандаа дүүрэн байдаг, мөн хэвлэл мэдээллийнхэн тэдэнд урам зориг хайрлан, магтан дуулдгаар нотлогддог. Кубанийн казак найрал дуучид эрт дээр үеийнхээс орчин үеийн хүртэл олон сайхан дуунуудыг амилуулдаг ба эдгээр дуунууд нь Кубанийн цэргийн болон соёлын давлагааны түүхэн баримтуудыг, Кубанийн казак цэргүүдийн түүхийг, мөн Екатеринодарын дээдсийн болон шашны соёлыг агуулсан байдаг. Нэг ёсондоо Кубанийн казакуудын найрал дуу нь хоёр зууны түүхийн үйл явдлыг хөгжим, дууны соёлын хэлбэрээр буулгасан түүхэн дурсгал юм.
Монгол, Оросын соёлын салбарын харилцаа холбоо эрчимтэй хөгжиж, манай хоёр орны уран бүтээлчид байнгын харилцаатай байдгаараа онцлогтой. «Монгол, Оросын хооронд соёлын арга хэмжээнүүдийн солилцоо» төсөл нь соёлын салбар дахь найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилготой юм.
Холбооны улсын төсвийн соёлын байгууллага «Хөгжмийн болон наадмын хөтөлбөрүүдийн холбооны удирдах газар РОСКОНЦЕРТ» нь ЗСБНХУ-ын Төрийн «Союзконцерт» концертын болон аялан тоглолтын товчооны залгамжлагч бөгөөд 1967 онд үүсгэн байгуулагдсан.
«РОСКОНЦЕРТ» нь томоохон хэмжээний урлагийн наадам, хоёр орны харилцааны жилүүд, солилцооны соёлын өдрүүд, Бүх Оросын болон олон улсын уралдаан тэмцээн, бүтээлч төслүүдийг зохион байгуулж, хэрэгжүүлдэг юм. Үүнд, тухайлбал, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээн, Олон улсын балетын бүжигчдийн болон бүжиг дэглээчдийн уралдаан, Хойд Кавказын үндэстэн ястнуудын спорт, соёлын наадам, «Балтийн дебют» наадам, Бүх Оросын хөгжмийн уралдаан, Бүх Оросын балетын бүжигчдийн болон бүжиг дэглээчдийн уралдаан, «Балтийн он цагийн улирлууд» Урлагийн наадам, «Славян ардын бичгийн хэл, соёлын өдөр», «Дэлхий ертөнц – Хөгжмийн ертөнц» наадам зэрэг бусад олон арга хэмжээнүүд багтана.
2020 оноос хойш «РОСКОНЦЕРТ» нь Бүх Оросын аялан тоглолт, концертын төлөвлөгөөний хүрээнд бүх арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хэрэгжүүлдэг хамгийн том аялан тоглолт, концертын төв болсон бөгөөд үүнд «Их аялан тоглолтууд», «Бид бол Орос орон» зэрэг томоохон төслүүд багтана.
Тус байгууллага нь Оросын Холбооны Улсын Соёлын яаманд харьяалагддаг.
Холбооны улсын төсвийн соёлын байгууллага «РОСКОНЦЕРТ»:
ФБ: https://www.facebook.com/rosconcertcompany
VK: https://vk.com/rosconcertcompany
Instagram: https://www.instagram.com/rosconcert_mincult/
OK: https://ok.ru/group/59273306243157
Мэдээллийн алба:
Тел.: +8 495-225-43-45 (нэмэлт 134, эсвэл 132)
E-mail: pr@rosconcert.ru
Discussion about this post