Шаравпэлжээлин (төвөд: shes rab ‘phel rgyas gling),Монголоор “Билгийг хөгжүүлэн бадруулагч хийд”, нийтийн дунд нэршсэнээр бол “Ногоон ордон”. Өгүүлэн буй Ногоон ордон бол Богд хааны дөрвөн ордноос харьцангуй бүтнээрээ үлдэж хоцорсон цорын ганц дурсгал бөгөөд өдгөө Богд Хааны Ордон музей нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын ууган музейн нэг юм.
VIII Богд Жавзандамба хутагт Туул голын хөвөөн дээр “Шаравпэлжээлин гэдэг ногоон сүм ордонг харагчин могой жил (1893)-ээс эхлэн барьж 1906 онд дуусгасан байна. 1892 онд Дэчингалавын хэрмэн дэх Богдын ордон шатсан тул Туул голын хөвөөнд дахин бариулахаар болсон хэмээн Ж.Өлзий гуайн бичсэн нь үнэнд илүү нийцтэй юм. Ногоон ордны урд талын гурван асарт үүдэн дээрх Манжийн хаанаас олгосон “илэрхийлэх бичиг” хэмээх баясгалант есөн луугаар тойруулан чимсэн, хөх модон самбар дээр баруун талд нь Бадаргуулт төрийн гучин гуравдугаар он(1907)-ы гурван сард, зүүн талд нь “Наймдугаар үеийн Жавзандамба хутагт”, гол дээд талд нь “Зарлигаар шагнасан” гэсэн Монгол бичиг бүхий мөн түүний доохно томоор “Сайныг цэнгэлдэн хүртээхүйеэ дуртай” гэсэн монгол, манж, төвөд, хятад дөрвөн үсгийн алтан бичээстэй байна. Энэ хугацаанд тус ордны Махранзын сүм, Эрдэм итгэмжит сүм, Бурхадын сангийн сүм, Номын сангийн сүм, Лаврин сүм, Алаг бойвын (зарим сурвалжид Ловон чинбын) зэрэг сүмүүдийг барьсан байна. Уул сүмийн барилгуудад хэрэглэх модон материалуудыг Дархан Чин Ван Пунцагцэрэнгийн хошуу нутаг Зүүнбаянгаас бэлтгэх ба хэрэглэх шохойг мөн хошууны Цагаанбулаг хэмээх газраас бэлтгэхээр шийдвэрлэжээ. Шаравпэлжээлинг барихад түмэн шар тэрэг мод орсон. Модыг хаалгач лам Жанчив, Зайсан лам Жанцан нар хариуцаж бэлтгэсэн. Сүмийн барилгыг Тэжаан зайсангийн пүүс голлон, туйпуу будгийн ажлыг Амгалангийн Хан овогтын пүүс хариуцан барьжээ. Мөн 1903 оноос 1905 онд Өвлийн ордон буюу европ маягийн хоёр давхар цагаан байшинг Оросын II Николай хааны бэлэглэсэн зураг төслийн дагуу Их хүрээн дэх Оросын консулын газраас эрхлэн Цэцэн хан аймгийн буриад барилгачдаар бариулсан байна.
Манж Чин гүрний эзэн хаан буруу номтны байшин бариуллаа гэж зэм хүртээж байсан учраас байшингийн дээвэрт алтан ганжир байрлуулж, хананд нь бадамлянхуа цэцгэн хээ зуруулж нэмэлт засвар хийлгэж тэрхүү хэл амыг дарж байсан гэдэг. Энэ байшиндаа VIII Богд Жавзандамба хатан Дондогдуламын хамт 20 орчим жил өвлийн улиралд амьдарч байжээ. Энэ ордон бол баригдсан цагаас эхлэн Дондогдулам хатны хамт амьдарсан ордон тул өмнөх Богдуудын ордны байдлаас илт өөр жинхэнэ айл гэрийн ёсоор тохижуулсан өвөрмөц сайхан ордон байлаа. Ногоон ордны цогцолбор нь хэд хэдэн удаа өргөтгөл хийгдэж шинэ барилга байгууламжууд нэмэгдэн баригдаж байсан юм. Манжийн эрхшээл ноёрхлыг эсэргүүцсэн монголчуудын эрх чөлөөний тэмцэл 1911 оны сүүлээр ялалтаар төгсөж VIII Богд Жавзандамбыг Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээлшгүй эрхт эзэн хаанаар өргөмжилсөн юм. Энэхүү түүхэн үйл явдалд зориулж 1912-1919 онд Амгалан-Энхийн хаалгыг бариулжээ. Хаалгын зураг төслийг уран барилгач “зоригт” цолтой Баажав тэргүүтэй Санжид, Тэжаан нар зохиожээ. Хаалга бариулсан даамал түшмэлүүд уг хаалгыг бариулсаны дараа ихээхэн шан харамж хишиг хүртээх зорилгоор томоохон найр хийх төлөвлөгөөтэй байсан боловч Богд хаан үүнийг зориуд үл анхаарч, ердөө заан маллагч гэлэнгээр равнай өргүүлээд өнгөрсөн гэх мэдээ бий. 1913 онд өвлийн ордонтой залгуулан хувцасны сангийн барилгыг, мөн Богдын бор зааны өвлийн байшинг хашааны баруун хэсэгт тус тус бариулсан байна. Энд бас мухар тэрэгний граж байсан тухай мэдээ бас байдаг. Туул голын хойд талд Дунд голын өмнүүрх өндгөн сүргийн бэлчээрт Богд хааны гурван ордон байсан ба зүүн талд нь Гунгаадэжидлин (Цагаан ордон), баруун талд нь Хайстай лаврин (хүрэн ордон) тус тус байсан ба дунд нь Шаравпэлжээлин байрлаж байжээ. Иймээс Шаравпэлжээлин ордонг хүмүүс голын сүм, зарим бүтээлд дээд сүм гэхчилэн тэмдэглэсэн байхаас гадна уг ордны дээвэр нийлэнхүйдээ ногоон вааран дээвэртэй байсан учраас ард олны дунд “Богдын Ногоон ордон” гэж нэрлэгдэж заншжээ.
Discussion about this post