Г.Дамдиннямыг хүүхэд ахуй цагт “Оддын эрэлд”, “Одод болохын хүслэн” гээд шоу ихэд болдог байв даа. Мань эр тус шоунд оролцох гэж ихэд мөрөөдсөн байх. Даанч авьяас билэг нь хүрээгүй ч юм уу, учир ерөөл нь таараагүй байх. Тиймээс бага насныхаа мөрөөдөлд автаж явсаар байгаад “Хөгжлийн банкны буянаар парламентад орж ирсэн” болов уу. Ийнхүү Монгол Улсын парламент бол бага насныхаа мөрөөдлийг биелүүлэх ганц боломж гэж харсан нөхөр бололтой. Эцэстээ л “Хүссэн юм хүзүүгээр татна” гэгч болох төлөвтэй. Ядахад парламентыг шоу гэж санагдуулам гишүүн олон байдаг хойно доо.
Мань эр ч хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэх алтан боломжийг юу гэж алдах билээ. Алдаагүй учраас өөрийгөө богино хугацаанд од болчихлоо, энэ УИХ чинь аятайхан газар байна гэж бодсон байх. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдааныг ээлжит бусаар зарлан хуралдуулах болов. Ийнхүү од болохын донд автсан түүнийг “Оддын эрэлд”-ийн тайз руугаа яарч явахад нь замын цагдаа зогсоож зам зуур юм юм л болов. Тиймээс чуулганы хуралдаан дээр яаран сандран ирсэн Г.Дамдинням Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан “Би УИХ-ын гишүүн хүн, намайг ард түмэн мэднэ. Гэтэл замын цагдаа саатуулж, 30 минут зогсоолоо. Төрийн ордонд яаралтай хуралтай байсан. Цагдаа нарын зан харилцаанд анхаарах хэрэгтэй” хэмээн алтан хошуу өргөв. Замын цагдаа Г.Дамдиннямын од болох замд 30 минут саад болсон бололтой. Сүүлд нь Х.Нямбаатар сайд “Манай цагдаа хууль ёсны дагуу ажлаа сайн хийсэн, уучлаарай, Г.Дамдинням гишүүн ээ” хэмээн түүнийг няцаана лээ.
Өөрийгөө од болчихсон гээд бат итгэж явсан түүнийг замын цагдаа таниагүйд л бухимдсан хэрэг. Тэгэхээр од болж амжаагүй гэдгээ мэдсэн тэрбээр дараа дараагийнхаа “уран бүтээл”-д орсон. Юуны өмнө чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой марган, эцэстээ халуурч, “Б.Пүрэвдорж оо чи битгий шаа” хэмээв. Үүнээс болж, “Фитиша” буюу “Бтиша” хэмээх нэр зүүв. Хэрүүл дундаа тэвдэж, “Битгий шаа” гэх үгийг “Бтиша” гээд өвөрмөц хэлсэн ч байх, шооч түмэн хувиргасан ч байх. Ямартай ч “Фитиша”, “Бтиша” гэх үгийн аль аль нь Монгол үгсийн санд бол байхгүй. “Фитиша” гэдэг нь япон хүний нэр ч юм шиг сонсогдох байх. Харин “Бтиша”-г өөр сувгаар хайвал ноосон утсаар нэхсэн дулаан оймс хэмээх тэнэмэл нэршил байна лээ. Аль нь ч бай, тэр ч Б.Пүрэвдоржийнхоо дэргэд оймс л доо. Ер нь од болох гэж байгаа залуу хүн хаана хэнд юу хэлж байгаа нь чухал биш байдаг бололтой. Гагцхүү харагдаж сонсогдох нь чухал.
Гэтэл од маань гэнэт Дарханы замыг шалгалаа, үүрэг чиглэл өглөө хэмээн хэсэг дөвчигнөв. Дархан, Улаанбаатар чиглэлийн замын ажлыг эхлүүлсэн цагаас хойш Зам тээврийн хөгжлийн гурван сайд дамжуулж биечлэн ажилласан. Мөн Гүйцэтгэх засаглалын хоёр тэргүүн үүрэг өгч ажиллаад бараагүй зүйлийг нэг муу од болохын хүслэн очоод үүрэгдлээ юу. Тэр замын ажил ямар шалтгаанаар гацаж байгааг ч мэдэхгүй байх.
Мэдэхгүй хүн л том том ярьдаг. Жишээ нь, “Миний хувьд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, хяналт тавьж буй болон гүйцэтгэгч компаниудтай байнга уулзаж бэлтгэл ажлын графикийг нь гаргуулаад долоо хоног тутмын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хэрэгжилтийг хянаад шахаад явж байна. Энэ онд багтаан ашиглалтад өгүүлэхийг зорин шахаж ажиллаж байна” хэмээн хэвлэлээр нэг бүлтрэв. Угаасаа тэр мэддэг нэгний инээд хүрэхээр зүйл ярина. Хариуд нь Л.Халтар сайд “Уучлаарай Г.Дамдинням гишүүн ээ, Дарханы зам энэ онд бүрэн ашиглалтад орохгүй” гээд нөхцөл байдлыг тайлбарласан байдаг.
Өнгөрөгч нэгдүгээр сард Дархан-Уул аймгийн залуус тойргоос сонгогдсон гишүүнээ эргүүлэн татах арга хэмжээ зохион байгуулж, гарын үсэг цуглуулахад ганцхан өдрийн дотор мянгаар тоологдох гарын үсэг цугларсан гэхээр сонгогч олондоо нэгэнт нэр нүүр сайнгүй бололтой. Ямартай ч тэр өдгөөгийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Хөгжлийн банкны захирлаар ажиллаж ахуй цагт Х.Ганхуягтай хамтран Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг зээлж, энэ зээлтэйгээ УИХ-д орж ирсэн нь ихээхэн хэл ам дагуулсан. Тэр ч бүү хэл Г.Дамдинням Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ хүчинд УИХ-ын гишүүн боллоо хэмээж байв. Тэр тусмаа дарханчууд “Аймгийн 33 бизнес эрхлэгчид ирэх мөнгийг бидний сонгосон гишүүн маань гөвчихөж” хэмээн шуугиж ч байв.
Ийнхүү 33 тэрбум төгрөгийн дуулиан гараад байхаар өнөөх Х.Ганхуяг, Г.Амартүвшин нартайгаа хамтраад бизнес эрхлэгчдээ дэмжсэн хуулийн төсөл өргөн барив. Ингээд ч намдаагүй. Улам л оволзов. Энэ үеэр тэрбээр “Тогтоолын төсөл батлагдсанаар 60 мянга орчим бизнес эрхлэгчдийн зээл, хүүгийн төлөлтийг хөнгөлөх, хойшлуулах боломж бүрдэж, жижиг, дунд бизнес тогтворжиж, ажлын байраа хадгалах боломж нээгдэнэ” хэмээн байр сууриа илэрхийлээд бүр ч балрав. Хуулийн төсөл санаачилсны цаад учир нь өөрсдийнхөө авсан 33 тэрбум төгрөгийн зээлийг хойшлуулах, хүүг хөнгөлөх, боломж гарвал “баллуурдах” арга сүвэгчилсэн бололтой. УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгаж, өөрийнхөө зээлийг тэглүүлэх арга болж хувирав.
Ийнхүү сайдад зөвлөж, ШУТИС-ийг бужигнуулж яваад эцэст нь 2017 онд “Прокон Майнинг Монголия” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад УИХ-д орж ирсэн поп л доо. Ийн явахдаа л Г.Амартүвшингээр дамжуулан 33 тэрбум төгрөгийн зээл авчихсан нь өдгөө их л дарамт болж байх шиг.
Уг нь намтрыг сөхвөл энд тэнд популизм хийж, тэнэг зөрүү зүйл яриад явахаар боловсролтой хүн биш. “Бтиша” нэр зүүх ч нэгэн биш. Тодотговол, нэгэн зууны эцэст буюу 1999 онд Дархан-Уул аймагтаа дунд сургууль дүүргэж, Улсын багшийн их сургуулийг Нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр төгсгөөд тэндээ Улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Мөн Колумбын их сургуульд Уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр хамгаалсан гэхээр чамгүй боловсрол эзэмшсэн нь харагдана. Гэхдээ өндөр дээд боловсрол эзэмшлээ ч хувь хүний байгалиас өгсөн нэг тийм чанар нь байсаар байх юм даа. Өнөө “Алтан шаахай өмсөвч алцан майг нь хэвээрээ” гэдэг л болжээ. Гэхдээ манай парламентад гадны улс оронд шар айраг эргүүлж хэдэн сар болсноо “боловсрол” хэмээн намтартаа тэмдэглэсэн нь олон шүү дээ. Ийм л нэг залуу хууль тогтоох байгууллагад орж ирсэн зорилгоо ч мэдэхгүй, цаашид яахаа ч төлөвлөөгүй, хаанаас ч хэнд ч хамаагүй харагдаж сонсогдохыг хүсэн сууна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Discussion about this post