Бямбын ПҮРЭВ гэж сайн орчуулагч байлаа. Түүний орчуулсан Монголын ард түмний сэтгэлд хоногшсон кинонуудаас дурьдвал “ Хатан хаан СиСи”, Мятрашгүй Жулиа”, “ Наполён” Загалмайлсан эцэг”, Амьдралын хүрд”, “Өргөст модны шувуу” зэрэг нийт 100 гаруй дэлхийн сор болсон киног эх хэлнээ яруу тунгалгаар буулган үзэгч түмэндээ хүргэсэн“ орчуулсан БЯМБЫН ПҮРЭВ” байлаа. Амьд сэрүүн байсан бол бол өнөө жил 65 нас хүрэх байлаа.
Эрхэм орчуулагчийн гэгээн дурсгалд зориулан түүний ОРЧУУЛГЫН ТУХАЙ бичсэн сэтгэгдлийг хүргэж байна.
“Тэр” эсвэл “Үгүй ээ” хэмээх орчуулга чихний хөндийд даанч хол сонсогдох нь гачлантай.
Хэрэв таны нөхөр унтаж байхад хэн нэг найз нөхөр нь ч юм уу, эсвэл үл таних хүн асууж сураглах аваас та мэдээж, миний нөхөр эсвэл манай хүн унтаж байна гэж яламдхан хариулах буйзаа. Яг түүнтэй адилхан тохиолдолд миний сургууль соёл дүүргэсэн орос, герман оронд хүмүүс “Он спит” эсвэл “ Er schlaeft ” гэж хариулах нь лавтай.
Тэгвэл нилээд олон телевизийн орчуулгын кино үзэж суухад: “Тэр унтаж байна “ хэмээн хариулахыг сонсохоор чихний хөндийд даанч хол сонсогдох нь гачлантай. Яг үнэндээ орос хэлний он, она, оно эсвэл герман хэлний er, sie, es хэмээх биеийн төлөөний нэр монгол хэлнээ энэ нэг нөхөр, тэр нэг хүн, өнөөх чинь, нөгөөх чинь, наадах чинь, цаадах чинь, наад залуу чинь, цаад авгай чинь гээд үй түмэн төлөөлөх үг байдгийг, би хэдий монгол хэлний мундаг мэрэгжилтэн бус ч гэлээ, өсөхөөс сурсан төрөлх хэл болохоор “Тэр унтаж байна“ гэсэн орчуулга сонсоод бараг учрыг үл ойлгон, будилах энүүхэнд. Мөн түүнчлэн герман хүний бараг амны уншлага гэж болох “ Nein, danke”, бас оросуудын дургүй юмаа эс зөвшөөрөх “Не надо, спасибо” хэмээх хэллэгийг “Үгүй ээ, баярлалаа“ гэж бараг орчуулах нь халаг болох бөлгөө. Уг нь “ Хэрэггүй ээ, баярлалаа“ гэж хөрвүүлэхэд буруудах юу байна, арай ч боловсон сонсголонтой санагдах бус уу. Телевизийн сувгуудаар гарч буй орчуулгын кинонд дээрхи наад захын алдаа мадаг сонсогдохоос гадна айсан сандарсан ч байдаг юм уу, аюул заналд автсан, эс бөгөөс дургүйцлээ илэрхийлэх хүний голдуу хэлдэг англи, герман, орос хэлний “No“ “Nein” “Нет ” үгийг гагцхүү “Үгүй ээ” гэдэг ганц үгээр хөрвүүлснийг сонсохоор орчуулагч авхай танд хутга тулгах мөчид ядаж “Болиоч ээ? “ гэж хашгирч амжих нь бүү хэл, “Хэрэггүй ээ, яаж байнаа” асууж ч завдалгүй хүчирхийлэлд автах байх даа гэж өрөвдөх юм. Ер нь телевизийн кино хамгийн олон үзэгчидтэй төдийгүй, тэрхүү киноны орчуулгыг хянаж байдаг редакторын ажил ямар хариуцлагатай болох, мөн чамгүй өргөн мэдлэг боловсрол шаардлагатай гэдгийг би монголын үндэсний телевизийн кино редакцид ажилласан арав гаруй жилд ойлгож мэдэрсэн билээ. Телевиз, радио, сонин, сэтгүүл зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр өргөн олон уншигч, сонсогч, үзэгчдэд түгээх нийтлэл, нэвтрүүлэг, жүжиг, киноны орчуулга хэдий чинээ сайн байна, төдий чинээ төрөлх монгол хэлээ цэвэр байлгах ариун үүрэг хүлээж байгаа гэдгээ тухайн салбарт ажиллаж буй хэн болов ч санаж явах нь юу юунаас чухал.
Орчуулга ямар байхыг үл тоомсорлон учир начиргүй алалцаж хядалцсан дайн тулаан, цус нөж, ой гутаж, дургүй хүрэм бөгс хагс, шалдан нүцгэн хүүхэн, элдэв эрээ цээргүй явдал үзүүлсэн, бас амьдралд хэзээ ч байж боломгүй мөрөөдлийн болон аймшгийн кино сонгуулан телевизийн дэлгэцнээ ичиж зовохоо мартан орилж суугаа нөхрийг харахаар үр хүүхэд, хойч ирээдүйгээ тоохгүй хүн яах аргагүй мөн юм даа, та гэж сэтгэл зовохоос өөр яалтай билээ. Ер нь телевизийн дэлгэцнээ үзүүлэх кино, үзүүлэхгүй кино гэж тухайн телевизэд баймаар юмсан. Бодууштай л асуудал.
Саяхан телевизийн нэгэн сувгаар гарсан Монголын уран сайхны “ Түмний нэг“ киноны Чимэд багш бага залуудаа герман археологчдын хөтөч болон түүний дагуулж яваа хоёр германы нэг нь шороон шуурганд унасан тэмээгээ алдан хөглөх хэсгийг үзэгч та лав санаж байгаа биз ээ. Тэдний тэр хөглөж яваа хэсэг яахав, монгол хүний нүд хужирлаж, хөөрхий дээ, энэ яанаа хэмээх сэтгэгдэл төрүүлээ биз. Харин хоёр герман нөхөр шороон шуурганаар дулаан гэрт тухлахын зэрэгцээ монгол орон, монголчууд, тэдний дундаас хөтөч Чимэдийнхээ талаар төрөлх герман хэлээрээ мэтгэлцэхийг сонсоод, наана нь хөрвүүлсэн орчуулга монгол хүний оюун ухаан, сэтгэлгээнд таарсан цэвэр орчуулга гэж ийм л байх бол уу гэсэн сэтгэгдэл төрснийг хэлэхгүй байх аргагүй.
Мэдээж Ламзавын Ванган, Чойжилын Чимэд хэмээх хоёр агуу зохиолч герман хэл хараахан мэддэггүй байсан байж болох ч, уг киноны дүр, хоёр герман археологчийн харилцан ярианы сэдвийг монголоор бичиж, герман хэл рүү хөрвүүлсэн нь эргэлзээгүй. Тэрхүү харилцан ярианы эх зохиолыг герман хэлэнд яв цав хөрвүүлэхдээ, герман хэлнээс монгол хэлэнд дүйцүүлэн буулгасан орчуулга мэт маш энгийн атлаа, хүний сэтгэлд хүрсэн ямар сайхан үг хэллэг хэрэглэснийг сонсоод бахархах сэтгэл төрнө.
Аливаа улс үндэстний хэл гэдэг тухайн ард түмний сэтгэлгээний асар том соёл гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тэгвэл тэр том соёлоо цэвэр ариун байлгах гэж орос ч бай, герман ч бай, англи хэлтэн, хэн ч бай оюун ухааны нөр их хөдөлмөр зарцуулан кино зохиол бичиж байгаа болохоор телевиз үзэгч монгол үзэгчдэд зориулан хэдэн халтар төгрөгний төлөө ганц хоёр хоногт улайран махчилж орчуулаад дэлгэцнээ шилжүүлэх нь цаад гадаадын уран бүтээлчдэд ямар харамсалтай санагдахийг бодож тунгааж үзээсэй гэж бодогддог юм. Гадаадын тэрхүү уран бүтээлч нөхдийг бодохоос бас илүүтэй монгол хэл, соёлоо ямагт дээдлэн шүтэх нь бид бүхний ариун үүрэг.
Иймд эх монгол хэлээ цэвэр ариун байлгаж үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн уламжлуулмаар байна гэж ажил, мэрэгжил нэгт анд нөхөддөө уриалмаар байна.
Монголын үндэсний телевиз. Кино редакци. Редактор Б.Пүрэв.
2008 оны 11 дүгээр сар 7. солгойлдлоо. /Энэ үед баруун гар нь мэдээгүй болсон байсан юм/
Discussion about this post