ЧОЙРЫН БОГД
Чойр хэмээх нэр нь “буддын гүн ухаан судлал” гэсэн утгыг илэрхийлдэг. Эдүгээ Говьсүмбэр аймагт Чойрын богд уул гэж бий. Тэнд эрт үед шашны өндөр боловсролтой лам нар хол ойроос зорин ирж ном хаялцдаг байсан нэгэн хийдийг “Чойрын хийд” хэмээдэг байв. Дараа нь тэр уулыг хийдийн нэрээр “Чойрын богд уул” хэмээн хүндэтгэх болжээ.
Чойрын богд уулнаа эр хүний хийморь тэтгэгч Дагвасүндэл, эм хүний эрүүл энх, сайн сайхныг тэтгэгч Цагаан дарь эх, бага балчир хүүхдийн хувь заяаг даах Хүүхдийн овоо гурав барилдлага болон залагджээ.
Чойрын богд уул нь Говьсүмбэр аймгийн зүүн урд захад Монгол орны их боржингийн бүсэд оршдог, байгалийн өвөрмөц тогтоц бүхий хад чулуутай, зэрлэг ан амьтантай, ховор цэцэг ургамалтай, олон тооны агуй, түүх соёлын дурсгалт газруудтай.
Чойрын хийдийн туурь: Түшээт хан аймгийн Боржигон хошуунд буддын олон арван сүм байсны нэг нь эл хийд юм. Зүүн жанжин Чойрын хийд 1779 онд одоогийн Оцол сансар уулын баруун энгэрт чойр, жүд, мамба, дүйнхор зэрэг 5-7 дацантай, 1500 орчим ламтай байгуулагджээ. Харин Баруун Чойр хийд нь одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт Мушгиа зандан хэмээх газар баригдаж байжээ. Эдгээр хийдүүд Майдар эргэх ёслол үйлдэж, Дүйнхор болон Жахар цамыг харайдаг байв. Мөн буддын гүн ухаан, яруу найраг орчуулан зурхайн ухаанд гүн суралцсан хэдэн арван мэргэн лам нар төрөн гарчээ.
Дагвасүндэл бурхан: Чойын богд уулын хаданд эрчүүдийн шүтээн цог хийморийн бэлгэдэл Дагвасүндэл бурханыг 220 см өндөр, 165 см өргөнөөр бүтээсэн ба энэ бурханд мөргөн шүтсэнээр эр хүний ноён нуруу тэгширч, цог хийморь тэтгэж, айл гэр нь сайхан амьдарна хэмээн ярилцдаг. Дүрэлзсэн галын шуурган дунд догшин сүрт дүрээр залардаг. Догшин байдал нь муу ёрын чөтгөр шулмасыг хөөн зайлуулж сайн сайхан цагийг авчрахыг бэлгэдсэн. Дагвасүндэл бурхан нь Боржигон сэцэн вангийн хошууны ноён Цэвдэнгийн үеэс шүтэж ирсэн шүтээн ба “нийлмэл бурхан” ажээ. Бурханы нэр нь “Даа чаг сүн сон” гэх ба Дамдин, Чагдор, Чунт хэмээх гурван бурхадын нийлбэр гэнэ. Өөрөөр хэлбэл, Очирваань бурханы орой дээр Хаянхярваа бурханы титэм болох морины дүрс, түүний дээр Чунт бурханы бэлгэдэл Хангарьд шувуу байрладаг. Хөрөгийн дор “Ум базар ваани Хаянхярваа гаруна хум пад” хэмээх тарни үгийг сийлжээ.
Цагаан дарь эх: 1820 оны үед бүтээгдсэн эл хөрөгийн өндөр нь 240 см бөгөөд Чойр дацангийн гол хаалга чиглүүлэн нэгэн бурханч ламаар бүтээлгэжээ. Цагаан дарь эхийг шүтвэл элдэв аюулт зовлон, өвчин зэтгэрийг арилгаж, аз жаргал, нас буян арвиждаг хэмээн үздэг. Эл бурханд мөргөхдөө зүүн өвдөг тушаа нь сөгдөж мөргөөд “Ум дари дүд дари дүри ма ма аюур буниа зина бусдэм гүрү сууха” хэмээх зүрхэн тарнийг 3-21 удаа уншиж арц хүж, идээ тахил тавьж, Дарь эхийг бүтэн тойрч мөргөдөг байна. Түүний дараа “Арын Цагаан дара эх, эзэн сүлд Оцол гурван сансар, Сүмбэр уул усны эзэн Дагвасүндэл, Цамбагарав минь” хэмээн юу санасан есөн хүслээ хэлж залбираад “бид бүгдийг дээрээс минь тэтгэж, урдаас минь угтаж, араас минь дагаж, санасан санаа, үйл хэргийг минь идээ мэт арвин, сүү мэт цагаанаар ширхэгчлэн бүтээж хайрла” хэмээн айраг, тараг, сүүгээ бурхан хөрөг лугаа бус уулын зүгтээ өргөдөг байна.
Хүүхдийн овоо: Урьд нь Цагаан овоо хэмээдэг байсан нь Чойрын богд уулын хад чулуун дунд эл овоо байгаа газрын чулуу цагаан өнгөтэй учраас ийнхүү нэрлэгджээ. Эдүгээ Хүүхдийн овоо хэмээдэг бөгөөд үр хүүхэдгүй гэр бүл сүслэн мөргөж чулуу нэмэх, дэргэд нь шинээр овоо босговол үр хүүхэд заяана хэмээн шүтэж иржээ. Тийм учраас эргэн тойронд нь олон жижиг овоо байдаг байна. Түүнчлэн өнөр өтгөн гэр бүлүүд ч эл овоонд мөргөн, хүүхдийнхээ аз жаргалтай амьдрал, буян заяаг нь даатгадаг.
Эх сурвалж: @Buyan Choi
Discussion about this post