Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хяналтын хороо өнөөдөр хуралдаж, “Гранд лайн” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг цуцлах шийдвэр гаргалаа. Энэхүү хуралд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцсон юм. “Гранд лайн” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/533 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг Амгалан орчмын 236 нэгж талбарт төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан байдаг. Гэвч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрсэн учир гурван талт гэрээг цуцалсан байна.
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Нийслэл Улаанбаатар хотын зүгээс гурван талт гэрээнд заасан дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах чиглэлээр 11.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээс 8.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байгаа юм. Иргэдийн хувьд ч гурвалсан гэрээнд заасны дагуу 48 айл газраа чөлөөлсөн бөгөөд газраа хараахан чөлөөлөөгүй ч удахгүй баригдах орон сууцаа хүлээж, хохирол амсаж буй иргэн олон байна. Долоон жил хүлээнэ гэдэг бол хангалттай хугацаа. Тиймээс “Гранд лайн” компанийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг нь цуцалж байна” гэлээ.
Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны өндөр настан Т.Цэдэндамба “Гранд лайн” ХХК-ийн зүгээс анх иргэд бидэнд 0.07 га газарт дүйцүүлэн 120 ам метр талбай бүхий орон сууц олгоно гэж амласан. Манайх хашаандаа жижиг байшин, зуны сууцтай байсан. Байшинд маань 16 ам метр дүйцүүлж нэмээд нийтдээ 136 ам метр талбай бүхий байр олгохоор болсон. Манай хоёр хүүхдийнх мөн хашаагаа буулгаж, орон сууц авахаар болсон. Харамсалтай нь өнөөг хүртэл байр баригдсангүй. Түр амьдарч байгаарай гээд “Хангай” хотхонд хоёр өрөө сууц өгсөн. Орон сууц эзэмших гэрчилгээ нь гараагүй болохоор минийх ч юм шиг, тэднийх ч юм шиг байранд амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд байр түрээсэлсээр 10 сая гаруй төгрөгийн хохирол амсаад байна. Нас 80 гарлаа. Яаралтай орон сууцтай болмоор байна” гэсэн юм.
Discussion about this post