Хакухо аваргын 8 ханатай, бүрэн сийлбэртэй монгол гэр Токиогийн олимийг угтсан арга хэмжээний дагуу Tokyo Tower-т баригдах юм байна. Хакухо аваргын гэр нь Бөртө чоно, Гоо маралын босгосон суурь баганан дээр Чингис хаан Их Монгол Улсаа байгуулсныг бэлгэдсэн сийлбэрээр тооно, баганыг урлажээ. Түүнчлэн 8 шарга морь, өрлөг сайдуудыг мөн тоононд багтаасан байна.
Хаалганы гаднаих сүр хүчний бэлгэдэл 4 хүчтэн буй. Энэ нь өргөөнд гадны зочид морилохдоо их хааны гэрэгээр баатар эрстэй барилцан нэвтрэх утгатай. Дотор талдаа их хааны 22 дээд өвөг Бөртэ чино Гоо марлаас улбаалан мөнх хөх тэнгэрээс газар орноо үүл хөлөглөн бууж ирж буйгаар дүрсэлжээ. Бөртэ чино гоо марал нарын ганц хөвүүн Батцагаан болон түүний хөвгүүд, Добу мэргэн, Дува сохор хүртэл байгаа. Өргөөний унинд Их монгол Тулгар төр гэсэн 2 үгийг 4 зүг найман зовхист салаалан монгол бичгийн зохиомжид оруулсан.
Унины тоог хааны 99 хишигтэн цэргийг бэлэгдэн 99-ийг хийжээ.
Урт удаан наслах, мөнх оршихын бэлэгдэл болгож яст мэлхийний нуруун дээр хос баганаа тулж, доод чөмөг хэсэгт Монгол улс газар нутагтаа аль нэг газраас ирж суурьшмал биш Монгол хүний үүсэл хөгжлийг харуулах зорилго агуулсан байна.
Тоонондоо Хаант төрийн 7 эрдэнэ, Чингисийн 8 шарга морь цамхаг бүрд 9 н өрлөг жанжид, гол төв хэсэгт Шихи хутаг жанжин их засаг хуулиа сахиулж буйгаар хийсэн байна. Энэ хуулинд хаанаас аваад харц ард бүгд захирагдаж байсан учир оройд нь залагдсан аж.
Хананд хязгааргүй үргэлжлэн тэлэх газар нутгийг бэлэгдэн түмэн насан хээг ханын үдээс болгонд зохиомжилсон. Их сэнтий маань Их хааны алтан ураг нэртэйгээр морины туурайны хэлбэртэй дугуй зохиомжин дотор Өүлэн эх, хааны дүү Хасар, Бэлгүүдэй, Хачун, Тэмүгэ, Тэмүүлэн нар, хааны дөрвөн хөвүүн Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй нар, хааны дөрвөн хатад Бөртэ, Есүй, Есүгэн, Хулан нарыг алтан урагт багтаан дүрсэлсэн. Баруун зүүн жигүүрээр цэргийн холбоотон Гүрхаан, Жамух, Ванхан Торил нарыг их цэргийн хамтаар зохиомжилсон байна.
Discussion about this post