Буриад хүн сарлаг унадаг унадаггүй гээд бөөн хэрүүл. Шүтхэр бүү мэд, унадаг ч юм уу унадаггүй ч юм уу, ямартай ч олон түмэн наадмын өдрөөр хошин шогоос өөр юм зурагтаараа харахыг хүссэн.
Тэгээд тэр буриаднууд нь басганайнгаа хормой хотоос шангааж явдагш юмуу үгийш юм уу бүү мэд, монгол хүн наадмын өдөр савсаг завхай юм хармааргүй байсан, тэгээд л болоо. Монголчууд элдэв алиа марзан, хийсч хуйрагнаж энд тэнд гишгэсэн шоуны юмнаас залхсан гэдгийг найруулагчид нь анзаарч авах ёстой байж, үнэндээ бяд хөлөөсөө толгой хүртлээ 20 жил туус шоудаж 30 жил тувт марзганалаа ш дээ. Одоо 31 дэхь жилдээ гэрийн хоймортойх дэлгэцээрээ арай буурьтай юм хармаар байнсанж уул нь.
Харин би сарлагийн тухай та хэдэд хэлж өгье.
Сарлаг айдаа сайхан мал. Адуу шиг хийморьтой. Аав ээж маань албан хаагч тул намайг ой хүрэв үү үгүй юу эмээ өвөөд өгч, би сарлагийн дуунаар нойрноос сэрж, сарлагийн үнээ үлгэх шахаж, сарлагийн тугалтай ихэрлэх шахуу өссөн болохоороо тэр малыг сайн мэднэ.
Жаалхаан байхад намрын өглөө эмээ минь үнээгээ сааж би савгаа дэвсэн хэвтэж байх номхон хөх халзан сарлагийн үнээний бөөрөнд наалдан дулаахан сууж байдаг минь санагддаг. Эмээ өвөө минь намайг өглөө зөөхийтэй ээзгийтэй нуханцаг, өдөр өрөмтэй будаа, оройд элгэн тараг модон нухуураар молоко болтол нь хутгаж өгч тэжээсэн. Сарлаг холеситрингүй сүүтэй ганц мал гэдгийг мэдэх үү?
Улаан үхрээс сүү багатай, 1.5 бол норматив, тэрнээс бага ч гарна. Улаан үхрээс, сүүнээс нь эвгүйвтэр нялуун үнэр үнэртдэг бол сарлагаас агь ганга, уулын үнэр ханхална. Улаан үнээний ааруул ээзгий дангир хатдаг бол сарлагийнх тэгэхгүй, үргэлж голдоо зөөлөн байдаг.
Буянт малыг сайн муу гэж хэлж байгаа биш шүү, сарлагаа л магтаж байна.
Сарлаг маш ухаалаг, эзнээ танина, гадны танихгүй хүнд дургүй, муухай муухай хараад байна, аягүй бол мөргөхөөр ухасхийж ч мэднэ. Хавар тугал нь нялх үед их ширүүн, юм бүхэн рүү ухасхийнэ, нялх тугалын зураг авах гэж байж эхэд нь нухуулж бэртсэн жуулчны сураг дуулдсан.
Бид бүх тугалдаа нэр өгчихнө, Халздай, Цэнхээдэй, Алгаа, Ууганаа, Отгоноо гэх мэт.
Тугалууд тун удахгүй нэрээ мэдчихнэ, тэгээд эхээ хөхөх гэж хашааны ам руу дайрахгүй, нэрээ дуудахыг хүлээгээд л байна. Үнээ сааж ивэлгэх болоход нэр нь хойгуур дуудагддаг эрт гарсан атаман тугалууд дуудахыг хүлээн хашааныхаа буланд хээв нэг хивж хэвтэхэд нэр урдуур бацаанууд гарах гэж оочерлон, сүүл нь годгонон, горьдлогын харцаар гар дагуулан ширтнэ.
Ээжүүд нь тугалаа дуудаж байгааг мэдвэл тугалын хашаанд тулж ирээд мөөрнө, ааштай үнээ бол тугалынхаа нэрийг сонсоод намсгээд номхроод явчихна.
Сарлагийн тугалыг тоорой гэж дуудах нь сарлаггүй буюу цөөхөн сарлагтай нутгийн үг, бяд бол тугал л гэнэ. Харин онд орж байгаа бярууг боолтрого гэнэ, адуугаар бол онд ороод унаган хөөврөө гээгээгүй байгаа даагыг сарваа гэдэг шиг.
Холоо идээшилж байгаа үнээг өөрийнх нь юм уу тугалынх нь нэрээр дуудвал хүржигнэтэл мөөрөөд хүрээд ирнэ.
Зунжин нэрээрээ дуудуулсан тугал хэзээ хойно том үнээд буюу шар болсон хойно нь Цэнхээдэй гээд дуудахад нэг их том хараад мөөрнө. Цэнхээдэй гэснээс сарлаг, маш олон зүстэй, алтан шаргал, тэнгэрийн цэнхэр, тас хар, шоколадан бор, за тэгээд халтар, тарлан, ягаан, хөх, цагаан гээд явна.
Нээрээ цав цагаан сарлаг гэж байдаггүй, чандаган цагаан тугал гарах ч том болох тусмаа бөөрөнд нь хар бор толбууд нэмэгдээд байна, хар толботойг нь цагаан, бор толботойг нь бөрт гэнэ. Нууц товчоон дээр БөртЧину гэхээр надад цагаан буурал чоно л санаанд орно.
Сарлаг хүний ааш занд яг тааруулж харьцна, ширүүлбэл зөрж ширүүлнэ, аргадаад зөөлөн дуугараад байвал аятайхан, их номхон дөлгөөн.
Манайх зун лагертаа буугаад хэдэн сарлагийн үнээгээ хөдөөнөөс авчирч саана, ээж үнээдээ санасан байдаг, нэг удаа ээж ажлаар аймаг яваад ирэх хооронд үнээд нь айлын эгчийг дороо суулгахгүй өшигчиж муухай хараад, эзэн нь ирсэнд бүгд хошуу өгөн мөөрөлдөөд, ээж ч хошуу дэвсэн эрхлүүлээд, тийм ухаантай.
Ийм л хөөрхөн мал.
Хэрвээ сайн анзаарвал хоёр төрлийн сарлаг байдаг, нэг нь ихэнхийн мэдэх юбкатай үхэр, нөгөө нь харин нүд чих нь харагдахгүй, нуруу бөөр нь ялгарахгүй маш сагалгар ноостой өөр нэг сарлаг, тийм сарлаг голдуу хар байдаг.
Сарлагийн үнээний тугал эндчихвэл маш их уйлдаг. Тугалаа эрж өдөржин шөнөжин давхих нь өр өвтгөнө. Догшин хар нүднээсээ аяга тагшаар нэрээд л байна.
Эндсэн тугалыг өвчиж өөр тугалд арьсыг нөмөргөн хуурдаг, бага залуу үнээ бол хууртаад тэр тугалыг авдаг, ахиал үнээ бол гонж, мөргөж өшигчөөд ойртуулахгүй, тэгснээс өөр тугал хөөвлөн аргадаад авахуулбал том том нулимс бөмбөрүүлээд авчихна. Тэгсэн хэдий ч урт урт санаа алдан сүргээ захлаад хэд хоног уруу дорой явна.
Ийм л эмзэг мал.
Сарлагийн шарыг тэргэнд хөллөвөл их бяртай ч удаан сажилсан хөвөрсөн явдалд дургүй, бушуухан хүрэх газартаа хүрч санаа нь амрах гээд ухас давхас гээд түвэгтэй.
Хайнаг шар харин тийм явдалд сайн, холыг хараад л тэвхэг тэвхэг алхаад байдаг.
Мод цагаалахад хайнаг шар үнэн сэтгэлээсээ хүчээ шавхан зүтгэдэг бол сарлаг шар өөрийгээ бяраа нөөж, ухас ухасхийж хүн хуураад, аль болох хурдан дуусгах гээд дэвхэцээд байдаг тул нэг их зүтгүүлэхгүй байж байгаад огцом ёгзгор юманд ганц хоёр зүтгүүлэхэд урамтай.
Сарлагийн шарыг өвөл унахад янзтай, ноолуурархаг хотгор нуруу нь пинхийгээд дулаахан, уул өөд уруу морь хижиж явдаг бол сарлаг шууд тууш явдаг, маш зөөлөн усан сайвар явдалтай.
Ингэсгээд намар болоход эр сувайгууд алсран ялгарсаар байгаад анхны цастай уралдан царамд гарчихна. Тэгээд жавар тачигнасан өндөр уулын сэрвээн дээр уур савсуулан өвөлжчихөөд хавар бөөн нүүгэлтсэн юмнууд буугаад ирнэ. Сарлагийн бух шарууд боохойг айлгаж нутгийг нь эзэмшнэ үү гэхээс боохойноос айдаг явдал гэж тэдэнд үгүй.
Ер нь сарлаг боохойноос айдаггүй, хавар тугал нялхад хэрвээ боохой гэтвэл бүх сарлагууд цугларч сүр болон, нялх муучуудаа дундаа хийгээд хана хэрэм болчихно. Сэлэм жад шиг эвэртэй луглагар сарлаг шарнуудаас боохой байтугай бар ирвэс ч айн сүрднэ гэлцнэ.
Бярын хувьд дээр нь ИЖ планета5 ачаад голд суусан модон тэргийг голын эрэгтэй сэндүүлтэй юутай хээтэй нь онги татаад гаргаад ирж байгаа Батгаа ахын бор шарыг мартамгүй, ёстой маягтай.
Би энд тэнд сарлаг харагдахад нүд сэргэдэг. Хангайн царманд ассан онгон дагшин сарлагуудын дэргэд Тэрэлж, Тайхар чулууны хавийн хэдэн зуун хүнд ноолуулсан хөөрхий сарлагууд өрөвдмөөр, тавиад явуулмаар санагддаг. Сарлаг газар намсах тусам жулдайгаад, саваг сэрвээгүй, сүүл шингэн, туруу нимгэн, нүдний харц нь хүртэл галгүй болдог санагддаг. Зүс нь хүртэл олон алаглахгүй, нэгэн хэвийн хар бөйх шиг.
Түүний байх газар 2000 дор хаяж, за тэгээд түүнээс дээш.
Сарлаг юмнаас үргэвэл заавал үргэсэн зүйлрүүгээ бөөнөөрөө эргэн харж зогсно, зөрүүлээд дайрж ч мэднэ.
Зэрлэг амьтны протектив инстинкт гэж тэр.
Сарлаг зуданд тэсвэр муу. Хэрвэн цаг хатуурвал сарлагийг аврах ганц арга бол ууланд залах, тэрнээс аврах гэж оролдвол улам муудаж мэднэ.
Зуданд муудаж үхэх дөхсөн сарлаг гэнэт их хүчтэй болон, нүд нь муухай эргэлдэн харагдсан үзэгдсэн юм руугаа мөргөх гэж ухасхийнэ. Тэгээд хэвтэх аятай газар эрэх мэт дороо эргэлдэж байгаад лүгхийн хэвтээд удалгүй амьсгал татчихна. Амьд сүг болон нүд нь гархилчихаад хүний гарт орно гэж бараг үгүй, тийм омог бардам үхэлтэй.
Ийм л амьтан байгаа юм даа сарлаг гэдэг чинь.
https://www.facebook.com/eenee.eenee.10
Discussion about this post