“ЖДҮ”-гийн хэргээрээ 2 жил 6 сарын хорих ял сонссон УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ялаар сольсон нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Экс гишүүний шүүхэд мэдүүлснээр 2005 оноос бие нь мууджээ. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө 2011 онд гадаадад олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын ажлаар явж байгаад ухаан алдаж унаж байсан гэнэ. Үүнээс хойш эрүүл мэнддээ анхаарч, Орос, Өмнөд Солонгос улсад тус тус хагалгаанд оржээ. Өнгөрсөн 2-р сард Өмнөд Солонгост эмчлүүлж байсан ч бараг хөөгдөх шахан Монголд ирээд эмчийн хараа хяналтад орсон аж. Одоо Б.Ундармаа гишүүний бие нь тун муу, чанга дуугарч ярьж ч болохгүйд хүрчээ.
Экс гишүүн Б.Ундармаад холбогдох “ЖДҮ”-гийн хэргийн эхний шүүх хурал 7-р сарын 31-нд болсон. Тэрнээс хойш сэтгэл санааны хямрал цочрол нь ихсэн бие нь улам л мууджээ. Ойр тойрныхон намынхан нь ч сэтгэл санааны байдал тун тогтворгүй байгааг ойлгож, урьдчилан хориход саатуулагдаж байхдаа амиа хорлосон шүүгч Бямбаа агсан шиг болохвий гэж санаа зовж байсан сурагтай. Ингээд эрүүл мэнийн байдлаа ялыг хөнгөрүүлэх нэгэн нөхцөл болгож “Ойлгож хүлээж аваарай” хэмээн шүүх бүрэлдэхүүнээс хүсжээ. Түүнээс гадна ялыг хөнгөрүүлэх бас нэгэн нөхцөл байгаа нь тэрээр өмнө нь “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан гэнэ. Экс гишүүн Б.Ундармаа мөрдөн байцаалтын шатанд “Номхон томоотой, дуулгавартай” байсан гэнэ. Байцаагчийнхаа дуудсан цагт яг очиж байжээ. ЖДҮДС-гийн захирал Төгсбилэгийг утсаар дарамтлаагүй хэмээн мэдүүлж нүүрэлдэх хүсэлт гаргасан. Шүүх хуралд хэргийн зүйлчлэлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн тухайд маргаагүй байна. Б.Ундармаа төрөөс төрсөн тэрбумтнуудын дэргэд аж ахуй эрхэлж, бизнес хийж явсан ажил олгогч, томоохон аж ахуйн нэгжийн эзэн. Харин “Капитал” банкны асуудлаас болж, улс төрийн карьер нь дуусаж, сэтгэл санаа нь ч тогтворгүй байгаа гэнэ.
Discussion about this post