Архангай аймагт долдугаар сарын 12-нд их хэмжээний бороо орсноос хэд хэдэн суманд малчдын гэр, хашаа, мал урсаж, хорогдсон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Даваа гарагт Архангай аймагт хүчтэй усархаг бороо орж, Цэнхэр сумын нутагт 32 мм тунадас бууснаас малчин айлын гэр, бог мал үерт урссан. Малчин Б-ын таван ханатай гэр, гурван тугал, дөрвөн хонь үерт урсаж, Ихтамир сумын нутагт 89 мм тунадас буусны улмаас малчин айлын гэр, мал үерт урссан. Малчин О-ын таван ханатай гэр, малчин О-ын 50 хонь, 70 ямаа, Ц-ын 10 хонь, зургаан ямаа, А-ийн 11 хонь, зургаан ямаа, Б-ийн 15 хонь, 15 ямаа, Б-ийн найман үхэр, 24 хонь, 31 ямаа, С-ын 20 хонь, 23 ямаа, М-ын 19 хонь, 23 ямаа, Г-ын хоёр хонь, дөрвөн ямаа, нийт нэг гэр, 181 хонь, 192 ямаа, найман үхэр үерт өртөж урссан байна.
Өлзийт сумын нутагт 42 мм тунадас бууж борооны өмнө салхи 20 м/с хүрсний улмаас малчин айлын гэр, байшин нурсан. Малчин Ч-ийн таван ханатай гэр, 4х5 метрийн хэмжээтэй зуны байшин, П-ийн дөрвөн ханатай гэр, 8х6 метрийн хэмжээтэй зуны байшин, М-ийн таван ханатай гэр, Д, Ч нарын малын хашаа тус тус нурсан, 11 бог мал хорогджээ. Мөн Батцэнгэл сумын нутагт 68 мм тунадас буусны улмаас малчин айлын гэр, мал үерт урссан байна. Ингэснээр Архангай аймгийн 10 суманд үер бууж 10 орчим айлын гэр нурж, албан бус тоогоор 5000 орчим мал үерт урсжээ.
Discussion about this post