Тогоо эмгэний бие ихэд чилээрхэн хэд хонов. Хэн нэгэн аврал эрэн хана хэрэм дэлдэх мэт хавирга руу дэлсэж, зүрх нь цээжиндээ багтаж ядан оволзоход амьсгал нь давхцан, шөнөдөө ч унтаж эс чадан хямрах аж. Сүүлийн хоёр жил овоо тайвшрах аядаж байсан зүрхийг нь сэрээж, зүйрмэглэж ядаж байсан уйтгар гунигийг саахалт айлын бүсгүйн тээж ирсэн үг хөндөж орхисон нь энэ.
-Өнөөх Зоригтын эхнэр нас баржээ. Хүү нь Тал булагт нүүр тал өгсөн айл айлаар хоног төөрүүлж яваа сурагтай. Багийн дарга асрамжийн газарт өгөхөөр бичиг явуулсан ч хариу нь ирээгүй юм байх аа гэдэг ховын гэмээр үгийг Тогоо анх сонсоод
-Үйлийн үр гэдэг айхтар юм даа. Бусдад муу үйл хийсэн хүн үр хүүхэд, хань ижлээ хүртэл зовоож орхих юм даа гэж хүйтэн хөндийгөөр бодож билээ. Гэвч өнчин хүүгийн тухай бодол өөрийг нь ингэтэл олон өдөр тарчилгаж хүлж орхих юм гэж тэр мэдсэнгүй.
Зургаан жилийн тэртээ Цагаан бургасны даваанд багтахгүй айхтар хэрэг мандав. Тогоогийн ганц хүү өөрөөсөө олон насаар ах Зоригт гэгч залуутай хадлангийн газар булаалцалдан маргалдаж, хатуу хэрцгий нударганд өртөн хорвоог орхижээ. Хань бараа, нөмөр нөөлөг, амь амьдрал минь хэмээн өсгөсөн ганц үрээ алдсан эмгэн тэр үед “Ингэж амьд яваад яахав. Хүүгийнхээ хойноос үхье” хэмээн сэтгэлээ үйн гашуудсан ч үхэх гэдэг санаан зоргоор зүйл биш аж. Талийгаач хүүгийнх нь 49 хоногтой зэрэгцэн Зоригтын эхнэр хэмээх дуу муутай бүсгүй гэрт нь ирснийг санав. Хагас өдөр шахам чимээгүй суусан тэр бүсгүй
-Эгч минь, би юу хэлэх билээ дээ. Танаас өршөөл уучлалт гуйх зүрх алга. Ганц хүүгээ алдсан танд хэцүү байгааг ойлгож байна. Би саяхан амаржсан. Нярай хүүхэдтэй. Шүүхээс манай хүнд их хүнд ял өгөх юм шиг байна гэж халгаж ядан хэлээд явсан. Гэмтний өмнөөс бусдын урд бөхөлзөж яваа тэр бүсгүйтэй үг солихыг ч хүссэнгүй. Хүүгээ гэх гуниг харуусал сэтгэлийг нь бүрхчээд түүнийг анзаарах ч сөхөөгүй байж.
Тогоо аймгийн төв рүү дуудагдаж, Зоригтыг шүүх хуралд оролцсон ч дуусгаж чадалгүй гарсан. Үнэндээ, гомдол нулимс хоёртоо багтраад уначих гээд байв. Хожим хүмүүсээс “Зоригт 25 жилийн ял авсан” гэж сонсоод л өнгөрсөн. Ганц хүүгээс нь хагацуулсан тэр ялтан 25 жил хоригдоно уу, 250 жил тарчлана уу түүнд огтхон ч хамаагүй санагдаж байсан хэрэг. Тогоо дахин Зоригт болоод золгүй хувь тавиланд ээрэгдэж үлдсэн хөөрхий тэр бүсгүйн тухай бодохыг ч хүсдэггүй байлаа. Багтдаг бол амандаа хүлхээд, алгандаа атгаад өсгөнө дөө гэж бодож байсан ганц хүүгээсээ хагацсан эх хүний хувьд ертөнцийн нар жаргаж, тас харанхуйд ор ганцаараа үлдсэн мэт санагдаж байсан. Тэр үеэс л эхлэн хүүгээ гэх хайраар бялхдаг байсан атгын чинээ зүрх нь хүн ойртуулахын аргагүй асар том араатан болон хувираад цээжинд нь үлдчихсэн мэт санагддаг байлаа. Түүний сэтгэлд хүүгээсээ өөр хүнийг багтаах орон зай, бас хүүгийнх нь талаарх дурсамжаас сайхан зүйл үлдээгүй. Одоо ч түүнд хүүгээ гэв гэнэтхэн хаашаа ч юм бэ нисэн одлоо гэж хар дарж зүүдлээд тэр зүүднээсээ салж чадахгүй тарчилж байх шиг санагддаг… Энэ бүхнийг нэхэн санахаар дахиад л зүрхээр нь хатгуулах шиг болоход Тогоо нэг их гүнзгий санаа алдав.
Нөхрийнхөө төлөө түүнээс өршөөл гуйх гээд чадаагүй буцсан тэр бүсгүй өдгөө бурхны оронд оджээ. Хөөрхий дөө, тэр муу бүсгүй ганц хүүдээ ямар их санаа зовсон бол доо гэсэн бодол түүнийг байж ядуулна. Эх хүн үр хүүхдээ алдахын зовлонг тэр дэндүү их мэднэ. Харин эхийгээ алдсан жаахан амьтан яаж байгаа бол гэхээс төсөөлж чадахгүй байв. Ядуу дорой зүрх нь сандран савчин цохилохыг тэр мэдрэв. Гэвч яахаа мэдэхгүй бачимдсаар… Урьд нь тэр Зоригтыг үзэн яддаг, хүүдээ харамсан уйлдаг, хүүгээ санахаар Зоригтыг бодон бодон гомддог байсан. Гэтэл одоо Зоригт бус түүнийг царайчилж суусан намуухан дуутай даруу бүсгүй санаанаас гарахгүй байв. Тэр бүсгүйг бодохоор таних танихгүй хүний гар царайчилж суугаа тав зургаахан настай бөртийсөн амьтан нүдэнд нь харагдаад болох биш. Тогоо удаан бодсоны эцэст хатуу шийдэв. Тэрээр унаа хөлслөн Тал булаг руу давхиж явахдаа:
– Хүүгийнхээ төлөө шаналсаар буцсан хөөрхий бүсгүйн сүнсийг амирлуулж, ганц хүүг нь эцэг нь шоронгоос иртэл өсгөөд өгчихье дөө. Үхсэн амьдын хагацал эдлэж яваа нялх амьтныг бөндийтөл асраад, бүлтийтэл хөтлөж явааад өсгөчих чадал надад байх ёстой гэж эрэмшин бодов. Гэвч “Тогоо чавганц галзуурчихаж, хүүг нь алсан Зоригтын хүүг хажуудаа аваад ирж” гэж уул голоороо нэг ярих байх даа гэхээс бага зэрэг хулчийх аж. Гэсэн ч “Яадаг юм, ярих нэг нь ярьж л байг. Эцгийн алдааг үрд тохох хэрэггүй. Үрээ алдсан эх, эхээсээ хагацсан үрийн зовлонг тэд мэднэ гэж үү” хэмээн бодлоо аргадах мэт нулимсаа яаран шудрахад сүүмэг саарал салхи хөлөглөсөн гүймэг цэнхэр зэрэглээнд хүүгийнх нь дүр тодрох шиг санагдав.
Түүний сэтгэлд өршөөл, уучлалын нар мандан цээжийг нь халуунаар төөнөж зүрх нь хүртэл жаргалтайгаар цохилж байгааг мэдэрч байлаа.
Б.Цоожчулуунцэцэг
Discussion about this post