Дулааны улиралд нарны шууд тусгалд хамгаалах хэрэгсэлгүй 15 минут ба түүнээс дээш хугацаанд байрлахад наршилт үүсгэнэ. Нарны туяа арьсны гадна давхаргын эсүүд гэмтээснээр дархлааны урвалыг өдөөдөг химийн бодис биед ялгардаг тул бие тавгүйрхэх шинж тэмдгүүд илэрдэг байна.
Ойрын өдрүүдэд агаарын хэм 28 ба түүнээс дээш хэм халах тул нарших магадлал өндөр байгаа юм. Агаарын хэм өндөр байх үед газар зүйн байрлалаас хамааран хөрсний хэм 2-7 градусаар нэмэгддэг гэдгийг мөн анхаарна уу. Иймд бид та бүхэнд наршилтын үед илрэх нийтлэг шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлт, авах арга хэмжээ зэргийн талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Шинж тэмдэг
- Арьс улайх, цэврүүтэх, чимчгэнэж өвдөх
- Халуурах
- Дотор бачуурах
- Бие нозоорох
- Дотор муухайрах, бөөлжих, суулгах
- Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах
- Нүд харанхуйлах
- Толгой эргэх, өвдөх
- Ам хатах
Нарны хордлогын нууц үе 30 минутаас 18 цаг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
Эмчилгээ
Хэрэв танд шинж тэмдгүүд хөнгөн хэлбэрээр илэрч байгаа бол хүйтэн усаар биеэ шүрших, хүйтэн усанд орох, хүйтэн алчуураар биеэ арчих зэрэг энгийн алхмуудаас эмчилгээг эхэлж болно. Мөн нарны хордлогын үед шингэний дутагдалд ордог тул тухайн хүний наснаас хамааран тогтмол бага хэмжээгээр шингэн уух хэрэгтэй.
Нас | Уух шингэний хэмжээ | Давтамжийн хугацаа |
1-3 | 30-60 грамм | 20-30 минут тутамд |
3-7 | 60-100 грамм | 30-40 минут тутамд |
7-15 | 100-200 грамм | 40-60 минут тутамд |
Насанд хүрэгчид | 200 грамм | 60-90 минут тутамд |
Шинж тэмдгүүд даамжирсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай. Ингэснээр хордлого тайлах, цусан хангамж, эд эсийн үйл ажиллагаа, бодисын солилцоог сайжруулах эм, дуслын эмчилгээ хийгдэх юм.
Хурц хэлбэрийн нарны хордлогын үед бодисын солилцоо доголдсоны улмаас биеийн дулаан үйлдвэрлэлт алдагдаж, дулаан гадагшлуулж чаддаггүй. Энэ үед эмнэлгийн зүгээс хордлого тайлах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцооны болон дулааны тэнцвэрийг барихад чиглэнэ.
Хэдийгээр ихэнх тохиолдолд нарны хордлого нь хөнгөн хэлбэрээр тохиолддог ч шинж тэмдгүүдийг тоолгүй орхисноос үүдэн эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэх гол хүчин зүйл болох эрсдэлтэй гэдгийг мартаж болохгүй!
Урьдчилан сэргийлэлт
- Нарны шууд тусгалтай газар удаан байрлахаас зайлсхийх
- 11-16 цагуудад наранд гарахгүй байх. Ингэснээр нарны хор уршгийн эрсдэлийг хамгийн бага байлгаж чадна
- Ус сайн уух. Сэрүүцэхийн тулд хүйтэн ундаа сонгох тохиолдол олон байдаг. Гэвч ундаа, кофе ба бусад уух зүйлс нь биеийн шингэнийг нөхөхгүй улам цангах мэдрэмж төрүүлдэг тул цэвэр ус, зарим тохиолдолд хярам хамгийн зөв сонголт юм.
- Нарнаас хамгаалах малгай, шил зүүж хэвших
- Биеийн бусад хэсгийг наранд аль болох ил гаргахгүй байх
- Нарнаас хамгаалах тос түрхэх. Хамгийн багадаа SPF 20, эмзэг арьстай бол SPF 30-50 тай тосыг сонгож хэрэглэх
- Хэт идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийхээс зайлсхийх
- Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Нарны шууд тусгалтай газар унтахгүй байх
- Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлд удаан хугацаагаар авч явахгүй байх. Учир нь агаарын хэм 26 хэм байгаа тохиолдолд машин доторх хэм 49 хэм хүртэлх халдаг учир бага насны болон ахмад насны хүмүүс нарших магадлал өндөр байдаг.