Хятадын гар утасны сүлжээ ашигладаг хүмүүсийг Умард Солонгост мөрдөн мөшгиж шийтгэж байгаа тухай “The Miror” сонин бичжээ. Умард Солонгосын зарим иргэн гар утас ашиглаж Өмнөд Солонгост амьдардаг төрөл садантайгаа ярьж, мөн тэднээс мөнгөн шилжүүлэг авдаг юм байна. “Гадаад ертөнцтэй гар утсаар нууцаар холбогддог дор хаяж 10 хүнийг Умард Солонгос улсын эрх баригчид олон нийтийн өмнө цаазалсан. Энэ нь ард иргэдээ айлган сүрдүүлэх зорилготой” гэж “The Miror” сонины нийтлэлд дурджээ. Умардын эрх баригч нам ба Цагдаагийн газар хамтарч 2021 оны 3-р сараас нууцаар ажиглалт, тагнуул хийсний дүнд ойролцоогоор 150 иргэнийг баривчилсан аж. Одоо ч тандалт, баривчилгаа үргэлжилсээр байна. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, 5 сарын сүүлээр баривчлагдсан хүмүүсийн тоо эрс өсчээ.
Умард Солонгос улс даяар одоо хүнсний хомсдол үүсч, улмаар үнэ өсч байгаа тул ард иргэд нь бусдын тус дэмжлэг эрэлхийлэх болсон. Умардын тэргүүн Ким Чен Ун 10-аад хоногийн өмнө өлсгөлөн нүүрлэж болзошгүй тухай Хөдөлмөрийн намынхаа Бүгд хурал дээр мэдэгдсэн билээ. “Өнгөрсөн онд тохиосон хар шуургын уршгаар үр тариа тариалах төлөвлөгөө маань бүрэн биелээгүй, үүнтэй холбоотойгоор өнөөдөр хүн амаа хүнсээр хангах асуудал хүндэрч байна. Коронавирүсийн эсрэг авсан Хөл хорионы арга хэмжээнээс болж ард иргэдээ хувцас хунар, хоол хүнс, орон сууцаар хангахад олон асуудал үүсч байгаа” гэж III Ким хурал дээр мэдэгдсэнийг тухайн үед Японы “NHK” дамжуулж байсан билээ.
Discussion about this post