Монголыг удирдан чиглүүлэгч нь МАХН гэх боловч Ю.Цэдэнбалын гарт байв. МАН, МАХН хоёр нийлж сонгуульд үнэмлэхүй ялснаар Бал дарга шиг солигдошгүй жолоодогч хүсээд ч буй юм шиг. Монголд эдүгээ засаглалын шинэ хуучин хоёр загвар аль нэгнийгээ дийлэх гэж арсалдаж байна. Ардчилал чөлөөт зах зээлд төрийн эрх-хүн амын гарт байх ёстой гэх онолтой ч сонгуулиар төрийн эрх авсан намын дарга төр засгийг хөшигний араас хаанчилдаг болсон. Бал даргаас дээр нь юу байна? Бал дарга Лоохууз Нямбуу нараас хойш тайвширч одоогийн намын дарга нараас харин ч харьцангуй шилэндүү болсон. Халдашгүй сүр хүчийг олж, айдасгүй бардам дарангуйлагчид хувирснаар аяндаа нээлттэй болсон биз. Лоохууз Нямбуутанг дахиж төрөхүүлэхгүйн тулд намын эсрэг бүлэг, Хятадын талыг баримтлагчдыг хашрааж, ард түмнээ хөөрхөн айлгасан.
Өдгөө иргэн та өөрийгөө сонгосон төлөөллөөрөө дамжуулаад эх орноо удирдаж байна гэж итгэдэг үү? Та бидний төлөөлөл 76 УИХ дахь намын бүлгийнхээ өмнө гөлөг. Бүлэг нь намын даргынхаа өмнө гөлөг. Намын даргын зангараг ланжгар хэвээрээ байгаа биз. ҮАБЗ-ийн гурван гишүүний араас нам нь чиглүүлж буй. Намаасаа түдгэлзсэн Ерөнхийлөгч хүртэл намынхаа даргын амыг хардаг нь нууц биш. Олиггүй энэ буулганаас салах арга олсон улс байна уу.
Төр засгийг далдаас удирддаг намын дарга, засаглал, өсөлтөд уршигтайг 30 жил нийтээр амслаа. Зэс, коксын үнэ хадах мөчлөг таарч өсөлт 17 хувьд хүрсэн гээч. Тэгвэл гэнэт баяжсанаа яагаад бэл бэнчингүй хоцорч гуриатав? Төр засгийн эрх ээлжлэн барьсан хоёр намын дарга азаргалаад үрчихсэн. Намын дарга эдийн засгийн аранга аж. Хөрөнгө оруулагчдыг колончлогчид гэж хөөчихөөд, зөрүүлээд өндөр хүүтэй зээл авч давшгүй өрөнд унагасан. Ингэж банатагнуулагч нарын толгойлогч-намын дарга байдаг! Хөгжихөд мөнгө чухлыг хоосорсон хойноо мэдрэв. Царай алдаж баян гүрнүүдээс зээл гуйдгаараа шившиг боллоо. Мөнгөө дуусаж аргаа бараагүй бол бид чинь их сэхүүн гарууд шүү дээ. Одоо мөнгөгүйгээс хойш өлбөрч үхэлтэй биш сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэхээс.
АН-ын хувьд намын даргын сунгаа явуулдаг нь олзуурхам авч сунгаанд ялагдаж дарга болж чадаагүй нь өширхөж намаа самардаг болжээ. Даргын сэнтий ганц. Түүн дээр залрах хорхой нь язганасан олон бөгсний бохир тэмцэлд АН бузартав. Ер нь аль ч намын дарга хэн байх-гишүүдийнх нь асуудал болохоос энгүүний маньд онц хүртээлгүй баймаар. Гэвч төрийн эрхэнд гарсан намын дарга иргэн бүрд аймаар хүртээлтэй. Тэр бээр намын-хувийн эрх ашгаа хангахаар хуулийн засаглалаар тоглож, ард олноо хохироодог. Дэвших халагдах түүнээс шалтгаална. Шүүхийн шийдвэр, бизнес тендерт нөлөөлнө. Ийм систем ноёлжээ.
Төрийн эрхийг мөнгөөр авахын тулд сонгуулийн хуулийг бүдүүлгээр зөрчиж, том том амлалтаар намууд уралддаг. Солиотой амлалтыг хэн голлож шийддэг вэ? Мэдээж намын дарга. 2008 оны дуулиант сонгуульд эхлээд АН нэг саяыг амлатал, МАН түрүүлж амлах санаа төрөөгүй дүнхүү духаа шаамагц сая таван зууг гялс амлаад ялав. Сонгуулийн сурталчилгаа өнгөрснийг зөрчөөд шүү. Амласан сая таван зуугаа МАН яасан гээч? Чалькогоос 350 сая доллар зээлж Төрийн эрх хахуулиар олгосон гэмт хэрэгтэн-сонгогчиддоо тараав. МАН-ын дарга асан С.Баярын сэдсэн мөнгөөр санал бөөндсөн луйвар. Чалькод өрөө төлөх гэж коксоо сул өгч хүн ам ядуурч өсөлт зогссон. С.Баяр тэгэмгүй л ухаалаг лидер дээ. Төр засгийн сэнтийд залрахын тулд юу ч үйлдэхээс буцахгүй увайгүйчдийн тэмцэл намын даргаа нүгэлд унагадаг юм бол уу. Золигт гарсан Баярт хэлэх үг бий л байх.
З.Энхболд АН-ын дарга байхдаа уурхайн төмөр замыг Х.Баттулгатай хавсайдан гацааж, дор хаяж 10 тэрбум долларын ашиг хаасан. Өөрөөр хэлбэл хүн ам 10 тэрбумаар хохирсон гэсэн үг. 10 тэрбум долларын хохирлоос илүү гэмт хэрэг гэж байх уу? 30 гэр бүлийн аюул гэж айлгасан атлаа өөрөө бусдын нэр дээр хувийн компани байгуулж Сайншандаар угаасан коксны панз үсэргэхийн тулд төмөр зам, нүүрс баяжуулах улсын төслийг гацаасан этгээд. Уг нь манай нүүрс булаацалдамгүй, олон Энхболдод хүрэхээр л дээ. Барьцаалагдсан Баттулга түүнд нөлөөлж чадамгүй. Энхболд Баттулга мэтийн нөлөөнд орох тийм өчүүхэн хүн биш. Амаргүй эр. Намын даргын нөлөөг ашиглаж намынхаа гол лидерүүд-өрсөлдөгчдөө хилсээр шоронд хийж дөнгөсөн. Юутай ч манай руу чиглэсэн асар их валютыг орос олигархиудын халаас руу урсгасан хоёр.
ДЦС ба УЦС, Замын үүдийн чөлөөт бүс гээд бал цул ашиг цутгах төслүүдийг ээлжлэн, эсвэл дангаараа эрх барьсан намын дарга оройлон гацааж, шатахуун, цахилгааны дааж давшгүй импортоор ядмаг улсаа босгоогүй. Ардчилал чөлөөт зах зээлээр замнаад хөгжөөгүй шалтгаанд-бид бүгд буруутай ч хоёр намын дарга хэмжишгүй их нүгэлтэй. Иймд намын дарга гэх гайхлаас иргэн бүр сэрэмжил. Төр засгийн шийдвэрт намын дарга нөлөөлж гай тарьчихаад өндөр сэнтий сэлгэн магтуулаад заларч явдаг. Магтуулахад дургүй хэн байхав. Гагцхүү өөдгүй амьтдыг магтагч нарт би дургүй. Өөрт ашиггүй бол ямарч хүн чөтгөрийг тэврэхгүй дээ. Намын 100 жил гэж хөөрцөглөгчдийг хар. Нам нь яаж яргаллаа. Нам, намын даргыг байранд нь тавья ард түмээн. Намын удирдах зөвлөл, ҮБХ ч гэнэ үү, бас УИХ дахь намын бүлэг цөм хуйвалдааны үүр. Авилгын хэмжээг хар. Идэж гүйцлээ. Төр засгийн торгон оройг эзэлсэн хулгайчид шүүх прокурорыг эрхэндээ оруулж, өрсөлдөгчдөө намнаж, өөрсдийгөө ялнаас мулталдаг мэхэнд гаршив.
Намын дарга гишүүдийнхээ өмнө хариуцсан үүрэгтэй бол УИХ-ын гишүүд бүх ард олныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй. Үүнээс харахад нам төр хоёрын аль нь ахалмаар байна? Намыг би үгүйсгээгүй. Гагцхүү хэмжээндээ л даналзаач гэх гэсэн юм. Намын даргын хэмжээгүй зангаргийг хэлтлэх хүч бий. Төрөө жолоодуулахаар олны сонгосон төлөөллүүд намынхаа даргад атгуулахгүй, өөрсдийгөө сонгосон сонгогчдынхоо эрх ашгийг нэгд тавивал намын эрх буйрин дээрээ бууна.
Намын даргыг ард түмэн сонгоогүй. Гишүүд нь сонгосон. Намын гишүүдээс ард түмэн хэд дахин олон бөгөөд Монгол улсын хувь заяаг даах хүч нь нэг намын гишүүд бус ард түмэн. 200 мянган гишүүний атаманы өмнө 3 саяулаа яагаад гөлөг болдог билээ? Нам толгойтой төрийг ард түмэн сонгох хэрэг байна уу? Ард түмний сонголтын утга учир хаачив? Төр нь хаачив? Төрийн эрхэнд шунагч нам гэгч бүлэг хуйвалдагч нарт дарлуулсаар ядуурах уу тэнэг ард түмэн минь. Бодооч. Нийт олны сонгосон парламент, орон нутгийн удирдлагад ухаалаг даруу зөвлөгч тустай болохоос даргалагч нам тээртэй, бүр хортой. Төр засгийн хажуугаар намын дарга гэгч эрх мэдэлтнээс салъя. Тэр гайг Ерөнхий сайдад наавал амбиц нь засагт уусаж намын дарангуйлал саармагжих бол уу яах бол. Ааваасаа өөр бас нэг аавтай байх хүүхдүүдэд сайхангүй.
Ц.Доржготов /baabar.mn/
Discussion about this post