Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга яг одоо С1 телевизээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай бүрэн эрхийнхээ хүрээнд хийж буй сүүлийн ярилцлагаа өгч байна. Энэ үеэр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхтэй холбоотой нэгэн сонирхолтой байр суурь илэрхийллээ.
Учир нь өнгөрсөн нэгдүгэр сард Засгийн газраа огцруулахадаа У.Хүрэлсүх “Итгэж найдаж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглаан зохион байгуулж миний эсрэг ажилласан” гэх агуулгыг хэлсэн юм. Үүнээс хойш У.Хүрэлсүх болон Х.Баттулга нарын харилцаа муудсан гэх хандлага нийгэмд бий болсон.
Тэгвэл үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой хариултыг Ерөнхийлөгч өглөө.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх та хоёрыг муудаад, тангараг тасраад хоёр тийшээ болсон гэж хүмүүс хараад байна. Та хоёрт эргэж уулзах, эвлэх орон зай үлдсэн үү” гэж асуусан.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга “Энэ хоёр хувь хүний асуудал ерөөсөө биш. Үлдэнэ, үлдэнэ. Яагаад гэвэл, би юу ажигласан бэ гэхээр У.Хүрэлсүхэд нэг давуу тал байх шиг байгаа юм. За, давуу тал эсвэл сул тал гэдгийг би мэдэхгүй юм. Гэхдээ ямар нэгэн байдлаар уул уурхай руу ороогүй. Уул уурхайн бүлэглэл рүү гар дүрж чадаагүй юм шиг байгаа юм. Харин бүлэглэлийн заавраар яваад байх магадлалтай юм шиг байгаа юм. Заавраар явуулахдаа нөгөөдүүл чинь 100 жилийн ярина, намын ярина. Чи бол манай удирдагч Сүх жанжны хойд дүр ч гэдэг юм уу нэг тийм юмаар хөөрөгдөөд яваад байх шиг байгаа юм” гэв.
Discussion about this post