Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” I, II одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр зарим ээжид Төрийн ордны “Есөн хөлт, цагаан тугт” танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.
Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I одон гардан авсан Э.Бурмаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I зэргийн одон гардлаа. Танд баяр хүргэе.
– Ийм сайхан өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ шагналыг хүртсэндээ баяртай байна. “Эхийн алдар” одон бол ээжүүдийг үнэлж байгаа хамгийн том шагнал гэж боддог. Энэ бол ямар ч мөнгө төгрөг, материаллаг зүйлстэй харьцуулшгүй. Яагаад гэвэл ээжүүд хүүхдүүдээ өсгөхийн тулд амьдралынхаа бараг тэн хагасыг зарцуулдаг шүү дээ. Энэ гавьяаг төрөөс үнэлж байгаад би маш их баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа авсандаа туйлын баяртай байгаа. Ялангуяа ээжүүдийг ялгахгүйгээр бүгдэд нь энэхүү шагналыг Төрийн ордонд гардуулж байгаад маш их баярлаж байна. Энэ бол ээжүүдэд үзүүлж буй хамгийн том хүндэтгэл. Ээж хүн гэдэг өдөр болгон завгүй байдаг. Гэхдээ түүндээ хэзээ ч гомдоллодоггүй.
Нэг өдөр өөрсдийгөө гоёод Төрийн ордноос шагналаа авч, хүндэтгэл үзүүлэх мөчид “Би маш хариуцлагатай ажил хийсэн хүн юм байна” гэж бодогдож байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бид бүгдийг хүлээн авч, “Эхийн алдар” одонг гардуулсанд баяртай байна. Нийт ээжүүдийн өмнөөс дахин баярлалаа гэж хэлье.
-Эх хүн байхын хамгийн сайхан зүйл юу вэ?
– Үртэй хүн баян гэж ярьдаг шүү дээ. Би өөрөө айлын ганц охин байсан. “Ганцаас газар дүүрлээ” гэж ээж минь ярьдаг. Тийм болохоор 6 хүүхэдтэй болсондоо маш их баярладаг.
-Хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвшөөсэй гэж боддог вэ?
-Хамгийн түрүүнд бодож явдаг зүйл бол үр хүүхдүүдээ сайн хүн болж төлөвшөөсэй гэж л бодож явдаг даа. Хүн чанартай хүн болох ёстой. Хүн болсон цагт дараа нь эрдэм мэдлэг, боловсролыг олж авч чадна.
-Ээжүүд бараг бүх мэргэжлийг эзэмшсэн хэмжээний байдаг шүү дээ.
-Хамгийн хэцүү зүйл бол хүүхэд өвдөх. Хүүхэд өвдөхөд ээж нь дагаад өвддөг, хямардаг. Яах бол гээд хүүхдийнхээ төлөө нойргүй хонодог. Олон хүүхэд төрүүлэхээр эмч, багш, сувилагч, тогооч гээд бараг бүх ажлыг өөрөө хийж чаддаг болдог юм байна. Хэр баргийн юманд түүртэхээ больчихсон доо. Олон хүүхэд гоё шүү дээ. Том нь бага дүүгээ өсгөчихдөг. Одоогийн нийгэмд хүүхэд өсгөх хэцүү л дээ. Хүүхдүүдээ сайн хүн болгохын төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, үлгэрлэж л харуулдаг даа аав ээж хоёр нь.
-Аз жаргалтай гэр бүлийг та юу гэж тодорхойлох вэ?
– Хүүхэд өсгөхөд би ганцаараа зүтгэдэг юм биш. Би төрдөг боловч ээж, хадмууд маань тусална. Хамгийн гол нь, ард нь найдвартай аав гэж хүн байдаг. Хань минь хүүхдүүдийнхээ төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг. Хүүхэд өсгөхөд зөвхөн идэх хоолноос гадна боловсрол, суурь хүмүүжил, хариуцлага зэрэг маш олон чухал зүйл бий. Бид нар өөрсдөө ямар хүн байна хүүхдүүд маань түүнийг л дагаж хүмүүжнэ. Тийм болохоор бид өөрсдөө хөдөлмөрч байх хэрэгтэй шүү дээ. Би 1-14 насны 3 охин 3 хүүтэй. Одоо 4 нь Ерөнхий боловсролын сургуульд сурч байна. 1 нь цэцэрлэгт, 1 нь гэртээ байна. Би хүүхдээ өөрөө гардаж өсгөхийг чухалчилдаг. Ажил хийгээгүй 15 жил гэртээ хүүхдээ харж байгаа ч энэ бол миний үр хүүхэддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж боддог. Ээж нь өөрөө хүүхдээ харах нь хүүхэд хүн болж төлөвшихөд хамгийн чухал зүйл.
-Баярлалаа.
Discussion about this post