Хотын золбин муур устгалын ажил өндөр өртөгтэйн дээр хяналт нь ч зардал ихтэй. Энэ жил 1,2 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Эзэнгүй нохдын устгалд хотын төсвөөс жил бүр маш их хөрөнгө зарцуулдаг ч хотыг эзэлж дуусаад өдгөө Богд уул руу “хүрээгээ тэлэн” бор гөрөөсийг нь барьж идэн дуусгаж байна. Тэр байтугай паралимпод оролцох эрхээ авах жүдогийн тамирчин золбин нохойд барьж идүүлэхээ шахсаны улмаас юу Бакуд болох тэмцээнд оролцож чадсангүй.
Энэ оны эхний хоёр сарын байдлаар золбин нохой муурын устгалд л гэхэд нийт 250 сая төгрөг зарцуулагджээ. Үүнээс 90 гаруй сая нь хяналт тавьдаг гэх ТББ-уудын халаасанд орсон байна. Нийт дөрвөн ТББ хяналт тавихаас “тоон дунд үсэг” гэгчээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага хүртэл оржээ. “Эмэгтэйчүүдийн эрх хамгаалал хөгжлийн хүрээлэн” Баянгол, Сүхбаатар дүүрэг дэх золбин нохой муурын устгалын ажилд хяналт тавьж нийт 22 сая төгрөг авсан байна. Аливаа хувь, хувьсгалын байгууллага дүрмэндээ заасан үйл ажиллагаа явуулах ёстой.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын дүрмэнд устгасан золбин нохой муурыг тоолж, хянана гэж байдаг гэхэд итгэхэд бэрх. Цар тахлын хүнд үед орлого ажил олж байвал дүрэм хамаагүй гэж хэлж болохгүй. Эсвэл хотын удирдлагад танил тантай, хэлхээ холбоотой ТББ-д оногддог байх гэсэн хардлага төрж байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ТББ-д дан эмэгтэйчүүд л ажилладаг биз. Тэднийг буудуулж үхсэн нохой, муур тоолж явна гэхэд нэг л санаанд буухгүй юм. Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн удирддаг хотын захирагчийн ажлын алба руу “шагайвал” энэ мэт нүд орой дээр гармаар зүйл гарч байна.
Discussion about this post