Монголын Үндсний Бөхийн Холбооны тэргүүний үүрэг гүйцэтгэгч у/з Ц.Магалжавын Өдрийн сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
– Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл хуралджээ. Хурлаар ямар асуудал хэлэлцэв?
Ц.М: Цэцдийн зөвлөлийн хурлаар “Их эе” хурлын товыг хэлэлцэж 2021.05.29-нд хийхээр боллоо. Энэ нь 2002 оноос хойш нэгдсэн байдлаар хийгдэж чадаагүй байгаа “Их эе” хурал болох нь гэж ойлгож ч болно. 21 аймгийн бөхийн төлөөлөл хуралдана. Мөн баяр наадмын тухай хуулийн төсөл болон барилдааны дүрмийн зарим заалтуудыг хэлэлцэж баталлаа.
– Монгол үндэсний бөхийн барилдааны дүрэмд ямар өөрчлөлт оров?
Ц.М: Бөхийн барилдааны дүрэмд харилцах барьц буюу барьц сонголтыг халах, шүүлтэнд камерын дүрс бичлэг ашиглах, допингийн хариуцлага нэмэх зэрэг гурван зүйлийг хэлэлцсэн. Цаашдаа хэлэлцэх олон асуудлууд байгаа. Наадам дөхөж байгаа тул хугацааны хувьд яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй болсон тул нэн шаардлагатайг нь хэлэлцсэн.
– Бөхийн барилдаанаас барьц сонголтыг халжээ. Үүнээс ямар үр дүн хүлээж байна вэ?
Ц.М: Ардын хувьсгалын 100 жилийн ой болох дөхсөн тул бөхчүүдийн бэлтгэлд нөлөөлөх нь барьц сонголт байсан. Камерын шүүлт нь бас техник хэрэгсэл зэрэг бэлтгэл ажлуудтай тул хэлэлцсэн. Үүнийг хуралд оролцогсодын олонхийн саналаар шийдвэрлэсэн. Удаан барилдсан бөхчүүдийг хаялцах барьц буюу барьц сонголт 2003 оноос эхэлж хэрэгжсэн байдаг. Барилдааныг дуусгах сайн талтай ч бөхийн мэх, барилдааны хувилбарууд цөөрөх, жингээ нэмэх, нэмэхийн тулд хориотой эм бэлдмэл хэрэглэх зэрэг сөрөг үр дагаварууд их гарлаа гэж олон жил шүүмжилсэн. Барьц сонгохыг болиулахаар барилдааныг яаж дуусгах вэ гэдэг асуудал үүсч байгаа, үүнийг хэрхэн зөв шийдвэрлэх нь бөхийн засуул, цэцийн үүргийг нэмэгдүүлэх, барилдааны дүрмийн бусад заалтуудтайгаа холбон барилдааныг заагдсан цагт дуусгадаг байхаар шийдвэрлэж байгаа. Нөгөө шийдвэрлэсэн асуудал нь камерын шүүлтийг ашиглах. Энэ бас нэлээд асуудал дагуулдаг зүйл, мэдээж технологийн эрин зуунд дүрс, бичлэг ашиглалгүй яахав, гэхдээ манай нөхцөл байдал арай өөр. Нэг зэрэг олон бөх барилдана, үүний дагуу барилдах дэвжээний түвшинд олон камер байх нөхцөл боломж ямар байх билээ, ямар камерын бичлэгийг шүүлтэнд тооцох вэ гээд нарийн асуудлууд байна. Түүнээс биш наадам үзэж байгаа хүн бүрийн гар утас, дамжуулж байгаа тв бүрийн бичлэгийг харахгүй нь ойлгомжтой. Үүнийг маш зөв шийдэлтэйгээр боловсруулж ямар нэг бөхийг хохироох, маргаан гаргах асуудал үүсгэхгүй байхаар ажиллах хэрэгтэй болж байна.
– Допингийн талаар барилдааны дүрэмд оруулсан өөрчлөлтийг тодоруулна уу?
Ц.М: Үндэсний бөхөд допинг хурц асуудал болоод байгаа. Хариуцлага тооцохгүй эсвэл тэгш бус шийдвэр гаргадаг зэрэгт бөхчүүд, бөх сонирхогчид маш их эсэргүүцэл илэрхийлж байна. Иймд холбооны бөхийн барилдааны дүрэмдээ тодорхой заая гэсэн юм. Өөрөөр хэлбэл МҮБХ-ноос зохион байгуулсан болон төрийн байгууллагатай хамтран зохион байгуулсан барилдаануудад допингийн зөрчил гаргавал ийм хариуцлага хүлээлгэнэ гэсэн тодорхой заалтыг оруулсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагатай хамтран зохион байгуулсан барилдаан гэдэг нь наадам. Хаширсан хүн гэдэг шиг л бөхчүүд ийм заалт оруулж байгаа юм. Одоогийн хуульд наадамд допингийн зөрчил гаргавал албан тушаалтнууд хариуцлагыг олон шалтгааны улмаас тэгш бус ноогдуулж, завхруулж байгаа тул МҮБХ дүрмэндээ ингэж орууллаа. Допингийн зөрчил гаргавал тухайн бөхийн барилдах эрхийг 4 жилээр хасч, нэмж 40 сая төгрөгөөр торгоно, хугацаанаас өмнө барилдвал барилдсан өдрөөс хариуцлагыг дахин тооцно гэж тодорхой оруулсан. Спортын холбоодод ёс зүй, допингийн зөрчилд мөнгөн торгууль ноогдуулах асуудлууд түгээмэл байдаг. Мэдээж торгуулийн мөнгийг допингийн хяналт, наадмын доод даваануудад унасан бөхчүүдийн бэлтгэл сургуулилтын нөхөн төлбөрт зориулах зэргээр залуучууд тодорхой санал оруулж батлуулсан. Их Эеийн хурлаар холбооны дүрмийг шинэчлэн батална. Энэ дүрэмд МҮБХ гишүүнчлэлтэй, нээлттэй, ёс зүйтэй ТББ болж, гишүүддээ хариуцлагын асуудлуудыг чанд сахиулдаг болвол сайн холбооны эхлэл болно. Сайн дүрэм болвол манай дүрмийг бусад спортын холбоод авч хэрэгжүүлж эхэлнэ. Тэгвэл Монголын спорт холбоодын дотоод маргаан арилах эхлэл ч болж болно.
– МҮБХ-ны зүгээс Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Энэ талаар тодруулахгүй юу?
Ц.М: Наадмын хууль 2003 онд батлагдсан. Тус хуульд допингийн хариуцлага болон 512 ба 1024 бөх барилдсан наадмуудад цол олгох асуудлуудыг заасан заалтууд нь тун бүрхэг байдаг. Үүнийг нь шийдвэр гаргагчид ашиглан өөрсдийн танил тал, нутаг усаа харж шийдвэр гарган, алдаа завхрал үүсгэдэг зөрчил гарсаар ирсэн. Тиймд допингийн заалтууд болон 512 ба 1024 бөх барилдсан наадмуудад амжилт гаргасан бөхөд цол олгох, эрэмбэлэх асуудал тодорхой байхаар оруулсан.
– Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар энэ тал дээр санал гомдол гарна даа? Жишээлбэл аваргуудын эрэмбэ, Н.Батсуурь аварга сошилд миний эрэмбийг дарлаа гэсэн зүйл бичээд эхэлж…?
Ц.М: Гарч болно. Гэхдээ асуудлыг зөв талд нь шийдэх бас олонхоороо хэлэлцэж батлах зэрэг суурь зарчмаа барих хэрэгтэйг ойлгох хэрэгтэй. Миний хувьд хуулийн төслийг Цэцийн гишүүдэд танилцуулсан. Одоо мөрдөгдөж байгаа хуульд эрэмбийн асуудал дээр дархан аваргуудыг эрэмбэлэхгүй бусад цолтонг цол амжилтаар эрэмбэлнэ гэж заасан байгаа. Үүний дархан аваргууд эрэмбэлэгдэхгүй гэсэн заалт хэвээрээ, 10 давж 1 удаа түрүүлсэн аваргаас 9 давж 2 удаа түрүүлсэн аваргыг өмнө нь эрэмбэлнэ гэсэн заалт шинээр оруулсан. Ч.Санжаадамба аварга ч надаас асуусан, яагаад ийм байх, хэнд зориулсан гэдэг утгаар асуусан байх. Би өөрийн итгэл үнэмшилээр 1 түрүүлснээс 2 түрүүлсэн нь өмнө нь эрэмбэлэгдэж болох юм гэж бодож санал оруулсан. Миний хувьд хэн нэгэнд зориулсан зүйл үгүй, бас хэн нэгнийг дэмжиж нөгөөг нь дарах зүйл огт гаргахгүйг зорьж ажилласан. Өөрөөр хэлбэл монгол бөхийн асуудалд хэн нэгэнд автахгүй гол чигийг нь барьж ажиллахгүй бол тун болохгүй том сэдэв. Тиймд ч намайг хардах зүйлгүй. Гол үндэслэлийг бөхчүүд маань гаргахдаа монгол бөхийн дээд цолтонгууд болох аваргууд эрэмбэ зэрэг асуудлаар хоорондоо маргахаар бөхийн нэр хүндэд маш халтай юм. Ер нь аварга цол бол монгол бөхийн дээд цол. Энэ цолыг авсан бөхчүүдийг он дарааллаар нь эрэмбэлэе гэж Цэцийн гишүүд маань удтал хэлэлцэж байж санал хураалтаар шийдвэрлэсэн. Нэг талаас зөв ч юм шиг. Бүх зүйл 2 талтайг л харуулж байна. Н.Батсуурь аварга намайг “С.Мөнхбат, Ч.Санжаадамба аваргуудыг миний өмнө эрэмбэллээ” гэж яриа гаргасныг өөрөөс тань л сонсож байна. Над руу холбогдсон зүйлгүй. Ярихгүй байх, учир нь олонхоороо шийдсэн асуудлыг ойлгох тул. Энэ 2 аваргатай нийлэх ч юм уу, хувийн харилцаагаар уулзах асуудал ч надад байхгүй. Бөхийн асуудлаар хэд хэдэн удаа надтай маргалдаж, 1 удаа нэг нэгнийгээ хөөж туусан ч асуудал гарсан. Хэд хоногийн дараа таараад зүгээр л 10, 20 жилийн өмнө танилцаж байсан шигээ л уулзаж байдаг. Би ч юм боддогүй, тэр хоёр ч боддоггүй байх. Надтай маргалдаж, хэрэлдсэн гэдгээр юм бодох, өш, өө харах зүйл надад байхгүй. Энэ хоёр аварга бөхөд байгаа болохгүй зүйлүүдэд санаа зовж их бухимдаад яваад байна уу даа л гэж боддог. Тиймд намайг хардах зүйл огт үгүй. Түмний нүдэн дээр шийдэгдсэн асуудал гэдэг шиг Цэцийн гишүүд маань олонхоороо аваргуудын эрэмбийг тэгж шийдсэн. Шийдвэр гаргасан нь залуучууд голцуу гишүүд байсан. Мөн сая Цэцийн хурлын өмнө 2 цагийн хугацаа гарган МҮБХ-нд, Цэцийн гишүүдэд, Тэргүүлэгчдэд хандсан санал хүсэлтээ өгнө үү, саналаа ирж тайлбарлаж болно гэж нээлттэй байх нөхцөлөөр хангасан. Бидний хурлаас нуух хаах зүйл байхгүй тул хэн ч ирж санал өгч болно гэсэн. Жишээ нь “Дээд монголын бөхийн холбооны тэргүүн” гэх Баярбат гэж хүн ирээд санал хэлээд, бүүр Цэцийн гишүүнд нэр дэвших хүсэлт гаргахад нь тэгээ гэсэн, хэд хэдэн бөх эрүүл бус хүн заалнаас гаргая гэж хүртэл хэлсэн, бид эрүүл бусыг тогтоохгүй тул хүсэлтийг нь дэмжээд, нэр дэвшүүлсэн. Өөрийн санал бодлоо хэлэх боломж олголоо баярлалаа гээд гараад явсан. Бид бүх л зүйлийг нээлттэй байг гэж бодсон.
– 2020 оны улсын баяр наадмын допингийн шинжилгээнд бүдэрсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Батсуурь нар Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадамд барилдах уу?
Ц.М: Допинг дээр хатуу байр суурь барина гээд ажилд сонгогдоод хэлсэн. Зарим зүйлд миний зүгээс хатуурхсан байх. Эм тариагаа хэрэглээд төрийн наадам самраад байгаагий заримын хажууд “явцын шинжилгээгээр допингийн зөрчил гаргасан 5 залуу бараг л гэм хор нь хаана байна” гэхээр шахуу байдал үүслээ… Үндэсний бөхийн гол цөм нь цол шүү дээ. Цол олгох наадамд зөрчил гаргаагүй. Тэднийг дараа нь допингийг өршөөх практик байдгийн дагуу холбооны 11 тэргүүлэгчдээс 6 нь өршөөж 19 оны наадамд барилдуулъя гэж тогтоол шийдвэр хүртэл гаргасан. Өршөөл байдгийг нь судлаад үзэхээр мэдээж байдаг. Энэ нь ёс зүйтэй байх, уучлал гуйх гэсэн “хартитай” л юм билээ. Б.Пүрэвсайхан заан залуу хүн түргэдсэн байх, бухимдаад бөхийн өргөөнд олон гарын даа нарын дэргэд ёс зүйгүй үг хэлсэн гэдгээр өршөөе гэдгийг нь зогсоосон. Ө.Бат-Орших, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын 4 залуу үүнд нь чирэгдсэн. Одоо допингийн асуудлыг зөөллөвөл энэ 5 залууд ч харамсалтай. Нөгөө талаар тухайн үед өршөөсөн бол эх толгойгүй завхарал болох, үүний эхлэлийг тавих байж гэдгийг цаг хугацаа харуулсан. Надаас өмнө ажил хариуцаж байсан хүмүүсийн асуудал бол тусдаа. Надад хамааралгүй. Тиймд допинг дээр хатуу байна, 11 сараар эрх хасах санал гаргасан асуудлыг нь эргэн хэлэлцүүлэх хүсэлтийг өнөөдөр бөхийн салбар хороо руу өгсөн. Шууд хэлэхэд барилдах боломжгүй.
– Допинг хэрэглэсэн бөхчүүдэд өвдөг шороодсон тамирчдад цол нөхөн олгох асуудалд МҮБХ-ны зүгээс ямар ажил хэрэгжүүлж байна вэ?
Ц.М: Ерөнхийлөгч зарлигаар цол өгдөг тул зөрчил гаргасан бөхийн цолыг зарлиг гарган цуцална, цол олгохыг дахин зарлиг гаргадаг тул удааширдаг. Х.Баттулга ерөнхийлөгчид өчигдөр 2019 оны наадмын цолны асуудлуудыг шийдээч гэж хүсэлт өглөө. Шийдэхгүй 3 жил болж байна. Мөн 2020 оны наадмын асуудлаар хүсэлт хүргүүлнэ. Дарааллаар л явахаас аргагүй байна.
–Авлигатай тэмцэх газраас Баяр наадам зохион байгуулах хорооны нэр бүхий албан тушаалтнууд допингийн шинжилгээний хариу өөрчилсөн байж болзошгүй талаар мэдээлж байсан. Энэ хэрэг юу болсон бэ?
Ц.М: Нэр бүхий албан тушаалтан авилга авч 38 бөхийн зөрчлийг дарсан гэж АТГ өөрснөө шалгаж байгаа хэргүүдээ олон нийтэд танилцуулахдаа зарласан. Хоёр жил шалгаад хохирогч байхгүй юм байна гээд хэргийг хаасан. Өчигдөр нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнайд зөрчил гаргасан 38 бөхийн нэрийг АТГ-с авч өгнө үү, хохирогчдыг нь МҮБХ тодруулаад өгье гэж хүсэлтээ өгсөн. Ерөнхий прокурор маань энэ хэрэг үүссэн нь, мөн шалгасан нь үнэн бол олоод өгчих байх гэж найдан хүлээж байгаа.
– Ярилцсанд баярлалаа.
Discussion about this post