Хөдөлмөрийн Үндэсний Намаас өнөөдөр Аймаг, Орон нутгийн сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэртээ холбогдуулан мэдээлэл хийлээ. Захиргааны хэргийн шүүхийн уг шийдвэрийг эсэргүүцэн тус намынхан Сүхбаатарын талбайд жагсаж байна.
Захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн үндэсний намын орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр тус намаас нэр дэвшихээ илэрхийлсэн 27 хүн өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл, тус намынханд ямар нэгэн үндэслэл хэлэлгүйгээр орон нутгийн сонгуульд оролцуулахаас татгалзсан байна.
ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд: Аливаа улсад ардчилалыг хамгаалах гол үндэс нь ардчилсан сонгууль байдаг. Гэтэл өнөөдөр, нэг захиалгын, нэг шүүгчийн шийдвэрээр Монгол улсын иргэдийн сонгох сонгогдох эрхийг уландаа хишгэж байна. Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд оролцуулахаас татгалзаж байгаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө байх уу үгүй юу гэдэг ирмэг дээр ирснийг харуулж байна. Бид өнөөдөр ардчиллаа хамгаалахаар энд цуглаад байна.
Бидэнд хэн нэгэнтээ нийлж сонгуульд оролцох сонирхол байхгүй. ХҮН нам хэн нэгэнд худалдагдахгүй.
Бидэнтэй нэгдэж сонгуульд оролцохгүй бол ямар ч сонгуульд оролцуулахгүй гэдэг мэссэж бидэнд тов тодорхой харагдаж байна. Ардчилсан нам, түүний цаана шууд хэлье.
Хөдөлмөрийн Үндэсний Нам орон нутгийн сонгуульд оролцохоор бүх баримт бичгээ Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Гэтэл Нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэх тухай шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхийн нэг шүүгч өчигдөр захирамж гаргаад зогсоосон. Нэр дэвших үйл ажиллагаагаа зогсоочих. Бид дараа нь шийдэж өгье гэдэг хөгийн улс төр хийж байна.
Захиргааны хэргийн шүүхийн энэхүү шийдвэр нь Нийслэлийн сонгуулийн хороог үйл ажиллагаагаа зогсоо гэсэн үг юм” гэлээ.
Discussion about this post