Улаан армид 10 мянган төгрөг, 1600 бог мал, 16 тэмээ, 10 агт морь бэлэглэж түмэн олноо “Фронт Бадам” гэж өргөмжлөгдсөн Энгэлийн Бадамын амьдралын тухай хүүрнэхээр зээ хүү Д.Лхагвасүрэнгийнд зочиллоо. Баруун гар талаас Д.Лхагвасүрэн эхнэр Б.Оюунцэцэг, хүүхдүүд, үеэл Н.Тэгшбаяр нарын хамт.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаа гуай нэгэн яриандаа “…Сурагч бид сонины цаасан дээр тогооны хөө, үзүүрлэсэн хулсаар хичээлээ бичдэг байлаа. Бүх төмөр, дэвтрийн үдээсийг хүртэл зэвсэг хийхэд хэрэглэнэ гээд авдаг байсан юм…” хэмээн дурсчээ. Энэ бол дэлхийн II дайны үед Монгол Улс ЗХУ-д хүч нэмэхээр хүн ард, хүүхэд багачуудгүй оруулж байсан хувь нэмэр. Дэлхий дахинаа энх тайвныг тогтоосон түүхэн энэ өдрүүдэд Монгол Улс ямар баатарлаг үүрэг гүйцэтгэснийг тодоос тод дурсч байна. Тэр дундаа Монголоос ЗХУ-ыг чиглэсэн тусламжийн цувааны тухай хэзээ ч балрахгүй түүх болон үлджээ. Энэ л түүхийг анхлан бичилцсэн нэгэн эмэгтэйн тухай нэхэн дурсахаар “Амьдралын тойрог”-ийг 1941 он руу заллаа.
Тэр хүн бол түмэн олноо Фронт гэж алдаршсан Энгэлийн Бадам агсны тухай юм. Хөх тэнгэрт 1418 хоног суунагласан дарийн утаа замхарч, дайсан фашистууд бут цохигдсон түүхэн өдрөөс хойш 70 жил өнгөрөхөд монгол эхийн сэтгэлээр харийн гүрний зүгт сэтгэл зүрх, эд малаа хайрлахгүйгээр өргөсөн энэ хүний тухай үнэн түүх уусан холдох шинжтэй. Нутгийнхан хийгээд үр удмынх нь багахан үйл хэргийг эс тооцвол Фронт Бадамын тухай баримт материал эрс ховорджээ.
1908 онд Чандмань уул аймгийн Өлзийжаргалан сум буюу одоогийн Увс аймгийн Өмнөговь суманд малчин Энгэлийн бага охин болж мэндэлсэн тэрээр 30 гаруйхан насандаа улаан армид1600 бог мал, 16 тэмээ, 10 агт морь, 10 мянган төгрөгийг бэлэглэж тухайн үеийн ном хэвлэл, тусламжид хувь оруулсан хүмүүсийн дунд “Фронт Бадам” гэж өргөмжлөгджээ. Тэрээр зөвхөн эд, мал бэлэглээд зогсохгүй ЗХУ-ын ахан дүүсийг өөрийн хүүхэд шигээ энэрэн хайрладаг байсныг 1971 оны зун өөрийн нүдээр үзэж, сонссоноо зохиолч Н.Цэвэгмид “Фронт Бадам” номондоо бичсэнийг нийтлэлийн эхэнд дурдах нь зүйтэй болов уу. Түүвэрлэн сийрүүлбэл,
-За хүүхдүүд минь үг холдож, үхэр холдох нь шиг байна. Цаана чинь худаг усны хээрийн бригадынхан ирж байх шиг байна. Сүү хүргэж өгөх юмсан. Ийм дэлгэр зун яаж хар цай уух юм бэ. Энд чинь бас л нэг орос хүн яваа шүү дээ. Ер нь эдний ачийг мартах учиргүй. Дайсан довтолбол даралцаж өгнө, өмсч зүүх, эдэлж хэрэглэх нь дутагдвал хийж өгнө. Эсвэл хийх үйлдвэрийг нь байгуулж өгнө. Тэр ч байтугай одоо гэрийн хаяанд ирж худаг, усыг нь хүртэл ухаж байна. Ямар гэгч сайхан ерөөл тавилангаар бид ийм сайхан хань нөхөдтэй болно вэ гэж Э.Бадам гуай сэтгүүлч нөхдөд хуучилжээ.
Дайны жилүүдийг өөрийн биеэр үзсэн ахмадууд, эсвэл аав ээж нь дурсч ярьдаг дунд үеийнхэн Фронт Бадам гэх нэрийг хамгийн сайн мэдэх. “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад” гэсэн уриатай дайны жилүүдэд олон мянган малчин өрх хувь нэмрээ оруулсан. Гэвч чухам тэдний дундаас хар залуугаар эр нөхрөөсөө хагацаж, өнчин дөрвөн хүүхдээ өсгөхийн хажуугаар малаа хэдэн мянгад хүргэн бойжуулж Зөвлөлтийн дайчдад зориулж эрдэнэт мал сүргээсээ мянгаар нь таслан өгч, хэдий хойно ч тэднийг ахан дүүс мэт хайрлаж явсан нэгэн хүмүүний түүх бусдаас содон байх болов уу.
Э.Бадам гуайн удмаас түүний тухай баримт материал цуглуулдаг зээ хүү байдгийг олж сонссон юм. Охин Анжилын хүү Д.Лхагвасүрэн. Түүнтэй уулзахаар цаг товлож гэрт нь очсон юм. Тэрээр нутгийн нэг ангийн охинтойгоо гэр бүл зохиож охин, хүүтэй болжээ.
Э.БАДАМ ГЭЖ ХЭН БАЙВ?
Малчин Энгэл охин, хүү хоёртой. Хүү нь сээр Жамба гэж нутаг орондоо нэртэй хүн байжээ. Охин Бадам нь нэг нутгийн Хишигтийн Дүүдэй гэх айлын хүү Мягмартай гэр бүл болж, хоёр охин хоёр хүү төрүүлжээ. Мягмар багийн дарга, ухуулагчийн албатай байж.
Хилийн чанадад их гүрэн дайтаж эхэлсэн 1941 он. Нутгийн малчид сумын төвөөс яваа хүмүүсээс фронтын мэдээг чих тавин сонсоно. Ардын хувьсгалын 20 жилийн ойн баяр наадам болохоос хэдхэн хоногийн өмнө Өлзийжаргалан /одоогийн Өмнөговь/ сумын наймдугаар багийн хурал болж сумаас ирсэн төлөөлөгчид германчууд ЗХУ руу давшсан мэдээг хэлж, Зөвлөлтийн ард түмэнд тусламж илгээх хэрэгтэй байгааг дуулгажээ. Энэ үеэр нутгийн ардын хамгийн урд эгнээнд мөнгөн тохигныхоо /зүүлт/ олон салаа мяндсан цацгаар оролдож суусан, 30 орчим насны өндөр биетэй Бадам босч “Би энэ удаад эрх зээрдийнхээ хамт түүний ижил сүрэг арван шилдэг агт, 10 мянган төгрөг бэлэглэе.
Та бүхэн миний эрх зээрдийг сайн мэднэ. Энэ бол ямар ч үед унасан эзнээ орхиж явдаггүй хөлөг байгаа юм. Бодвол ийм л хүлэг дайн тулааны газар хамгийн шилдэг найдвартай унаа болж таарна. Тэр гайхал фашистуудын өгөр толгой дээр миний эрх зээрдийн ган дөрвөн туурай, гал цахилгаан болж ниргэг…” хэмээн эхний удаагийн бэлгийг өгөөд гэртээ ирэхэд нөхөр Мягмар тэр өдөр өөр нэг багийн хуралд оролцож фронтод бэлэг хүргүүлэхээр ухуулга хийж яваад ирж нутгийн ард бэлэг хуримтлуулах ажилд ер бишийн идэвхтэй оролцож байгааг хөөрөн ярьцгаасан тухай Н.Цэвэгмид “Фронт Бадам” номондоо онцолжээ.
Харин Наранбулаг сумын багийн Засаг дарга асан Т.Батаагийн дурсамжид “Э.Бадам 1941 оны намар аравдугаар сард багийн иргэдийн хуралд 10 морь, 10 мянган төгрөг хандивлахаар болж гэртээ ирэхэд нөхөр Мягмар нь хүнд өвчтэй хэвтэж байсан хэдий ч “Өвчтэй миний хувьд хэн нэгэнтэй явж уулзах боломжгүй тул чи энэ өрх айлаа төлөөлж дахин бэлэг тусламж өг, юугаа ч хайрлаж болохгүй” гэж байжээ. Бодит баримт болон үлдсэн эдгээр хоёр өөр мэдээллийг зээ хүү Д.Лхагвасүрэн нэг тийш болгох болов уу гэсэн ч тэрээр хүүхэд ахуй цагтаа л эмээтэйгээ ойр байснаас нарийн учрыг хэлж мэдэхгүй байв. Харин чухам ямархан эмэгтэй байсан талаар түүний ээж Анжил хүүрнэдэг байсныг ийн ярьсан юм.
-Э.Бадам гуай танайд ирдэг байсан биз. Ямар хүн байв?
Манайд нэг хоёр сараар ирнэ. Хүүхдүүд бидэнтэй хөзөр их тоглоно. Тэр үед нас нь нэлээн дээр гарсан хэдий ч хөгшин ээжтэй /эмээтэй/ нэг баг болбол ямар нэгэн аргаар сэргэлэнтэж байгаад хожчихдог. Тоглоом дууссаны дараа хөгшин ээж “Хэн тань шүүвээ” гээд л мэдэн будилж суудагсан. Би түүнийг дагуулж хамаатнуудад газарчилж очно. Хүмүүстэй харилцаж байгаа нь амгалан, тайван талдаа хүн байсан. Хүмүүстэй нэвт шувт яриад байхгүй. Нас өндөр болсондоо ч тэрүү, угаасаа ийм араншинтайсан уу.
/Увс аймгийн уугуул, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Норов Э.Бадам гуайтай уулзаж хийсэн ярилцлагаараа “Алтан үсгийн үнэмлэх” гэх нэртэй нийтлэл бичиж байжээ. Тэрээр Э.Бадам гуайг даруухан, үг дуу цөөтэй хүн гэдгийг батлан ярьсан юм/
Нутагтаа“Фронт Бадам” гэж нэршсэн болохоор хүмүүс хүндэлдэг байв уу?
-Мэдээж очсон, уулзсан хүн бүр хүндэлж харилцдаг байлаа. Хөгшин ээж бага хүүгийндээ насан эцэс болтлоо амьдарсан юм. Түүнийг асарч байсан бэр Г.Бүүдэд гэж хүн Увс аймагт одоо ч энх тунх байгаа. Нагац ээжийн талаар амьд гэрч болох хүн тэр л байна. Нагац ээж маань гашуун цай их ууна. Дөрвөд хүмүүс өтгөн цай уудаг ч түүнээс илүү гашууныг уудаг. Бид хичээлийнхээ амралтаар очихоор дөрвөлжин жижиг авдарнаасаа орос ховор чихэртэй, тав арван төгрөг өгнө. Одоо бодоход тэр чихрээс илүү авдар нь санаанаас гардаггүй. Дээрээ хоёр жижиг, дороо урт нарийхан нүдтэй голдоо ганц цүүтэй зэс мөнгөн монгол цоожтой авдар байсан юм.
Улаан армид тусламж үзүүлэхэд одоогийн Өмнөговь сумынхан идэвхтэй оролцжээ
–Таны цуглуулсан зурагнууд дунд цэгдэгтэй зураг дийлэнх юм?
-Тэр үед дөрвөд эмэгтэйн байнгын өмсдөг хувцас нь цэгдэг байсан. Цэгдэгийг хэр баргийн хүн оёдоггүй. Ээж, нагац эгч хоёрын оёсон цэгдгийг өмсдөг. Ээж маань их уран хүн байсан. Аймгийн музейд хээтэй минчүүн цэгдгийг нь хадгалуулсан гэж ах дүүс маань ярьдаг байсан. Сүүлд би очиж харах гэсэн боловч байхгүй байсан.
–Энэ хүний тухай баримт, материал ер нь ховорджээ?
-Үүнд үр сад бид ч буруутай байх. Бага байхад ээж маань олон ч зүйлийг ярьдаг байсан байх. Түүнээс зөвхөн загнуулж байсан нь санаанд тод үлджээ. 2009 онд 100 насных нь ойгоор энд тэндээс баримт материал цуглуулж явахад энд л байх ёстой, мэдэх болов уу гэсэн газруудын зарим зөвхөн нэрнээс цаашгүй байсан.
Э.Бадам том хүү М.Ламжавын нэр дээр 1945 онд 2154 мал тоолуулж улсын алдарт сайн малчин цолыг хүртжээ.
–Э.Бадам гуайн талаар ээж тань юу ярьдаг байв?
Ээжийг долоон настай байхад аав нь өнгөрсөн гэдэг. Бид хүүхэд юм хойно сахилгагүйтнэ, хувцас хунараа голно, шилнэ. Тэгэхэд ээж “Миний ээж өнчин тэнэсэн бид дөрвийг өсгөхдөө гэрт эм, гадна эр болж явсан. Харь элгийн хүнийг аав, ах шигээ бодож өссөн. Би баян, цатгалан айлын хүүхэд байсан ч ээж хатуу гараар хүмүүжүүлсэн. Юм ховор цагт өнгөтэй өөдтэйг тэр бүр эдэлж байгаагүй. Хаа холоос нүүдэл хийхэд гутлаа тайлж сугавчилчихаад хөл нүцгэн хонио туугаад л явдаг байсан. Гэтэл та нар хэтэрхий цамаан зантай өсч байна гэж загнадаг байсан” гэж билээ. Тэгээд бодохоор хөгшин ээж маань хүүхдүүддээ их юм зааж. Харц, ядуу хүнийг зарц гэж биш ах, дүүс шиг харилцахыг сургажээ гэж боддог.
Биднийг ийн ярилцах зуур Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр зочилж таарав. Тэд бөлүүд /үеэлүүд/ юмсанж. Э.Бадам гуайн нөхөр Мягмар, Н.Тэгшбаярын өвөө Баян-Очир нар ах дүүс байжээ. Тийм болохоор нэгнийндээ байнга зочилдог гэнэ. “Фронт Бадам”-ын тухай бид хамтран хууч хөөрсөн юм.
1940-өөд онд мянгат малчид малаа суурь сууриар нь хариулгадаг байжээ. Д.Мягмарынхны хувьд ч хоёр талын аав, ээжээс өгсөн нэлээд малтай. Гэвч тэрээр 1941 оны сүүлчээр өвчнөөр өөд болоход Э.Бадам бага насны дөрвөн хүүхэдтэй хоцорчээ. Энэ үед “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад” уриа ид мандаж, нутгийн зон олон эрвийх дэрвийхээрээ тусалж байсан цаг. Э.Бадам өнчирч хоцорлоо гээд дордсонгүй, харин ч амьдралыг хатууг сөрж фронтод гурван удаа бэлэгний мал илгээсэн түүхэн баримт байна. Нэг удаадаа 10 агт, 10 мянган төгрөг явуулсан бол дараагийн удаад 1600 бог мал, 16 тэмээг хоёр хуваан өгсөн гэдэг. Мөн 95 агт морьж худалдаж, олон тооны хурганы арьс, нэхий бэлэглэжээ.
Бүлтийсэн дөрвөн хүүхэдтэй 30 гаруйхан настай эмэгтэйд илүү ажил, ахадсан санаа байжээ гэж одоо харж болох ч түүний бэлэг дайны талбарт байлдаж явсан хэчнээн эрсэд дулаан хувцас, халуун хоол болж очсоныг тэрээр тоолж биш монгол эх хүний сэтгэлээр хандаж байсныг нутгийн ардын дунд яриастай, хэвлэлийн шарласан хуудсанд тод үлджээ. Зохиолч Х.Цэвэгмидийн Үнэн сонинд нийтэлсэн “Хэцүү бэрх цагт” гэх нийтлэлийг Л.Лхагвсүрэн сонирхуулав. Тус нийтлэлд “Эх хүний энэрэнгүй сайхан сэтгэлээр -Нэгэн газар зовж зүдэрч байхад энд бид яаж жаргаж байх вэ” хэмээн эд хөрөнгөө бэлэглэж байжээ” гэсэн байна.
Н.Тэгшбаяр: БАДАМ СУДЛАЛЫН САН БАЙГУУЛНА
Э.Бадам гуайн нөхрийн талын удмыг үргэлжлүүлж яваа Н.Тэгшбаяр бидний ярианд хачир болгож Лениний мэндэлсний 100 жилийн ойгоор Оросын төлөөлөгчид тэднийд ирж хүндэтгэл үзүүлсэн түүхийг хуучлав. Энэ тухай тэрээр “Одоогийн Увс аймгийн Наранбулаг сумын Хайстын шил гэдэг газар Оросын төлөөлөгчид ирж Э.Бадам гуайд хүндэтгэл үзүүлж байсныг аав, ээж маань ярьдаг байсан юм. Тухайн үеийн үйл явдлыг М.Дамдинсүрэн гэж хүн орчуулаад хадгалуулж байсан түүхтэй. Оросын гол холбоотон улсын нэг нь Монгол. Дэлхийн улс орнуудаас хандив тусламж өгснөөрөө ч Монгол тэргүүн эгнээнд байдаг. Фронт Бадам бол зөвхөн миний удам гэсэндээ биш дэлхийн энх тайвныг тогтооход хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг учраас цаашид Энгэлийн Бадам судлалын сан байгуулах бодолтой явдаг” гэж байв.
БАЯН БА БУЯН
Тухайн үед малчид мянга, хоёр мянга, бүр арав, хорин мянга давуулсан малтай. Ядарсан иргэдэд малаа суурь сууриар нь тасалж өгч маллуулан тодорхой хувь шан өгдөг байсан гэлцэнэ. Тэр үеийн малчдын маллагаа, үр шимийг нь хүртэх арга оюуныг одоогийн малчидтэй харьцуулахын аргагүй. Түүний илрэл бол Э.Бадамын бодит жишээ гэж хэлж болохоор аж. Нутагтаа тухайн үед нударган баячуудын эгнээнд явсан ч баянаа буян болгож чаджээ.
Буяныхаа төлөө Ардын засгийн тэргүүнд ч ухаантай үг дайж явсан удаатай юм байна. Маршал Х.Чойбалсан 1947 оны арваннэгдүгээр сард болсон МАХН-ын 11 дүгээр их хуралд төлөөлөгчөөр оролцохыг урихад урилга ирүүлсэнд баярлаж баталгаа болгон Маршалын нэр дээр яна хадаг, их гарын мөнгөн аяга, ширэн хөхүүр айраг илгээн “Ам бүл цөөн. Өвлийн хариг хатуу улирал эхэлж байгаа цагт улсын алтан фонд мал сүрэг, буйр нутаг, отог нүүдэл алдаж эрсдэж болзошгүй” хэмээн чөлөө хүсч байжээ.
Гэвч улаан армид тусламж хүргүүлэхээр Монголын өнцөг булан бүрээс тусалж болох бүхнийг цуглуулж байх үед бичин жилийн зуд гэж одоо ч ахмадуудын дунд зүрх шимшрэн ярих 1944 оны зуд тохиож Э.Бадам төдийгүй Монгол Улс малынхаа талыг шахам алджээ. Зөвлөлтийн ахан дүүст хүргүүлсэн сэтгэлийн буянаар Э.Бадамын эрдэнэт сүрэг нь жилийн дараа гэхэд 2154 болон өсч Улсын алдарт сайн малчин цол хүртэж байжээ. Э.Бадам гуай тухайн үед том хүүгийнхээ нэр дээр малаа шилжүүлж, тоолуулсан юм байна. Улсын сайн малчны шагналд цул мөнгөн хайрцаг, эцэг малын баримал, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, 12 чий эрээн майхан зэргийг дурсгаж байсан нь бага хүү Норовынд хадгалаастай байдгийг Д.Лхагвасүрэн зээ нь ярьж байна.
Э.Бадам гуай нэгдэлжих хөдөлгөөний үед Наранбулаг сумын нэгдэл байгуулагдахад бүх малаа өгч, бага хүүгийндээ амьдарсаар 1992 онд насан өөд болжээ. Түүний дөрвөн хүүхэд ч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч ач, зээ нар нь нийслэл хотод болон Увс аймгийн Улаангом, Өмнөговь, Наранбулаг суманд аж төрөн амьдарч байна. “Фронт Бадам”-ын дурсгалд зориулж үр хүүхэд, нутгийн удирдлагуудын санаачлагаар 2009 онд Наранбулаг суманд ОХУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хөшөө босгосон байна. Мөн ойд зориулж сэтгүүлч Б.Норовын үг, хөгжимчин Б.Оюунчимэгийн аяар “Буяны өглөгтэй ээж” гэсэн дуу зориулан зохиогджээ.
Энэ хүний тухай дурсах ийм тоотойхон баримтууд арван хуруунд багтахаар л үлдэж. Ялалтын баярын сүр дуулиантай өдрүүдэд настангууд одон медалиа гялалзуулж ордон, танхимуудад уригдан, үрэгдсэн нэгнийг бахархана. Жам нь тийм ч түүхийн зөвийг бодитоор дурсч дайнд гар бие оролцоогүй ч сэтгэл зүрх, эд баялгаа өргөсөн нэгнийг орхигдуулан мартах учиргүй. Дайны жилүүдэд нэгэн ард 10 мянган төгрөгийг нэгэн дор хандивлаж мянга давсан малаа бэлэглэж байсан нь яалт ч үгүй бусдаас илүү. Түүнээс илүү нь улс гүрэн, харь элэгтэй хөвгүүдийг өөрийнх шигээ энэрэн хайрлаж явсан агуу сэтгэлийг Фронт Бадам л өвөрлөж явжээ.
Discussion about this post