Ерээд оны дундуур Венесуэлийн телевизийн “Халтар царайт” олон ангит кино монголчуудыг байлдан дагуулж, түм түжигнэж бум бужигнасан их хотын гудамж хүнгүй болдог байв. Тэр ч бүү хэл хүний амь хүртэл эрсдэж байсан гашуун түүх бий. Дараахан нь “Халтар царайт” буюу жүжигчин Соня Смит Монголд айлчлан хэсэгтээ л бужигнуулсан ч “шивэр, хулмасны” гэх хэрэг дэгдэн 1997 онд Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдэгдсэн нь урьд хожид дуулдаж байгаагүй шуугианыг дэгдээж байсан юм.
Тухайн үед “Халтар царайт”-д үйлчилж байсан жолооч Норовсамбуу гуайтай уулзаж энэхүү хэргийн талаар дэлгэрэнгүй ярилцаж байлаа. Сэтгэлийн шарх аньдаггүй гэгчээр тэрээр “Халтар царайт”-д гомдож явдаг гэдгээ нуугаагүй юм. Норовсамбуу гуай далан оноос хойш НАХЯ-ны харъяа III хэлтэс гэж байхад л анх эхэлж ажиллан төрийн өндөрлөгүүд, гадаадын зочид төлөөлөгчдөд үйлчилдэг байжээ. Маш шалгуур өндөртэй энэхүү ажилд тэнцэн Цэдэнбал, Самбуу гуай хоёрын шугамын үйлчилгээнд гурван жил ажилласан гэх юм билээ. Удаа ч үгүй тэрээр төрийн өндөрлөгүүдэд үйлчлэх болж, 1981 оноос СНЗ-ийн орлогч Содном гуайтай 10-аад жил ажилласан гэдэг. Карл Марксын гуч, Австралийн амбан захирагчид хүртэл үйлчилж байсан тэрээр ”Халтар царайт” буюу Соня Смитэд үйлчилснийхээ дараа өнөөг хүртэл үл мартагдах “шивэр”-ний гэх хэргээр шүүхэд нэхэмжлэл гарган дуулиан тарих нь тэр. Тэрээр энэ тухай ингэж ярьж байлаа.
-Тэр үед үнэхээр яг ийм явдал болсон юм уу. Мэдээлэл гарахдаа нэр заагаагүй байсан шүү дээ. Та яагаад өөрийгөө гэж бодсон юм бэ?
-”Халтар царайт” чинь бол тэндээ гал тогооныхоо өрөөнд тавьчихаад харж байдаг, манайд бол ямар ч хэрэггүй гудамжны кино. Монголчууд маань тэр үед юм үзээгүй байсандаа л гудамжны хөдөлгөөн хүртэл зогсдог байсан байх. Тэр материалыг хэчнээн нэргүй тавьсан ч гэсэн яг үйлчилж байсан ганц хүн нь би юм чинь надаас өөр хэн байхав. Ерөөсөө байнга л Халтар царайт, түүний орчуулагч бид гурав нэг машинд явсан байхгүй юу. Ирээд буцахдаа машиныг маань ёстой сүйдэлсэн ш дээ. Монголчууд чинь юмыг заавал нэг барьж үзэж байж санаа нь амардаг улс. Тэгээд хаа л явна нөгөө хүүхэнтэй чинь гар барих, биед нь хүрэх гээд л дунд нь машиныг маань сүйдэлчихэж байгаа юм чинь. Хойно урдаасаа өшиглүүлж зодуулсаар байгаад хоёр машин байсан нь хоёулаа будаа болсон.
Түүнд тусгай машин биш ачааны тэрэг эсвэл гудамжны гурван хаалгатай автобус л гаргаж өгөх ёстой байсан байна лээ ш дээ. Анх миний тухай бичсэнийг би мэдээ ч үгүй байсан. Нэг өглөө машиндаа сууж байтал манай нэг жолооч ирээд надад тэр сонинг өгсөн байхгүй юу. Тэгээд тэр бичсэн хүүхэнтэй нь уулзах гэтэл байгаа газраа хэлж өгдөггүй. Утсаар яриад “Би тийм хүн биш. Нам төрийн удирдлагуудад үйлчилдэг нэртэй төртэй хүн. Доромжиллоо” гэж хэлсэн. Үнэхээр тийм юм байхгүй юм чинь нэр төрөө сэргээлгэх гээд Чингэлтэй дүүргийн шүүхэд өгчихсөн. Чимээгүй л байгаад байсан. Би ч яадаг юм байгаа гээд харзнаад байлаа л даа. Хэд хэд хойшилж байж арайхийж нэг юм шүүх хурал нь болсон.
-Та 5 сая төгрөг нэхэмжилсэн ч бүр эсрэгээрээ өөрөө 200 мянгын төлбөрт унасан юм билээ. Яагаад өөрийнхөө зөв гэдгийг баталж чадаагүй юм бэ?
-Ямар ял хийж явсан биш анх удаа л шүүхийн танхимд очиж байгаа маань тэр. Нэг том танхим байх юм. Нөгөө талынхан чинь танхимаар пиг дүүрэн, хэдэн салаа цэрэг шиг л олуулаа. Бэр, хүргэн нь юу нь ч гэнэ үү, бүү мэд. Гэтэл өмгөөлөгч маань болох өвгөн бид хоёр хоёулхнаа. Шүүх хурал дээр орчуулагч эмэгтэй, материалыг бичсэн бүсгүй хоёр буулт маягийн юм ярьсан л даа. Тэгэхэд их сонин юм болсон. “Найман шарга” компанийн захирал байсан өвгөн “Цүнхтэй мөнгө аваад ир” гэж байгаа байхгүй юу. Ёстой илэрхий мөнгөөр ажиллачихсан.
Хоёр цагт орсон хурал орой долоод тарсан. Уг нь хуулийн байгууллага чинь бүх юмаа бүрдүүлж байж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тэгтэл ерөөсөө тэгээгүй. Эцэст нь таван саяыг нэхсэн хүн чинь 200 мянга дээр унаж байгаа байхгүй юу. Тэгэхээр нь Лувсандорж шүүгч дээр очоод “Материалыг маань гаргаад ир” гэсэн чинь миний шүүх эмнэлгээс авсан магадлагаа, компаниас надад гаргаж өгсөн бичиг хүртэл алга болчихсон байсан.
Шүүхийн шийдвэр миний талд гарсан байсан ч би тэр мөнгөнөөс нь нэг ширхэг тамхи ч авахгүй байх байсан. Ганцхан нэр төрөө сэргээлгэнэ гэдэг надад чухал байлаа. Гэтэл үндэслэлгүй нэхэмжлэл, нэр чинь алга гээд өөрөө буруутсан.
Намайг мэдэх нэг ч хүнээс мэдүүлэг аваагүй. Шивэртэй, үгүйгээ тогтоолгох гэж би шүүх эмнэлгээр хүртэл орсон байхгүй юу. Байхгүй юм чинь байхгүй л гэж гарна ш дээ. Шүүх хурлын дараа нөгөө талд ажиллаж байсан хүн миний таних хүнд “Танай хүнийг муухай хэлмэгдүүлчихлээ дээ” гэж хүртэл хэлж байсныг би сонссон. Харин би давах шатаар нь орж заргалддаг юм уу гэснээ тэр үеийн хууль гууль байсан юм чинь адгийн зарга арав хоног гээд орхисон.
-Та ямар үндэслэлээр 5 саяыг нэхэмжилсэн юм бэ?
-Өмгөөлөгчийнхөө амаар л таван сая гэчихсэн хэрэг л дээ. Надад үнэхээр тэдэнтэй заргалдчихъя, мөнгө гаргуулчихъя гэсэн санаа нэг их байгаагүй. Хүнийг ингэж доромжилсон байхад хууль яаж шийддэг юм бол гэдгийг харах гэсэн юм. Дотоод яамаар дамжчихсан хүн гэдэг чинь бас юм бодох юм байна ш дээ. Халтар царайтыг ирэх үед Далай лам бас ирсэн байсан. Би Далай ламтай явбал явж болох л байсан. Намайг хуваарилчихаар нь барууны мундаг том жүжигчинтэй явах юм бодоод сэтгэл өндөр байсан чинь эцэст нь нэг сайн доромжлуулж л авах шив дээ.
-Та тэр үеэрээ “Халтар царайт”-тай холбоо барьж тэгж хэлсэн эсэхийг нь тодруулсан уу?
-Уулзах нь байтугай харахаас дургүй хүрээд байгаа юм чинь. Гэхдээ хамгийн гол нь тэр Мөнхтуяа гэдэг орчуулагч хүүхэнд л байсан юм билээ. Анх их сүртэй л дээ. Намайг яваад очтол та зангиа зүүж костюм өмсөхгүй яасан юм бэ гэхээр нь би орчуулагчид нь “Гудамжны киноны жүжигчинд чадахгүй ээ” гэхгүй юу. Халуун ч байсан. Зангианд баглуулаад байхыг бас хүсэхгүй байхгүй юу. Тэглээ гэж тэгсэн юм уу яасан юм бүү мэд. Сүүлд тэр эмэгтэй гурван мянгын билетийг оюутнууддаа 10 доллараар шаглах гэсэн, бас миний асуудлаас болсон байлгүй ажлаасаа халагдчихсан байсан. Энэ асуудлыг би испани хэл мэддэг хүнээс асуухад Венесуэлиэс хариу факс ирээгүй байна.
Гэхдээ Халтар царайттай ярихад “Миний аав шиг хүн байсан. Надад их сайхан үйлчилсэн” гээд уурласан гэсэн. Би ямар чихээрээ өөрөөс нь сонссон биш үнэн худлын аль нь юм мэдэхгүй ш дээ.
Тэгэхэд би ёстой айхтар дарамтанд орсон. Халтар царайттай баахан зураг авахуулаад нутаг орон руугаа явуулчихсныг ч хэлэх үү. Ёстой хэцүү байсан. Халтар царайттай шүүхдээд, эцэст нь өөрөө шоронд орох дөхсөн гэхээр хүн чинь ичнэ ш дээ. Ичих булчирхай гэж байна аа даа. Болдогсон бол тэр халтар царайт гэдэг нөхрийг хувийнх нь зардлаар авчраад Монгол улсын хуулиар хүн доромжилсон хэргийг нь авч үзмээр санагддаг байсан. Ааш араншин сайтай л хүн шиг байсан. Уг нь бидний дунд ёстой хумсын толион чинээ ч эвгүй юм болж байгаагүй байхгүй юу. Энэ хэргийг өдөөгч нь тэр орчуулагч хүүхэн л байсан юм шиг байна лээ. Юунд миний дургүй хамгийн их хүрсэн гэхээр нойр хоолгүй сэтгэлээсээ үйлчилчихээд доромжлуулсанд л байгаа юм.
-Тони ер нь хэр залуу байсан бэ?
-Манайхны ярьдгаар бол зүгээр л нэг онгироо, сагсуу залуу байна лээ. Нэг их мундаг улс биш шүү дээ, тэд чинь. “Улаанбаатар”-ын үүдэнд баахан хүн цуглуулж байгаад хүүхдийн гар хүртэл хугалсан. Гайхамшигтай сайхан юм ерөөсөө болоогүй. Эхнээсээ аваад л дуустлаа заваарсан. Хаа л очно, бөөн хүн. Буцахад нь хүртэл нисэхийн цагаан хаалганаас эргэж зогсоод онгоц нисэх хүртэл хүлээж байгаад явуулсан. Гайгүй л элэгсүү тэр охин нь, би аав шиг нь л байсан.
Discussion about this post