Унгар Улсад дахин нэг монгол иргэн коронавирусын улмаас амь насаа алджээ. Энэ тухай Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд З.Батбаяр цахим хуудсаараа дамжин мэдэгдэн эмгэнэл илэрхийлжээ.
Тэрээр “Муу мэдээ сонсгож байгаадаа хүлцэл өчье.
Гайтай энэ муу ковид (Унгар улс) дахин нэг иргэнийг маань аван одлоо. Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гээд хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдсэний дараа тэнгэрт дэвшлээ. Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.
Бяцхан охин нь юу ч мэдэхгүй инкубаторт эрүүл энх торниж байгаа бөгөөд аав нь, эмээ өвөө нь, Монгол түмэн нь охиныг чинь өсгөж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, сайн хүн болгон хүмүүжүүлэх болноо. Унгарт буй Монголчууд нь туслах болно.
Хань ижил нь сэтгэлээ чанга барьж, охиныхоо төлөө бас ханийхаа төлөө давхар амьдрах ёстой боллоо. Чи чаднаа залуу минь . Охиноо ээж нь байгаа юм сайхан өсгөөрэй, ард түмэн, Монгол зон олон нь хамт байх болно.
Энэ мөрүүдийг гар чичрэн бичиж сууна. Огт уулзаж үзээгүй, танихгүй ч гэсэн үхлийг ялан дийлэхийн төлөө хэрхэн тэмцэж байхыг чинь нүдээр харсан хүний хувьд дүүгээс минь өөрцгүй санагдах залуухан ээж чи Мөнх тэнгэртээ тайван нойрсдоо.
Даяар олноороо, хүн бүр халдвараас сэргийлж, хайртай бүхнээ хамгаалаарай.
Мөнх хөх тэнгэр, уул ус минь ивээх болтугай…” гэжээ.
Discussion about this post