Монголчуудын сарын цалин нэг сая төгрөгт эргэлдэнэ. Харин авлигачдын авч өгсөн мөнгө тэрбумаар яригдаж, барааг нь хараагүй тэрбум, тэрбум төгрөгийн авлига хулгайн мөнгөнд тоогүй муухай даслаа даа. 10 мянган төгрөг хулгайлж, бок саван авсан өрх толгойлсон ээжид 10 жилийн ял өгсөн мөртлөө, тэрбумаар авч өглөө гэж ил тод бичигдэх авлигачдаа яаж ч чаддаггүй нь хачирхалтай.
Саяхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж “шүүхийн хонгил”-ын менежер гэж алдаршаад буй Б.Баасанцогтод Зам тээврийн сайд асан Д.Ганбатын өгсөн 5 тэрбум төгрөгийн хахуулийг зуучлан дамжуулсан баримтыг Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах нэгдэл мэдээллээ.
Зам тээврийн сайд асан Д.Ганбат “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгож, улсын төсөвт 189 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн Төв аймгийн төв Зуунмод хотын баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км автозамын тендерт оролцсон “Ялгуусан” компанийн захирлаас 200 сая төгрөгийн авлига авсан хэрэгт холбогдсон юм.
Д.Ганбатыг урьдчилан хориход түр саатуулаад сулласан. Энэ хэрэг шүүхэд очсон боловч буцаагдаж удааширсаар байгаа. Д.Ганбатын хэргийг 2020 оны 8-р сарын 27-ны өдөр 2020/ШЦТ/764 тоот тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна. Д.Ганбат нь холбогдсон гэмт хэргээ өөрт ашигтайгаар шийдүүлэхийн тулд шинэ хонгилын менежер, хууль шүүхийн хахуулийн сүлжээний холбон тоглогч Б.Баасанцогтод онц их хэмжээний 5 тэрбум төгрөгийн хахууль өгсөн гэж яригдсан ч ингээд мартагдах нь.
Зуучлагч гэх Ц.Нанзаддорж гэж хэн бэ? Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр 2018 онд томилогдсон. Хамгийн сонирхолтой нь түүний 2011 онд төрсөн хүү “Э” нь Худалдаа хөгжлийн банкинд 2.3 сая ам.доллар болон 3 сая юанийн хадгаламжтай гэж шуугиулсан нөхөр. Үе үе томоохон дуулианд нэр холбогддог ч тэгсхийгээд мартагддаг.
Ц.Нанзаддорж ТӨХ-ны даргаар 2012 оны долдугаар сард анх томилогдсон. Гэвч тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлаас нь халж, Ч.Сайханбилэг буцаан тавьж, дахиад саналаараа ажлаа өгч, эргэн ирж, нэг хэсэг “Дамдин аварга, гарлаа давлаа” гэдэг шиг ТӨХ-ны дарга боллоо, уналаа, буцаад ирлээ гэдэг байв.
Ц.Нанзаддоржийн намтар энгийн. Харин 15 жил буюу 1996-2011 он хvртэлх хугацаанд төрийн өмч, хувьчлалыг бүхэлд нь гардан хийж байсан гэх товчхон мэдээлэл бий.
“Гурван гал”, “Сарны титэм”-ийн эзэн Ц.Нанзаддорж уу?
Хүн болгон ингэж асуудаг ч бурхан ч хариулж чаддаггүй “нууц амраг шиг нууц хөрөнгө”-тэй хүн. Мөн Ц.Нанзаддорж нь Геологийн төв лабораторийг эзэмшдэг гэлцдэг. “Гурван гал”, “Сарны титэм” гэх обьект ч түүнийх байх магадлалтай.
Ц.Нанзаддорж 2009 оны долдугаар сарын 23-нд “Хамтдаа Чигээрээ” ХХК-ийг байгуулж байсан аж. Тээвэр хөгжлийн банкны 49 хувь буюу гурван тэрбум 920 сая төгрөгийн үнэ бүхий 3920 ширхэг хувьцаагаа бэлэглэлийн гэрээ байгуулан Ц.Нанзаддоржид бэлэглэж байсан баримт байсан гэдэг. “Хамтдаа Чигээрээ” ХХК нь байгуулагдсан өдрөө л дөрвөн тэрбум шахуу төгрөгийн бэлэг нь авсан нь сонирхолтой.
Тэрчлэн Ц.Нанзаддоржийг ТӨХ-ны Удирдлага, хувьчлалын газрын дарга байхдаа Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугартай хамтран 90 гаруй километр замыг ор сураггүй алга болгосон гэнэ. Ингэж хэлэхийн учир нь 93 километр замыг нээлттэй зарлаж хувьчлах дэгийг эвдэн “Бүрхээст хайрхан” компанид шууд эзэмшүүлсэн гэнэ. Энэ тухай АТГ-аас Д.Сугар хоёрыг шалгасан ч “сугардаггүй, суйлдаг” Д.Сугар мөн сугараад үлдсэн байдаг.
Discussion about this post