-Та нарыг чадалтай дуучин гэж хүн болгон зөвшөөрдөг л дөө. Жавхлан ч юм уу Баясгалан шиг дуулиан дунд амьдардаггүй болохоор олны анхаарлыг нэг их татдаггүй юм шиг санагддаг. Ер нь тоглолтонд хэр их хүн ирэх бол?
-Ер нь дуурийн театр цөөн суудалтай болохоор билет нь түрүүлээд дуусдаг. Ер нь сонгодог урлагийг харьцангуй их хүн үзэж сонсдог болохоор тоглолтын өмнө хар шар PR хийх шаардлага байхгүй. Биднийг сонсох дуртай жил болгон олон улсын театрын баярын өдрийг хүлээж байдаг фенүүд хүртэл байдаг. Тэр үзэгчдээ алдахгүйн тулд янз бүрийн хэл аманд орооцолдоод байхыг боддоггүй юм.
-Дуурийн театр төрийн байгууллага. Хувиараа хамтлаг байгуулаад явахад бэрхшээл байдаг уу?
-Биднийг уран бүтээлээ чөлөөтэй хийх цаг зав гаргаж, уран бүтээлээ хийх чөлөөтэй нөхцөл боломж, өрөөгөөр хангаж өгдөг, Дээр нь бид ДБЭТ-ын дэргэдэх “Ньюанс” хамтлаг гэж энэ том театраар овоглож явна гэдэг бидэнд асар их хайр хишгийг хүртээж байгаа газар. Биднийг аль ч талаар тусалж дэмждэг. Бид анх л ДБЭТ-ын найрал дуучин байсан, одоо хүртэл хэвээрээ. Театр дотроо сонгодог үндэсний дууриудад томоохон дүр бүтээж чадаагүй ч гэсэн ямар ч дүрийг барьж аваад бүтээх эрч хүч, авъяас чадвар байгаа. Хамтлаг байгаа үедээ хүчтэй байх ёстой, юм хийхгүй бол хэн ч биш болно. Тийм учраас дуурийнхаа тал дээр тус тусдаа юм бэлдэж л байгаа.
-“Ньюанс” хамтлаг анх “Мөнгө” дууг дуулж гарч ирж, байгуулагдаад олон жил боллоо. Яагаад одоо хүртэл СТА авч чадаагүй юм бэ?
-Янз бүрийн зэрэг дэв бид горилдоггүй, одоогоор СТА болоогүй ямар нэг шагнал байхгүй ээ. Өөрсдийгөө авах болоогүй байгаа гэж боддог юм. Яагаад гэвэл манай дуурийн театрт 30-40 жил ажиллачихсан ахмад буурай нар зөндөө байдаг. Тэд СТА аваагүй байхад бид авна гэдэг утгагүй асуудал. Бид өөрсдийгөө чамладаг, авах болоогүй байгаа гэж боддог. Бид мэргэжлийн дуучдын хувьд өөрсдийн үзэл бодлоор авч үздэг, сайшаадаггүй. Ард түмэн ч хараад мэддэг. Зарим хүн ч биднийг авчихаасай гэж боддог л байх. Бид аваагүйгээрээ нэг их буруутгахгүй байх. “Ньюанс” хамтлаг гэхэд 10 хүн алга ташиж байсан бол СТА Ньюанс хамтлаг гэхэд 15 хүн алга ташихгүй ш дээ. Дуулах ур чадвар, биеэ авч яваа байдал бүх талаараа үзэгчдэд таалагдаж байж, шагналаас өндөрт өөрсдийгөө өндөрт өргөж авч явах ёстой. Шагнал горилж байгаад авчихсан хүмүүсийг ичээхийн тулд илүү сайн хөдөлмөрлөх ёстой гэж боддог.
-МУСТА болчихоор ядаж дуулах үнэ ханш нь нэмэгддэг юм биш үү?
-Урлагаар мөнгө олдог гэдэг ч юм уу, мөнгийг урдаа тавьчихдаг хүн байдаг л даа. Бидэнд мөнгө төгрөг гавьяа шагнал сонин биш, гэхдээ бид хөлс хөдөлмөрөө зарж зарж нэг тоглолт хийдэг. Ар гэртээ ч баян тансаг амьтад биш, гол нь үзэгчиддээ сайхан юм үзүүлье гэдэг нь хамгийн том зорилго байдаг юм ш дээ. Мэдээж ажил хийж байгаа юм чинь ор хоосонгүй л байна. Тэрийг л харна. Заавал тооцоо гаргаад ингэвэл тэдэн сая төгрөгийн ашиг олно гэж бид ханддаггүй.
-Та нарыг гадаад дуу дуулахаар хүмүүс яаж хүлээж авдаг вэ?Т
-Бид хуучнаасаа хуулбарлахыг боддоггүй. Аль болох урагшаа харж алхахыг боддог. Тэгж явсныхаа хариуд урмын сайхан үг сонсдог. Янз бүрийн энд тэндхийн юмнаас хуулж дууллаа гэдэг шүүмжлэл гардаг. Гэхдээ бид дэлхийд гарсан хүмүүсийг дууриаж дуулдаг. Тэр хүмүүсээс үлгэр жишээ авч дуулдаг. Ядаж л тайзан дээр биеэ авч яваа байдал, том концертыг гоё хийж байгаа найруулга санаачлага, дуулж байгаа хоолойны өнгөнөөс авахуулаад суралцдаг. Гадаад хэл дээр их дуулж байгаа юм чинь хэлний эвсэлтэй болж байна. Олон талаар хөгждөг. Сайн юмыг хуулбарлаж байгаа болохоор хэнээс ч ичдэггүй. Гадныхан юм хэлдэггүй, манайхан л бие биенийгээ муулдаг болохоос. Манай театрынхан, урлагийн байгууллагынхан их дэмждэг.
-Та нарын гадаад харилцаа хэр байдаг вэ?
-Анх ОХУ-ын Халимагт Испани, Франц, Тайвань, Америк орнуудаар явж тоглосон. Эхэн үедээ бид гадаадад амьдарч байгаа монголчууддаа биш зөвхөн гадныханд өөрсдөд нь тоглолт хийе гэдэг бодол байсан. Сонгодог урлаг дэлхий нийтийн урлаг болж чадсан учраас би энэ чиглэлээр дуулж байгаа. Очсон газруудад маань очоод “Ньюанс ямар хамтлаг вэ” гэж асуувал үзсэн хүмүүс нь муу хэлэхгүй л дээ. Монголынхоо нэрийг дандаа л өндөрт өргөж явдаг.
–Та нарт хоолой дутахын зовлон байхгүй болохоор ам барихгүй дуулна биз дээ. Одоо бичлэг тавиад бүтэн концерт тоглодог болсон шүү дээ?
-Сонгодог урлагийн гайхамшиг ам барьдаггүйдээ байдаг юм. Анх сургуульд ороход 5-6 жил сурахад микрофонгүй дуулах, хичнээн метрийн цаана байгаа хүмүүст дуугаа нисгэж хүргэх тэр техникийг л өгдөг. Сүүлд нь микрофон дээр дуулахад хэцүүддэг юм билээ. Тэгээд яахав, арга эвээр дуулах ёстой байдаг юм билээ. Одоо дууриа микрофонгүй дуулчихна, шаардлагатай үед микрофонтой дуулчихна.
-Ер нь хамтлагийн гишүүд санхүүгийн асуудлаас болж муудалцаж тардаг, та нар овоо хэдэн жил хамт дуулчихлаа. Танай нэг дууг хэдээр дуулдаг вэ, гурвуулаа яаж хуваарилж авдаг вэ?
-Ямар үеэс шалтгаалж хэлбэлзэнэ л дээ. Зарим үед сая хүрч байсан, ихэвчлэн сэтгэл мэднээ гэдэг шиг л. Заавал үнэрхээд мөрөө баллаад явдаггүй юм аа. Мэдээж уран бүтээл хийхэд мөнгө шаардлагатай, зохицоод л явдаг. Цаг заваа гаргаад л, үс зүсээ янзлаад гурвуулаа очиж дуулж байна. Бидний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Бид гурав байгаагаа хуваагаад, байхгүй бол аяга хоолоо ч хамаагүй хувааж идээд явсан улсууд юу гэж бие биенээсээ илүү гарах гэж оролдохов.
-Та гурав гурвуулаа гэр бүлтэй юу?
-Гурвуулаа гэр бүлтэй. Ер нь бүгд л гэр бүлтэй байдаг юм биш үү. Зарим нь гэр бүлгүй гээд түүгээрээ жаахан PR хийх гээд л, тэр цаг өнгөрсөн юм биш үү. Ер нь эхнэр хүүхдээ гомдоон гомдоон нуугаад байх шаардлага юу байна. Тэгж нуухаар олон үзэгч цугларахгүй биз дээ. Эхнэр хүүхэдтэйгээ аз жаргалтай сайхан амьдарч байна гэж зарлахад юу нь буруудах юм. Зөвхөн бид биш бидний эхнэрүүд нэгдээд нэг баг болдог л доо. Яагаад гэвэл тоглолтын үеэр бидний итгэл найдварыг хүлээсэн сайн хүмүүс ажиллах хэрэгтэй байдаг. Тийм болохоор эхнэрүүд маань илүү ойр дотно ажилладаг.
-Одоо зарим дуучин гудамжинд өмсөж байсан хувцастайгаа тайзан дээр гараад зогсчихсон байдаг. Та гурав их сайхан хувцасладаг хамтлагийн тоонд орно шүү. Санхүүгийн асуудлаа яаж зохицуулдаг вэ?
-Энэ нь бид ДБЭТ-т ажиллаж байгаатай салшгүй холбоотой. Попера энэ сонгодог урлаг чинь өөрөө яалт ч үгүй цэвэр цэмцгэр тайзны үнэтэй брэнд хувцас өмсөхийг шаарддаг. Тийм болохоор тоглолтын хувцсандаа их анхаардаг. Аль болох чанартай брэндийн хувцас авч өмсдөг. Найз нөхөд ах дүүс ч тусална. Гарын уртай уран хүмүүсээр оёулсан хувцас ч бий. Тоглолтынхоо хувцсыг тоолсон чинь маш олон болсон байна лээ. Буруу дуулах юм уу, тайзан дээр биеэ муухай авч явбал хүний нүдэнд илүү л харагдвал хэн ч байсан шууд хэлдэг. Бид шүүмжлүүлэхгүйн тулд дууныхаа сонголтыг зөв хийж зөв дуулах ёстой гэж хичээдэг. Тэгэхгүйгээр хүнд юм хийж байгаа харагдах гээд л, өөрийгөө байнга юм хийж байгаа харагдах гээд л, өөрийгөө мартуулахгүйн тулд болсон болоогүй юм хийж цацаад л гүйгээд л, дууных нь хийсэн түвшин сайн биш, клип нь ч гэсэн сонирхогч аваад монтажалчихсан юм хийгээд л урлагийг жаахан гутааж яваа хүн байдаг. Тэр хүн өөрөө хөгжихгүй л дээ. Одоо дуучин хүн л мөнгө олоод байна гэж бодоод СУИС-д хүн болгон хүүхдээ оруулж байна гэсэн. Бидний санхүүгийн асуудал хамтлагтай салшгүй холбоотой. Мэдээж өөр төрлийн юм оролдоно, өөртөө таарсан бизнес хийх гээд явж байна. Эр хүн олзонд гэдэг дээ.
Discussion about this post