ЭНЭ 7 ХОНОГТ МОНГОЛЫН СИЙЛБЭРЧДИЙН ӨДРҮҮД ТОХИОЖ БАЙНА.
Монголын уламжлалт урлаг, соёлын үнэт өвийг уран гар, оюун билгээрээ амилуулж, үеийн үед өвлүүлэн хөгжүүлж яваа нийт сийлбэрчдэдээ баярын мэнд хүргэe!
БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, уран сийлбэрч Дамбын Гэлэгдандарын мэндэлсний 127 жилийн ой энэ жил тохиож байна.
Д.Гэлэгдандар Монгол улсын анхны багш бэлтгэх их сургуульд сийлбэрийн багш, Монголын урчуудын эвлэлийн I, II их хуралд төлөөлөгчөөр оролцож байсны гадна аймаг, хот, Ардын их хурлын Депутатаар хэд хэдэн удаа сонгогдон ажиллаж байжээ.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат. Нэрт уран сийлбэрч, УГЗ Д.Гэлэгдандарын урласан зааны яс, зандан модоор сийлсэн шатрууд, Монгол улсын үндэсний түүхийн музей, Оросын холбооны улсын Москва, Санктпетербургийн музей, Аврорын музей, Өвөрхангай аймгийн музейн шилдэг үзмэрт хадаглагдаж байдаг.
Сийлбэрч Д.Гэлэгдандарыг Маршалын сийлбэрч гэж ч ярьдаг. Маршал гадаадын том хэмжээний төлөөлөгчдөд бэлэглэх зүйлсээ Д.Гэлэгдандар сийлбэрчээр хийлгэдэг байжээ. Түүний сийлсэн шатрын бэрзийг барихад ам нь ангайж, хэл нь гялс хийдэг байсан гэдэг нь энэ сийлбэрчийн ямархуу чадвартай байсныг гэрчилнэ.
Д.Гэлэгдандар багш Ц.Дамбилийн хамт 1920-иод оны эцсээр өөрийн хошуу хүрээний хэмжээтэй 9 тэргүүн, 32 мутар, 16 бойвтой Жигжид бурхан бүтээжээ. Түүнийгээ “Багш бид хоёр 6 сар гаруй хугацаанд их шургуу ажиллаж бүтээсэн юм. Түүнд их ур ухаан орсон юм” гэж хожим өгүүлсэн байдаг.
Сийлбэрч Д.Гэлэгдандарын “Бүргэд”, “Шанаган Хуур”, “Банхар”, “Туйванч” зэрэг бүтээлүүд нь Өвөрхангай аймгийн Музейн үзмэрт хадаглагдаж байна.





Discussion about this post