Монголын мөнгө хүүлэгчид Солонгосын мафитай кинонд гардаг шиг болсоныг нотолсон нэгэн хэргийг шүүх шийдвэрлэжээ. Барилгын туслах ажилтан хийдэг гэх Г.Ёндон … нь бүтэн гурван сарын турш “Хаан” банкны теллер С.Даваа … гэх эмэгтэйд өдрийн өндөр хувьтай их хэмжээний мөнгө зээлүүлээд хугацаанд нь өгч чадаагүйд “мөнгөө хэрэв өгөхгүй бол гэр лүү чинь хүн явуулж, чамайг мөнгө өгтөл чинь тухайн хүмүүсийг хамт байлгана, бичлэгийг чинь фейсбүүкт тавина” гэх зэргээр айлган сүрдүүлж, “ нөхрийг нь цустай нь холино, гэр бүлийнхнийг чинь байрнаас чинь хөөж гаргана” гэх үг хэллэгийг удаа дараа хэлж, гар буу харуулах, цахилгаан бороохойг дуугаргах, төмөр гав үзүүлэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлсэн, мөн түүний оршин сууж буй байрыг шилжүүлэн өгөхийг шаардсан гэмт хэрэгт холбогджээ. Хэрэг явдал теллер эмэгтэй нөхрийнхөө 30 сая төгрөгийг гоо сайхны барааны наймаанд оруулаад шатсанаас эхэлсэн гэнэ. Ингээд өрөө дарахын тулд өдрийн хүүтэй мөнгө зээлүүлдэг З гэх эмэгтэйтэйгээс мөнгө зээлжээ. Түүнтэй хоёр жил “хамтран ажиллахдаа” нэг тэрбум гаруй төгрөг зээлж буцаагаад 1,5 тэрбумыг төлжээ. Гэсэн ч хүүгээс хүү бодогддог тул улам өрөнд орсон гэнэ. Мөнгө хүүлэгч эмэгтэйн өрийг дарахын тулд бэр эгчээсээ 150 сая төгрөг зээлж ахин өрөнд оржээ. Энэ үед З нь бас нэгэн мөнгө хүүлэгч болох Г.Ёндон …-той танилцуулсанаар “чонын амнаас гараад барын аманд” орсон аж. Эхлээд өдрийн таван хувийн хүүтэй, гурав хоногийн хугацаатай 55 сая төгрөг зээлж бэр эгчдээ өгчээ. Ингээд хүүгийн хамт 93 сая төгрөг болгож төлжээ. Дараа нь 106 сая төгрөгийг тэр өдрийнхөө орой 111 сая болгож өгөхөөр тохирч зээлээд 109 саяыг төлжээ. Ахиад 105 сая төгрөгийг 115 болгож өгөхөөр нэг хоногийн хугацаатай зээлээд төлжээ. Үүний дараа 49,5 сая төгрөгийг 60 сая болгож өгөхөөр бас л нэг хоногийн хугацаатай зээлжээ. Энэ мэтээр нэлээд олон зээлжээ. Харин хамгийн сүүлийнх болох 2025 оны 3-р сарын 7-нд гурван өдрийн дараа 105 сая төгрөг болгож өгөхөөр авсан 79 сая төгрөгнөөс хэрэг мандсан гэнэ.
“…Ёндон… нь 2025 оны 01-р сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Гэгээнтэн хотхоны зогсоолд байхдаа нэг өндөр том биедээ нэрийг нь мэдэхгүй залуугийн хамт өдрийн 14 цагаас оройны 21 цаг хүртэл миний машинд суугаад “хэрвээ зээлсэн мөнгөө өгөхгүй бол энэ залуу чамайг гэрт чинь дагаж очоод мөнгөө төлтөл гэрт чинь байна, п-даа минь” гэх мэтээр айлган сүрдүүлж байсан. 2025 оны 01-р сарын 13-ны өдөр дахиад найз Давкагаа өөр хоёр залуугийн хамт явуулж миний машинд суулгаад “мөнгөө хурдан төл, төлөхгүй бол хамт гэр рүү чинь орно орой 20 цаг хүртэл хүлээнэ, гэр бүлийнхэн чинь эсэргүүцэл үзүүлбэл тэгээд алаан болно, наад залуучууд чинь яахаас ч буцахгүй шоронд суусан хүмүүс шүү” гэж айлган сүрдүүлсэн. Ер нь мөнгө өгөх болгондоо иймэрхүү байдлаар айлган сүрдүүлж гар буу гаргаж над руу чиглүүлдэг, гав, цахилгаан бороохой үзүүлдэг. Хамгийн сүүд 2025 оны 03-р сарын 09-ний өдөр Ёндон … нь С гэх хүний хамт манай гадаа 10 цагийн үед ирээд машиндаа суулгаж цахилгаан бороохой гаргаж ирж дуугаргаад “мөнгөө өгөхгүй бол буудалд барьцаанд бай, гэр лүү чинь орно, нөхрийг нь цустай нь холино, ажил дээр нь очно” гэх мэтээр айлган сүрдүүлж 15 цаг хүртэл хүчээр байлгасан. 10-ны өдөр над руу залгаж мөнгөө өгөөрэй гэхээр нь мөнгө бүтсэнгүй гэтэл Ёндон … нь мөнгөө өгөхгүй бол гэр лүү чинь орлоо гэж дарамталсан. Би яг маргааш олж егье гэж гуйтал тэгвэл 150.000.000 төгрөг болгож өг гэсэн. Чи 11-ний өдрийг хүртэл мөнгөө өгтлөө хамт байна гэхээр нь гэр лүүгээ ороод ирье гэж гуйсаар байгаад гэртээ ороод хүүгээ үнсээд гарч ирээд амиа хорлохоор байрныхаа 22 давхарт гарч шатны бариулд зүүгдээстэй байсан төмөр утсаар хоолойгоо боогоод ухаан алдсан. Сэрэхэд төмөр утас тасраад шалан дээр унасан байсан. Ухаан ороод амиа хорлолоо гэдгээ хэлэхэд Ёндон … нь “чи тэгээд үхээч” гэсэн. Тэгээд “манай гэрийн гадаа хүрээд ир” гэж утасны цаанаас хэлсэн. Ирэхгүй бол танай гэр рүү хүн явуулж оруулж гэрийн чинь бүх юмыг чинь суллаж байрыг чинь авна шүү гээд дарамтласан. Тэгээд хэсэг хугацааны дараа С гадаа чинь хүлээж байна гэж залгахаар нь арга буюу машинд нь сууж Ёндон …-гийн гэрт очсон. Гэрт нь ороход эхнэр нь гэх эмэгтэй тэмдэглэлийн дэвтрийн цаас өгөөд “маргааш гэхэд зээлсэн 79,800,000 төгрөгөө 150,000,000 төгрөг болгож өгнө, үгүй бол байраа шилжүүлж өгнө гэж бич” гээд бичүүлж авсан. Тэгээд би маргааш өглөө нь өндрөөс үсэрч амиа хорлох гээд чадалгүй ээждээ хэлэхэд гэр бүлийнхэн маань цагдаад хандсан …”


Discussion about this post