Дайны хөлд нэрвэгдсан ядуухан Солонгос орныг хөл дээр нь босгосон гэж болох хэдэн үндэсний том компани бий. Тэдний нэг нь Самсунг корпораци. Эх үндэс нь 1938 онд тавигдсан. “Samsung” нь “LG”, “SK групп”, “Lotte”, “Korean air”, “Хьюндай” зэрэг Өмнөд Солонгосын томоохон бизнесийн компанитай зэрэгцэн “чэбол” хэмээн нэрлэгддэг бизнесийн элит гэр бүлүүдийн захиргаанд байдаг аж.
Бизнес нь 3 дахь үедээ өв залгамжлан очиж байна. Энэ удаа “SAMSUNG” грүпийн хамгийн нам гүм атлаа хамгийн ухаалаг стратегич гэж үнэлэгддэг гурав дахь охин И СО ХЁНг танилцуулж байна. Тэр 1973 онд Сөүл хотод төрсөн. Түүний аав нь Солонгосын хамгийн нөлөө бүхий бизнесмэний нэг, Samsung группийг дэлхийд гаргасан И ГЁН ХИ юм. Тэрбээр ах И Жэ Ён, эгч И Бу Жин, дүү И Юн Хён нартай өссөн бөгөөд гэр бүлийнхээ дунд хамгийн даруухан, олны анхаарлаас хол хүүхэд байжээ.
Багаасаа урлаг, зураг дизайн сонирхдог байсан тэрээр Америкийн нэр хүндтэй Parsons School of Design сургуульд суралцан, загвар зохион бүтээгч болох мөрөөдлөө хэрэгжүүлсэн байна. Солонгост эргэн ирсний дараа тэр зөвхөн урлагийн хүн биш, бизнесийн салбарт оролцох болсон. Тэрбээр чимээгүйхэн Samsung-ийн гол албан тушаалууд руу дэвшиж, ялангуяа загвар, тансаг хэрэглээний бизнесийг удирдан амжилттай хөгжүүлсэн юм. Тэдний гэр бүлийн бусад эмэгтэйчүүдийн амьдрал олны анхаарлыг татсан байсан бол И Со Хёны амьдрал илүү тогтвортой, “сонгодог”, ёстой л жинхэнэ удам дамжсан баячуудын нүд тайлсан нүнжигтэй гэр бүлийн хэв маягтай.
Эгч И Бу Жин нь хамгаалагчтайгаа гэрлэж шуугиан тарьж байсан бол, отгон дүү И Юн Хён харамсалтай хайрын түүхийнхээ төгсгөлд амиа хорлосон эмгэнэлт явдал болсон.
Харин айлын дунд И Со Хён 2000 онд Dong-A Ilbo сонины ерөнхийлөгч асны хүү Ким Жэ Ёлтэй гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн хүүхэдтэй. Тэр олон жилийн турш ямар ч дуулиан шуугиангүй, амгалан тайван гэр бүлийн амьдралаа хадгалж ирсэн бөгөөд нөхрийнхөө ар талд бат түшиг болсоор иржээ. Түүний нөхөр нь аавынх нь хамгийн хайртай хүргэн нь болсон. Тэрбээр хэзээ урагшлах, хэзээ ухрах ёстойгоо мэддэг байсан тул эрх мэдлийн төлөө тэмцэхийн оронд ах И Жэ Ёныг дэмжих байр суурийг сонгосон гэдэг.
Анх өвөг эцгийнхээ 2002 онд Samsung-ийн Cheil Industries компанид орж, загвар болон luxury брэндийн бизнесийг хариуцаж эхэлсэн. Улмаар 2005 онд гүйцэтгэх захирал, 2009 онд дэд ерөнхийлөгчийн түвшинд очиж, 2010 онд Cheil Industries-ийг бүхэлд нь удирдах хэмжээний эрх мэдэлтэй болсон. И Со Хёныг хүмүүс: “Чимээгүй боловч хамгийн ухаалаг, ил гарч өрсөлддөггүй ч хамгийн сайн тооцоолдог хүн” хэмээн үнэлдэг. 2025 онд Forbes сэтгүүлээс гаргасан Солонгосын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад И Со Хён 2.9 тэрбум долларын хөрөнгөтэйгээр 11-р байрт оржээ.
Түүний дээр:
8-р байрт ээж Хун Ра Хи
9-р байрт эгч И Бу Жин
2-р байрт ах И Жэ Ён бичигдсэн байна.









Discussion about this post