Монголын ард түмэн нийт долоо дахь Ерөнхийлөгчөө 10 сарын дараа сонгоно. Тиймийн учраас: Эдүгээ тэр Ерөнхийлөгч хэн байх вэ гэдгийг ярих цаг болж. Юуны түрүүнд: МАН хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэдэг сонин. УИХ дахь бусад дөрвөн нам нь МАН-даа нийцүүлж, эсхүл сөргүүлж дэвшүүлнэ. Тэрүүгээрээ МАН-ын нэр дэвшигч хэн бэ гэдэг чухал. Энэ өдрийг хүртэлх МАН-ын хандлагыг харах нь ээ 50-иас дээш настнуудаас нь Г.Занданшатар л нэр дэвших шаанстай харагдах. Гэтэл нь: Энэхүү намд түүнээс өөр С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Батцэцэг гээд 27 оны Ерөнхийлөгч нар зөндөө.
Гэлээ гэхдээ Г.Занданшатар л гав ганцаараа 27 оны сонгуулийн бэлтгэл хангаад яваа нь энэ хэдэд боломж олдохгүй нь гэж ойлгомоор. Сая наадмаар яав? Г.Занданшатарын сурталчилгаа шиг наадам болов шүү. Гэсхийгээд ярих нь ээ: Тэрээр сонгуулийн бэлтгэл гээд штабаа байгуулсан, бүр гурвын гурван улс төрийн зөвлөхтэй бэлдээд үзэж тарж байгаа гэх. Тэд нарыг: Г.Занданшатарыг долоо дахь Ерөнхийлөгчид залах гурван засуул гэх болж. Хэн хэн юм бол гэх нээ: Ж.Мөнхбат, Ц.Анандбазар, Д.Загджав гурав гэх нь тэр. Яахав, эдүгээ цагийн наадамд давхидаг ганцхан морь л ориг хулхи олон уяачтай байхад Ерөнхийлөгч болох хүнд гуравхан засуултай байх энүүхэнд биз.
Гол юм нь: Улс төрийн ертөнцөд эго өндөр, эмоц ихтэйгээрээ танил энэхүү засуулууд нь Г.Занданшатарыг өөрсдийнхөөрөө засаж галбирлаад яваа даг. Нэг нь: Дэлхийн дэвжээнд мастеруудын багт оруулж шатраар өрсөлдүүлж. Тэрэнд баг нь ялагдаж. Тэгэхлээр нь Монголынхоо төв талбайд шатар тоглуулж шатраа амжилттай цэглэж. Басхүү нэг нь: Наадам дөхөх үед хоёр дархан аваргатай ярьж хооронд нь дээлтэй золгуулаад засуулаар нь Г.Занданшатарыг болгож малгайнуудыг нь бариулж контент бүтээж. Наадмаар Ерөнхийлөгчөөс салгалгүй дэргэд нь суулгаж, төв узелиэр зарлуулан, залгаад дэлхийн адууны баярт ч өндөр дээд хэмжээнд оролцуулж олны анхааралд хадгалж. Гэм нь протоколын арга хэмжээнүүдэд протоколгүй оролцуулж. Дахин нэг нь: Буу зурдаг биш, бууддаг бол гээд буудуулж сургаж. Гэснээ: Гурвуулаа бие биенээ үзэж харж чадахгүй, хоорондоо муу гэх. Хэзээ яагаад өстөн болсныг хэлэх хүн алга.
Бүр сонин нь: Энэ гурваас илүүгээр басхүү нэг Тамгын дарга бүсгүй түүнд зааж зөвлөх, уяж сойх, засах сэлбэх ажлыг амжуулдаг гэнэм. Хамаг гол нь: Бүсгүй мөнөөх гурван засуулд машид дургүй. Тэднийгээ орхихыг Г.Занданшатарт байнга сануулан шахаж байгаа гэх. Эцэстээ: Хэр үнэнч бол гэж эргэлзэм ятгаж буй гэх. Ж.Мөнхбат, Ц.Анандбазар, Д.Загджав гурвын Г.Занданшатартай хамааралтай түүхүүдийг сануулаад: Сал гэдэг гэх.
Сануулсан түүхээр: Ж.Мөнхбаттай насны зөрүүтэй ч улс төрийн оргил руу өгөө аваатай явж. МАН 12 оны сонгуульд ялагдаж 7 сард нь Г.Занданшатар генсек болж. Гэтэл нь 13 оны 11 сард Ж.Мөнхбат генсекийг нь авч байж. Тэрний өмнөхөн генсек Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хоёр муудалцаж, улмаар гар зөрүүлсэн гэх мэдээлэл тарж байв.
Дараагаар нь 16 онд МАН ялж Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын дарга болоод нэг жил болсны дараа Г.Занданшатар ажлыг нь авч хариугаа авч байж.
Тэрнээс хойш Ж.Мөнхбатын улс төр өөдлөөгүй. Гэх нь ээ: Ж.Мөнхбат, Г.Занданшатар хоёр “Монгол бичиг мину” гэдэг дууны үг цугтаа бичиж “Хурд” хамтлаг, дуучин Э.Дашням нараар дуулуулж үлдээж.
Г.Занданшатар Ц.Анандбазар хоёр бол салшгүй түүхтэй. Ерөнхий сайд байхад нь орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж байж. Тэгэхэд нь: Хуульч Б.Гүнбилэг АТГ-ын үүднээс нэг ноцтой мэдээллийг ард нийтэд хүргэсэн. Тэрээр: “Эрдэнэс Тавантолгой” ХК 25 оны есдүгээр сард 322 тэрбум төгрөгийн өртөг бүхий шатахууны худалдан авах тендер зарлаж, уг шалгаруулалтад “Сод Монгол” ХХК ялалт байгуулжээ. Гэвчиг энэхүү шийдвэр улс төрийн болон ашиг сонирхлын сүлжээтэй холбогдож болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа “Эрдэнэс Тавантолгой”-д онц дэглэм тогтоож, тус компанийн БЭТ томилсон. Гэснээ: 25 оны 9 сард буюу жилийн төгсгөлд гэнэт 322 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлэх тендер зарласан нь эргэлзээ төрүүлж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Дэлгэрмаатай хамтран “Монголын Силикон Вэлли” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй. Харин Ц.Анандбазар нь Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх бөгөөд тэд олон жилийн турш хувийн найз нөхдийн харилцаатай гэж байж.
Гэлээ гэхдээ: Тэрнээс өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар 21 оны 4 сард УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон бэлгийн дарамт болон хүчирхийллийн шинжтэй асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор яаралтай хэлэлцэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах үүрэг өгч, тэрний дараа МАН нь Ц.Анандбазарыг хөөж байж.
Д.Загджавыг бол Шүүхийн шийдвэрийн даргаас мултраад ажилгүй байхад нь УИХ-ын дарга байх үедээ Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлж байж.
Г.Занданшатарыг Ерөнхийлөгчид залах гол гурван засуулын холбоо хамааралтай түүх нь ийм. Тэдний энэхүү урьд хождын нөхөрлөл, хамтралын түүхийг Тамгын дарга бүсгүй бол таашаахгүй: Та нар цэвэр эрчүүдийн биш харилцаатай гээд буй гэх. Гэвчиг: Хажуугаас нь харах нь ээ эд нарын нөхөрлөл, хамаарал улс төрийн хожлын төлөө хамтарчихуйц түүхтэй харагдах. Энэ нь улс төрд байх л. Монголын байтугай дэлхийн түүхэнд эд нар байтугай нэгддэг ёсон буй. Жишээ нь: Капитализм, коммунизмын хүйтэн дайны үеийн хамгийн харш хоёр туйлын удирдагчид Рейган, Горбачёв хоёр үзэл суртлын зөрүүгээ түр хойш тавьж, цөмийн зэвсгийг хорогдуулах түүхэн гэрээнд гарын үсэг зурж, капиталист Америкийн ерөнхийлөгч Ричард Никсон, коммунист Хятадын удирдагч Мао Зэдун хоёр нь 72 онд Бээжинд уулзаж, Зөвлөлтийн эсрэг геополитикийн тэнцвэрийг олохын тулд дипломат харилцаа тогтоох эхлэлийг тавьж байж. Эд нарт томдох жишээ байж болох ч улс төр гэдэг энэ.
Базах нь ээ: Г.Занданшатар ард нийтийн дунд нэр нь гавихгүй ч гэлээ МАН-ын толгой хавиас түлхээ-тулаа дажгүйтэй байх шиг. Энэ чигээрээ явсаар нэр дэвшчих шанс байна гэж ойлгож болох. гурван засуул нь эго, эмоци хоёроо Г.Занданшатараар дамжуулж гаргасаар, хөөрхийг хөөргөөд нисгэчихэж магад гэх. Гэв-чиг: Г.Занданшатарыг Ерөнхийлөгчөөр сонгож болох машид том нэг шалтгаан байгаа. Ерөнхий сайдаар хэдхээн сар суухдаа МАН-ыг эргэж эвлэхгүйгээр хагалж өгсөн гавьяад нь ач санаад сонгочихсон ч яадаг юм, 27 онд…
Ө.БАТБИЛЭГ /Өдрийн сонин/


Discussion about this post