• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“ЛХҮМБИЙН ХЭРЭГ”-ИЙН ЦААД УЧИР

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/24/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
“ЛХҮМБИЙН ХЭРЭГ”-ИЙН ЦААД УЧИР

Лхүмбийн хэрэг Монголын Дотоодыг хамгаалах байгууллагын санаачилсан жирийн нэг зохиомол хэрэг байсангүй. Түүний цаад учрыг ойлгохын тулд 1932 оноос Монголыг удирдах Зөвлөлтийн механизмд гарсан өөрчлөлтийг харах шаардлагатай.

Буриадууд Монголын тусгаар улс бүрэлдэн төлөвшихөд гарамгай үүрэг гүйцэтгэсэн болно. Э-Д. Ринчино, Ц. Жамсранов, Д. Сампилон, С. Жамбалон, Б. Ишдоржин, С. Борисов, Н. Батуханов, Б. Барадин, В. Вампилова, Д. Абашеев, Н. Данчинов, С. Цыбыктаров, Ц-Е. Гочитский зэрэг олон буриад орчин үеийн маягийн төрийн байгууллага, шинэ арми, боловсролын тогтолцоо, эрүүлийг хамгаалах байгууллага, соёлын газрууд гэхчилэн төр улс оршин тогтноход хэрэгтэй аливаа бүхнийг ердөө “хоосноос” эхлэн байгуулж байлаа. Тэд зөвхөн большевик улс төрийн ном төдийгүй эрдмийн бүтээл, орос болон дэлхийн сонгодог уран зохиолыг монгол хэл рүү орчуулж байлаа

1920-иод оны эхээр Монголд ирсэн бараг бүх буриад бичиг үсэгтэй, орос хэлтэй, ямар нэг мэрэгжилтэй байсан. Үүний үрээр тэд бүх түвшний захиргааны албан тушаалын ихээхэн хэсгийг хаших болсон. Гэтэл буриадууд ингэж өч төчнөөн албан тушаал хаших болсон нь боловсрол, мэрэгжилгүйн учир шахагдаж таарсан монголчуудын дургүйцлийг хүргэж эхэлсэн байдаг.

Зөвлөлт большевикууд ч буриад нарт итгэхгүй байлаа. 1923 онд Москвад илгээсэн маш нууц бичигт “Буриадуудын талаар дараах зүйлийг хэлж болно. Монголыг Зөвлөлтийн зэвсгийн хүчээр хамгаалж, энэ улс Зөвлөлт оросын ивээлд байгаа цагт тэд бидэнд үйлчилж захирагдаж байна. Буриадууд ямар ч цаг үед биднээс урваж, Монголыг гартаа авсан хэний ч зарц болж чадна” гэжээ.

XIX зууны төгсгөлөөр Орост хамжлагыг халсны дараагаас хаант засгаас засаг захиргаа-газрын шинэтгэл явуулж эхэлсэн нь Сибирийн цөөнх үндэстэнд, түүний дотор буриадуудад хүндээр тусаж эхэлсэн юм. Улс төр-эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд Буриадын өөртөө засах захиргааг устгажээ. Оросын Европын хэсгээс тариачид олноор нүүн ирж буриад нарын малын бэлчээрийг шахаж эхлэв. Олон зуун жилийн тогтсон амьдралын хэвшлийг нь огцом өөрчлөхөд малчид яагаад ч дасаж чадахгүй байлаа. Үүнээс болоод ялангуяа хилийн ойролцоох буриадууд олноороо Барга болон Гадаад Монгол руу дүрвэх болов. Буриадуудыг дарамтлах явдал Орос-Японы дайны үеэр бүр ширүүслээ. 1908 оны бүртгэлээр 270 орчим агын буриад өрх Монгол руу дүрэвжээ. Столыпиний хөдөө аж ахуйн реформ Буриадын нутагт бүр олон орос тариачдыг шилжүүлснээр дүрвэлт бүр нэмэгдэв. 1908-1914 оны хооронд Агийн Буриад нарын 32.5% нь Монгол руу нүүжээ.

Дэлхийн I дайн дэгдэхэд олон буриад цэргээс зугтан Монголд дүрвэн орж иржээ. Иргэний дайны хөлөөс зугтсан нь ч цөөнгүй. Ийнхүү мянга орчим өрхийн 5 мянга гаруй хүмүүс Оросыг орхиж мал сүргээ туун Монголд иржээ. Оросын иргэний дайнаар буриадуудын дунд улс төрийн үзэл бодлын хагарал болж зарим нь большевикуудыг дэмжиж байсан бол нөгөө хэсэг нь атаман Семёновын цэрэгт алба хаах болсон. Унгерний цэрэгт ч олон буриад хүмүүс элссэн. Монголын улаан хувьсгалд туслахаар орж ирээд шингэсэн буриад сэхээтнүүд ч олон.

Монголын бараг нийт хойд хилийн дагуу олон мянган буриад дүрвэн орж ирэн суурьшсан. Эг, Онон, Улз, Ерөө, Хэрлэн, Халх голын сав нутгаар суурьшсан 15 800 орчим буриад Монгол нутагт идээшин амьдарч байлаа. 1930-аад онд зөвлөлтүүд нутагтаа бүхнийг хамарсан хамтралжуулалт явуулж эхлэнгүүт энэхүү гамшгаас зугтаж Буриадаас Монгол руу дүрвэгсэдийн дараагийн давалгаа эхэлж 1930 онд Монголд 30 мянган буриад бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна Монголд мөн улаан Оросын өвчин халдан үймээд эхлэхээр нэлээд нь дахин дүрвэн зугтаж Манжуур руу гараад явчихсан байсан юм. Ийнхүү Монголын хойд хилээр суурьшсан буриадын хамаатан садны хэлхээ гурван улсын хилийн наана цааныг хамарсан байв. Сталины хувьд эдгээр дүрвэгсэд үндсээр нь устгавал зохих “улс төрийн хэрэгтэн” байжээ. Буриад нар үндэс угсаа, хэл соёл нэгтэй халхуудтай аятай зохицон сууснаар үл барам оросоор дамжин европын иргэншилд суралцсаны хувьд Монголын улс төр, соёл урлаг, шинжлэх ухаан, нийгмийн амьдралд нэлээд оройлох үүрэг гүйцэтгэж байв. Коминтерноос томилогдож Монголын төрийн удирдлагад гарсан Оросын харьяат буриадын ихэнх нь Нармай Монголын үзэл тээгч байсан нь түүхийн баримт юм. Буриадын газар нутгийг СССР-т худалдаад хүн зон нь Монгол руу нүүж, худалдсан мөнгөөрөө Монголыг босгож ирэх тухай саналыг Москвад тавьж байсан явдал ч бий.

Нармай Монголын тухай буриадын үзэл бодол халхын сэхээтэнд халдварлаж буй нь Москвад ажиглагдалгүй өнгөрсөнгүй. Өөрийн нутагтаа гэмт хэрэг хийсэн дүрвэгсдийг эргүүлж хүргэн өгөх асуудал 1930 оноос Москвагаас шуурхай тавьж эхлэв. 1930 оны тавдугаар сарын 26-нд дагаар орогсдын хэргийг нэгэн тийш болгох тухай Засгийн газрын хоорондын тогтоолд нэг талаас сайд Г.Содном нар, нөгөө талаас А.Я.Охтин нар гарын үсэг зурлаа. Зөвлөлтийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэгсдийг буцааж өгөхөөр уул тогтоолд заасан ба энэ үед Зөвлөлт засагт дургүйцнэ гэдэг маань өөрөө Зөвлөлтийн хуулиар гэмт хэрэг байлаа.

Ердөө ганц сарын дараа “Зарим иргэдийн хэргийг шүүн таслах газрын тогтоолыг хэрхэн гүйцэтгэх конвенц” гэгчид мөн л дээрх хүмүүс гарын үсэг зурах нь тэр ээ . Буриад иргэдийн хил даван дүрвэх явдал үүгээр бүрэн хаагдсан ба баталгаа нь 1930 онд Хөвсгөлийн Ренчинлхүмбэ хавиар орж ирсэн 100 орчим хүнийг Монгол, Зөвлөлтийн цэрэг хавсран цохиж, олзлогдогсдыг СССР-т буцаан өгсөн явдал болов. Хувьсгалын томилолтоор ирж Монголд удирдах албан тушаал 10 гаруй жил хашсан Жамсрано, Сампилон, Цэдэн-Иш, Гомбобадамжав, Цогтбадамжав, Даш, Эрдэнэбатхаан нар хойш татагдав. Тэднийг бүгдийг нь 1937-1939 оны их аллагын үеэр цааш нь харуулсан юм.

Ийнхүү буриадыг хоморголон устгах ямар нэг ажил зохиохоор 1930-аад оны үеэс бэлтгэж эхэлсэн бололтой. 1932 оны эцсээр Монголын Дотоодыг хамгаалах газрын дарга Д.Намсрай, Зөвлөлтийн сургагч Дубровский нарыг Москвад дуудсан нь энэ бүтцийн хүрээнд болсон явдал байв. Тэд буцаж ирээд 1933 оны нэгдүгээр сарын 9–18-нд Дотоодыг хамгаалах газрын төв, орон нутгийн дарга нар болон Зөвлөлтийн сургагчдын хамтарсан зөвлөлгөөн хийж, Монголд суурьшсан буриад дүрвэгсдээс “Японы тагнуул”, “хувьсгалын эсэргүү байгууллага” илрүүлэх үүрэг өгчээ. Зөвлөлгөөний шийдвэрт заахдаа:

…Манай газар буй бас бус мэдээ материалаас үзвэл лам нар ба феодалын доторх хувьсгалын эсэргүү нараас энэ ирэх хавар цагийг ашиглаж дахин шинэ бослого гаргах гэж байна. Хятад, буриад, орос, төвд нарын зэрэг этгээдээс гадаад тагнуул, эсэргүү этгээдтэй холбоо хэлхээтэй байж магадгүй тул тэдгээрийг илрүүлэхийг бүх анги, хэлтэст даалгаж, эсэргүүцэн тагнах ажлыг сайжруулах талаар тодорхой үүрэг даалгавар өгөхөөр …

 Үүнээс хэдхэн сарын дараа баривчилгаа эхэлсэн байна. Ийм дарааллыг тохиолдлын давхцал гэж үзэх аргагүй.

Гэтэл энэ үед Зөвлөлтийн Буриадад буриад үндэстнийг бүхэлд нь онилсон бөөн ажиллагаа хараахан эхлээгүй байлаа. Хамтралжуулалт, лам нар, хөрөнгөтөн болон “үндсэрхэг үзэлтнүүдийн” эсрэг хэлмэгдүүлэлт байсан боловч буриад хүн бүрийг угсаатных нь хувьд сэжиглэх бодлого 1937 оны хэмжээнд хүрээгүй байв. Харин Москва анхны томоохон, угсаатны шинжтэй ажиллагаагаа өөрийн нутагт бус, хилийн цаадах Монголд явуулжээ.

Монгол дахь буриадуудыг онилоход илүү хялбар байлаа. Тэдний олонх Зөвлөлт засгаас дүрвэн гарсан учир “цагаантны үлдэгдэл” гэж нэрлэгдэнэ. Манжуурыг Япон эзэлсэн тул Дорнод Монгол, Барга, Буриадын хоорондох төрөл садны холбоог Японы тагнуулын сүлжээ болгон тайлбарлаж болно. Нармай Монголын үзэл нь Буриад, Монгол, Баргыг нэгтгэх хүсэл агуулдаг тул Москвагийн хувьд хил дамнасан улс төрийн аюул байв. Түүнээс гадна Монголд ажиллагааг Зөвлөлтийн сургагчдаар удирдуулж, баривчилгаа, ял, цөллөгийг Монголын байгууллагын нэрээр хийлгэх боломжтой байлаа.

Монголыг зориуд “туршилтын талбар болго” гэсэн Москвагийн шууд тушаал одоогоор илрээгүй. Гэвч шийдвэрийн бүтэц, Намсрай, Дубровский нарыг Москвад дуудсан явдал, буцаж ирсний дараах зөвлөлгөөн, хэрэгт татагдсан хүмүүсийн үндэс угсааны бүрэлдэхүүн нэг зүгийг зааж байна. Лхүмбийн хэрэг бол 1937 онд СССР-т өрнөсөн буриадын их хядлагын Монгол дахь оршил, хилийн чанад дахь эхний цохилт байжээ.

Хэрэгт нэрээ өгсөн Лхүмбэ уг ажиллагааг удирдсан хүн бус, харин гол золиос нь байлаа. Буриад дүрвэгсдэд тусалж, тэднийг бөөнөөр нь баривчлахыг эсэргүүцсэн халх удирдагчийг “Японы тагнуулын байгууллагын толгойлогч” болгосноор уг ажиллагаа зөвхөн буриад үндэстнийг устгах зорилготой мэт харагдахаас зайлсхийжээ. Москва шийдвэр гаргаж, Зөвлөлтийн сургагчид хэргийг бүтээж, Монголын албан тушаалтнууд гарын үсэг зурсан байна.

Их Оросоос зугтаан хилийн чанадад гарсан буриадуудыг залхаан цээрлүүлж аймаглан устгах үүд хаалга ийнхүү нээгдлээ. Ямар нэгэн “Нармай Монголын” үзэл агуулах нь аймшигтай зүйл гэдгийг буриадуудад ч, халхуудад ч нэгмөсөн ойлгууллаа. 1934 он гэхэд Монголд 35 мянган буриад амьдарч байв. 1930-аад онд тэдний гуравны нэгээс илүү нь залхаан цээрлүүлэлтэд өртсөний олонхи нь цаазлуулсан . Буриад язгуурыг улс төрийн утгатай болгосноор (буриад гэдгийг улс төрийн дайсантай адилтгасан) Монголын буриадуудын нийгмийн ой тойнд буриад байх нь амь насанд цөвтэй гэх зөн совинг бий болгожээ

Сталин үүнээс хойш Монгол руу илгээх монгол угсааны сургагч нарын зонхилох буриадыг халимагуудаар орлуулах болов. “Лхүмбийн хэргийн” хүчээр халх, буриадын хооронд яс хаян, биендээ үл итгэх, айж цэрвэн жийрхэх амьсгал буй болгож дөнгөв.

“Лхүмбийн хэрэг” хэний сэдлээр яах гэж зохиогдон хэний гараар хийгдсэн нь тун ойлгомжтой юм шиг боловч олон үйлдэл нь одоо болтол тодорхойгүй байна. Харин энэ хэрэгт Лхүмбэ тохиолдлоор орсон байж болох талтай. Учир нь, 1933 онд ажлаар Өндөрхаан орсон нь санаандгүй гүжир хэрэгт орох шалтаг болсон ба түүнтэй угийн муу Гэндэн үүнийг нь далимдуулаад түлхчихсэн байж болох юм. Гэндэн, Лхүмбэ нар МАХН-ын VII их хурлын дараагаас сүрхий нөхөрлөсөн авч 1930 оноос хоорондоо муудалцан байн байн хэрэлддэг байснаас гадна зодолдсон тухай мэдээ ч бий. Ер нь дан ганц буриадыг аймаглан устгаж байгаа юм гэсэн ойлголт төрүүлэхгүйн тулд удирдагчийг нь халх дарга нараар зориуд “тавьсан” байж болох талтай.

Ерөнхий сайд агсан Жигжиджав 1933 оны хавар гэнэт амь үрэгджээ. Албан ёсоор бол санаандгүй буу алдсан гэдэг боловч ерөнхийдөө л хорлогдсон болов уу. Учир нь, үхсэнээс хойш жилийн дараа энэхүү Лхүмбийн хэргийн гол толгойлогч нарын нэг байсан хэмээн зарлажээ. Алтан-Өлгийд байсан түүний шарилын хөшөөг нурааж газартай тэгшлэн тэр гэх тэмдэггүй болгосон байна. Ийм хэнээрхэл дундад зууны инквизацийн үед л байсан болов уу.

Хорьдугаар зууны эхээр Монголд ирсэн буриад сэхээтнүүд хувьсгал хийж, шинэ төр байгуулахаар ирсэн байлаа. Элбэгдорж Ринчино, Цэвээн Жамсрано, Даш Сампилон нар Оросын сургууль, хотын боловсролыг Монголд авчирч, монгол үндэстнийг сэрээж, нэгтгэж болно гэдэгт итгэж явжээ. Тэдний алдаа, зөрчил их байсан ч Монголд хийхээр зорьсон зүйл нь улс төр, сургууль, соёлын шинэ байгуулал байв.

Арваадхан жилийн дараа хойд хилээс өөр төрлийн буриад хүмүүс орж ирэв. Тэд хувьсгал зохиохоор бус, зохиомол хэрэг мөрдөх Зөвлөлтийн сургагч, “мэргэжилтэн” нэрээр иржээ. Лхүмбийн хэргийн материалд Цыденжапов, Дабжаев, Церенов, Бадмаев, Усутаев  зэрэг буриад овогтой ажилтны нэр давтагдана. Церенов бол орос хүний нэр биш; буриад нэрийг оросын овгийн -ов дагаварт оруулсан хэлбэр бөгөөд Зөвлөлтийн буриад хүн болох нь бараг эргэлзээгүй.

Ийнхүү нэг үеийн буриад сэхээтнүүдийн Монголд байгуулсан хувьсгалыг дараагийн үеийн Зөвлөлтийн буриад ажилтнуудаар нь нураалгажээ. Энэ нь халх, буриад хоёрын угсаатны мөргөлдөөн байсангүй. Эзэнт гүрний төв нэг монгол угсаатныг нөгөөгийнх нь эсрэг, бүр нэг буриад хүнийг нөгөө буриадынх нь эсрэг ашигласан хэрэг байлаа.

Гэвч Зөвлөлтийн Буриадад хядлага эхэлмэгц Монголд ажиллаж байсан буриад “мэргэжилтнүүд” өөрсдөө найдваргүй хүмүүс болов. Тэднийг буцаан татаж, оронд нь Зөвлөлтийн өөр нэг монгол угсаатан болох халимаг ажилтнуудыг авчирчээ. Тэд 1937 оны Их хядлагын мөрдөн байцаалт, залхаан цээрлүүлэлтэд идэвхтэй “ажилласан” байна. Москва өдөр тутмын бохир ажлыг дан ганц оросуудаар хийлгэсэнгүй. Монгол хэл, ахуй, хүний нэр ус, нутаг удмыг таних Зөвлөлтийн монгол угсаат иргэдийг өргөн ашиглажээ.

Хядлага намжсаны дараа, 1939-1940 оны үед халимаг “мэргэжилтнүүдийг” нутагт нь буцаав. Харин 1943 оны арванхоёрдугаар сарын 27-нд Зөвлөлт төр Халимагийн автономит бүгд найрамдах улсыг татан буулгаж, маргааш нь НКВД-ийн “Улусууд” ажиллагаагаар халимаг үндэстнийг бөөнөөр нь Сибирь, Алтай, Омск, Новосибирскийн зүг цөлжээ. Монголд буриадуудыг “Японы тагнуул” хэмээн мөрдөж явсан хүмүүсийн ард түмнийг хэдхэн жилийн дараа “эх орноосоо урвасан” хэмээн бүхэлд нь шийтгэсэн юм. Их хядлагын машинд үнэнч албат гэж байсангүй. Өнөөдрийн гүйцэтгэгч маргаашийн хохирогч болдог байлаа.

ЗХУ-ын хуучин удирдагч Никита Хрущев дурсамждаа “Лхүмбийн хэрэг” болон түүний дараах хэлмэгдүүлэлтийг Иосиф Сталин болон ЗХУ-ын нууц албаныхан зохион байгуулсан болохыг хүлээн зөвшөөрч, бүрэн хариуцлагыг нь хүлээсэн байдаг.[1] 1993 онд Оросын Холбооны Улс, Монголын ерөнхийлөгч нарын хамтарсан мэдэгдэлд ЗХУ-ын удирдагчид болон Коминтерний төлөөлөгчдийг БНМАУ-д улс төрийн хэлмэгдүүлэлтийг шууд зохион байгуулагчид гэж хүлээн зөвшөөрсөн байдаг . Мэдэгдэлд: “…тухайн үед БНМАУ-д улс төрийн хэлмэгдүүлэлт Зөвлөлтийн удирдагчид болон Коминтерний шууд дарамт шахалтаар эхэлсэн. Зөвлөлтийн зааварлагчдын оролцоог баримтууд баталж байна. Үүний үр дүнд Монголын ард түмэн нөхөж баршгүй хохирол амссан. Монголын сэхээтнүүд онцгой хохирсон; нийгмийн давхаргын хувьд шашны зүтгэлтнүүд бараг устгагдсан. ЗХУ-д Монголын олон иргэнийг хэлмэгдүүлж, цаазаар авсан”[2].

Оросын монголч эрдэмтэн С. Рощин 1933 оны долдугаар сарын 27-нд Лхүмбийг баривчилсан тухай Улаанбаатараас Сталинд илгээсэн мессежийн текст байгааг тэмдэглэжээ. Энэхүү мессежид Лхүмбийг “хуйвалдагчид” болон япончуудтай холбоотой гэж сэжиглэж байсан гэж иш татсан нь баривчилгааг зөвтгөсөн.

Нийтлэлч БААБАР baabar.mn


[1] Khrushchev, Nikita Remembers Little, Brown and Company

[2] Ванчикова Ц. П., Ринчинова О. С. «Дело Лхумбэ»: репрессии против бурят в Монголии // Вестник Восточно-Сибирского государственного университета технологий и управления : журнал. — 2012. — № 4. — С. 166―171. — ISSN 2413-1997

Previous Post

Дмитрий Песков 3 удаа гэрлэсэн, 5 хүүхэдтэй

Next Post

Г.Занданшатарын гурван засуул, бас…

Next Post
Г.Занданшатарын гурван засуул, бас…

Г.Занданшатарын гурван засуул, бас...

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Г.Занданшатарын гурван засуул, бас…
  • “ЛХҮМБИЙН ХЭРЭГ”-ИЙН ЦААД УЧИР
  • Дмитрий Песков 3 удаа гэрлэсэн, 5 хүүхэдтэй
  • Б.Янжиндулам тоглолт зохион байгуулав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.