• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ХУУЧ ДОМГИЙН ХУУЧИН ДЭВТРЭЭС…

admin by admin
08/12/2026
in Хүмүүс
0
ХУУЧ ДОМГИЙН ХУУЧИН ДЭВТРЭЭС…
   Сайн ноён хошуу тусгаарласан нь
1655 онд Данзан лам Онги горхины хойд биед хошуу тусгаарлан суув гэснээр Сайн ноёны хошуу байгуулагдсан түүхтэй. Хошууны газар нутгийг анх авахдаа “Таван толгой, гурван гол, долоон бүрд авъя” гэснээр Манжийн эзэн зарлигдан тогтоосон гэдэг. Таван толгой нь Арц Богд, Зүүн Богд, Өшгиг, Хан Хөгшин хайрхан, Хан Баянуул хайрхан аж. Гурван гол нь Орхон, Онги, Таац бөгөөд долоон бүрд нь Мааньтын бүрд, Чулуутайн бүрд, Гүн бүрд, Гарьдын бүрд, Хөх бүрд, Шар бүрд, Хүнхэрээгийн бүрд байв. Ингэж хангай, говь, хээр тал хосолсон 300 орчим км урттай, 100 орчим км өргөнтэй уртавтар нутгийг Сайн ноёны хошуу эзлэн орших болсон гэдэг. Энэ үеэс эхлэн жил бүрийн зуны адаг сарын шинийн нэгнээс 7 хоног маанийн бүтээлийг хурж, шинийн найманд Майдар эргэн, цам харайгаад шинийн еснөөс эхлэн хошуу гороо хийдэг болжээ. Ганжуур, Данжуурыг 108 тэмээнд ачин лам нар буян номын авшиг хөгжөөн олон хоногоор явж нутгаа эргэдэг байсан гэдэг.
Арвайхээрийн Банди арслан
“Арвайхээрийн” гэж алдаршсан Банди арслан нь 1903 онд Агь Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт төрсөн гэдэг. Тухайн үеийн хүүхдүүдийн нэгэн адил 10-аад настайгаасаа Агь Үйзэн вангийн хүрээнд шавилан сууж байжээ. Хүрээнд шавилан сууж байх үеэсээ барилдах сонирхолтой болж, улмаар элдэв наадамд барилдаж эхэлсэн байна. Анх удаа 23 настайдаа Ардын засгийн наадамд барилдаж 960 бөхөөс 8 давж дөрөвт үлдэн цаашид сайн бөх болохоо харуулжээ. Банди арслан ийнхүү гараагаа эхэлж улсын наадамд 14 жил барилдахдаа 5-аас доош давж үзээгүй байсаар 45 насандаа зодог тайлсан гэдэг. Банди арслан хожим Улсын арслан болсон Г.Цоодол, “Дэрэн Бор” хэмээх Самданжигмэд нарыг багаас нь таньж дагуулан хээр хөдөөгүй барилдаж явсаар улсын цолонд хүргэсэн түүхтэй. Арслан Банди Арвайхээрээрээ дуудуулан гарч ирэх тоолондоо бяр чадал нь ундарч, жавхаа хийморь нь бадардаг онцгой нутгархаг хүн байсан аж. Тэр Бага цэнгэлдэхийн ойролцоо зуурдаар таалал төгсөхдөө хүртэл том чулуу тэврээд нутгийн зүг харан суугаагаараа амьсгал хураасан байжээ. Банди арслангийн энэ байдлыг харсан шинжээч хүн “Мөн сүрхий хүн юм аа. Нутаг усандаа бөхийн хишгээ үлдээсэн байна. Өвөрхангай аймаг хэзээ ч Улсын цолтой бөхөөр тасрахгүй юм байна шүү” гэсэн гэдэг.
Алдарт шатарчин Гаваанинж
Өвөрхангай аймгийн алдарт шатарчин Гаваанинж нь Гучин-Ус сумын уугуул бөгөөд 1931 оноос аймгийн “Улаан гэр”-ийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Тэр Агь Үйзэн вангийн хүрээний нэртэй шатарчидтай тоглож шатрын нарийн тавилд суралцсан гэдэг. Тэрээр 1935 оны 6-р сард Улаан-Үд хотноо болсон Бүх Сибирийн шатарчдын тэмцээнд алдарт шатарчин Л.Санжаажанцангийн хамт оролцож, дээгүүр байрт шалгарч байжээ. Гаваанинж нь олон улсын шатрын дүрмээр анхлан тоглож сурсан Монголын анхны тамирчдын нэг юм. Энэ үед шатрыг “Урамтай Бэрсийн тоглоом” хэмээн нэрийдэж шатрын орчин үеийн онолыг хөгжүүлж байжээ. Гаваанинж нь аймгийн “Улаан гэр”-ийн эрхлэгчээр ажиллаж байхдаа шатрын тэмцээнийг үе үе зохион байгуулж байлаа. Мөн биеийн тамир сонирхогч залуучуудыг цуглуулж хүч тамирын овоолго хийж олон түмэнд үзүүлж байсан мэдээ бий. Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор уран зургийн уралдааныг зохион байгуулж шалгарсан бүтээлүүдийг улсын үзэсгэлэнд тавьж байжээ. Энэ үеэр нэрт зохиолч С.Буяннэмэх биеэр ирж аймгийн зураачдын бүтээлийг ирж үзээд залуу зураач В.Одгийвын “Олзвой баатар” нэртэй шог зургийг онцгой үнэлсэн байдаг. Энэ мэтээр Гаваанинж нь Өвөрхангай аймгийн соёл, спортын түүхэнд тодорхой нэр мөрөө үлдээсэн хүн юм.
Хас заан
Нэг удаагийн Даншигт Жонон ван /Ванчигчагдарсүрэн гүн/ хошууны бөхчүүдээ авч очжээ. Жонон ван Хас заанд “Энэ Даншигт Харуулын Хар гэдэг айхтар бөх ирсэн байна.Түүнийг дээд даваанд тулахаас наана эрт амлан авч болохгүй” гэж анхааруулжээ. Гэтэл Хас заан гурвын даваанд Харуулын Харыг амалж авчээ. Жонон гүн маш их уурлаж “Чамайг даа” гэж хилэгнэсэн гэнэ. Хас заан ноёныг нойрссон хойно нь майхандаа ирж нэг галынхандаа “Намайг Харуулын Хар гурав дараалан хүчтэй дугтарна байх. Тэгэхэд миний цээжнээс нөж унана. Тэгэнгүүт би түүнийг угсраагаар гурав дараалан тонгорно. Тэгэхэд түүний цээжнээс мөн нөж гарна. Дахиад би гурав дараалан тонгороход нэг учир олдох байх. Хэрэв намайг унавал зугатахад бэлтгэж морь бэлэн байлгаж бай” гэж хэлжээ. Маргааш нь гурвын даваа эхэлж Хас заан харуулын Хар хоёрын барилдаан түрүүчийн ярьснаар болж Хас заан давжээ. Ийнхүү Хас заан даваад хөлийн цэц дээр очиж Жонхорын идээ аваад эргэхэд Жонон ван ноён “Чиний ам чинь цангаж байгаа байх миний мориор яваад унд уу” гэсэн гэдэг. Дашрамд хэлэхэд Жонон гүн гэж алдаршсан Ванчигчагдарсүрэн нь өөрөө их хүчтэй, хатуу чанд ноён байсан гэж хөгшчүүл ярьдаг бөгөөд ноёны ногоон морь гэж алдаршсан жороо морьтой байжээ. Хас заан Түшээт ханы наадамд түрүүлээд ханы өгсөн хишиг ирэгний ууцыг идэж, үлдсэнийг өвөртөлж яваад золбин нохойд өгчихжээ. Дээдсийн өгсөн хишгийг нохойд хаяж өгсөн би ч насныхаа эцэст турж үхэх тавилантай хүн байгаа юм гэж өөрөө гэмшин ярьдаг байжээ.
Сэнгэ заан
Дөлгөөн уулын ар өвөрт Сэнгэ зааных өгсөж уруудаж өвөлжиж, зусдаг байжээ. Нэг жил холын хошуунаас нэг гөрөөчин Дөлгөөн уулнаа ирж ан авлаж яваад гэнэ. Гөрөөчин замаа олж ядахдаа бусдаас тусламж горилон хашгирч гуугалжээ. Түүний дууг Сэнгэ заан сонсоод тус хүргэхээр ганц муу цагаан шараа /үхэр/ унаад очжээ. Гөрөөч эр Сэнгэ зааныг хараад “Ийм том хүн ч хаа байх вэ? Ийм том үхэр ч гэж хаанаас байхав. Энэ лав Дөлгөөн уулын эзэн ирж байхаас зайлахгүй” гээд зугтаасан гэнэ. Биеийн томыг хэлбэл ийм буюу. Унааны ганц шар нь насны туйлд хүрч намагт шигдэн гарч чадалгүй үхжээ. Үхсэн шараа авахаар хүнээс тэрэг гуйн очоод намгаас суга татан гаргаж ирээд тэргэн дээр өргөж тавьсан гэнэ.
Сэнгэ зааны бяр чадлыг биширч байсан нутгийнхаа хүмүүст эхнэр нь “Манай Сэнгэ харьж яваа юм байхдаа. Сая муу шараа өргөхдөө нүүр нь чинэрч улайсан харагдлаа” гэж ярьж байсан гэдэг. Тэнхээг нь хэлбэл ийм буюу. Сэнгэ заан, Баянмөнх аварга хоёрыг нутгийнхан их, бага Баянмөнх хэмээн нэрлэдэг байжээ. Нэг удаа бага Баянмөнх /Сэнгэ заан/ бие засаад сууж байтал араас нь нэг хүн хүчтэй цохижээ. Сэнгэ заан ч цочингуутаа дахных нь үзүүрээс өм татаж аваад хоцорсон байна. Тэгээд “Намайг ийм хүчтэй ёврох хүн Баянмөнхөөс өөр хэн байхав” хэмээн боджээ. Гэтэл хол саахалтын цаана баавгай үхсэн дуулдаж гэнэ. Очоод үзтэл нэг баавгай гэдсээ цувуулан явсаар үхсэн байсан нь Сэнгэ зааныг Баянмөнх аварга биш харин энэ үйлийн үртэй баавгай л алгадсан хэрэг байжээ.
Чой.Лувсанжав гуайн “тойрон хүрээлэгчид”
Тэрээр хэдийгээр хэл бичгийн ухааны “дархан аварга” байсан ч өмссөн хувцас, үзэл санаа үйл хэргээрээ Монгол хүмүн байхын үлгэр дууриал болсон Б.Ринчин гуайг амьд бурхан мэт бурханчлан шүтдэг байсан гэнэ. Харин Шашны Их сургуулийн багш, гүн ухаанд нэвтэрхий гавж Данзан-Осор, Япон эрдэмтэн Озова, Хятадын эрдэмтэн Лү Ви Сонь нарын бүтээл туурвилыг нь үргэлж уншин бүтээлдээ тусгадаг байсан аж. Амь даасан эмч нь Хүүхдийн бурхан эмч Г.Гэндэнжамц, “уушигны” хэмээн алдаршсан их эмч Ж.Бадрал, Монгол эмнэлэгийн маарамба Б.Пүрэвсүрэн нар байсан бол ангийн найз хэмээн Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Пүрэвдорж, “Өндөр ижий” гэж шавь нар нь хүндэлдэг ахлах багш Даш жүүжээ нартай их дотносдог байжээ. Мөн тэрээр дипломатчидаас Гадаад хэргийн сайд, Онц бөгөөд Элчин сайд агсан Д.Ёндон, “Түмэн үед Монгол хүний хараал идэхгүй” гээд эх нутгаасаа харьд өгөх гэрээнд гарын үсэг зураагүй сайд С.Аварзэд, түүхч, академич Н.Ишжамц, доктор Хэрэйд Жамсран, угсаатан зүйч Х.Нямбуу, О.Пүрэв, ангилч Ц.Ванчиндорж, Ц.Сумъяа, Б.Дамдин, утга зохиол судлаач Л.Хүрэлбаатар, С.Дулам, нангиадч Ц.Базаррагчаа, Я.Ганбаатар, хэл шинжээч Д.Төмөртогоо, Т.Дашцэдэн, сэтгүүлч Ц.Дашдондог, Б.Эрдэнэбаатар, орчуулагч Го.Аким, П.Чойжил, шавь нараасаа Н.Жадамбаа, Г.Гантогтох, сурган хүмүүжүүлэгч Б.Бор, Д.Баттогтох, улс төрч Ц.Гомбосүрэн, Ж.Батмөнх, Б.Баабар нарыг ойшоодог байсан бол Р.Гончигдоржид их гомддог байжээ. Харин яруу найрагчдаас М.Цэдэндорж, Б.Лхагвасүрэн, Г.Мэнд-Ооёо, З.Түмэнжаргал нарыг жинхэнэ Монгол найрагч гэдэг байжээ.
Пэрэнлэй нэрийг эрхэмлэх болсон нь
Их Монгол Түшээт хан аймгийн хошууны наадамд барилджээ. Тэрээр гурвын даваанд Пэрэнлэй гэдэг биерхүү нэгэн хүүтэй бөхийг амлан авч өрж эхэлжээ. Гэтэл нөгөө бөх нь ганцхан ухасхийн барьж аваад 2 метр 37 сантиметр өндөртэй Даян аваргыг дүүгүүрдэн эргүүлж гарчээ гэнэ. Дүүгүүрдэж дүүгүүрдэж дөнгөж тавихад нь хашир аварга зөрүүлж хавираад унагажээ. Их Монгол олон удаа том жижиг наадамд барилдахдаа өөрийг нь ингэж хүүхэд шиг дүүгэрдсэн бөхтэй таарч яваагүй болохоор Пэрэнлэйг ихэд таашаан үзэж, тэр наадмын түрүү бөхийн шагналд ирсэн 50 эр хониныхоо 20-ыг бэлэглэж “Би байхгүй байсан бол энэ наадам чинийх болох байлаа. Цаашид сайн барилдаарай” хэмээн захиж байсан гэдэг. Тэр цагаас Их Монгол маань Пэрэнлэй хэмээх нэрийг хүртэл эрхэмлэн үзэж, том зээ хүүгээ мэндлэхэд Пэрэнлэйдаш хэмээн нэр хайрлаж “Миний охиноос олон сайхан бяртай хүүхдүүд төрнө. Бүгдэд нь Пэрэнлэй нэр өгөөрэй” гэж захиж байжээ. Эцгийн захиасаар охин Цэрэннадмидийн удмаас Пэрэнлэй орсон нэртэй 10-аад хүүхэд өсөж өндийсөн түүх бий.
 СЭТГҮҮЛЧ НАЦАГИЙН ДАВААДАШ
Previous Post

Х.Чойбалсан: Миний бие чадал бүхий цагт түүнийгээ хэзээ ч харж харгалзах, тусалж тэтгэж явна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ХУУЧ ДОМГИЙН ХУУЧИН ДЭВТРЭЭС…
  • Х.Чойбалсан: Миний бие чадал бүхий цагт түүнийгээ хэзээ ч харж харгалзах, тусалж тэтгэж явна
  • Кристофер Ноланы трауматай Одиссей
  • Жеффри Эпштейны найз бүсгүй Беларус бүсгүй Карина Шуляк дуулиант арлын шилтгээн, 100 сая доллар авна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.