Өнгөрсөн оны сүүлээр Өмнөговь аймагт тендертэй холбоотой нэгэн хэргийг шийдвэрлэсэн. “ЭНЧ Конкүэст” компанийн захирал П.Дөлгөөн нь Хүрмэн сумын ЗДТГ-аас зарласан “Давст Хонхор булаг шандын эхийг хаших” 12,4,3 саяын тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо өөрийн компанийг шалгаруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Үнэлгээний хорооны гишүүн Т.Н-ын гар утас руу 2025 оны 06-р сарын 12-ны өдөр “ЭНЧ Конкүэст” ХХК байна, ахаа манай бүх юм бүрэн, манай компанийг дэмжээд өгөөч ахаа, үнэлгээний хорооны та хэдэд 15 саяыг өгье тэгэх үү” гэсэн мессежийг илгээгээд хахууль өгөхийг санал болгосон гэмт хэрэгт яллагдсан. Үнэлгээний хорооны гишүүн Т.Н нь ирсэн мессэжийг бусаддаа үзүүлсэнээр хэрэг манджээ. Тус тендерт “ЭНЧ Конкүэст”-ээс гадна “Их залаат хайрхан”, “Их наяд аз”, “Бренд теч бридж”, “Хахилаг дөрвөн бэрх” зэрэг компаниуд орж “Их залаат хайрхан” нь шалгарчээ. П.Дөлгөөн нь мессэж явуулаад л авлига өгөхийг санал болгосон хэргийн баримтыг өөрөө “бэлдэж” өгчээ. Бүр “тэгэх үү” хэмээн царайчилсан байна. Энэ нь арга ядсаны шинж юм.
“ЭНЧ Конкүэст” компанийн захирал П.Дөлгөөнөөс тодруулга авахад “Өмнөговь аймагт АН засаг барьдаг. Манай компани нь Ардын намынх. Ардын намын гишүүдийн компанид ажил тендер олддоггүй, ялгаварлагддаг, хавчиж хяхдаг. Өнгөрсөн онд манай компани 30 гаруй тендерт ороод нэг ч ялаагүй. Тэгээд аргаа барахдаа л ийм мессэж бичсэн” гэсэн тайлбар өгсөн. Шүүх П.Дөлгөөнийг хахууль өгөхийг санал болгосон гэм буруутайд тооцож гурван сая төгрөгөөр торгожээ.

Discussion about this post