Компани томрох тусмаа дотоод хяналт шалгалт сул, ажил нь урсгалаараа явагддагийг харуулсан явдал олны танил болсон “GS25” сүлжээ дэлгүүрт гарчээ. Энэ сүлжээний мастер франчайз үйлчилгээний эзэмшигч нь “Шунхлай” групп, БНСУ-ын “GS Retail” Группийн хамтын ажиллагааны хүрээнд 2021 онд үүсгэн байгуулагдсан Дижитал Концепт компани юм. Тус компанид олон мянган хөрөнгө оруулагч итгэж хөрөнгөө оруулсан ч итгэлийг нь гарын салаагаар урсгаж байгаагийн жишээ нь тус компанийн нягтлан бодогч Б.Хулан нь 2023-2024 оны хооронд Худалдаа хөгжлийн банк болон ХААН банк данснаас нь бэлнээр болон дансаар нийт 8,2 тэрбум төгрөгийг завшсаныг бүтэн жил гаруй мэдээгүй явдал харуулж байна. Экс нягтлан бодогч энэ их мөнгийг гадаад брокер луу шилжүүлж форекс арилжаанд оруулж бараг талыг нь алдсан гэнэ.
…Нягтлан бодогчоор ажиллаж байхдаа, нийт 8.2 тэрбум төгрөгийг авч “Рерpеstоne” гэх нэртэй гадаад брокер луу шилжүүлж арилжаа хийсэн. Арилжаа хийгээд 3.9 тэрбум төгрөгийг олж, харин 4.3 тэрбуимыг алдсан…”
Экс нягтланг ажилд ороход компаниас нь Худалдаа хөгжлийн банк болон ХААН банкинд гүйлгээ хийх хагас тэрбумын эрхтэй итгэмжлэлийг гурван жилээр өгчээ. Ийм их эрх өгчихөөд араас нь хяналт тавиагүй нь гайхалтай. Үүнийг нь нягтлан бодогч эмэгтэй дээд зэргээр ашиглаж “дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ” гэгч болжээ.
…Гүйлгээ хийх зарлагын эрх 500.000.000 төгрөг байсан. Тэгээд би тухайн данснаас өөрийнхөө данс руу татвар төлж байгаа мэтээр гүйлгээ хийж хувьдаа авдаг байсан…
Экс нягтлан завшсан мөнгөнөөсөө хувьдаа 100 саяар “Lexus GS450h” маркийн худалдан авч мөн аав ээжийнхээ 50 сая төгрөгийн малчны зээлийг төлжээ. Дүүдээ 10 сая төгрөг, найз залуу Бат-Оргилдоо есөн сая төгрөг өгчээ. Таван сая төгрөгийн чекийг 50 сая болгож засаад ХААН банкнаас бэлнээр мөнгө гаргуулсан байна. Гэтэл энэ бүхнийг тус компанийн Санхүүгийн алба, Санхүү эрхэлсэн гүйцэтгэх захирал нь мэдээгүй сууж байжээ.
…Манайд гүйлгээ шивдэг мөнгөн хөрөнгийн нягтлан бодогч Б.Хулангаас өөр байхгүй. Шивсэн гүйлгээ нь ахлах болон ерөнхий нягтлан бодогч нараар хянагдаад над дээр ирдэг. Би хянаад гүйлгээг баталдаг. Манайх жилдээ нэг удаа хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн аудитын хяналт шалгалт хийлгэж дүгнэлт гаргадаг. Тухайн дүгнэлт асуудалгүй гэж гарсан…
Тэгвэл “асуудал”-гүй гарахыг нь экс нягтлан бодогч аль хэдийн төлөвлөсөн байжээ. Тэрээр гадаадад форекс гүйлгээ хийж олсон 3,9 тэрбум төгрөгөө компанийн дансанд буцааж шилжүүлээд дээр нь ХХБ-наас нэг тэрбумын авлагатай гэсэн хий бичилт хийсэн тул тайлан баланс нь “хэвийн” гарч үүнд нь ахлах нягтлан бодогч, санхүү эрхэлсэн дэд захирал нь ташраараа хууртжээ. Өдгөө шүүхээс зургаан жилийн хорих ял авсан экс нягтлан 100 саяын машинаа хураалгасан ч 4,3 тэрбумын хохирлоо төлж дийлэхгүй нь ойлгомжтой болсон. Хохирлоо төлүүлж чадахгүйд хүрсэн “GS25”-ынхан “живсэн хүн сүрлээс зулгаана” гэгчээр харилцагч Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкыг иргэний хариуцагчаар татах гэж үзжээ.
…ХХБ нь компанийн данснаас нэг хувь хүний данс руу ойрхон, олон удаагийн давтамжтайгаар их хэмжээний гүйлгээ гарч буйг хянах, тусгайлан шалгах, цаашлаад Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй байсан. ХХБ-ны энэ үйлдэл нь өнөөдөр компанид учирсан хохирол шууд шалтгаант холбоотой…
Гэтэл ХХБ л сэжигтэй гүйлгээ хийгдэж байгааг “GS25”-д анхааруулсан байна.
… 2024 оны хавар ХХБ-наас манай компанид “сэжигтэй гүйлгээ гараад байна” гэж мэдэгдсэн. Тэрний дагуу гүйлгээг шалгахад мөнгө гүйлгээний нягтлан Б.Хулан компанийн данснаас өөрийн хувийн дансанд их хэмжээний мөнгийг тодорхой давтамжтайгаар шилжүүлсэн байсан…
Хоёр банк хохирол төлөлцөхөөс мэдээж татгалзсан. Прокурор ч банкуудыг иргэний хариуцагчаар татахыг дэмжээгүй.
…Тухайн компанийн хувьд интернэт банкны эрхийг хэнд өгөх вэ гэдэг өөрийнх нь дотоод асуудал. Түүнээс Хаан банк, ХХБ-наас үүнийг хянах боломжгүй. Хянах үүрэг ч байхгүй …
Ийнхүү буруу хүнээ буруу ажилд тавиад дээр нь хяналтгүй орхисон “GS25” 4,3 тэрбумын хохирлоо барагдуулах эсэх нь эргэлзээтэй болжээ. Өдгөө алдсан тэр их мөнгийг хөрөнгө оруулагчиддаа хэрхэн тайлбарлах бол гэдэг нь сонин.
СЭТГҮҮЛЧ Б.БАЯРБААТАР


Discussion about this post