ДЭМЧОГИЙН ХИЙД ТОГТМОЛ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ БОЛЖ БАЙНА.
Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 11км зайд дэлхийн энергийн төв гэх Дэмчогийн хийд оршдог. Дэмчогийн хийд болон Бадамдэмчигнай хийдийн үйл ажиллагааг тогтмолжуулж ард иргэд, дотоод гадаадын жуулчдад тогтмол үйлчилгээ үзүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Үржинбадмалин хийдтэй хамтран ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өвлийн дунд сарын шинийн 19-ний цагаагчин могой өдөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагт Дэмчогийн хийд дээр Ловонгийн сан сэржимийн даллага, Ловонбадамжунай бурханы Лэвүүндумба ном хурах тул сүсэгтэн олон та бүхнийг урьж байна.
Ийнхүү 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс буюу маргаашнаас эхлэн Дэмчогийн хийд нь албан ёсны ламтай болж өдөр бүр тогтмол хурал хурж байхаар боллоо.
Тус хийдийг говийн догшин ноён хутагт Данзанравжаа 1830 онд байгуулж, номын өргөөгөө болгож байсан түүхтэй. Энэ нутаг миний хувьд бууж мордоод өнгөрөх төдий бус амьдралынхаа тодорхой хэсгийг өнгөрөөх ёстой нутаг орон хэмээн айлджээ. Ноён хутагт амьдралынхаа 20 гаруй жилийг эл нутагт өнгөрөөж Дэмчигийн хийд, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд гэсэн 3 холбоо хийд байгуулсан бөгөөд Галбын 3 хийд гэж нэрлэдэг.
Говийн ноён Хутагт Данзанравжаагийн эргэл мөргөлөө хийж, номын айлтгалаа үйлдсэн энэхүү хийдийг дээрээс харахад вааран суулгасан цэцгийн хэлбэртэй байгуулсан байдаг. Хийдийн ар талд байрлах бэлэг хадыг ноён хутагт өдрийн турш аравнайлан арц, хүж уугиулан, рашааны дээжээ өргөн өнжсөн гэдэг. Ноён хутагтаас энэ ямар гээч ид шидтэй хад хайрхан байна вэ гэхэд хутагт “Энэ хад цохио нь эр хүнд чадал чансаа, аз жаргалыг бэлэглэх, эм хүнд сайн хань, сайхан үр заяах, хүний амьдралын болж бүтэхгүй бүхнийг тэгшлэх заяатай хад юм. Үүнийг бадамлянхуа цэцгээр тахих учиртай” хэмээн айлдсан байдаг. Энэ дагуу 1836 онд Дэмчигийн хийдийг байгуулсан.
Цэцгийн 8 дэлбээнд 8 суварга байгуулсан байжээ.





Discussion about this post