Эмийн зохистой хэрэглээний талаар хүн болгон сонссон, мэддэг боловч өөрийн амьдралдаа тэр болгон хэрэгжүүлж чадахгүй байна. Зохистой хэрэглээ гэдэг нь мэргэжлийн эмчийн тавьсан оношийн дагуу эмийн хэлбэрийг оновчтой сонгож, жин, насанд тохирсон тун хэмжээг сайтар тооцоолон зааврын дагуу хоол унд, дэглэмтэйгээ уялдуулан эмчилгээний үр дүнг тооцоолон хэрэглэхийг хэлнэ. Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн сонгож хэрэглэсэн тохиолдолд эм өвчний эдгэрэлтэд нөлөөлөхгүй харин өвчин архагшиж, хүндрэхэд хүргэдгээс гадна дахин эмчид очих, эм авах зэрэг эдийн засгийн хувьд үр дүнгүй зардалд хүргэдэг. Мөн өвчний зарим шинж тэмдэг нь гайгүй болмогц эмээ хэрэглэхээ больсноос өвчин илааршихгүй, тухайн эмэнд төдийгүй маш олон эмэнд дасалтай болох зэрэг муу үр дагавар гардаг. Эмэнд өрхийн орлогын 20 хувь зарцуулагдаж байгаа тооцоолол байна. Хэдийгээр бид эмийн зохистой хэрэглээг сахихыг эрмэлзсэн ч эм өөрөө чанарын шаардлага хангахгүй, хүртээмжтэй бус, үнэтэй байвал зохистой хэрэглээг хангах боломжгүй юм. Эмийг анх бүтээхэд орсон орц нь үйлдвэрлэсний дараа, тээвэрлэлтийн болон хадгалалтын явцад хэвээр байгаа эсэхийг лабораторийн аргаар шалгахад хэвээр байвал чанарын баталгааг хангасан эм гэж үздэг. Чанарын баталгаатай эмийг хэрэглэхийг хүсвэл баталгаатай эмийн сангаас авах нь зүйтэй. Ард иргэд өөрсдөө хөндлөнгийн хяналт тавих ёстой хүмүүс гэдгээ мэддэггүй. 2009 онд миний бие ЭМЯ-ны “Эмийн зөвлөл”-ийн дарга байх үед “Лайс мед” программыг шинэчлэн боловсронгуй болгож худалдан авч буй эмээ чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг иргэн бүр өөрсдөө шалгах боломж бүрдүүлсэн. Нэгдүгээрт, аль ч эмийн санд орсон худалдан авах гэж буй эмнийхээ сав баглааны хэлбэр, өнгө, хэмжээг тохирч байгаа эсэхийг “Лайс мед” програм руу ороод шалгаж болно. Хоёрт саван дээр байгаа эмийн олон улсын нэр, худалдааны нэр, химийн бүтцийг бичсэн нэр нийцэж байгаа эсэхийг шалгах, гуравт үйлдвэрлэсэн он сар хугацааны хүчинтэй байгаа эсэхийг шалгах, дөрөвт тухайн эмийг оруулж ирсэн эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа эсэх, тухайн эм улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн бол улсын бүртгэлийн хугацаа ямар төвшинд байгааг шалгах бүрэн боломжтой. Хэрэв тухайн эмэн дээр ногоон гэрэл асч байвал бүртгэлийн хугацаа зүгээр байна, улаан байвал дууссан, шар байвал бүртгэлийн хугацаа дуусах дөхөж байна гэж ойлгож болно. Энэ бүгд нийцэж байвал та чанарын баталгаатй эм авч байна гэж санаа зовохгүй байж болно. Энэ бүх мэдээлэл таны авах гэж байгаа эмнээс зөрж байвал та худалдаж авахгүй байх, гомдол гаргах эрхтэй.
Манай улс эмийнхээ хэрэгцээний дөнгөж 20 хүрэхгүй хувийг дотооддоо үйдвэрлэж, 80 гаруй хувийг гаднаас импортолж байгаа тохиолдолд чанарын баталгаатай, хуурамч бус эмийг оруулж ирэх дээр маш сайн анхаарах ёстой. Зах зээл дээр байгаа эмийн 30 орчим хувь нь стандартад нийцээгүй, хууль бус эсвэл хуурамч байна\АХБ-ны эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах төсөл\. Улсын эмийн бүртгэлд ороогүй эмийг иргэд маань интернет сүлжээгээр болон гар дээрээс худалдаж авч байна. Монгол улсын эмийн зах зээл дэх хуурамч, стандартын бус эмийн тархалтыг санамсаргүй аргаар тогтоосон судалгааны үр дүнгээс харахад судалгаанд хамруулсан 9 нэрийн эмийн нийт дээжийн 14,6 хувь нь шаагрдлага хангаагүй гарсан байна.\ЭМШҮИС, Х.Даариймаа et.al\. Дэлхий дээр 11.87 тэр бум евроны өртөг бүхий хуурамч эмийг үйлдвэрлэж байна\2016 OECD study\. Хуурамч эм үйлдвэрлэж байгаа орнуудын тоонд Камбож, Лаос, Мянмар, Тайланд, БНХАУ, Вьетнам, Малайз зэрэг улс орнууд орж байна \Lancet 2001:357,1948\. ДЭМБ-ын 2017 оны мэдээллээр хуурамч эм хэрэглэсний улмаас жилд 72000-169000 хүүхэд зөвхөн хатгаа өвчнөөр нас барсан байна. Хуурамч эм гэдэг нь харахад яг адилхан эм байх боловч байх ёстой эмийн идэвхит бодисгүй эсвэл хэмжээнэсээ бага, чанар нь хангалтгүй, дахин савлагдсан, хугацаа нь дууссан, хуурамч шошго ашиглан үйлдвэрлсэн эм юм. Хуурамч эмний улмаас ямар эрсдэл гарч байгаа талаар судалгаа манайд хараахан хийгдээгүй байна.
Манай улсын эмийн жижиглэнгийн үнийн төвшин Ази тивдээ хамгийн өндөрт ордог ба олон улын жишиг үнэтэй харьцуулахад 2.25-5.53 дахин үнэтэй байна. Цалингийн дундаж хэмжээ 2000 ам.доллараас буурдаггүй улс орнуудтай харьцуулахад 400 орчим доллартай тэнцдэг бидний хувьд өвдөхгүй байх маш чухал болж байна. Өрхийн хувиасаа зарцуулах эрүүл мэндийн зардлын дунджаар гуравны нэг нь эм худалдан авахад зарцуулдаг. Бага болон дунд орлоготой иргэдийн хувьд 50-60 хувь болж өсөж байна гэсэн тоо баримт байна \АХБ-ны эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах төсөл\. Улсын эмнэлэг болон эмийн сангууд дахь зайлшгүй шаардлагатай эмийн олдоц бага \42,8-60хувьтай\, хэрэгцээт эмээ авах боломж хомс байгаа нь зохистой хэрэглээг хангахад зохих хэмжэгээрэ нөлөөлж байгааг үгүйсгэх арга байхгүй \АХБ\. Энэ бүгдээс харахад ЭМ анагааж ч чадна, алж ч мэдэх юм.
Эмийн салбар бол хамгийн зохицуулалттай байх салбаруудын нэг гэж үздэг. Бидний өмнө гол тулгамдаж байгаа олон улсын стандарт хангасан чанартай эмийг ард түмний худалдан авах чадварт нийцүүлэн хүртээмжтэй хангах, хадгалах, тээвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох гээд олон чухал асуудлыг тусгайлан хариуцдаг Эмийн зохицуулалтын бие даасан агентлаг байгуулагдах нь нэн чухал юм. Эмийн зохицуулалтын зах зээл хатуу зохицуулалт, стандартчилагдсан үйл явцтай зах зээл, хөгжиж буй зах зээл гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байна. Зохицуулалттай зах зээлийн жагсаалтад АНУ-ын FDA, ЕХ-ны EMA, ИБУИВУ \Их Британи Умард Ирландын Вант Улс\-ын MHRA, Япон улс зүй ёсоор ордог. Хөгжиж буй зах зээл гэдэг нь зохицуулалттай зах зээлийнхтэй адил хатуу чанга биш, үйл явц нь стандартчлагдаагүй зах зээл юм. Хөгжиж буй зах зээлийн жагсаалтад Бразил, БНХАУ, ОХУ, БНЭУ зэрэг улс орнууд орж байна. Монгол улсад импортлон оруулж ирж буй эмийн дийлэнх хувийг хөгжиж буй зах зээлээс нийлүүлж байгааг цаашид анхаарах нь зүйтэй. Нэг улсын эмийн аюулгүй байдлын асуудал нь дэлхий даяар нийгмийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн үр дагаварт хүргэдэг талаар эрдэмтдийн судлагаа байгаа ба улс орнууд эрдэмтдийнхээ судалгаа нотолгоон дээр тулгуурлан бодолгоо тодорхойлж байна. Юуны түрүүнд эмийн нөлөөнөөс гарч болох эрүүл мэнд, эдийн засгийн үр өгөөж, гаж нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолох, хүн амаа шаардлагатай эмээ худалдан авах төлбөрийн чадвартай байлгах, зах зээлийн дэд бүтэцийг боловсронгуй болгох, улс доторхи бүс хоорондын интеграцийг бий болгох, өндөр мэргэжлийн, туршлагатай, мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах чухал байна. Үндэсний эмийн үйлдвэрээ дэмжих нь үндэсний аюулгүй байдлын гол нөхцлийг бүрдүүлэх юм.
Ж.ЦОЛМОН
АУ-ны доктор, профессор
Discussion about this post