Тархи, нуруу нугас, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ Монгол улсад анх Улсын гуравдугаар төв эмнэлэгт 1966 оноос хийж эхэлсэн түүхтэй. Өдгөө Монгол улсын хэмжээнд хийгдэж буй тархины мэс заслын 90 гаруй хувь, нуруу нугасны мэс заслын 50 орчим хувийг тус эмнэлгийн туршлагатай, мэргэшсэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг иргэдэд нас, хүйс, харьяалал харгалзалгүй үзүүлж байна.
Тус эмнэлэгт Монгол улсад хараахан бүрэн эмчлэгдэх боломжгүй байгаа бөгөөд иргэдийн гадаад эмчилгээнд явах голлох шалтгааны нэг болж буй тархи, нугасны гүний төвөгтэй байрлалтай хавдрын мэс заслын эмчилгээг эх орондоо бүрэн нутагшуулах зорилгоор Эрүүл мэндийн сайдын санаачлага, дэмжлэгээр өнгөрсөн оноос эхлэн мэс засал эмчилгээний технологийг боловсронгуй болгох, мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг багаар нь сургаж чадавхжуулах, мэс засалд нэн шаардлагатай багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зэрэг бодит үйл ажиллагаануудыг эрчимтэй хэрэгжүүлж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх өвчний жагсаалтад багтаж буй “Тархи, нугасны гүний, төвөгтэй байрлалтай хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал эмчилгээ”-г бүрэн нутагшуулахаар БНТУ-ийн КОЧ их сургуулийн эмнэлэг, Американ эмнэлэгүүдэд 2 сарын хугацаатай дадлага сургалтад хамрагдаад ирсэн тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч сувилагчийн баг бүрэлдэхүүн 2025 оны 05 сарын 31-ны байдлаар тархины ховдлын байрлалтай хавдар 5, таламус болон суурийн зангилааны хавдар 7, өнчин тархины (гипофизийн) хавдар 6 тохиолдол, тархины гүний бүтцэд байрласан хавдрын нийт 18 тохиолдолд тус тус мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэн, өндөр хөгжилтэй улсад эзэмшсэн мэс заслын орчин үеийн арга техник, ур чадвараа ашиглан эмнэлзүйн практикт богино хугацаанд бодит үр дүн гаргаж эхлээд байна.
Дээрх мэс заслуудыг тархины дуран буюу эндоскопийн хандалтаар, нейронавигацийн хяналтын дор гүйцэтгэсэн нь оношилгоо, эмчилгээний нарийвчлал, үр дүнг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, тархины гадаргууг ил гаргах хэрэгцээг багасгаж, эрүүл эдэд учрах хүндрэлийн эрсдэл бууруулах, хавдрын байрлал, хязгаар, ойролцоох чухал бүтцүүдийг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох боломжийг бий болгож байгаа юм.
Энэ нь мэс заслын үеийн болон дараах эрсдэл, хүндрэлүүд (цус алдалт, халдвар, мэдрэлийн хүнд гэмтэл зэрэг)-ийг бууруулж, мэс заслын үргэлжлэх хугацааг багасгаж байгаа ач холбогдолтой. Тархины гүний бүтцүүдэд хүрэх нь нарийн төвөгтэй, өндөр эрсдэлтэй үйлдэл боловч дээрх технологийн дэвшлийг эмчилгээний практикт амжилттай нэвтрүүлснээр оношилгоо, мэс заслын чанарыг шинэ шатанд гаргаж буй үр дүнгийн илрэл юм. Цаашид тус эмнэлгийн баг хамт олон ийм төрлийн мэс заслыг улам бүр хөгжүүлж, тархины хүнд хэлбэрийн хавдруудад хандалтын илүү аюулгүй, үр дүнтэй аргуудыг нэвтрүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллах болно.


Discussion about this post