Монгол Улсын төрийн гурван удаагийн шагналт, ууган ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн охин Анна Цендина Монголд ирээд байна.
Тэрээр аавынхаа эрдэм судлалын ажлыг үргэлжлүүлж эдүгээ ОХУ-ын Хүмүүнлэгийн их сургуулийн Дорно дахины соёл ба эртний судлалын институтийн Монгол, Төвд судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа юм. Түүнийг Монголд дөнгөж ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-Сайн явж ирэв үү. Монголд ямар ажлаар ирэв?
-Би өөрөө Монгол судлаач хүн. Чадлынхаа хэрээр аавынхаа ажлыг үргэлжлүүлж байгаа. Монголын судлаачидтай хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ирээд байна.
-Ямар төсөл хэрэгжүүлэх гэж байна вэ?
-“Умард Монголын шинээр олдсон гар бичмэл, Монгол судруудын судалгаа” гэсэн төсөл байгаа юм. Энэ чиглэлээр судалгааны ажил хийхээр томилолтоор ирээд байна. Судалгааны ажил маань маш сонирхолтой санагдаж байгаа.
-Та хоёр жилийн өмнө аавынхаа мэндэлсний 100 жилийн ойгоор Монголд ирсэн байх аа?
-Би ер нь бараг жил бүр Монголд ирдэг. Энэ ирэхэд сайхан байдаг. Аавын мэндэлсний 100 жилийн ойг 2008 оны есдүгээр сард тэмдэглэсэн. Энэ үеэр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, концерт тоглож, үзэсгэлэн гаргасан. Аавын мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээнд миний дунд ах Константин ирсэн. Мөн ах нарын маань хүүхдүүд гээд зургуул долуулаа ирсэн. Тэгээд аавын нутагт очсон. Манай аав Дорнод аймгийн Матад сумын хүн. Тэнд сайхан наадам хийж, морь уралдуулж, бөх барилдуулсан. Тэнд хэдэн өдөр болсон. 100 жилийн ой гэдэг дахиад болохгүй гэж бодоод шавь нар нь ч, бид ч чадах хэрээрээ сайхан тэмдэглэсэн. Энэ үеэр хэд хэдэн сайхан ном хэвлүүлсэн.
-Та орос хэл дээр нэлээд том ном эмхэтгэж хэвлүүлсэн гэлүү?
-Л.Хүрэлбаатар гуай зэрэг шавь нар нь сайхан ном гаргасан. Би Орост бас нэг ном гаргасан. Манай аав дэлхийн Монгол судлаачид, ялангуяа Оросын Монгол судлаачидтай нягт холбоотой ажиллаж байсан. Тиймээс энэ номдоо би гадаадын судлаачдын бичсэн зүйлийг оруулсан. Хүмүүс их сайхан ном болсон гэж үнэлсэн. Үүнд би баяртай байгаа. Номын эхний хэсэгт аавын өөрийнх нь бичсэн зүйлүүд бий. Аав сүүлийн хэдэн жил Шамбалын домгийг судалж байсан. Тэр талаарх дуусгаагүй орхисон өгүүллийг нь номд оруулсан.
-Шамбалын тухай сүүлийн үед их ярьж бичих болсон. Олон ном ч гарсан. Харин Ц.Дамдинсүрэн гуай энэ талаар судалж байсан гэхээр сонирхолтой санагдаж байна. Тэр үед Шамбалын тухай судлах байтугай ярих хориотой байсан шүү дээ?
-Аав ер нь их өвөрмөц хүн байсан. Судалгаа хийхдээ заавал нэг нууцыг тайлах гэж оролдоно. Тэр чиглэлээрээ сонин хачин баримт сэлт олох гэж хичээнэ. Зүгээр л энэ ийм юм байна, тэр тийм юм байна гэж бичих дургүй.
Жишээлбэл, аав дэд эрдэмтний зэргийг Гэсэрийн туужийн түүхэн үндэс сэдвээр хамгаалсан. Тэгэхдээ уг туужийн түүхийн сурвалжийг судалсан. Ингээд Гэсэр гэдэг түүхэн хүн үү, үлгэрийн баатар уу гэдэг асуулт тавьсан. Тэр талаар их маргаантай л даа. Дэлхийн олон улсад олон янзын Гэсэр байна. Гэсэрийг судалсан олон судлаач байгаа. Аавын эрдмийн ажлын дараа тэдний дунд маш их маргаан үүссэн. Аав бол Гэсэр түүхэн хүн байсан гэдэгт бат итгэлтэй байсан. Шамбалын талаар ч гэсэн тиймэрхүү хурц асуулт гаргаж тавьсан. Шамбал үнэхээр байсан уу, үүнд түүхэн үндэс байна уу, эсвэл Шамбал гэдэг үлгэр домгийн хийсвэр ойлголт уу гэсэн асуулт гаргаж тавьсан. Ингээд аав өөрөө Шамбалын түүхэн үндсийг олоод байсан. Харамсалтай нь дуусгаж чадаагүй. Хэд хэдэн өгүүлэл л бичсэн. Түүнийг нь номонд нь оруулсан.
-Сонин юм байна?
-Шамбал бол цагийн хүрдний номтой холбоотой. Цагийн хүрдний ном Энэтхэгт Ойрхи Дорнодын ард түмний нөлөөгөөр орж ирсэн гэж аав үздэг байсан. Түүнтэй хамт Шамбалын домог орж ирсэн гэж үзсэн. Шамбалын түүхэн үндсийг олох гэж аав их хичээж олон ном орчуулж байсан. Заримдаа детективний шахуу ажил хийж байсан. Нэг юмны учрыг олох гэж тал талаас нь судалж, нягталдаг маш хэцүү ажил хийсэн дээ.
-Гэсэрийн туужийн түүхэн үндэс сэдвээр эрдмийн зэрэг хамгаалахад нэлээд бэрхшээл, хавчлагатай тулгарсан гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Аав Москвад Гэсэрийн түүхэн үндэс сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. Тэгэхэд их хурц маргаан гарч байсан. Тэр чинь 1940-өөд оны сүүлч, 1950-иад оны эхэн үед шүү дээ. Эх орны дайны өмнө ЗХУ-ын бага үндэстнүүд туулийн баяр хийж байсан. Киргизүүд “Манас”-ын мянган жилийн ой ч гэдэг юм уу. Москвад том концерт, хурал хийгээд л. Буриадууд Гэсэрийн туужийнхаа ойг тэмдэглэж бас тийм баяр хийх гэж байсан. Гэтэл дайн эхлээд баяраа хийж чадаагүй.
Дайны дараа Гэсэрийн ойг буриадууд тэмдэглэх ёстой гэсэн санааг нэрт Монголч эрдэмтэн Поппе гаргасан. Гэтэл Поппе нэгдүгээрт герман хүн, хоёрт дайны үеэр Халимагт томилолтоор ажиллаж байсан. Германууд Халимагийг хамгийн түрүүнд эзэлсэн. Тийм учраас Поппег эх орноосоо урвасан гээд нэрийг нь ч дурдах хориотой байсан. Урвагч, фашист гээд л. Тиймээс Поппе санал болгосон тул буриадууд Гэсэрийн ойг тэмдэглэхээс айсан. Тэр үед Гэсэрийг Зөвлөлтийн эсрэг, феодалын чанартай, ард түмнийг муушаасан, харгис зохиол гэж янз бүрээр шүүмжилж байсан. Яг тийм үед аав Гэсэрээр зэрэг хамгаалж байсан. Гэтэл Буриадад маш том хурал болж мужийн хорооны тогтоол гарч байсан гэдэг.
-Ямар тогтоол вэ?
-Гэсэрийг шүүмжилж, муушааж байсан хэрэг. Зарим хүн Ц.Дамдинсүрэн Гэсэрийн туужаар эрдмийн зэрэг хамгаалж байна. Ингэж болохгүй. Харгис үзэл санаатай туужаар зэрэг хамгаалж байна гэж матаас бичсэн байдаг. Тэгээд аавын зэрэг хамгаалах ажил нэлээд ээдрээтэй хэцүү болсон. Зэрэг хамгаалсан ном нь цагтаа гарч чадаагүй. Нэлээд хэдэн жилийн дараа хэвлэгдсэн. Тэр материалыг би архиваас олж номд нь оруулсан.
-Нийгэм, цаг үе нь тэр чигээрээ эсэргүүцэж байхад феодалын сэдэвтэй туужаар эрдмийн зэрэг хамгаална гэдэг хэцүү байсан биз?
-Би ах нартайгаа хааяа аавыгаа дурсч ярилцдаг. Тэгээд, “Бид тийм дайчин биш юм. Аав их дайчин хүн байжээ” гэж хэлдэг юм. Аав юунаас ч айдаггүй байсан. Хэчнээн эсэргүүцэж, шүүмжилж байсан ч Гэсэрийн туужаар эрдмийн зэрэг хамгаалах зорилгоосоо нэг ч алхам ухраагүй. Яг өөрийнхөө байр сууриа нотлоод, батлаад гарч ирсэн. Тэгээд дараа нь 1960-аад онд аав Лувсандэндэв гуайтай хамтарч хоёр боть Орос-Монгол толь хийсэн. Түүнээсээ болж мөн л асуудалд орж байсан.
-Мянган жилийн харьцуулсан хүснэгт хавсаргаснаас болж тэр толийг бүгдийг нь хураасан байх аа?
-Тэгсэн. Би аавын 100 жилийн ойгоор гаргасан номд нь тэр үеийн баримт бичгийг хавсаргасан. Орос-Монгол толийг хориглох тухай тогтоол, аавын өөрийнх нь бичсэн хурц үгнүүд, тэр үеийн өдрийн тэмдэглэлээс нь оруулсан. Бас захидлууд нь бий. Тэр үед аав Ленинградад томилолтоор ажиллаж байсан юм. Тэгсэн чинь Орос-Монгол толиос нь болж гэнэт Монгол руу дуудаж авчирсан. Тэгээд жил гаруй хугацаанд энд байсан. Өөрийг нь авч хэлэлцэх хурлыг хүлээгээд л. Тэгээд шүүхийн тогтоол гарч мөнгө төгрөг төлүүлж, янз бүрийн юм болсон. Яг тэр үед бидэнд бичиж байсан захидлуудыг номд нь оруулсан.
-Та аавынхаа мэргэжлийн өвлөж, Монгол судлалын ажлыг нь үргэлжлүүлж яваа. Мөн таныг аавтайгаа их адилхан гэдэг юм билээ?
-Би өөрийгөө аавтай адил гэж хэлэхгүй. Манай ах нар их мундаг хүмүүс. Хоёр том ах физикийн шинжлэх ухааны докторууд. Тэд өөрсдийн хийж байгаа эрдмийн ажил, ажиллаж буй салбартаа нэлээд сайн судлаачдын тоонд ордог. Үнэхээр чадалтай, номтой. Одоо ч нас нь нэлээд ахимаг болж байна даа.
-Таныг Монгол судлаач болоход аавын тань нөлөө мэдээж байсан биз?
-Би багадаа судлаач, эрдэмтэн болно гэж огт бодож байгаагүй. Юу хийхээ мэдэхгүй л байсан. Харин зураг зурах их дуртай байлаа. Гэхдээ багын Монгол хэлэнд сайн байсан. Тиймээс аав, ээж хоёр намайг Монгол судлалын чиглэлээр сургуульд оруулсан. Ленинградын их сургуулийн Дорно дахины факультетэд орсон. Манай ээж тэр факультетэд ажиллаж байсан. Тэгээд тэнд л аавтай танилцсан гэдэг. Залуу байхад тийм ийм хүн болъё гэж боддоггүй, “За яахав, нэг мэргэжилтэй болоод сайхан ажиллана” гэж л боддог байв. Тэгээд сургуулиа төгсөөд Москвагийн радиод 13 жил ажилласан. Тэр үедээ эчнээгээр аспирантурт сурч эрдмийн зэрэг хамгаалсан. Тэгээд нас 40 гараад ирэх үед академи руу шилжиж Монгол судлалаар ажилласан.
-Ямар сэдвээр судалгаа хийсэн бэ?
-Хуучин Монголын уран зохиол, Монгол Төвдийн уран зохиолын харилцаа холбоо зэрэг сэдвээр ажиллаж байгаа. Нэлээд хэдэн ном хэвлүүлсэн. Анх “Эрдэнэзуугийн тууж”-ийг орчуулж тайлбарласан. Дараа нь Төвдийн тухай ном бичсэн. Төвдийн Лхаст очиж байсан. Монголын түүхийн сурвалж бичгүүдийн талаар ном хийсэн. Шведэд олон жил ажилласан. Түүндээ тулгуурлан хэлний фонетикийн тухай ном бичсэн. Ийм л байна.
-Эрдмийн зэрэг ямар сэдвээр хамгаалсан юм бэ?
-Би 1984 онд эрдмийн зэрэг хамгаалсан. Энэтхэг, Төвд, Монголын уран зохиолын харилцааны тухай сэдвээр. Тэгэхэд хүмүүс “Чиний аав академич Дамдинсүрэн болохоор энэ сэдвээр эрдмийн зэрэг хамгаалууллаа. Түүнээс биш жирийн айлын хүүхэд ийм сэдвээр зэрэг хамгаалахгүй. Орчин үеийн роман, туужийн судалгаа хийж эрдмийн зэрэг хамгаалбал амар” гэж хэлж байсан.
-Дэлхийн Монгол судлал өнөөдөр хэр байна вэ. Ялангуяа Орост ямар байна аа?
-Монгол судлал Орост хүчтэй байсан эртний уламжлалтай. 200 гаруй жилийн өмнөөс оросууд халимаг, буриадуудтай ойр амьдарч ирсэн тул Монголчуудыг их сонирхдог байсан. Тиймээс эхлээд Казаньд, дараа нь Петербургт том том Монголч эрдэмтэд төрсөн. Владимирцов, Руднеев, Котвич, Поппе гээд л. Одоо тэдний энд хүрч байгаа эрдэмтэд байхгүй.
-Ц.Дамдинсүрэн судлалаар дагнан ажиллаж байгаа эрдэмтэн байна уу?
-Аавын уран бүтээлийн судалгаагаар Петербургт Герасимович эрдмийн зэрэг хамгаалсан. Өөр дагнаж судалж байгаа хүн байгаа эсэхийг мэдэхгүй. Яахав Д.Нацагдорж гуай болон орчин үеийн уран зохиолыг судалж байгаа хүмүүс байна. Тухайлбал, Скородумова, Петрова нарыг нэрлэж болно. Бас Германд нэг авгай байсан, одоо өндөр настай болсон.
-Ц.Дамдинсүрэн гуайн зохиол, эрдэм шинжилгээний бүтээлүүдээс хэвлэгдээгүй зүйл бий юү?
-Одоо шууд хэлэхэд хэцүү. Д.Цэдэв гуай аавын мэндэлсний 100 жилээр сонин хэвлэлд гарч байсан зүйл, урьд хэвлэгдээгүй бүтээлүүдийг нь цуглуулж боть гаргасан. Дахиж тийм юм гарч ирж магадгүй. Ялангуяа Д.Цэдэв гуайн хэлснээр хүмүүсийг эрдмийн зэрэг хамгаалахад хэлсэн үг, бичсэн шүүмжүүд байж мэднэ. Хэвлүүлээгүй зүйл хэр байгааг мэдэхгүй. Бид аавын өвийг ухаад л, ухаад л байна.
-“Монголын нууц товчоо”-г аав тань орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлсэн. Энэ бүтээлийнхээ өмнөтгөлд судалгааны өгүүлэл бичиж, Чингис хаантай холбоотой маргаантай асуудлаар хэд хэдэн санаа дэвшүүлсэн байдаг. Сүүлийн үед Чингисийн мэндэлсэн он, сар, өдрийг тогтоохоос эхлээд олон асуудлыг ярьж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Би “Монголын нууц товчоо”-г судлаагүй. Харин Монголд “Монголын нууц товчоо”-г хэрхэн судалсан талаар ном бичсэн. Манай аав “Монголын нууц товчоо”-г орчин цагийн Монголчуудад хүргэсэн. Энэ бол том гавъяа гэж боддог. “Монголын нууц товчоо” бол дэлхийн түүх, уран зохиолын гарамгай өв. Тиймээс ЮНЕСКО-гийн өв санд орсон. Ингэж орох ч ёстой. Би тусгайлан судалж байгаагүй тул өөрийн санаа бодлыг хэлэх хэцүү. Чингисийн төрсөн өдрийг тогтоосон гэж байна. Тэрийг хэлж мэдэхгүй.
-Та Монголд хэр удах вэ?
-Наймдугаар сар хүргэх байх аа.
-Монгол судлалаар мэргэшүүлэхээр Оросоос оюутнууд авчирсан гэсэн байх аа?
-Зургаан оюутан авчирсан. Тэдний маань дадлага дуусч байгаа. Монголд жил хэртэй болсон. Оюутнууд маань Монголоор жаахан ярьж, уншиж байна. Хуучин Монгол бичигт гайгүй, төвдөөр яах вэ, дажгүй.
-Ингэхэд таны бүтээл ер нь Монгол хэлээр хэвлэгдээгүй юм аа даа?
-Сайн мэдэхгүй байна. Монгол хэл дээр хэдэн өгүүлэл, илтгэл л байгаа байх. Харин би аавын “Гэсэрийн туужийн түүхэн үндэс” номыг Монголоор орчуулсан.
-Ц.Дамдинсүрэн гуайн ач, зээ нараас өвөөгийнхөө шийрийг хатаах бичгийн хүн төрөх нь үү?
-Байхгүй ээ. Бүгд физик энэ тэр хөөгөөд байна. Нэг ахын маань хүү бий. Тэр Монгол судлаач болно гээд нэг хэсэг яваад байсан. Тэгээд би түүнд “За чи ийм сэдвээр нэг юм бичээд ир” гэсэн. Тэгсэн чинь таг болсон. Гэхдээ манай хүүхдүүд, ах нарын хүүхдүүд Монголд элэгтэй, түүх их сонирхдог. Аавын 100 жилийн ойгоор ирээд эндээс баахан морин хуур, өөр юу юу ч билээ чирч явсан.
-Танаас нэг зүйл асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хэдэн жилийн өмнө Төрийн дууллын үгийг өөрчилж нэг бадаг нэмсэн. Үүнийг Ц.Дамдинсүрэн гуайн үр хүүхдүүд хэрхэн хүлээж авсан бэ?
-Би тэр хүний төрсөн охин нь. Үүнд яаж дуртай байх вэ дээ. Төрийн дууллын үгийг өөрчилье гэсэн санал хоёр удаа гарсан. Эхнийх нь 1990-ээд оны эхээр тийм санал гарсан. Тэр үед надаас санал асуусан. Би дургүй байна л гэж үнэнээ хэлсэн. Тэгээд Төрийн дууллыг өөрчлөхөө больсон. Дараа нь 2005 оны үед дахин энэ асуудыг тавьсан. Тэр үед Төрийн дууллын үгийг улсын өмч болгоод л, тэгээд өөрчилчихсөн. Яахав ээ. Цаг үе ийм байна. Хүмүүс их “зоригтой” байна. Цаг хугацаа биднийг шүүгээд, тодорхой дүгнэлт хийх байх аа.
-Их эрдэмтний өв, оюуны өмчийг хүүхдүүдээс нь хэн нь албан ёсоор өвлөсөн бэ?
-Албан ёсоор бүх хүүхдүүд нь л өвлөсөн. Монголд оюуны өмчийн эрхийн харилцаа хөгжөөгүй, тэр талаар ойлголт ч алга. Би оюуны өмчийн байгууллагын даргатай ярилцаж үзсэн. Бид аавынхаа оюуны бүтээлээр бизнес хийж баяжъя гэж бодоогүй. Ядахдаа биднээс асууж зөвшөөрөл авах л хэрэгтэй. “Зуун билиг”-ийг кириллээр хэвлэн гаргахдаа биднээс зөвшөөрөл аваагүй. Аавын номуудыг дахин дахин хэвлээд байхад бид дургүйцэх юмгүй. Хүмүүс уншиг. Гэхдээ үүнийгээ жаахан соёлтой хийгээсэй. Харамсалтай нь огт зөвшөөрөл авахгүй байна.
-“Мянган жилийн харьцуулсан хүснэгт”-ийг жижиг товхимол болгон хэвлэсэн байсан. Үүнийг хэвлэхдээ зөвшөөрөл аваагүй юу?
-Тийм юм байхгүй. Зөвшөөрөл аваагүй ээ. Ганцхан зөвшөөрөл авсан нь аавын Орос-Монгол толийг нэг компани интэрнэтэд оруулъя гэж бидэнд хандсан. Тэд аавын толь дээр шинэ үг нэмье гэсэн. Би зөвшөөрөөгүй. Тэгээд жаахан маргаантай байсан ч харилцан ярилцсан. Зөвлөлдсөн. Энэ бол болж байна.
-“Монголын нууц товчоо”-г сүүлийн үед кириллээр маш олон янзаар хэвлэж байна. Аль нь Ц.Дамдинсүрэн гуайн хөрвүүлсэн эх нь ч мэдэгдэхээ байж. Үүнийг хэвлэхдээ та нараас зөвшөөрөл аваагүй юу?
-Үгүй. Тэгээд би одоо яах вэ дээ. Сүхбаатарын талбайд очоод болиоч гээд хашгиралтай биш. Би үнэндээ үүнд үнэхээр сэтгэл дундуур байгаа.
-Ц.Дамдинсүрэн гуайн өвийг хамгаалах сан гэж байдаг уу?
-Аавын нэрэмжит сан гэж байгаа. 90 насны ойгоор нь байгуулсан. Гэхдээ энэ сан байнгын үйл ажиллагаагүй. Би энд байдаггүй. Ах нар ч хойно. Үнэнийг хэлэхэд энд тэр санг хэн ажиллуулах вэ гэдэг асуудал тулгараад байна. Сангийн өдөр тутмын ажил их чухал. Одоо аавын шавь нараас хамаг дотнын шавь нар нь мөнх бусыг үзэж дээ. Саяхан Л.Хүрэлбаатар гуай бурхан боллоо. Д.Ёндон гуай нэлээд эрт нас барсан. Ний нуугүй хэлэхэд тиймхэн л байна.
-Нутагт нь ах дүүс, хамаатан садан нь хэр олон байдаг вэ?
-Манай аав эхээс дөрвүүлээ. Ах нь лам хүн байсан тул хүнтэй суугаагүй өнгөрсөн. Биднийг багад ирдэг л байсан. Хоёр эмэгтэй дүүгийнх нь нэг нь залуугаараа нас барсан. Бага дүүгээс нь гарсан хэдэн хүүхэд байна. Тэднийх нь хүүхдүүд одоо олон болж байна. Бас Дорнодод аавын эцэг Цэнд гэж хүний ах дүүс байгаа. Тэдэнтэйгээ холбоотой байдаг. Гэхдээ манайхан ер нь цөөхүүлээ шүү. Аав минь хатагин овгийн хүн гэдгийг Монголчууд бүгд мэднэ дээ. “Буурал ээж” найраглалдаа бичсэнээр нь хүмүүс мэддэг байх. Би ч гэсэн тэр найраглалыг уншиж аавыгаа хатагин овгийн хүн гэдгийг мэддэг болсон. Аав “Хатагинчууд Чингисийн эсрэг байлдаж явсан юм” гэдэг байсан.
Эх сурвалж: СЭТГҮҮЛЧ ГАНБОЛДЫН СОНИНБАЯР 2010 он
Discussion about this post