ӨГҮҮЛЭХ ИНУ
Мэнд амрын баранзад хадгийг алдлан тосох мэт цэнхэр зэрэглээ тунуулан намайх уудам дэлгэр Дундговь аймгийн Өлзийт сум бол авъяас билгүүн төгөлдөр, алдарт хуурчид төрөхийн үүдэн заллага болсон үзэсгэлэн төгс дагшин орон. Энэ тэнүүн дэлгэр нутагт бурхад чуулж хүмүүний сэтгэлийг битгий хэл ингэн тэмээг ч уяраан уйлуулах увдис шидийг өөртөөн оршоох, хуур хэмээх гайхамшигт хөгжмийг бас хөгжимчнийг урлаж байх шиг санагддаг юм. Учир нь саруул сайхны чуулбар болсон энэ сайхан нутгаас ус нутагтаа төдийгүй улс монголдоо нэр алдраа цуурайтуулсан хуурчид олноороо төрөн гарсан байдаг билээ.
Хоёрхон чавхадсанд хорвоо ертөмцийг багтааж жаргаж гуних орчлонгийн зол баярыг гэрэлтүүлсэн, сонсох бүр бахдам яруу аялгууг оргилуулан эгшиглүүлэх морин хуур хэмээх шид увдисын манлайн дээд бурханы гэмээр энэ хөгжмийг өөрийн сэтгэлийн ааг зоргоор хуурдан эгшиглүүлэх хуурчыг ч бас бурхан л урладаг ажгуу. Тийн бурханы урласан нэгэн гайхамшигт хуурын тухай, хуурчын тухай өгүүльюу.
ХУУРЫН НЭГЭН ЧАВХДАС
Газрын цээжнээс доош саравчлан харах юм бол намжаа цэнхэр дэлхийн амар амгалангийн цөм болсон нам дор сэлүүн тэргэл сайхан нутаг Цагаан суварга, Хэвтээ босоогийн хоолой, Мөнгөн цахир гээд тал газрын үзэмжийг бүрдүүлсэн орон хангай, дэлхийн бэлээс дээш өгсүүлэн бодох юм бол Дэл хөнжил, Дэн улаан худаг, Алтат даянгар гээд авъяастан төрөхөөс өөр гарлангүй ариун дагшин тэр нутагт тэртээ 1930 онд тулгар эхийг араг түшүүлэн байж анирхан талын аяс хөндөн нэгэн хөвүүн мэндэлсэн нь хожмын алдарт хуурч, ерөөлч магтаалч, Монгол Улсын ардын жүжигчин Нямын Дагийранз буюу.
Н.Дагийранз 1959, 1962 онд болсон Монголын залуучууд оюутны их наадамд “Хөхөө Намжил”, “Уулган шар” зэрэг алдарт домгийг анх аялгуулан хуурдаж алтан медаль хүртэж байлаа. Тэрээр хэн нэгэний урьд өмнө үг өгүүлэмжийнх нь өлмий өсгийг аялгуулан хэлэхэд таацуулсан ая дантай бэлэн зэлэн домгийг өөрийн хоолойгоор давтан хэлж шагшигдаагүй юм. Өөрөөр хэлэх юм бол тэр ард түмний дунд хэлцэгддэг “Хөхөө Намжил”-ын домгийг өөрийнхөөрөө дахин боловсруулж өөр хэн ч давтаж чадашгүй нэгэн гайхамшигт “ДАГИЙРАНЗЫН ХӨХӨӨ НАМЖИЛ” гэдэг өвөрмөц домгийг цоо шинээр бүтээн цогцлоосноороо уламжлалт ардын урлаг тэр дундаа ерөөл магтаалын төрөл зүйлд шинэ нээлт хийсэн билээ.
Малч удамтай, малч удмынхаа буурал дээдсийн өв их соёлыг өөртөө өвч шингээсэн түүний “Уулган шарын” домог хэмээх алдарт бүтээлийг сонссон хэн бүхний сэтгэл сэмрэн самсаа борхирно. Энэхүү бүтээлийн ая дан, шүлэг дуулал, зөрчил тэмцэл, шид шидээвэр түүний дотоод ертөнцөөс урган гарсан нь малд хайртай, малч сэтгэлгээнийх нь илрэл гэлтэй. Ээрэм говийн эзэн зандан хүрэн тэмээний тухай ерөөл магтаал шүлэг дуулал олон байдаг ч гэлээ чухам энэ “Уулган шарын” домог шиг дотоод ертөнцийг долиглуулсан бүтээл тийм ч элбэг биш байдаг юм. Ямар сайндаа л тэртээ олон оны өмнө болсон “Улс төрийн товчоо”-ныхны нэгэн цэнгүүн дээр Дагийранзыг “Уулган шарын” домгоо эгшиглүүлэн хуурдахад Самбуу даргын самсаа борхирч, уруулаа өмөлзүүлэн суусан гэдэг.
Тэрхүү алдарт “Уулган шарын” домгийг сонсоход үг аялгууны гайхамшигт сайхан нийлэмжээрээ сэтгэл зүрхрүү увдислаг нэгэн айзмаар нэвтэрч тэмээ гэдэг амьтныг мөн чанараар нь ойлгож, нүсэр том бие, тунгалаг хүрэн нүдтэй, усгал зөөлөн тэр амьтныг хайрлахаас өөр аргагүйд хүргэдэг юм.
Энэ бол бурханы урласан хуурын нэгэн чавхдасны увидаст эгшиг билээ л…
ХУУРЫН НЭГЭН ЧАВХДАС
Гантай жилийн улаан нар цоносон говь нутгийн дүнсгэр байгальд амин эрдэнэ болсон нүдэн булаг бараадан буусан бүл айлын хүн малыг ус ундаагаар гачаадуулж охиныг нь барьцаалан авсан бүлэг дээрэмчдийн дотор халуун наранд халзан толгой гялалзуулж, өтгөн хар хөмсөгийг атируулан зангидсан махир сэлэмтэй сахалт эр их л хэрцгий харагдах. Энэ бол “Эх бүрдийн домог” киноны дээрэмчдийн ахлагч “Догшин хар”-ын туслах. Энэ дүрийг Дагийранз хэн хүний сэтгэлийн толинд тод тустал бүтээж чадсан билээ. Тэрээр “Тус биш ус” кинонд дэлгэцийн анхны дүр бүтээснээсээ хойш нийт гуч гаруй киноны гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн юм.
Тэнүүн тэргэл тал нутагтаа мал сүргээ адгуулан маллаж явсан түүнийг 1957 онд Дундговь аймгийн соёлын ордон дагалдан жүжигчнээр татан авснаар тайз дэлгэцийн урлагт өөрийн тод мөрийг үлдээх үүд хаалгыг нь нээсэн гэж болно. Түүний тухай “Нийслэл хүү” киноны “Ягаан Гаажид” буюу МУГЖ Цэнд-Аюуш “манай Дагий Дундговийн театрт байхдаа Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн Балганы дүрийг бүтээсэн юм. Түүнд даанч сайн тоголсон шүү. Нүд хөмсөг болсон сайхан ч Балган болсон” хэмээн өгүүлж байгаа нь ямархан авъяаслаг, чадварлаг, мэдрэмжтэй жүжигчин болохыг нь нот өгүүлж байгаа хэрэг мөн билээ.
Тэрээр 1963 онд “Монгол кино үйлдвэр”-т ирснээсээ хойш “Хонины найр” киноны бригадын дарга, “Мандах нарны туяа” киноны Галдан ноён зэрэг олон арван дүрийг бүтээхдээ өөрийн гэсэн өвөрмөц арга барилаар, бурханаас заяасан ховорхон их авъяасаар өөр хоорондоо эрс тэс содон дүрүүдийг бүтээсэн байдаг. Түүний бүтээсэн дүрийн цаанаас жинхэнэ монгол жүжигчний монгол ур нэвт гэрэлтэн харагддаг юм. Түүнийг найруулагч жүжигчид бүгд дуу нэгтэйгээр жинхэнэ монгол эр хүн, монгол жүжигчин гэж үнэлдэг юм билээ.
Энэ мөн л бурханы урласан хуурын нөгөө чавхдасны гайхам аялгуу.
ХУУРЫН ХОС ЧАВХДАС
Хол газар уулгалан шавдуулж хөөсөн хэсэг адуугаа түр тогтоогоод наана нь газар элгэдэн хэвтэнгээ “Чи таана идэж үзсэн үү. Тэр харагдаж байгааг Тарлан хайрхан гэдэг юм сайхан хангай даа” гэж хүнгэнүүлэн өгүүлж байгаа хүн бол “Тунгалаг тамир” киноны Төмөр билээ. Бахим чийрэг бие, өргөн шанаа түүшийтэй харваас сэтгэлд өег сайхан монгол эр хүний, шилийн сайн эрийн дуу хоолойг өнөөх алдарт Дагийранз оруулсныг хүн бүр мэднэ. Түүний дуу хоолойн сайхныг айраг дэмбээ, найраг дууны өлгий гэгдэх Дундговь нутгынхан өгүүлэхдээ “Дагий мөн сайхан дэмбээддэгсэн. Өтгөн баргил хоолойгоор хүнгэнүүлэн дэмбээдэхэд нь хултай айраг бидэр татан шаргих шиг болдог байж билээ” гэж бахархана. Тэр үнэхээр дуу хоолойгоороо онцгой содон төрсөн хүн. Тиймдээ ч тэр орчуулгын олон арван кинонд дуу оруулж түүгээрээ гайхагдаж явсан нэгэн.
Ямарч дүрд дуу оруулна тэр дүр нь ургаад л явчих нь “Үер” киноны Михаил хэмээх хахир хатуу амьдарлын буулганд хөгшин тоорой шиг болтлоо зүтгэсэн ерхөгөр орос өвгөнийг дуу хоолой нь улам ч чимсэн гэж болохоор. Мөн “Зэрэг нэмэхийн өмнөхөн” киноны Дүвчинмижэдбальбыгомбо гүнтний сор залж сахиус тахиж буй нь Дагийгийн дуунаас өөр дуугаар хүрсэн бол хүмүүний зүрх тархинд тийм ч тодоор үлдэж чадахгүй байсан байж ч мэднэ.
Бурханаас заяасан тэр сайхан хоолой морин хуурын мэтгэж сүвлэсэн аялгуутай хоршоод ирэхээрээ ёстой л нэг гайхамшиг гэгч тэр. Өөрөөр хэлэх юм бол хуурын хос чавдас нийлж байж хорвоогийн хамаг явдалыг өгүүлдэгийн адил Дагийранзыг хуур барихаар л морин хуур сая нэг бүтэн болж харагдах шиг болдог юм.
ТӨГСГӨЛД ӨГҮҮЛЭХ ИНУ
Ур авъяас гэдэг бол тэнгэр бурханы хишиг. Тэр хишгийг хүртэгсэд үеийн үед төрсөөр байх авч чухам энэ Дагийранз шиг нэгэн биед олон авъяасыг цогцлоогч нь нэн ховор төрөх буй за.
Судар бичиг, эртний ном шашдирт ариун дагшин газрыг бурханы орон гэж өгүүлсэн байдаг. Тэгвэл тэр ариун дагшин газар буюу уудам сэлүүн тал нутагт бурхад чуулж нэгэн хуурыг, нэгэн хуурчыг урлажээ. Тиймээ Нямын Дагийранз хэмээх энэ эрхэм бол бурханы урлсан хуур, хуурч яахын аргагүй мөн билээ.
Яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва
Discussion about this post