УИХ-ын гишүүн, Монголын тэргүүлэх бизнесмэний нэг “Дорнын говь” компаний үүсгэн байгуулагч Б.Дэлгэрсайхан бага насныхаа талаар дурсан бичжээ.
Миний бага нас дутагдаж гачигдах, өлсөж даарах, хүнд хүчир ажил хөдөлмөр дунд өнгөрсөн. Бие давхар ээждээ өвчин халдаахгүйн тулд “айлд өргүүл” гэж Сайншандын эмчийн зөвлөснөөр ой гаруй насандаа шарласан намайг өргүүлэхээр аав маань шийдэж, арав гаруй айлд санал тавьж л дээ. Сонирхолтой нь жараад онд олон хүүхэдтэй гэр бүл хүүхдээ айлд өргүүлэх жирийн үзэгдэл байж. Олон айлд “гологдсоны” эцэст би гэдэг нөхөр орос паалан горшоктой, хөвөнтэй баривчтайгаа Дорноговь аймгийн хоёр удаагийн аварга малчин Жамбалпэрэнлэй гуайнд очсон хэрэг. Ингээд ухаан орсон цагаасаа эхлэн нэгдлийн мянгат малчин айлын хар бор ажилд зүтгэсэн дээ. Гэрийн эзэд өглөө эрт архины шилэнд цийдэм хийж өгөөд “Нар жаргах үед ирээрэй” гээд гаргана. Би хонио хариулаад өдөржин тоглоно. Жин үдийн халуунд адуу хужиртай нуур ямар олиг байх вэ. Одоо санахад, гурил буулгасан юм шиг царай зүстэй нөхөр оройдоо буцаж ирнэ. Зуны цагт тараг, ааруул, хааяа нэг хонины махтай хоол иддэг байлаа. Аймгийн аварга малчин Жамбалпэрэнлэй гуай ирсэн гийчин болгонд “Манайд горшоктойгоо ирсэн нөхөр” гэж инээх, шоолохын завсар намайг танилцуулна. Энэ үгэнд жигтэйхэн гомдож, гараад гүйчихмээр санагддагсан. Айлын хүүхдүүд аав ээждээ эрхлээд унтаж байхад цавцайсан хяруунаар үнээний зэлэн дээр тугал ивэлгэж, намрын тарган үхэрт нүцгэн хөлийн хуруугаа таслуулах шиг болтлоо гишгүүлнэ. Өвдөх, уйлахад дэргэд хүн үгүй болохоор хэд хоног догонцож яваад зүгээр болдогсон.
Гэрээ санана гэдэг жигтэйхэн. Зуухны төмөр яндан салхинд хүнгэнэхэд “машин ирлээ” гэж гарч гүйнэ. Хааяа аав минь ирээд буцахад “дагуулаад яваач” гэж харцаараа гуйдаг байж билээ. Айлын хүүхдүүд наадамд бэлдэн хөөрцөглөж байхад би гэрийн сүүдэр бараадан, тэднийг духаараа харж суудагсан. Гэрийн эзэд айлын хоньтой хонио нийлүүлэхгүй байх талаар захиж хэлцгээн, хүүхдээ дагуулан наадамд явцгаана. Энэ хот айлд бие муутай хэвтрийн хөгшин бид хоёр үлддэгсэн. Намайг өрөвдсөн үү, хоёулаа үлдсэндээ тэр үү, хэвтрийн эмээ орон доорх модон авдараа уудалж, хэдэн жилийн өмнөх гэмээр боорцог гаргаж өгдөгсөн. Тэр боорцог наадмаар иддэг амтан байж билээ. Гэрээ санах, ижийгээ зүүдлэх тусам биеийн минь энд тэндгүй яр хатиг гарна. Бэтгэртлээ санах гэдэг тэр байсан байх даа. Миний сургуульд орох нас болж, аймгийн аварга малчин Жамбалпэрэнлэй гуайнхаас явсан. Аав минь монхор хамартай Зил-150 машиндаа суулгаад аймгийн төв ороход хараа цуцаам өргөн уудам нутаг харагдаж билээ.
Discussion about this post