Сэтгүүлч О.Гэрэлмаа академич Ж.Болдбаатартай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Саяхан болтол VIII Богд Жавзандамбыг түүхэнд их төлөв сөрөг байдлаар тодорхойлж байсан. Эдүгээ энэ түүхэн хүнийг бодит үнэнээр нь дүгнэн цэгнэх цаг болсон санагддаг?
-Түүхэн бие хүнийг үнэлэх үнэлгээ өмнөх тогтолцоонд өөр байсан. Ангич, намч байр сууринаас үнэлдэг байв. VIII Богд Жавзандамбыг хуучин түүх бичлэгт болон уран зохиолд дайсагнагч этгээдийн хүрээлэлд оруулан, “Сохор Богд” гэх мэтээр муу үгийг олж ядан бичдэг байсан. Доктор Т.Төмөрхүлэгийн тэмдэглэснээр VIII Богд Жавзандамба бол “…унхиагүй мунхаг бус сэргэлэн, хулчгар бус зоримог, хүлцэнгүй бус дураараа” нэгэн байсан бөгөөд тэрээр Монгол төрийн түүхэнд багагүй үүрэг гүйцэтгэсэн төрийн зүтгэлтэн байжээ. Ийм учраас бид түүний дурсгалыг мөнхжүүлж хөшөөг нь босгох ажлыг санаачилсан. 1990-ээд оноос түүнийг зөвхөн сөрөг талаас нь үнэлж байсныг засч залруулах алхам хийж, доктор Т.Төмөрхүлэг, М.Ринчен, Г.Жамсранжав, Н.Дугарсүрэн, Германы эрдэмтэн Удо Баркманн нарын олон ном зохиол гарсныг тэмдэглэмээр байна. Би бас ганц, хоёр өгүүлэл бичсэн.
– VIII Богд төвд хүн мөртлөө Монголыг төрөлх эх орон мэт үзэж байсны учир юу вэ?
– Сайхь хүмүүн 1870 онд Түвдийн нэгэн чинээлэг түшмэлийн гэр бүлд төрсөн. Жавзандарнагийн хувилгаанаар тодроод таван настайдаа Монголд залагдан иржээ. Тэр цагаас монгол багш нараар ном заалган, монгол хүүхэдтэй тоглон, монгол ахуйд өссөн. Мөн Монголд ирснээсээ хойш төрөлх Түвд нутагтаа ч буцаж очоогүй. Түүний зүрх эцсийн амьсгал хураатлаа Монголын төлөө цохилж байсан гэж хэлж болно.
– Түүний бага болон залуу насны тухай тодруулна уу?
– Багаасаа шашин номонд суралцахын зэрэгцээ баахан дураараа өсчээ. Тоглоомын хэд хэдэн өрөөтэй. Нэг өрөөнд нь орос эхнэрийн бошинз, цамц гэх мэт зүйл байна. Үүнийг өөрөө өмсөх юм уу, бусдад өмсүүлэн, дуурайн маяглаж инээх дуртай. Бас хоёр ямаа хөллөсөн жижиг тэргэнд сууж тоглоно. Арай томорсон хойноо багш, дагалдагч нараасаа оргон найз нартайгаа нийлж Амгаланбаатар хот хавиар зугаа цэнгэл эргүүлдэг байсан гэдэг. Хүний ёсноос гадуур зүйл ч биш л дээ.
– Шашны ном эрдмийн хувьд ямар хүн байсан бол?
-VIII Богд их урт нэртэй шүү дээ. Нэр нь Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсамбуу. Тэрбээр шашны болон иргэний ном зохиолыг даяанд сууж байгаа юм шиг уншиж, цээжлэн бясалгадаг байж. VII Богд гавжийн дамжаа бариагүй, харин VIII Богд 700-гаад хуудас бүхий таван ботийн дайтай ном цээжилж байж гавжийн дамжаа барьсан байна. Тэрбээр 1903 оны зуны дунд сард Их хүрээн дэх Гунгаадаржаалин дацанд гавжийн дамжаа барьжээ. Энэ нь эдүгээгийн Рh.D доктортой дүйцэхүйц зэрэг юм.
– Та түүний айлдвар, лүндэнгүүдээс сургамж болохоор жишээ хэлнэ үү?
– Богдын лүндэнгүүд нь хэмжээ дамжаагаараа жижиг, авсаархан, цээжлэхэд хялбар, сэтгэлд буухуйц хурц, тод дүрслэлтэй, утга төгөлдөр байдаг. Тухайлбал, архи, тамхинд орж, амьдралаа доройтуулж байгааг “Та нарын минь татсан тамхины утаа нар, сарыг бүрхэхэд хүрч байна. Уусан архи чинь мөрөн далай мэт болж, гэтлэн гарч болохгүй байна биш үү. Цөвүүн цагийн цагаан (хар) тамхины үр дэлгэрч байна. Тэр тамхийг үнэт алт, мөнгө, эд таваараа өгч татна. Сүүлд нь арван цагаан буяны үр хүүхдээ өгч татна. Адаг сүүлд нь нүдээ ухаж өгөөд татна. Хойт төрөлдөө гурван мянган ертөнцийн галав нөгчтөл очирт тамын зовлонг үзнэ” гэж орой руу ортол сургамжилсан нь эдүгээ ч ач холбогдолтой юм.
– Нийгэм нийтээрээ энэ жилийг алтан гахай гэж бэлэгшээж байна. Гэтэл бид гахай жилд үндэсний тусгаар тогтнолоо олж байснаараа бахархах ёстой бус уу. Үндэсний хувьсгалд VIII Богд ямар үүрэгтэй оролцсон бэ?
-VIII Богд 20 нас гарч, улс төрийн шаггүй бодлоготон болж төлөвшиж эхэлсэн үеэсээ Манжаас туурга тусгаарлах санаа сэдэж эхэлсэн. Чин улс Японтой байлдаж шившигтэй ялагдсан 1895 онд VIII Богд Жавзандамба хутагт, өөрийн их шавийн да лам Бадамдорж нарыг Оросын хаанд илгээж албан бичиг, бэлэг сэлтийг хүргүүлсэн мэдээ бий. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачилсан чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд нар Богд гэгээнтэнтэй санаа нэгдэн нийлж, зүтгэхгүйгээр амжилт олох аргагүй гэдгийг ойлгож байсан. Тэд энэ санаагаа Богдод айлтгахад “Манжийн төр унах тэмдэг илэрсэн нь цаг болсных. Юм бүхэнд хэмжээ бий” хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ цагаас хойш тэрбээр үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийг бүхий аргаар хөхиүлэн дэмжиж, зохион байгуулалцсан.
– 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Олноо өргөгдсөн Монгол Улсыг тунхаглан, VIII Богд Жавзандамбыг эзэн хаанаар өргөмжилсөн шалтгаан юу вэ. Тухайлбал, Чин ван Ханддоржийг өргөмжилж болоогүй юм уу?
-VIII Богд гэгээнийг хаанаар өргөмжилсөн хэд хэдэн шалтгаан бий. Үүнд тэрээр үндэсний хувьсгалын үйл хэргийг бүр эхнээсээ манлайлагчдын нэг байсан. Монголын шарын шашны тэргүүний хувьд ард олны оюуны санааны удирдагч байсан. Мөн Чингисийн удмын Өндөр гэгээн Занабазарын хойт дүр учир өөрийгөө алтан урагт тооцож байсан, Халхад хамжлагын тоо, мал, хөрөнгөөрөө хамгийн дорвилог нь байсан зэргийг дурдаж болно. Ийм учраас Чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд нарын зэрэг зүтгэлтнүүд зөвлөлдөөд VIII Богд гэгээнийг хаанд өргөмжлөхөөр шийджээ. Цаашид арванхоёрдугаар сарын 29-нийг Үндэсний тусгаар тогтнолын өдөр болгон хүндэтгэн дурсч байх учиртай.
– Монголчууд өөрсдөө VIII Богдыг Алтан урагт тооцохыг зөвшөөрч байсан уу. Богд хаан өөрөө ямар хандлагатай байсан юм бол?
– Тийм ээ. Түшээт хан цагаан сараар “Хүүгийн бэлэг” гэж гүзээтэй шар тос, хонины өвчүү, үнхэлцэг зэргийг Хутагтад илгээдэг уламжлалтай байсан. Богд гэгээн Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнөөсөө хойш жил бүрийн Цагаан сарын шинийн 1-ний өдөр Абтай сайн ханы гэрийн буурь оршдог Зүүн хүрээнд Эх дагинын хамт очиж гал асаадаг байжээ. Энэ бүхэн Чингисийн гал голомтыг сахиж байгаа гэсэн утгыг илэрхийлж байсан.
– VIII Богд Монголд цаашдаа улс төрийн ямар хэлбэрийг тогтоох бодолтой байсан бэ?
– 1911 оны үндэсний хувьсгалын үр дүнд Монголд шашин төрийг хосолсон хэмжээгүй эрхт хаант засаг тогтсон. Гэхдээ Богд хаан тухайн цагийн дэлхий дахины хөгжлийн хандлагыг зөв ухаарч, Үндсэн хуульт хаант засаг, хаант бүгд найрамдах улсын хэлбэрт аажмаар шилжих бодолтой байсан юм билээ. Энэ нь 1914 онд Улсын дээд, доод хурал байгуулсан, Үндсэн хуулийн төсөл боловсруулж байсан зэргээс харагддаг.
-1919 онд Гадаад Монголын автономитыг устгахад Богд хаан ямар байр суурь барьж байсан бэ?
-Мэдээж, гадаад Монголын автономитыг ямар ч аргаар хамаагүй хадгалж үлдэх бодолтой байсан. Хятадын генерал Сюй Шүчжэн их цэргийн хүчээр Монголд цөмрөн орж ирэхэд, далайсан илд, онилсон бууны дор түүний сайдууд Монголын автономитыг “сайн дураар” устгах хэлэлцээр гэгчид гарын үсэг зурсан. Богд хаан гарын үсэг зураагүй нь хожмын явдлыг бодсон шийдэл байсан юм. Холын эчнээ бодлогыг тэр бүр ухаж ойлгоогүй нийслэл хүрээнийхэн “Богц богц мөнгөөр Богдыгоо худалдсан сайдууд гуай” гэж шоглон дуулж байсан аж.
– Холын эчнээ бодлого гэж юуг хэлээд байна вэ?
– Улсын эзэн хаан гарын үсэг зурвал харийн ноёрхлыг бүрэн хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Ийм учраас төрийн сайдууд нь гарын үсэг зурж, аргалан, Богдынхоо нэрийг сэвтүүлээгүй үлдээж, цаашид түүний туган дор нэгдэж тэмцэх холын бодлоготой байсан нь үйл явцын өрнөлтөөс харагддаг.
– 1921 оны хувьсгалын дараа Богд гэгээн Монгол Улсын хэмжээт эрхт хаан болсон. Хаан, Ардын засгийн газар хоорондын харилцааг яаж зохицуулж байсан бэ?
– Ардын засгийн газраас 1921 оны арваннэгдүгээр сарын 1-нд Богд хаантай байгуулсан “Тангаргийн гэрээ”-гээр зохицуулж байсан. Эл гэрээний I зүйлд: “Монгол Улсын Богд хааны Жавзандамба хутагт шарын шашны Богд хаан болох тул улс төрийн хэрэг лүгээ холбогдолгүй шашны бүхий хэргийг хязгааргүй эрхэлбэл зохино” гэж заасан. Харин аливаа хэргийг Засгийн газраар дамжуулан гүйцэтгүүлэхээр хуульчилжээ. Хуучин тогтолцооны үед дээрх заалтыг туйлшруулан, Богд хаан улс төрийн хэрэгт огт холбогдолгүй байсан мэтээр бичиж байсан. Гэтэл Засгийн газар Богд хаанд шийдвэрээ танилцуулан, чухал чухал асуудлаар зөвлөж санал авч, зарим асуудлыг хүлээж авч, шийдвэрлэж байсан, гаднын зочин төлөөлөгчид түүнд бараалхаж байсан зэрэг нь улс төрийн асуудалд эрх хэмжээний дагуу оролцож байсны жишээ юм. Ингэхлээр “Тангаргийн гэрээ” бол иргэний эгэл гэрээ хэлцэл төдий бус Үндсэн хуулийн шинжтэй акт байжээ.
– Монгол төрийн томоохон зүтгэлтэн VIII Богдын алдаа гэж хэлэхээр зүйл байна уу?
– Аливаа улс төрийн зүтгэлтэн эерэг, сөрөг цэнэгийн цогц байдаг. Учир нь улс төрийн үйл явц тун ярвигтай, олон хучин зүйлийг харгалзах хэрэгтэй болдог. Эерэг цэнэг нь давуу байвал түүхэн томоохон зүтгэлтэн болон тодордог. Богд идэр залуу үедээ нэлээд зугаа цэнгэл хөөцөлдөж, үрэлгэн байсан гэдэг. Оросын консул М.Ф.Люба Гадаад яамандаа мэдээлэхдээ: “Өргөөний хутагт Монголын хамгийн том, баян феодал байв. Гэвч зугаа цэнгэл хөөцөлдсөн амьдрал, үрэлгэн байдал нь их мөнгө шаардаж байв. Түүний өр 1911 оны байдлаар 138 мянган лан, өөрөөр хэлбэл, 200 мянга гаруй рубльд хүрчээ” хэмээн тэмдэглэсэн байна. Да лам Цэрэнчимэд, чин ван Ханддорж, жүн ван Чагдаржав, Сайн ноён хан Намнансүрэн зэрэг төрийн шадар зүтгэлтнүүдээ ойр ойрхон, дараагаар амь үрэгдэж байхад хамгаалах талаар санаа бага тавьсан гэж судлаачид зэмлэдэг.
– VIII Богдыг хилийн чинадад судлаачид хэрхэн үнэлж ирсэн бэ?
– 1925 онд Германы “Weser Zeitung” сонинд “Богд хаан бол маш их хашир, чадамгай улс төрч байсан” гэж тэмдэглэжээ. Германы нэрт монголч эрдэмтэн В.Хайссиг: “VIII Богд Жавзандамба хутагт бол улс төрийг нэвтэрхий бодолхийлдэг хүн байлаа”, Оросын эрдэмтэн Е.А.Белов: “төрийн чадварлаг зүтгэлтэн байсан” гэх мэтээр үнэлсэн нь буй.
– Богдын хойт дүрийг нь тодруулсан уу?
– Богд хааныг 1924 оны тавдугаар сарын 20-нд таалал төгсөхөд 21 хоногийн турш улс орон даяар гашуудал үйлдсэн. Тэр хооронд мэргэшсэн оточ нар Богд хааны цогцсыг занданшуулж хатаагаад хуудсан алт, мөнгө сэлтээр чимэн зүүж Гандан хийдэд залсан байна. Түүний IX дүрийг залах асуудал тавигдсан. Чингээд Богд хан уулын аймгийн Ноён уулын хошууны одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын Ялбаг хэмээх газар ээжтэйгээ амьдардаг Түдэвийн Лувсандорж хэмээх хөвгүүнийг Жавзандамбын хувилгаан гэж лам нар тодруулсан. Тэр хүн мал маллаж амьдарч байгаад 1948 онд нас нөгчжээ. Бас Далай ламаар батламжлагдсан гэгддэг IX Жавзандамба хутагтын дүр эдүгээ хүртэл Энэтхэгт амьдардаг, манайд ч зочилж ирж байсан.
“Зууны мэдээ” сонин. 2007.04.14 90(2538)
Discussion about this post