УИХ-ын дарга З.Энхболд, АН дарга З.Энхболд. Энэ тодотголуудаас илүү ”Таван толгойг танд үлдээсэн Зандаахүүгийн Энхболд” гэдгээр хүн бүхэн түүнийг мэдэх биз. Учир нь түүний тухай мэдээлэл бүрийн доорх сэтгэгдэл “Таван толгойг Монголд үлдээсэн хүн” гэдгээр хөврөх нь их. Яагаад ингэж тодотгов гэхээр нэгэн түүхийг эргэн сануулая.
2015 оны дөрөвдүгээр сарын 6-нд УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хийж байжээ. Чуулганы нээлтийн үеэр тухайн үеийн УИХ-ын дарга байсан З.Энхболд хэлэхдээ, “Таван толгойн ордыг ашиглах хэлэлцээрийг УИХ анхааралтай ажиглаж байгаа. Монгол Улсын үндсэн хуульд зааснаар газрын хэвлий түүний баялаг, төрийн өмч мөн Таван толгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм. Засгийн газар, УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Таван толгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байгаа. Гэтэл Таван толгой ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна. Энэ талаар УИХ-ын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газар өргөн мэдүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад, Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бүрэн хамаарах нөхцөл үүсэж байна. Энэ нь 2010 онд УИХ-аар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байна гэсэнтэй нийцэхгүй байна. Засгийн газраас байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ хэлэлцээрийг өнөөдөр авсан. Гэрээ хэлэлцээрийн төслийг эрхэм гишүүдэд хүргүүлсэн. Та бүхэн тус гэрээг уншиж Засгийн газар яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр чуулганы нээлтийн өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно. Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ, хэлэлцээрүүдийг харахад, Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар маш тодорхой хугацаатай байгаа бол гэрээ байгуулагч нөгөө талын үүрэг нь хугацаагүй зорилтын шинж чанартай, зорилго биелэгдээгүй тохиолдолд хүлээх хариуцлага байхгүй байна. Мөн Таван толгой ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ямар ч тохиролцоо хийгдээгүй. Нэмэлт хайгуул хийж, нөөцийг нь яах нь тодорхойгүй байгаа. Дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи ресурс” хөрөнгө оруулалтын компани хамруулсан. Төмөр зам өргөтгөх асуудалд зөвхөн хөрөнгө оруулагч тал хийх эрхийг олгосон. Төрийн өмчит Монголын “Төмөр зам” ХХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр тооцох зэрэг заалтыг оруулж, гэрээ байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхау Энержи” ХХК-ийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Дээрх гэрээг байгуулахдаа Монголын талынхан хуулийн болон санхүүгийн зөвлөгөө аваагүй. Харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий компаниудаас үйлчилгээ авсан байна. Ийм ноцтой үр дагавартай Монголд илт хохиролтой гэрээ хэлэлцээр байгуулахыг зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Таван толгой ордыг ашиглах гэрээг УИХ яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрвээ Таван толгой ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэхгүйгээр, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцож, огцруулахыг санаачлах болно” гэж байжээ.
З.Энхболд: Хэрвээ Таван толгой ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэхгүйгээр, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцож, огцруулахыг санаачлах болно
Энэ үг-энэ үйлдэл Таван толгойг та бидэнд үлдээсэн нь З.Энхболдын түүхэн гавьяа. Гэхдээ З.Энхболд гэдэг улс төрчийнх нь хувьд Таван толгойг хувьдаа завших гэж оролдсон бүлэглэл түүнийг үргэлжид дарах оролдлогоо энэ мөчөөс эхлүүлсэн юм. Тиймдээ ч түүнийг улс төрд эргэн ирэх бий гэж айсан бүлэглэлийнхэн 2024 оны 03 дугаар сарын 13- ны өдөр улс төрийн захиалгат шийдвэр гаргуулав. СБДЭХАШ Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Энх-Амгалан З.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн юм.
Энэ бол ердөө өрнөл. Учир нь З.Энхболд Шүүхийн шийдвэр гарсны дараа “Эрдэнэс Тавантолгой”-г ард түмэнд үлдээсний төлөө надаас хариу авч байна. Би өнөөдөр өөрийгөө шүүхээс ял авч байна гэж үзэхгүй байгаа. Эрдэнэс Тавантолгойг Монголын ард түмэнд авч үлдсэний хариуг нэр бүхий бүлэглэл надаас хариу авч байна. Би буруугүй…Давж заалдана. Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэгчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалангийн 2019 оны гаргасан хоёр тушаалыг гаргахад хатгасан гээд шүүх шийдвэр гаргалаа. Хатгана гэдэг нь ядаж уулзаад, утсаар яриад, бодит үйлдэл хийхийг хэлнэ. Гэтэл үннийг тоохгүйгээр шүүх шийдвэр гаргалаа. Намайг Страто компанитай ямар ч холбоогүй гэдгийг прокурорын газраас тогтоосон. Тэр компанийг өөр хүмүүс үүсгэн байгуулсан, эцсийн ашиг хүртэгч нь өөр хүмүүс. Хамаарал бүхий компани гэдэгт цалингаар ажилладаг хамаатан садныг хамаатуулдаггүй хуультай. Тэр компанид миний хамаатан цалин авч ажиллаж байсан. Хамаатан нь ажилладаг гээд хамаатуулж ялласан анхны тохиолдол боллоо. Цаашид төрийн албан хаагчийн хамаатнууд ажилладаг компани нь тэдний хамаарал бүхий болохоор боллоо.
2015 онд Эрдэнэс тавантолгойг MCS, Шинхуа компанид өгөөгүйн тулд ийм гүтгэлэг явсан нь 9 жилийн дараа ял боллоо. Сошиалоор зохион байгуулалттай гүтгэлэг тараадаг, тэрийг нь үндэслэж ялладаг эхний бөгөөд сүүлийн тохиолдол нь Энхболдоор дуусах болтугай. Дараачийн шатны шүүх хуулиа зөв хэрэглэж, зөв шийдвэрлэх байхаа.
Учир нь тэрээр УИХ-д орвол хэнд ч дийлдэхгүй хулгайчдын эсрэг хатуу зогсоно гэдгийг Таван толгойг хувьдаа завших гэж оролдсон МАНАН бүлэглэл сайн тооцоолсон биз.
Гэхдээ үнэн зүйлийг хэн ч хэзээ ч дарж чаддаггүйн жишгээр өрсөлдөгч МАН-ынхан ч түүний гавьяаг хүлээн зөвшөөрдөг. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы танхимд хэлэхдээ, Хэрэв бид 2015-2016 онд Эрдэнэс Тавантолгойн 49 хувийг Шинхуад хувьчилъя гээд хоёр удаа орж ирэхэд, хувьчилсан бол өнөөдөр тал нь байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр бид нар эргэж энэ түүхийг харах хэрэгтэй юм. Харин ч 2015 онд УИХ-ын дарга байсан З.Энхболд аварч үлдсэн. Хэрвээ тухайн үед хувьчилсан бол өнөөдөр төсвөө хоёр дахин нэмж, цалин, тэтгэвэр нэмэх ямар ч боломжгүй болох байлаа. Тиймээс Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт гэсэн стратегийн ордуудыг хувь хүнд хувьчлах тухай асуудал байж болохгүй. Зүгээр иргэддээ хувьцаа эзэмшүүлэх, тэр хувьцаа нь хаалттай, арилжаалагддаггүй байх, зөвхөн ногдол ашиг өгдөг байх ёстой гэсэн юм.
Дахин хэлэхэд, Таван толгойг танд үлдээсэн З.Энхболд өчигдөр шүүхээс ял сонсоогүй, харин Эрдэнэс Тавантолгойг Монголын ард түмэнд авч үлдсэнийх нь төлөө түүний эсрэг мөнгөний бүлэглэл З.Энхболдыг УИХ-ын сонгуульд оруулахгүй хаалт хийлээ. Гэхдээ тэр давж заалдана!
Эх сурвалж: Өдрийн сонин БАТМӨНХ
()
Discussion about this post