Монголчууд Төвөдийн Далай ламын гэгээд нартай олон зуун жилийн холбоо барилдлагатай явж иржээ. Түмэдийн Алтан хан III дүрийн Далай лам Содномжамцыг Монгол нутагт урин залснаар Монголчуудын Далай ламтай тогтоосон холбоо барилдлагын суурь тавигджээ. III дүрийн Далай лам Монгол нутагт таалал төгссөний дараа Алтан ханы ач хүү Ёндонжамц IV дүрийн Далай ламаар тодорсон нь дээрх хэлхээ холбоог батжуулж өгсөн гэж үзэж болно. XX зууны эхэн хүртэл Халх Монголчууд хийгээд Төвөдийн Далай ламын институтын хооронд олон талт харилцаа хөгжиж ирсэн бөгөөд XIII, XIV дүрийн Далай лам нар Халх Монгол, Монгол улсад айлчилсан байна.
Энэхүү өгүүлэлд XIII дүрийн Далай лам Түвдэнжамцын айлчлалд Монголын бурханы шашны лам нар болон сүсэгтэн олон хэрхэн хандаж байсан талаар дурдана. XIII Далай ламын Монгол дахь айлчлалын гадаад нөхцөл байдлыг олон эрдэмтэд судалж тодруулсан. XIII Далай лам Түвдэнжамц Төвөдөөс дүрвэн гарахад нөлөөлсөн хүчин зүйл нь 1900 оны эхэн үеэс Англи Их Британы цэргүүд Төвөдийг эзлэн түрэмгийлэх бодлоготой холбоотой. Түүний Монголд ирсэн зорилго нь Англичуудын түрэмгийллийг зогсооход Хаант Орос улсаас тусламжийг авах явдал байжээ. Энэ зорилго урагштай болж чадаагүй ч XIII Далай ламын Монголд ирсэн явдал нь Монголын бурханы шашны түүхэнд чухал үйл явдал болсон байна.
Энэ нь тухайн үеийн Их Хүрээ, монголын бурханы шашны хүрээ, хөдөө нутгийн хүрээ хийдийнхэн болон сүсэгтнүүдийн анхаарлыг татаж байсан онцгой үйл явдал болж байсан байна. Энэ тухай Академич Ц.Дамдинсүрэнгийн “Өвгөн Жамбалын яриа”-нд тэмдэглэсэн байдаг.
“1904 онд Далай лам Хүрээнд заларч ирэв. Баруун Зуугаас гарахдаа Оросын Цагаан хааныд очно гэж гарсан гэдэг юм” гээд “Цагийн түйвээний үед Далай ламтай хэлэлцэж, түүнийг зүүн зүг Агваан хамба аваад гарахаар ярьж тохирч байсныг Төвөдүүд мэдээд, Агваан хамбыг Далай ламаас тусгаарлан уулзуулахгүй болжээ. Тэгэхээр Агваан хамба ном хаяж алга ташингуут дэвсгэр доогуур нь бичиг хийж түүнийг Далай лам үзэж байсан юм гэнэ билээ. Тэгж бичгээр нэлээд харилцаж байгаад Далай ламтай нууцаар босож явахаар шийдвэрлэжээ. Тэгтэл Далай лам нэг өдөр Агваан хамбад хэлсэн нь “Өнөөдөр явъя, би таван хүнтэй, өөртэйгээ зургаа, чамтай долуул явна. Юу авч явах хэрэгтэй вэ?” гэж асуужээ. “За, бидэнд хэдэн луус, жаахан алт хэрэгтэй. Ондоо юм хэрэггүй” гэжээ. “Нөгөөдөр төдий цагт явна” гэж цагаа тогтоогоод Агваан хамбад шөнө сэм мэдээ өгнө гэжээ. Тэгээд тэр шөнө дундын үед Далай лам хэдэн луустай, баахан алт авч гараад Агваан хамбын хамт нойр хоолгүй гурван өдөр, гурван шөнө явахад нааш явах тутам хүн нэмж, хөсөг нэмээд улам өргөн болоод явсан гэж Агваан хамба ярьж байсан. Далай лам нутгаасаа зугтаж гарсан шалтгаан бол Англи цэрэг Төвөдөд орж ирсэн явдал гэдэг” гэж дурсан ярьжээ.
XIII Далай лам Түвдэнжамц хорин есөн сүүдрийн модон луу жил буюу нийтийн тооллоор 1904 оны 6 дугаар сарын 15-ны шөнө цөөхөн тооны хүмүүс дагуулан Лхасаас оргон гарч Хөх нуурын Хүрлэг бэйсийн хошуу нутгаар дамжин, Монголын нутагт орж иржээ. Жамбал донирын өгүүлснээр “Дээд Монголын Хүрлэг бэйс Далай ламыг нутагтаа угтан аваад өөрийн биеэр бараа болон Их Хүрээ хүртэл дагалдан ирсэн” гэжээ.
Доктор Ш.Сонинбаяр лам XIII Далай ламын багш Пүрэгжог Ёнзоны зохиосон “Гайхамшигт эрдэнийн эрхи” хэмээх Далай ламын намтрын тэргүүн дэвтэрт Далай ламыг Монголд заларсан тухай мэдээ сэлт, тухайлбал Монголд залрах зам зуур хаана хаана буудалласан, хэн хэн угтсан зэргийг өдөр сартай нэртэй устай нь тэмдэглэн үлдээснийг орчуулан сийрүүлжээ.
Тухайлбал:
– Далай лам Хөхнуур, Хөрлүг бэйсийн нутгаар дамжин Монгол нутгийн захад ирэхэд Юм бэйсийн угтуул цорж Лувсанравжаа, Ядамцүлтэм зэрэг хүмүүс ирж бараалхсан.
– “Согоо тал”-д саатах үед Халх Лувсандамдин, Юм бэйсийн хийдийн унзад угтаж авсан. Тэндээсээ “Хөх усанд“-д саатаж, 9 дүгээр сарын 17-ны өдөр Юндэн бэйсийн хийд “Самданжовдэйлин”-гийн цогчин дуганд заларч 2000 гаруй хувь төгс шавь нарт “Цэвээн-насны авшиг” хайрласан.
– “Хөх толгой”-д Сайн ноён хан аймгийн дэд Да ван, гүн Дашдорж хоёр угтаж ирсэн.
– Хорин таванд “Тасархай”-д морилов. Халх Богд Жавзандамбаас амгаланг эрж донир, зайсан, дөрвөн хаалгач нар ирж бараалхсан ба Сайн ноён өөрөө угтаж уулзжээ. Гандан-Дэдлин хийдийн ойролцоох угталгын өрөөнд залрав.
– 10 сарын шинийн нэгэнд Гандан –Дэдлин (Ламын гэгээний хүрээ) хийдэд морилж, 2357 хувраг ламд зэд түгээл, зоос хайрлажээ.
– Сайн ноён хан аймгийн нутаг “Таацын гол”-д үдлээд мордов. Маргааш өдөр нь Да Хүрээний манж амбан, Монгол амбаны элч нар ирсэн.
– “Мэргэн ус” гэдэг газар Лхарамба Лувсандорж болон Түшээт ханы элч нар ирж бараалхсан.
– Сайн ноёны хүрээ “Гандан-Цээпил-лин”-д морилон ирж шинийн найманд Сайн ноён, Гандан цээпиллин хийдийн лам нараас даншиг мандал өргөсөн. Сайн ноёны хүрээний 3000-аад шавь нарт зэд (хадаг мөнгө) түгээлгэв. “Ноён тохой”-д морилон саатаад “Ха хошуу”-г хүртэл үдэж гаргаад Сайн ноён буцсан.
– “Цэцээ мөр”-ийн газар Цэ гүн, Илдэн бэйл хоёр угтаж өөрийн хурал хийдэд залсан. Баатар гүний хүрээнд залран саатах үед Түшээ гүн, Эрдэнэ Зуугийн ламтан, Баруун хүрээ ноён лам нар ирж мөргөж бараалхав.
– “Норовлин”-д саатаж байх үед Бади бүрүлгү, Зангийн Жавтий гачин нар ирж бараалхсан.
– Замдаа “Шадав даржаа пандэлин”, “Пунцаг дэчин даржайлин” хийдийг дайрч “Баярт” гэдэг газраар дайрч, 20-ны өдөр Их Хүрээний ойролцоо ирэхэд олон зуун цэргээр угтан хамгаалуулж урин залав” гэжээ.
Далай ламтан Юм бэйсийн хошууны Амарбуянтын хийдэд морилсон тухайд Баянхонгор аймгийн Баян-өндөр сумын малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гомбын Манхан гуай “Миний сонссон буурлуудын яриа” хэмээх номдоо ийн дурджээ.
“Дээрхийн гэгээн 13-р Далай лам Халх нутагт орж ирээд, анхны заларсан хийд нь манай Амарбуянтын хүрээ байсан бөгөөд хүрээнд долоо хоног саатжээ. Энэ үйл явдал 1904 оны хөх луу жилийн намрын адаг сард болсон юмсанж. Далай ламыг Амарбуянтын хүрээний их унзад Ядамсүрэн, лавиран жасын нярав Жамсран нар хоёр хөтчийн хамт “Шар хулс” гэдэг газар угтан авч заллага айлтгаад, газарчилсаар хүрээ хийддээ залжээ. Шар хулснаас нааш Амарбуянтын хүрээ хүртэл долоо хоног явж, Далай ламын хөсөг дагуулууд нь орой эрт бууж, өглөө эрт замдаа гардаг байсан гэдэг. Далай лам Ядамсүрэн унзадыг өргөөндөө дуудуулж хүрээ хийдийн ёс жаяг, дэг журам, газар нутгийн зан заншлын тухай ихэд сонирхож асуудаг байжээ.
Нэгэн орой Ядамсүрэн унзадаар “Норовбадам” хэмээх маанийн магтаал номыг урт удаан аялгуугаар татуулан уншуулж сонсоод ихэд гайхан баясаж байсан гэдэг. Хүрээнд ирэхийн урд орой Алтан тээгт буудаллаж байхад нь Ядамсүрэн унзад Амарбуянтын хүрээний Мэргэн дүрийн хувилгаан Дүвчин дүр хэмээгч ламын зохиосон “Хөвлөг хангайн бараа”, “Харгай дүнгээ” гэх хоёр дууг дуулж өгсөн байна. Далай лам уг дуунд гардаг:
“Харгай Дүнгээ цэцэг нь
Хавцлаа дүүрээд найганаа
Хайрлаж өсгөсөн ээж минь
Хангинан дангинан суунаа”гэсэн бадгийг ихэд таалж, дахин дахин дуулуулж байжээ.
Ядамсүрэн унзадыг “Норов бадам” маань сайн татаж өгсөн, сайхан дуу дуулсанд нь Далай лам талархаж гурван ширхэг алимыг өгсөн гэдэг. Ядамсүрэн унзад тэр гурван алимныхаа нэгийг нь өөрөө хүртэж, нэгээр нь аршаан хийж бүх шавь нарт тараасан, нэгийг нь борц болгож үхэхдээ хэрэглэнэ гээд хадгалсан гэсэн яриа байдаг.
Ингэж явсаар Далай ламыг Нөрөөтийн ам хэмээх газар ирэх үед Юм бэйсийн хошууны ноёд түшмэд, дээд тушаалын лам нар, Нөрөөтийн амны урд дэнж дээр тусгай зассан талбайд угтаж авчээ. Нөрөөтийн амнаас Амарбуянтын хүрээний урд дэнж хүртэлх газрын хайрга чулууг нь түүж сайхан зам зассаны ором өнөөг хүртэл бий.
Урд дэнжээс хийдийн өргөн чөлөө хүртэл цагаан эсгий дэвсэн Далай ламыг гүн хүндэтгэлтэйгээр угтаж, сэнтийд залжээ. Далай ламын дагуул бараа бологч нарыг Лавиран жасын хашаанд барьсан 16 ханатай том гэр болон бусад гэрүүдэд байрлуулсан байна.
Далай ламын хөсөгт хоёр сармагчин, хоёр гарз нохой буюу одоогийнхоор Төвөд банхар байсныг манай хүрээ хийдийнхэн ихэд сонирхож байсан гэдэг.
Далай багш болон түүнийг дагалдан яваа мяндагтнууд ирснийхээ маргааш Цогчин дуганд мөргөл тавьсан ба манай хошууныхнаас гадна Ламын гэгээн, Дээд ван, Дайчин гүн, Дашдорж гүн, Бигэр номун хан, Ёст гүн, Элдэн гүн, Балдан засаг зэрэг хошуудаас олон мөргөлчид ирсэн байжээ. Хүрээний баруун хойт Заан толгой дээр үдэш гараад харахад газар бүхэн л галын гэрэл гялалзаж, Чингисийн их цэргийн хүрээ тэр чигтээ ирээд буудаллачихсан аятай байсан гэж хөгшчүүл хуучилдаг.
Далай лам ирсний дөрөв дэх өдөр түүний дагуул лам нар манай хүрээний лам нартай цогчин дуганд дагсал хаялцсан гэнэ билээ. Хоёр талаас лам нар ээлжлэн босож ном хаялцаад байсан чинь оройхон хэрд Төвөд лам нар босохоо байжээ. Өөрийнх нь лам нар босож ном хаялцахаа байгаад ирэхээр Далай лам өөрөө босож ном хаялцаад эхэлжээ. Тэгэхэд Далай ламын дагуул бараа болооч энгэрээ бүрхсэн цагаан сахалтай өвгөн лам уйлж байсан аж. Манай Хүрээний шавь нар
“Өндөр цагаан нь босоод ирлээ
Өвгөн сахалт нь уйлаад уналаа” гэж сэмхэн шоолж байжээ.
Сүүлд тэр өвгөн лам хэлэхдээ “Би Далай ламын хоёр дүрд нь бараа болж байгаа хүн. Өөрөө босож ном хаялцахыг үзсэнгүй учир их уярч уйллаа” хэмээн манай хүрээний Мэргэн дүрийн ламтанд ярьсан гэдэг. Тэр орой Далай ламын шадар туслах зөвлөх нар “Шашны эзэн байтлаа ямба ёсыг алдаж, өөрөө босож ном хаялцлаа” хэмээн зэмлэхэд Далай лам “Та нарыг номын хариу тавьж чадахгүй байхаар аргагүй бослоо. Энд чинь Дугар зайсангийн хувилгаан байдаг юм байна шүү дээ” гэж хариулсан гэдэг юм.
Хүрээний цагаан хашаанд “Лхас молом” хэмээх номыг Далай лам өөрөө зэд өргөл өгч хуруулсан. Лхас моломыг унзадлахыг Ядамсүрэн унзадаас Далай лам өөрөө хүсэлт тавьсны учир Ядамсүрэн унзад хурлыг удирдан уншсан гэдэг. Хуралд хурсан бүх ламд нэг хадаг, таван цэнгийн дугуй мөнгөөр зэд тавьсан. Далай лам манай хүрээнд долоо хоноод цааш морилсон. Тийн явахад нь манай хүрээний Мэргэн дүр нэг яйчил дун бэлэглэсэн. Яйчил дун гэдэг нь буруу эргэсэн далбаатай улаан ясан дун байдаг. Их ховор зүйл бөгөөд дууг нь сонссон хүн гурван муу заяанд унадаггүй гэсэн домогтой.
Далай ламыг Унтаагийн голын Хойморийн худаг хэмээх газар Ламын гэгээнийхэн угтаж авсан, Ламын гэгээнийхэн баян тарганаа гайхуулж, дөрвөн ханатай хивсэн бүрээстэй шар торгоор бүрсэн, ханыг нь мөнгөөр үдэж, тооно унийг нь мөнгөөр тоноглосон гэрт битүү хивс дэвсэж хүлээж авсан гэдэг. Гэрийн доторхи тавилга нь ч алт, мөнгө, хаш зандангаар бүтээсэн байсан юм байх. Зөвхөн шалын өр гэхэд л мөнгөөр хийж, захаар нь шүр суулгасан байсан гэж сонсогдсон.
Далай лам Их Хүрээ ортлоо манай хүрээнээс зохих тушаалын мяндагтан нарыг дагуулж явсан” хэмээн Гомбын Манхан гуай бичжээ.
Үүнээс үзэхэд Далай лам дурдсан газруудаар дайрч хөх луу жилийн өвлийн тэргүүн сарын хорины өдөр Их Хүрээнд ирсэн бөгөөд энэ нь европын тооллоор 1904 оны 11-р сарын 14-ний өдөр болж байна. Түүнийг Их хүрээнд ирэхэд Гандантэгчэнлин хийдэд Дэдэн поврон нэртэй тусгай өргөө байр бэлтгэсэн байсан ба энэ нь Гандантэгчэнлин хийдэд өнөө ч хэвээр байна.
XIII Далай ламын Монголд айлчилсан, тэр дундаа Монголын бурханы шашны их төв Их Хүрээнд айлчилж байх үеэр тохиолдсон чухал, онцлог үйл явдал бол түүнийг дагалдан явсан Төвөдийн эрдэмт лхарамба лам нар болон Их Хүрээний нэрт лам нарын хооронд болсон ном хаялцаан юм.
Бурханы шашны сургалтын тогтолцоонд дагсал хаялцаа буюу номын мэтгэлцээн нь чухал байр суурь эзэлдэг. Аль ч зиндаанд суралцаж буй хувраг, лам өдөр бүр үзсэн номоо бусадтайгаа харилцан мэтгэлцэж зөв гаргалгаа, шийдлийг олж авч байдаг. Ном хаялцаангүйгээр бурханы шашны сургалтыг төсөөлөхөд бэрх юм. Сурсан зүйлээ дүгнэн томъёолж бусдаас асууж, хариулт, тайлбар авах байдлаар мэдлэгээ батадгаж авдаг сургалтын өвөрмөц арга барил юм. Мөн нөгөө талаас дэг сургууль ялгалгүй аль дэвшилтэт, шинэлэг мэдлэг ухаан бүхий хийд, лам нараасаа ном хаялцах, шавь орох хэлбэрээр байнга суралцаж байдаг гайхалтай ардчилсан зарчим бурханы шашны дэг урсгалуудад байдаг. Энэ уламжлалаар алс холоос ирсэн Төвөд эрдэмтэн лам нартай Монгол лам нар ном хаялцаж харилцан суралцахыг зорьж байсан нь лавтай юм.
Энэхүү ном хаялцааны талаар Ц. Батбаяр, Д.Гомбосүрэн нар сонирхолтой мэдээ, баримт дурдсан байдаг.
“Далай лам Их Хүрээнд олон мөргөлчдөд мөргөл хайрлаж, ном айлдсанаас гадна өөрийн дагуул лхарамбуудыг Их Хүрээний эрдэмтэн лам нартай ном хаялцахыг даалгажээ. Энэхүү ном хаялцах мэтгэлцээнд Төвөдийн талаас Далай лам, Жүд хамба, Дүлба хамба, Мянаг Ёндон тэргүүтэй лхарамбууд, Монголын талаас Ханд Чин вангийн Дандар аграмба, Сүнгийн аймгийн анги гэвш Шагдар, Дарва бандид Агваанчойнжирдондов, нүүрний анги гавж Цэрэндорж, анги Чогзов, Сартуулын хошууны гавж Доржбал, Номун ханы аймгийн Шарав, Дайчин бэйсийн ихэр Самдан, Андуу нарын аймгийн Содномжамба, Өөлд Содов, Яруугийн хүрээний Чүлтэм аграмба, Хардал бэйсийн Пунцаг аграмба, Тойсамлингийн аймгийн гавж Самдан зэрэг 10 гаруй хүмүүс оролцсон хэд хоногийн номын мэтгэлцээн болсон байна.”
Энэ номын мэтгэлцээнд Монголын талаас оролцсон лам нарын дотроос Хардал бэйсийн оготор хэмээх Пунцаг аграмбын “Хоржүр дэнбэрэл” хэмээх дагсалыг Төвөдийн эрдэмтэн лам нараас хэн нь ч хариулж чадаагүй байна. Хожим XIII Далай лам Лхастаа эргэж очоод “Ганжуур” цээжээр мэдэх Дарамлочин лхарамба гэгчийг зориуд тохоон томилж Монгол руу илгээсэн байна. Тэрбээр Монголд ирж дээрхи мэтгэлцээнд оролцсон лам нартай уулзжээ. Тэр үед оготор Пунцаг аграмба таалал төгссөн байсан учраас уулзаж чадаагүйдээ маш их харамссан гэдэг яриа буй. Пунцаг аграмбын тэрхүү “Хоржүр дэнбэрэл” хэмээх дагсал өнөө үед мэдэгдэхгүй болжээ хэмээн лам нар одоо ч ярьж байна.
Далай лам Монголд байхдаа Дарва бандидтай номын мэтгэлцээн хийж, “Нинж бодь сэтгэлийн тухай” ярилцжээ. Дарва бандид нинж бодь сэтгэлийн талаар гүн судлан үзсэн байсан тул Далай лам түүнийг онцгойлон сайшаасан гэдэг. Дарва бандид Заяын хүрээнд домын дамжаагаа барьж гэвш цол хамгаалсан хүн юм. Тэр үед Зая гэгээн Дарва бандидад “Чи “Үман-жүг” шастирын доторхи нинж сэтгэлийн талаар өгүүлсэн бүлгийг сайн судлаж үзээрэй” гэж захисан байсан. Дарва бандид энэ номын маргалдааны дараа Зая гэгээн багш минь миний алсын хэргийг мэдэж “Нинж сэтгэлийн бүлгийг үзэхийг захиж байжээ” хэмээн дурссан байдаг. Тэр ном хаялцсан мэтгэлцээнээр Далай ламыг дагаж ирсэн лхарамбууд Монголын гэвш нараас давж ном хаяхгүй байсан байна. Далай лам лхарамбууддаа “Сэнбрэй гэсүмийн нэр гутаалаа” хэмээн зэмлэж, монголын гэвш нарт үлэмж баяссан зарлиг буулгаж, хятад руу хоёр соронзон хайрцаг буюу дуу хураагч захиж авчруулан Хүрээний хоёр дацангийн сайн гэвш нарын дагсал номын хаялцааг дуу хураагуурт бичиж, хожим Төвөдэд очсон хойноо Сэнбрэйгэсүмийн лам нарт сонсгон үүнд хариулж чадах сайн лам хэн байна хэмээн асууж байжээ. Сэнбрэй гэсүм гэдэг нь Төвөдийн Гэлүгбийн сургалтын гол гурван хийд Сэра, Брайбүн, Гандан хийдийн товчилсон нэр юм.
Далай ламыг дагаж явсан, өөрөөр хэлбэл дагуулж ирсэн Агваан лхарамба өөрийн намтартаа дээрх мэтгэлцээн, номын их баяр хуримын талаар өгүүлсэн нь:
Хамаг амьтан гайхамшиг сүслэн
Ханатал номын рашааныг хүртвэй.
Гандангийн хоёр дацангийн
Гайгүй сургуультан бүгд
Гайхамшигтай баяр сэлт өдөр бүгд
Гагц хоёроор ч таван ботийн
Алин нэгнээс эш ухааны асуулт
Айлтгахуйд түрвэл үгүй хариуг
Айлдан хайрласан дор бүгд бээр
Аяа, хамгийг айлдагч мөн ажгуу хэмээлдмүй” гэжээ.
Далай лам Түвдэнжамц Их Хүрээнд өвөл хавар зуныг өнгөрөөж, хөх могой жилийн намрын дунд сард Хүрээнээс Ханддорж чин вангийн хүрээ тийш заларчээ. Ханд вангийн өргөөнд заллага айлтгасан хүн нь Чин вангийн Дандар аграмба байжээ. Тэрбээр Их Хүрээний номын мэтгэлцээнд оролцох үеэрээ Далай ламд мөргөж, Чин вангийн хүрээнд морилохыг урьсан байна. Далай ламын Их Хүрээнээс заларч явсан өдөр нь 1905 оны 9-р сарын 15 байсан гэж түүхийн бичигт тэмдэглэсэн байдаг. Жамбал донирын ярианд тэмдэглэсэн нь: “Далай лам намрын дунд сарын 16-нд Ханд вангийнд залрах болов. Ханд вангийн багш Дандар аграмба гэдэг лам ирж, Далай ламд мөргөөд, Далай ламыг нутагтаа залрахыг урьсан юм. Тэр Дандар аграмбыг их эрдэмтэй хүн гэлцдэг билээ. Далай ламыг Ханд вангийнд залрахад хоёр зуугаад тэмээ ачаа явсан. Сүүлд нь Далай ламыг буцаж залрахад нэмж 100 гаруй тэмээ ачаа явсан. Түүнд өргөө тугдам элдэв зүйлийг ачсан юм” гэж хуучилжээ.
Далай лам хожим “Да хүрээ дэх өвөл Лхасын өвлийг бодвол маш хүйтэн байсан” гэж дурсан ярих дуртай байжээ. Мөн бас Их Хүрээний лам хувраг нарын тооны талаар ингэж дурссан яриа буй. “Далай ламыг Төвөддөө эргэж очиход нь Төвөдийн лам нар “Халхын Да Хүрээний лам нар хэр олон юм байна гэхэд Далай лам “Да Хүрээний лам нарын дэргэд манай Сэнбрэйгэсүмийн хуврагууд тэдний манж, цав зөөдөг хүүхдүүдийн тоотой л тэнцэх юм байна. Тэдний Хүрээ маш их ламтай юм” гэж айлдсан гэдэг.
Түүхч академич Ж.Болдбаатар Вангийн хүрээнийхэн Далай ламыг хэрхэн хүлээж авсан тухай судалсан. Нутгийн алдартай баян Бавуу Далай ламын залрах өргөөний бүх тавилга хэрэглэлийг гаргаж, Вангийн хүрээнд байх үеийн зардлын нэлээдгүй хэсгийг даасан томоохон өглөгийн эзэн байжээ. Далай ламд бэлтгэж зассан өргөөнд хаш ширээ, хаш аяганы иж бүрдэл, алт мөнгөн багвар, завъяа, аяга таваг тэргүүтэн байжээ.
1905 оны намрын дунд сард Вангийн хүрээний өмнөх Өндөр хөтөл дээр тавцан засаж, голд нь Далай ламд зориулсан сэнтий суудал байрлуулжээ. Өндөр хөтлөөс Хүрээний төв хүртэл 3 км орчим зайд 1000 цагаан эсгий зулжээ. Дэвссэн эсгийн хоёр талаар лам хар, олон ардууд эгнэн зогсож, Далай ламыг морилон ирэхэд Ханддорж чин ван, Дандар аграмба нар Далай ламын амгаланг айлтгаж, хадаг өргөн, адис аваад тусгай тавцанд зассан сэнтийд залжээ. Далай лам тэнд цугларсан хүмүүст тарнийн номын лүн соёрхсон байна. Хүрээний цогчин дуганы ар талд Далай ламд зориулж арван ханатай, шар торгон бүрээстэй өргөөг засаж барьсан байжээ. Мөн нэгэн их сүмийг Далай ламын ном айлдах өргөө болгон засчээ. Дараагийн өдрүүдэд Ханд чин ван, Дандар аграмба нар Далай ламыг залан явж, Хүрээний баруун талд байсан хиймэл уулан дээр барьсан “Диваажин” хэмээх уран гоёмсог сүм, наян тохой Майдар бурханы хөргийг үзүүлж, мөн тэндээс Байшинт уулын аманд маллан үржүүлж байсан буга согоо зэргийг үзүүлж сонирхуулсан гэдэг.
Далай лам тэр жилийн өвлийг Вангийн Хүрээнд өнгөрөөсөн байна. Энэ үед Вангийн хүрээ 3000 орчим ламтай, хорь орчим модон дугантай, гэрүүд маш олонтой тийм хүрээ байсан гэж түүхэнд бичжээ. Мөн түүнчлэн тэр хүрээнд 150 орчим Төвөд, түүнээс 30 орчим нь дээд зиндааны эрдэмтэн лам нар, 50 орчим жирийн лам нар, бусад нь үйл ажилд тусалдаг Төвөдүүд байсан гэж энэ үеэр Ханд вангийн өргөөнд ирсэн Буриадын эрдэмтэн Базар Барадин буюу Барадийн Базар хэмээгч тэмдэглэсэн байдаг. Базар Барадин Далай ламыг дагаж ирсэн Төвөдүүдийн талаар бичихдээ “Тэдний зан чанар нэг талаас хөнгөн хуйсгануур боловч нөгөө талаас сэтгэлийн их тэнхээтэй, ямар ч хатуу хүтүүг тэсэн туулах чадвартай. Аливаа юмыг нягтлан бодож, системчлэх дуртай, тэгээд ч бурханы шашныг тун амархан хүлээн авч өөрийн нутагтаа нутагшуулсан болов уу” гэж бичсэн байдаг байна.
Далай лам энд өвөлжөөд Бээжингээр дайрч Төвөддөө буцахаар болжээ. Тийн залрахдаа тэрбээр Зая бандидын хүрээ, Эрдэнэ Зуу хийд, Сайн ноёны нутгаар дамжин, Бээжин орж тэндээсээ Гүмбүм, Утайгаар ороод, Лхастаа хүрсэн байна. Агваан лхарамба шүлэглэсэн намтартаа:
Эрт цагт тустай садан боловч
Энэ цагт хортой Хятадын Бээжинд
Залрах сэдэлгэтэй болоод
Замын зуур Ханд вангийн хүрээ ба
Зая бандидын хүрээ, Сайн ноёноор
Зарлигийг хүлээн Гүмбүмээр…залраад” гэж дурджээ.
Далай ламыг буцаж морилоход Ханд ван өөрийн хүүг бараа бологч нарын дунд оруулан хамт явуулжээ.
Өвгөн Жамбалын ярианд:
… “Тэнд (Вангийн хүрээг хэлж байна) Далай лам өвөлжөөд, хавар нь Заяын хүрээн дээр зусаад, намар нь Бээжинд заларсан юм. Заяынд залрахдаа Ханд вангийн нэг хар хүүг дагуулж яваад Бээжинд явахдаа мөн дагуулж явсан юм гэнэ. Далай лам дагуулж явсан Ханд вангийн хүүг Бээжинд үлдээхдээ “Даруй нутагтаа буцаарай” гэж захиад Баруун Зуу Лхас руу явжээ. Гэтэл тэр хар хүү нь Монголд буцсангүй”гэсэн байдаг.
Хятадууд, Далай ламыг өөрийн хүрээндээ залж аваачин өвөлжүүлж, түүнтэй Монголын тусгаар тогтнуулах асуудлыг зөвлөлдөж байсанд өширхөж Ханддоржийн хүүг Бээжинд байхад нь барьж хороосон тухай мэдээ түүхэнд үлдэж хоцорчээ.
Далай лам Заяын хүрээнд 3 долоо хоносон бөгөөд 1906 оны 7 сарын 5-нд хошуу ноёд Цам болон наадам хийж, аян замын ая даах шилдэг сайн морьд бэлэглэсэн гэдэг.
Арвангуравдугаар Далай лам Түвдэнжамцын айлчлалтай холбоотой мөн нэгэн сонирхолтой баримт байдаг нь тэрбээр Сайн ноёны хүрээ Ганданцэнпиллин хийдээр дайрч өнгөрөхдөө Сайн ноён хан аймгийн Ганданпунцоглин хийдийн жаягийг тус хийдийн газраа зохиосон явдал юм. Тус жаягийг энд бүрнээр сийрүүлбэл:
“Монгол оронд залраад байсан XIII Далай Түвдэнжамц гэгээнтнээ Сайн ноён хан, дэд даа, жанжин гүн нараас гуйн айлтгаж гал морин жил буюу 1906 оны намрын эхэн сард Сайн ноёны хийд Ганданцэнпиллинд (Сайн ноёны хүрээ буюу Уянгын хүрээ) зохиолгосон Ганданпунцоглин хийдийн цогчин чойрын жаяг
Ганданпунцоглин хийдийн цогчин чойрын жаяг аврал итгэл Түвдэнжамц бээр зохиов.
Ум сайн амгалан болтугай
Ертөнц үүнээ цагаан лянхуа мэт сайшаагдсан Шигэмүнийн эрхэт
Майдар болон Манзушри, зургаан чимэг, хоёр дээд тэргүүтэн
Ялгуусан хоёрдугаар эцэг хөвгүүн дамжлага сэлтийг
Бодь хутгийг олох хүртэл зүрхний лянхуад тахимой.
Ялгуусны хөвгүүний хотол явдал, дээд номыг барихын төв
Ариун гурван суртгаалт хуврагийн ариун цэвэр явдлын
Авах орхихын цааз хууль ёсыг бичсүгэй.
Буяны цагаан зүгийг тэтгэгч бүгдээр
Өлзий хутгыг өгөгтүн хэмээх тахилын үгийг өмнөтгөл болгосноос Ганданпунцоглин хийдийн хурал чуулган нугуудаас авах орхихыг ямар мэт үйлдэхийн журам цаазын бичиг бүдүүвч хураангуй төдийхнийг энд бичвэл: Богд Зонховын зарлигаас, ертөнц болоод ертөнцөөс хэтэрсэн сайн буяны эрдэм бүхний үндэс ачтан багш хэмээн айлдсан мэт сайн чуулган бүхний суурь шүтээн болвоос гагцхүү буяны багш садныг санаа барилдлага хоёроор ёсчлон шүтээд, гурван үүдийн тахилаар баясган бүтээхэд харгалзах учир, тэр ч энэ хийдэд анхлан хуврагийн номын үүдэнд орохын үед хуврагийн шүтэн барилдлагыг бүрдүүлж, өөр өөрийн багш ламыг сонгож авна. Тойн, хувраг болоход саадтай, саадгүйг сайтар шинжил. Хувраг болоход харшлалгүй болвоос ёс дагуу хувраг болгож суулга. Хуврагийн сахилтан биш болвоос бусад хувраг лугаа хамт ном болон эд барааг эдлэж болохгүй. Түүнд хийдийн дацангийн дэглэм журмын бүхий л явдал, ахмад лам хуврагийг бишрэн хүндлэх тэргүүтэн багш садныг ёсчлон шүтээд, их шүн номуудыг сонсох санах тэргүүтнээр хурал, чойрт ёсчлон суралцахыг эрхэмлэхээс гадна, хороо, хотоор хэсүүчлэн тэнэх, өөрийн төлөө худалдаа хийх тэргүүтэн гэргийтнийг залхааж, хүний биеийг хоосон өнгөрүүлэлгүй, гаднаа шарваагын явдалтай, дотроо хоёр зэргийн егүзэрийн явдлаар явж, цаг бүхнээ сэрэмжтэй суу. Хуврагийн дотоод цааз, хуулийн зүйлийг өөрийн талаас лавлан шинжилж амлан авах, лам багшийн зүгээс номын хууль журмаар зарлиглан гардана. Сэрэмжгүйгээр хар архийг уух зэргээр нүүргүй үйл үйлдвээс хийд орноос хөөн гаргана. Эд хишиг, эрх мэдэл горилсон өөр бусад хийдээс хөөгдсөн, садар самуун явагсдыг хийд үүнд суулгаж болохгүй. Хувраг ширүүн, зөөлөн, өндөр, нам хэн ч болов өөрийн ачит эх байсан ч хийд сүмийн хүрээнд бүсгүй хүмүүсийг оруулж, дураар хонож өнжүүлж болохгүй. Өглөгийн эзэнд их хэрэгтэй зүйл болвоос хийдийн хамба хэргэмтнээс айлтгал, зөвшөөрөл авна. Аливаа ёс дэглэмийг зөрчсөн хуврагийг шийтгэхдээ цанид, жүд, дүйнхор дацангийн багш, хийдийн да лам, цогчин хоёр гэсгүй, дэмч сэлтээс эрхлэн үйлдэхээс бус төрийн ноён бээр шүүж шийтгэж бүү үйлд. Цогчин хурлын хоёр гэсгүй чойр дацангийн залуу гэсгүй нар хуврагуудад номын жаягийг сонсгон таниулж гажих зүйл огтоос гаргуулж үл болно. Их хүрээний мяндагтан, Лавран, Гүмбүм хийдийн ихэс лам нар, Да хүрээ, Гандантэгчилин хийдийн гавж зэрэг госоо суудал өндөртэй чойрын таван ботийг эцэст хүртэл судалсан гавж нарыг дээд суудалд залан суулгаж хийд дацангийн зэд түгээлийг өгөх ба ноёдын алба сэлтэд үл оруулна. Нагаржуна богдын зарлигаас шагшаабад нь уг хийгээд газар мэт эрдэм бүхний суурь мөн гэж айлдсан мэтээр эрдэм бүхний суурь болсон шагшаабадын суртгаал их эрдэмд шамдан хичээх хэрэгтэй бөгөөд гэцэл, гэлэн бүгд өөр өөрийн ам авсан ангид гэтлэх бодьсадва нууц тарнийн суртгаал шагшаабадыг суурьлан барьсны дээр магад гарах, бодийн сэтгэл, үнэн үзэл гурвын үүднээс хоёр зэргийн егүзэрт хичээхийг онцлон ав. Үндсэн дөрөв лүгээ архиар эс халдааж үйлдэх, хэрүүл тэмцэл, наадам, шоо, шатар, тамхи тэргүүтэнд машид цээрлэн үйлд. Цанид дацангийн онцлог дэглэм хотол явдал, номын завсарлага, ном номлох, сонсох тэргүүтэнг Бэрээвэн хийдийн Даш Гоман дацангийн журмаар суурьлаж номын хэслэгийг арван хүн дөрвөн жилийн турш хурлыг нэг ч үл таслана. Мөн тэдгээр хуврагуудад хийд болон иргэний талаас алба өргөх зүйлгүй. Гавжийн дамжааг магадтай хоёр өдөрт багтаан бариулах хэрэгтэй. Өглөгийн эзэн сүжигтэн нараас амьд үхсний буяны язгуурын тухайд зэд погийг авахаас бус дээрмийн зүйлийн өглөг, авлага, мэлзээ, хонжооноос ирснийг авч үл болно. Түүнээс ч ном төгөлдөр үйлийн замаар одоход харшлах хамаг шалтгааныг арилгах бөгөөд зохилдох шалтгаан болсон, нас буян цог баялгийг дээшид арвижуулахын арга гурван эрдэнийг тахих мөргөх, мандал өргөх, унал наминчлах, зуун үсэгт тарни тэргүүтнийг тоолох, нямба бүтээл хийх үүднээс буяныг хурааж, нүглийг арилгахад шамдах нь маш их хэрэгтэй. Мөн хийдийн үйлчний зүгээс жаяг хуулийн зүйлийг ёсчлон биелүүлж, жил бүр анхны сараас арван хоёрдугаар сар хүртэлх сар тус бүрийн доторхи өргөл, тахилын хурлын уншлага, сахиусны хангал балин өргөх бэлтгэл, цамын тиг татах, ян дан зэргээр жишиж өөр бусад бүгдийн энэ хойдын буян чуулган болж одох мутрын авлага асар ариунд шамдах хэрэгтэй болой. Амьтны зовлонгийн гагцхүү эм, амгалан бүгд гарахын орон, шашин олз лүгээ хүндлэл сэлтээр өнөд орших болтугай. Тус амгалангийн суурь үүд Шигэмүнийн шашин дэлгэрч, төрөлхтөн ардууд ч дээдийн номыг эдлэж, зохилдлогогүй хөнөөл, гутамшиг бүхэн амирлаад, өлзий буяны сайн амгалан бүхэн дэлгэрэх болтугай. Ялгуусан бурханы мэлмийн өмнө чадагчийн дээд шашныг сахъяа хэмээн ам авсан тангарагтны чуулган бээр ч, багш шавь хурсан хуврагийн аймаг лугаа сэлтийг сахин аварч үйлсийг алгасралгүй зохио хэмээн Ганданпунцоглин хийдийн жаяг, Сайн ноён хан, дэд даа, жанжин гүн нараас гуйн айлтгасан тул ялгуусны шашин их эрдэнийг улам дээш арвитган түгээж дэлгэрүүлэхийн үйлдэгч олон хувраг ба тушаалт ноён бүгдээр хэдий чинээ болтол энэ хэргийг урвуулалгүй сууриас барьж шулуун оршоохын үргэлжлэлийн буй болгох буй заа. Гал морин жилийн дошин сарын суудал буянт өдөр Сайн ноёны хийд Ганданцэнпиллингээс бичив” гэжээ.
Далай лам Түвдэнжамц гэгээний Монголд айлчилсан үйл явдал нь Далай ламын алсын хэрэг зорилгод бүтэмж өгөөгүй боловч Монгол, Төвөдийн лам нарын ном хаялцаанаар Монголын бурханы шашны сургалт, лам нарын эрдэм мэдлэг нь Төвөдтэй өрсөлдөхүйц Дотоод азийн нэгэн томоохон төвийн хэмжээнд хүрснийг харуулсан. Хожим 1911 онд Монгол улс Тусгаар тогтнолоо олж, Богд хаант Монгол Улс байгуулагдахад Төвөд Улс Монголын тусгаар тогтнолыг нэн тэргүүнд хүлээн зөвшөөрч, 1913 онд найрамдлын гэрээ байгуулсан. Мөн Далай ламын гэгээнийг Монгол нутагт хоёр жил саатуулан суулгаснаар Монголчууд, Дээрхийн гэгээнийхээ амь биеийг хамгаалан сахиж чадсан байна.
Ж.Ерөөлт ШУА, Хэл Зохиолын Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан
Ашигласан ном сурвалж:
1. Ц.Батбаяр, Д.Гомбосүрэн “Монгол ба Төвөд XX зууны эхний хагаст: XIII Далай лам Түвдэнжамц Монголд заларсан түүх” УБ., 2009 он.
2. Гомбын Манхан. “Миний сонссон буурлуудын яриа” УБ., 2010 он.
3. Ц.Дамдинсүрэн. “Өвгөн Жамбалын яриа”, УБ., 1986 он.
4. П.Лхам. “Хүрээ хийдийн жаяг” УБ, 2011 он.
()
Discussion about this post