ХАЛХ ТҮМНИЙ УГСАА ГАРАЛ БУЮУ ХҮННҮЧҮҮДИЙН ХОЙЧИС ХЭРЭЙД, НАЙМАН, МЭРГЭД, БАРГУ...
Дунд орны түүх бичлэгт НОТ-оос урьдах 318-р оны үйл хэргийг үгүүлэх нэгэн хэсэгт анх Хүннү гэж дурдагджээ.
Жужан төрийн хүн амын үнэмлэхүй олонх нь хүннүчүүд байсныг, Түрэг төрийн хүн амын үнэмлэхүй олонх нь хүннүчүүдийн хойчис байсныг, Уйгур төрийн хүн амын үнэмлэхүй олонх нь уйгурчууд байсныг, уйгурчууд нь Хүннүгийн хойчис болохыг, Их Монгол төрийн хүн амын үнэмлэхүй олонх хэрэйд, найман, мэргэд, баргу Хүннүгийн хойчис болохыг түүхэн бичлэгээс хөдөлшгүй баримт цуглуулж та бүхэнд бид хүргэсэн билээ.
НОТ-оос урьдах 318-р оноос НОТ-ын 1311-р он (Хэрэйд, Найман, Мэргэд, Баргу ард түмний тухай дэлгэр мэдээлэлтэй “Судрын чуулган” бичигдэж дууссан он) буюу 1600 гаруй жилийн хугацаанд Үтүгэн нутагт Хүннүчүүдийн хойчис аж төрсөөр байжээ.
1600 жилийн хугацаанд Хүннүчүүд ба түүний хойчис Үтүгэн нутаг буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй нутгаас хаашаа ч яваагүй, уг нутагтаа солигдох олон төрийн доор аж төрсөөр байжээ. 1311-р оноос хойш өнөөг хүртэлх 713 жилийн хугацаанд Хүннүгийн хойчис буюу Хэрэйд, Найман, Мэргэд хаачив? Хүннүгийн хойчис 1206-р онд шинэ төрийнхөө хүн амын ээлжит босоо хуваарилалтад өртөөд Хэрэйд, Найман, Мэргэд нэрээ үгүй болгожээ.
ШИНЭ ТӨРИЙН ЭЭЛЖИТ БОСОО ХУВААРИЛАЛТ
XIII зуунд Хамаг монголчууд Хэрэйд, Найман, Мэргэдийг хураасны дараа хүн амыг нь шинэ төрийн ээлжит босоо хуваарилалтад оруулсныг “Алтан дэвтэр” буюу хожим “Монголын нууц товчоо”-ны 202-р зүйлд бичжээ. 1206-р он буюу барс жил Онон мөрний тэриүнэ шинэ төр үүсгэгчид хурж, Чингис каганд хаан цол өгч, Үтүгэний буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгийн үндсэн хүн амыг шинэ төрийн босоо хуваарилалтад оруулжээ.
Босоо хуваарилалт нь хуучин төрийн нум агшаагч эрчүүдийг нийгэм байгууламжаас нь буюу овог, аймгаас нь салгаж, нэг мянгат бүрээр багцлаад, тэдгээрээ арван нэг зуут бүрээр багцлаад мянгатын ноёд, зуутын ноёдыг томилж, тийнхүү хүн амаа хуваарилах нь шинэ төр бүрийн үйл болно. Өөрөөр хэлбэл, босоо хуваарилалт нь шинэ төр бүрээс зайлшгүй хийдэг удирдлагын аргачлал бөгөөд шинэ төрийн эзэн өөрийн янагуудад [дотны үнэнч хүмүүст] хураасан ард түмнээ хуваарилаад, тэднээр удирдуулах төрийн үйл болно. Босоо хуваарилалтын үр дүнд, шинэ төрийг үүсгэгч хаан шинэ улсаа өөрийн биеэр удирдаж буй мэт удирдаж чаддаг байжээ.
Өрхийг ямар ч хүн амын хуваарилалтаар задлахгүй. Босоо хуваарилалтын үр дүнд хуучин төрийн захиргаа үгүй болно. Хүн амын босоо хуваарилалтын үр дүнд төр захиргаа солигдох боловч ард түмэн эс солигдоно.
Хүннү, Жужан, Түрэг төрийн үед “Босоо хуваарилалт”-ыг буюу хүн амыг нэг мянгат, нэг зуут болгож хувиарласан түүхэн баримт эх сурвалжид бий. Үтүгэн дэх ард түмэн шинэ төр үүсэх бүрд хүн амын босоо хуваарилалтад ордог тул “дахин” гэх ухагдахууныг үүссэн шинэ төрд биш, Хүннүгийн хойчис Үтүгэний ард түмэнд хэрэглэв.
Их Монгол төрийн хүн амын босоо хуваарилалт “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид маш тодорхой бичигджээ.
Их Монгол төрийн мэдэлд орших Эсгий туургатан иргэдийг [цэрэгт морьдох эрсийг] нэг мянгат бүрээр 95 багц болгоод 89 ноёнд хуваарилжээ. Эдгээрээс 85 ноён бүрд нэг мянган нум агшаагчийг (иргэнийг), Алч хүргэнд 3 мянган нум агшаагчийг, Буту хүргэнд 2 мянган нум агшаагчийг, Алагуч дигит, Кури хүргэн хоёрт тус бүр 5000 иргэнийг [нум агшаачийг] хуваарилжээ. Алч хүргэн, Буту хүргэн, Алагуч дигит, Кури хүргэн хоёрт хуваарилсан нэг түмэн иргэд нь Үтүгэний хүн амд орохгүй. Үтүгэн дэх Хүннүгийн хойчис ард түмнээс 85 нэг мянгат үүсжээ.
Хүн амын босоо хуваарилалтад Хүннү, Жужан, Түрэг, Уйгур, Их монгол төрийн төв, хүн амын нягтаршил хамгийн их, бэлчээрийн мал аж ахуйн өлгий нутаг, өнөөгийн халх түмний дээдсийн нутаг болох Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав үеэс үед өртөж байжээ.
1206-р оны хүн амын тоо нь 95 000 нум агшаагчийг тавд үржүүлэхээр (мал аж ахуйтан нум агшаагч иргэн болон хүн амын тооны харьцааг “СИЭ” эртний сурвалжаас 1:5 гэж гаргасан бөгөөд энэ тухай мэдээлэл хүргэсэн) 475 000 орчим болно.
Үтүгэн дэх ард түмний тоог нийт 95 000 нум агшаагчаас хонгирад, онгут, икирис, ойн иргэдийн тоог буюу 10 000 нум агшаагчийг хасаж гаргах бөгөөд энэ нь 85 000 нум агшаагч болно. 1206-р онд Хүннүгийн хойчис ард түмний тоо нь 425 000 болно. VII зуунд Түрэг төрийн үед Тэлэ ард түмний хүн амын тоо 550 000 байсныг доорх баримтаас харна уу.
“Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүншээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон ажээ. Ду Ло хэ (Туул) голын хойгуур Пү Гү, Тун Ло, Вэй хэ, Ба е гү (Баргу), Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ. Мэн чэн, То Рү хэ, Жин ши, Хун Ху ше зэрэг олон овог буй. Цэрэгт мордох эр хоёр түм бий. И у-гаас барууншаа Ян чэ-гээс хойшоо, Цагаан уулын хажууд Чи би, С-но, Н хэ, У ху, Чи гү, Е ши, Ю ни гү зэрэг буй. Цэрэгт морьдох эр хоёр түм буй. Алтан уулын баруун өмнө Шю ян то, Үи лэ до, Ши пань, Да чи зэрэг буй. Түмэн өнгөрүү цэрэгтэй. Кан го уулын хойд, А дэ шэ голын хажууд Хэ ши, Хэ жэ, Ба ху, Бин ган, Жу хай,Хэ би шу, Хэ цай сү, Ба е мо, Хэ да зэрэг буй. Цэрэгт морьдогчид гурван түм буй. Ду ни хай-н зүүн, баруунд Сү лэ жэ, Сан сү ян, Ме чү, Са ху зэрэг олон овог буй. Бараг найман мянга илүү байна. Фэй лин-гээс зүүнш Эн чү, Ан лан, Бэй ру, Жю ли, Фу вэн, Хун зэрэг буй. Бараг хоёр түмэн хүнтэй. Хойд далайн умард Дү ло зэрэг буй. Овгийн нэр нь зүйл бүрийн боловч бүгдийг нь Тэ лэ гэдэг. Ахлагчгүй, зүүн баруун хоёр түрэгт харьяалагдана. Нэгэн газар суудаггүй. Ус өвс даган нүүдэллэнэ. Онож намнахдаа сайн, өлөрхөж хэтэрхий шунана. Дээрэм тонуулаар амжиргаагаа тэтгэдэг. Тариалдаггүй. Үхэр ихтэй, адуу багатай” гэж “Умард төрийн түүх дэх Түрэг Тэлэ” шастирт бичжээ.
Нийт цэрэгт мордох эрсийн тоо арван нэгэн түм буюу нэг зуун арван мянган эрс тоологджээ. Нийт Тэлээчүүдийн тоо эмс, хөгшид, багасыг нэмэн оруулахаар 55 түм буюу 550 мянга орчим болно.
Халх хүн таны XIII зууны дээдэс, XIII зуунд үүссэн шинэ төрийн босоо хуваарилалтад орсон Хэрэйд, Найман, Мэргэд ард түмэн болно.
ЗАХИРГААГ НЬ ХАДГАЛЖ УДИРДАХ ТӨРИЙН АРГА БАРИЛ
Мал аж ахуйтан ард түмнээс шинэ төрдөө Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй нутгийн хүн ам босоо хуваарилалтад зайлшгүй өртдөг бол мал цөөн, хүн ам цөөн, эдийн засгийн чадамж доогуур хязгаар нутгийн ард түмний захиргааг нь хөндөхгүйгээр өөрийн удирдлагыг томилж захирдаг байжээ. Захиргааг нь хадгалж удирдах аргыг Түрэг төрийн үед хэрэглэж байсан баримт бий. Түрэг төр дорно зүгт орших Шивэйчүүдэд гурван тоотон түшмэл томилж, тэдний хүн ам, малын тоо, үйлдвэрлэх төмрийн хэмжээг авч, татвар тогтоож, цэрэгт эрчүүдийг нь татаж ажээ. Шинэ төр бүр алс орших, өөрийн онцлогтой, хүн ам цөөн ард түмнийг зардал, бэрхшээл бага, тодорхой үр өгөөжтэй захиргааг нь хадгалах аргаар удирддаг ажээ.
Захиргааг нь хадгалж удирдах төрийн үйлд овог, аймгийн бүтэц үл хөндөгдөнө. Үүний тод жишээ нь Баргу буюу Барга ард түмэн болно.
659-р оны “Умард төрийн түүх дэх Түрэг, Тэлэ” шастирт гарах Баргу (Барга) 拔野古, ард түмнийг “Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүншээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон аж. Ду Ло хэ (Туул) голын хойгуур Пү Гү, Тун Ло, Вэй хэ, 拔野古 Баргу, Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ.
945-р оны Хуучин Тан төрийн түүх Уйгурын шастирт “Уйгурын, дээдэс нь Хүннүгийн хойчис бөлгөө. Урьд Вэй улсын үед Те лэ аймаг гэсэн нэртэй байв. Тэ лэ-д анх По гу, Тун ло, Уйгур, 拔野古 Баргу, Гай ло бу байв. Сы жин гэж нэрлэж байгаад хожим Уйгур болсон ажээ”.
XIII зууны “Алтан дэвтэр”-т Баргун, Баргужин орон гэж гарна.
XIV зууны “Судрын чуулган” номд баргу овогтон Баргуджин токумд аж төрнө гэж бичжээ.
Өнөө XXI зуунд Баргужин тохомдоо үлдсэн барга ард түмэн аж төрсөөр байна.
ЗАХИРГААГ НЬ ХАДГАЛЖ УДИРДАХ ТӨРИЙН АРГА нь Үтүгэнд төр солигдох үед биш хаан солигдох үед бас хийгдэнэ.
Нийтлэлийн бүрэн эхийг https://sergelen.org/post/ed726a2e… энэхүү линкээс ухаарай!
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
()
Discussion about this post