Рашид ад-Дин (1247 он — 1318 онд амьдарч байсан. Персийн төрийн зүтгэлтэн, эмч, эрдэмтэн; Ил Хаант Улсын шадар сайд (1298—1317)-аар ажиллаж байв.
Монголын Абаха хааны үед төрийн ажилд орж (1265—1282), Махмуд Газан хааны үед (1295—1304) эдийн засгийн асуудал эрхэлсэн тэргүүлэх түшмэл болсон. Өлзийт хааны үед (1304—1316) үндсэндээ улс удирдах нэгдүгээр хүн болсон байна. Харамсалтай нь, Абу Саид Бахадур хааны үед (1316—1335) улс төрийн зөрчилдөөний үед эрх мэдлээ алдаж, худал хилс мэдүүлгээр буруутгагдаж цаазлуулсан байна.
Рашид ад-Дин бол Монголын Эзэнт Гүрний Ил Хаант Улсын түүхийн талаар М.Газан хааны тушаалаар перс хэлээр “Жами’ ат-таварих” “Судрын чуулган” хэмээх түүхэн сурвалж бичиж үлдээсэн юм. Мөн Рашид ад-Дины захидлууд түүхийн чухал эх сурвалж болдог.
Газан хаан олон хэл мэддэг бөгөөд түүх судалдаг өндөр боловсролтой хаан байсан тул өөрийн улсын түүхэнд чухал ач холбогдол өгдөг байжээ. Газан хаан 1300-1301 онд Рашид ад-Динд монголчуудын талаарх бүх мэдээллийг цуглуулан эмхтгэх даалгавар өгсөн байдаг юм. Улмаар «Та’рих-и Газани» («Газаны судар») хэмээх нэртэй үндсэн ажлыг Өлзийт хаанд 1307 онд өргөн барьсан ажээ. 1310/1311 онд дээрх “Судрын чуулган” түүхэн баримт бичгийг дуусгасан байна.
Намтар:
Рашид ад-Дин Фазлуллах ибн Абу-ль-Хайр Али Хамадани (бүтэн нэр) 1247 оны орчим Хамаданид Абу’ль-Хайрын хүү болон өнөөгийн Ираны нутаг дахь Хамадан хотод мэндэлжээ. Рашид ад-Дины өвөг эцэг нь Муваффик ад-Доулэ низаритын хамба Рукн ад-Дина Хуршах орчим эмч байсан гэдэг. Исмаилын цайж нурсны дараа 1256 онд тэрбээр өөрийн хүү ( Рашидын эцэг)-гийн хамт Монголын Хүлэгү хааны засагт ажилд орсон байна. Түүнийг еврей гаралтай байсан гэдэг боловч Рашид ад-Дин ханы ордонд ажиллаж байхдаа тэр үеийн перс гаралтай хүмүүсийн нэгэн адил шафийт чиглэлийн суннит урсгалын мусульман хүн гэж өөрийгөө мэдүүлж байсан байна.
Өндөр албан тушаал хашиж, Ил Хаант Улсын засаг захиргаа, санхүүгийн бүх газар, албыг гартаа атгаж байсныхаа хувьд ихээхэн хөрөнгө хурааж, Тебриз хотын дөрөвний нэгийг эзэлж байсан “Рашидын хороолол” бий болгож байжээ.
Түүний 14 хөвгүүний 10 нь Багдад, Анатоли, Гүрж, Исфахан, Фарс, Кермин зэрэг газрыг захиран сууж байжээ. Тэдгээр хөвгүүдээ нэгэн зэрэг гэрлүүлэхдээ тэднийг мусульман шашинтнуудын дотор түрэг, монголчуудын дундаас язгуур угсаа, нэр нөлөө бүхий хүмүүстэй ураг холбож байсан. Абу Саид Бахадур хааны үед Сүлдүс овгийн Чабан ноёны зохион байгуулснаар Рашид ад-Динийг шадар сайдын албан тушаалаас нь буулгаж, бүх хөрөнгийг нь хурааж, ордны эмч байсных нь хувьд Өлзийт хаанд хор өгч алсан хэрэгт гүтгэн нэг хүүгийнх нь хамтаар 1318 онд 71 насанд нь цаазалсан байна. Хожим Рашид ад-Динийг цагаатган, хөрөнгийг нь хөвгүүдэд нь буцаан олгосон байдаг.
Рашид ад-Дины удирдлага дор “Судрын чуулган” (Жами’ ат-таварих) бичихэд хэд хэдэн хүн оролцсон байдаг. Юуны өмнө түүний туслах болох түүхч Абдаллах Кашани («Өлзийт хааны түүх»-ийг бичсэн) мөн Ахмед Бухари нар юм. ‘Ил Хаант Улсын түүх болох “Ерөөлт Газааны түүх” -Та’рих-и Газани”-гийн 1 дүгээр бүлгийн 3 дахь хэсгийн нооргийг гаргасан гэж үздэг. Монголын түүх, ёс уламжлалыг сайн мэддэг, Юань улсаас уригдан 1286 онд ирсэн түүхч эрдэмтэн Болод чинсан мөн оролцсон байна. Шемс-ад-дин Кашани гэж яруу найрагчийн бичиж үлдээснээр Рашид ад-Дин, Болод хоёр өдрөөс өдөрт багш сурагч шиг хамт ажилладаг байжээ. “Аз жаргалтай сайд түүх ярьж өгч, эрдэмтэн түүний ярьсныг бичиж үлдээдэг байлаа”. Мэдээж хэрэг Газан хаан болон бусад Монгол дээд түшмэд өөрийн мэдэж байсан түүхээсээ мөн хуваалцдаг байжээ. Мөн үүнээс гадна Рашид ад-Динд Юань улстай холбоотой мэдээлэл өгдөг хоёр хятад эрдэмтэн, Энэтхэгтэй холбоотой мэдээлэл өгдөг Кашмирын лам Камалашри мөн байснаас гадна Францын католик ламтан өөрийн хувь нэмрээ оруулсан гэдэг мэдээ байдаг.
“Судрын чуулган”-ы нэгдүгээр ботийн монголчуудтай холбогдох хэсгийг E.M.Quatremere франц хэл рүү (1836), И.Н.Березин орос хэл рүү (1858, 1868, 1888) орчуулан хэвлэж (мөн Л.А.Хетугарова нарын орчуулга 1952 онд), англи хэлээр Ж.АБойл (1971), В.М.Такстон (1999), мөн турк, хятад, солонгос, япон хэлээр орчуулагдан гарчээ.
Улмаар орос хэлнээс монгол хэл рүү Ц.Сүрэнхорлоо (2002), англи хэлнээс Г.Аким (2013, 2016) нарын орчуулгаар хэвлэгдсэн нь Монголын түүхийн судалгаанд чухал нэгэн алхам болсон.
()
Discussion about this post