Пап Францисын Монгол Улс дахь апостолик айлчлалыг угтан “Синдикат ярилцлага–Эксклюсив” 16 дахь дугаараа танд өргөн барьж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор Монгол дахь католик шашны тэргүүн, кардинал Жиоржио Маренго уригдлаа.
– Католик шашны 226 кардиналын хамгийн залуу нь болж Монголоос сонгогдсон танд баяр хүргэе! Та өөрийгөө товч танилцуулж, Монголд эрхэлж буй ажлынхаа үүрэг хариуцлагын талаар мэдээлэл өгнө үү.
– Намайг Жиоржио Маренго гэдэг. Би 49 настай Итали иргэн. 2001 онд католик шашны санваартан болж, 2003 онд Монголд анх ирж байлаа. Үүнээс хойш 20 жил болжээ. Эхний 3 жил өөр зүйлд сатаарахгүйгээр монгол хэлийг сурч эхэлсэн. 2006 оноос католик шашны төв байгуулах төслийн ажлаар Өвөрхангай аймагт 14 жил ажиллаж амьдарсан. Надад маш их таалагдсан. 2020 онд Папын шийдвэрээр би Бишоп буюу Хамбаар томилогдон Монгол дахь Католик шашны тэргүүн болж Улаанбаатар хотод суурьшиж эхэлсэн. Өнгөрсөн жил буюу 2022 онд Папын шийдвэрлэснээр Кардинал хэргэм хүртсэн. Ингэснээр зөвхөн загалмайн шашны төлөө төдийгүй нийгэмд эерэг хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллаж байна.
– Тэгэхээр таныг Монголд буй загалмайн шашны хамгийн өндөр албан тушаалтан гэж ойлгож болох нь ээ?
– Тийм ээ.
– Анлиар priest, bishop, archbishop, cardinal гээд нэр томъёонууд байдаг. Эдгээрийн ялгааг тайлбарлаж өгнө үү.
– Priest-ийг англиар мөн Father гэж нэрлэж болно. Үүгээр сахил санваар хэргэмийг хүртсэн хүнийг тодорхойлдог.
– Буддын шашнаар дүйцүүлбэл лам хүн гэж ойлгох уу?
– Тийм. Гэхдээ католик, ялангуяа латин уламжлалын дагуу лам болсон хүн ганц биеийн амьдралыг сонгохоос гадна 3 сахил хүртэх ёстой байдаг. Түүнчлэн шашин болон бусдын сайн сайхны төлөө тангараг өргөдөг. Үүн дотроо зэрэг зиндааны ялгаа бий. Гол ялгаа нь газар зүй, нутаг орон дээр гардаг. Эдгээр хүмүүс Хамбын удирдлага дор ажиллаж, нэг бүс нутагт дагнан шашны үйлчилгээ үзүүлдэг. Мөн шашны бүлгэмийн лам нар гэж бий. Загалмайн шашны уламжлалаар ирсэн хэд хэдэн ордер (religious order) байдаг. Тухайлбал: Доминикан, Францискан, Жезуит (Dominican, Franciscan, Jesuit) гэх мэт. Католик шашинд эдгээр ордерууд нь хоёр мянган жилийн түүхийн явцад үүссэн. Бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь, жезуитууд шинжлэх ухаан, боловсрол судлал дээр илүү төвлөрч байхад Францисканчууд гэгээн Францисын үг сургаалыг амьдралдаа мөрдлөг болгож, бусдад түгээхэд анхаардаг.
Бишопыг Хамба лам гэж ойлгож болно. Тухайн хүрээ буюу бүс, газар нутгийн тэргүүн гэсэн үг. Бидний ойлголтоор эдгээр хүмүүс бол Есүс Христийн 12 элчийн залгамжлагчид юм. Иймээс Хамбуудыг заавал Пап томилох үүрэгтэй бас эрхтэй. Энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ Пап ямар нэг хөндлөнгийн буюу улс төрийн нөлөөнд орохгүйгээр Тэнгэрбурханы ард түмнийг удирдаж, шашны зан үйлээ хэрэгжүүлдэг. Харин Арчбишоп (Ахлах хамба) гэдэг ойлголт тухайн газар нутгийн хэмжээнээс хамаарч томилогддог. Эсвэл дипломат үйлчилгээнд ажиллаж буй нунциүд (nuncio – итали) эсвэл Пап ламын төлөөлөгчид автоматаар Арчбишоп гэж нэрлэгддэг.
Кардиналууд арай цөөхөн байдаг бөгөөд Папын шийдвэрээр томилогдсон түүний туслах, зөвлөхүүд гэж ойлгож болно. Эртний Ромын үеэс Папт тусалж зөвлөх үүрэгтэй Кардиналуудын Коллежиум буюу Кардиналуудын зөвлөл нь Папыг сонгох ёс одоог хүртэл тасралтгүй уламжлагдаж яваа. Энэ ёс жаягийн дагуу Кардинал болгонд Ромд байдаг аль нэг сүмийн тэргүүний албан тушаалыг хариуцуулдаг. Кардиналын өмсгөл улаан өнгөтэй байдаг нь итгэл бишрэлийнхөө төлөө эцсээ хүртэл явж, биеэ зориулах ёстой гэдгийг бэлгэддэг.
– Кардиналын хамгийн том үүрэг хариуцлага нь Папыг сонгох санал эрхтэй байдаг. Кинонд хар, цагаан утаа Ватиканы ордны Систин дуганы барилгаас гаргаад санал хурааж хуралдаад байдаг мөн биз дээ? Та тэр Кардиналиудын нэг нь гэсэн үг. Зөв үү?
– Зөв. Папыг сонгох Кардиналиудын саналын эрх 80 насаар хязгаарлагддаг. 80 насны босго давах үед Кардинал хэвээрээ байх хэдий ч Папын сонгуульд саналын эрхгүй болдог.
– Танд бол Папыг сонгох хангалттай хугацаа байгаа юм байна аа. (Инээлдэв)
– Одоогоор тийм ээ.
– Бидний яриа яах аргагүй загалмайн шашны түүх рүү хэлбийж байна. Хүмүүс загалмайн шашин, Есүс Христийн талаар тодорхой хэмжээний ойлголттой байгаа байх. Гэсэн хэдий ч би таниас энэхүү шашны үүсэл хөгжил, өнөөдрийг хүртэл туулсан замнал, сорилт, боломжийн талаар асуумаар байна.
– Энэ маш өргөн сэдэв. Ерөнхийд нь хэлэхэд Христийн буюу Загалмайн шашин бол Есүс Христийг дагаж шүтэж явдаг хүмүүсийн шашин юм. Бид өнөөдөр 2023 онд амьдарч байна. Энэ цаг тооллыг (Пап Григори XIII-ийн зарлигаар 16-р зуунаас нэвтрүүлсэнбуюу англиар Gregorian Calendar) олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн. Есүс Христ мэндэлсэн өдрөөс эхлэл болгон манай эринийг тоолж эхэлсэн. Үүнийг өнөөдөр зөвхөн загалмайн шашинтай улсууд төдийгүй бүх дэлхий хүлээн зөвшөөрч, энэ цаг тооллыг мөрдөж байна. Загалмайн шашин зөвхөн философи, номлол сургаал дээр тулгуурладаггүй. Факт баримтуудад өндөр ач холбогдол өгдөг.
2023 жилийн түүхтэй шашин учраас энэ хугацаанд олон үйл явдлуудыг туулж, фактууд цугларч, энэ хэрээр ялгаа үүссэн. Загалмайн шашны түүхэнд элч нарын сургаал, зохион байгуулалт, ёс уламжлалыг тасралтгүй тээж авч яваа католикчууд хамгийн өргөнөөр тархсан байдаг. Түүхэн хөгжлийн явцад өөр уламжлалууд үүссэн. Тухайлбал, Дорнын уламжлалт Ортодокс буюу Үнэн алдартны шашныг дурдаж болно. Энэ уламжлал 1054 онд үүссэн түүхтэй. Мөн 16 дугаар зууны үед Протестант хөдөлгөөн европт, ялангуяа Германы ойролцоох улсуудаас тархаж үүссэн.
– Энэ хөдөлгөөн Протест буюу эсэргүүцэх гэдэг утгатай англи үгнээс гаралтай юу?
– Тийм. Тэр үед үүссэн асуудлуудаас болж энэ уламжлал үүссэн гэсэн үг. Түүхийн явцад энэ уламжлал дотор маш олон бие даасан сүм, урсгалууд үүссэн. Тийм учраас Протестант эсвэл Эвенгалистийн тухай ярихдаа болгоомжтой байх ёстой. Учир нь эдгээрийн дунд маш олон төрлийн ялгаатай уламжлалууд байдаг. Үүнийг ерөнхий тойм байдлаар тайлбарлахад хангалтгүй.
– Ер нь нийт хэдэн төрлийн ийм ялгаатай уламжлал, чиглэлүүд байдаг вэ? Мормоны шашин нь загалмайн шашны нэг хэсэг гэж явдаг уу?
– Олон ялгаатай уламжлал бий шүү. Мормон загалмайн шашинтай ямар ч хамаагүй, тусдаа өөр.
– Монголчууд хэзээнээс эхлэн загалмайн шашинтай холбогдсон байдаг юм бол? Папын айлчлалтай холбоотой 777 жилийн өмнөх Гүюг хааны захидлын талаар монголчууд багагүй ярьж байна. Та бүхний түүхийн сурвалж бичиг үүнээс өмнөх харилцаа холбооны тухай баримт байдаг уу?
– Торгоны замын дагуу дорнын уламжлалтай загалмайн шашинтнууд Төв Азид 8 болон 9 дүгээр зуундбайсан гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрсөн. Монголоос, тэр дундаа эзэнт гүрний нийслэл Хархорум хотын ойролцоох газраас ийм олдворууд элбэг олддог. МУИС-ын багш судлаачидтай хамтран бид хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа. Ялангуяа Өвөрхангай аймгийн Хархорин суманд эрт цагт өөр өөр шашны шүтлэгийн газар байсан нь батлагддаг. Тухайлбал, буддизм, дао, ислам, бөө мөргөл гэх мэт. Энэ газар нутаг ч гэсэн Христийн шүтээний газар байсан гэдгийг түүхчид батладаг. Төв Ази, одоогийн Монгол нутагт эрт цагаас эхлэн загалмайн шашинтай хүмүүс байж, Чингис хааны баатрууд, ноёдууд дотор загалмайн шашны сүсэгтнүүд төдийгүй Найман, Хэрэйд аймгууд нь загалмайн шашинтай байсныг түүхийн сурвалж бичиг харуулдаг.
– Өнөөдрийн ардчилсан Монгол Улсад загалмайн шашны хэдэн сүм, сүсэгтэн байна вэ?
– Католикчууд харьцангуй цөөхөн. Ойролцоогоор 1500 орчим монгол сүсэгтнүүд байдаг. Протестант, евенгалистуудын талаар надад хангалттай тоо алга. Эдний ертөнц илүү өргөн бөгөөд дотроо ялгаатай байдаг.
– Эдгээр чиглэлийн лам, хамба, сүм хийдүүд Монголд үйл ажиллагаа явуулдаг уу?
– Эдгээр чиглэлийнхэн өөр зохион байгуулалттай болохоор санваартан гэж ярьдаггүй. Харин пастор буюу номлогч гэж ярьдаг. Эдгээр хүмүүс олон байдаг ч би тэднийг төлөөлөн ярих эрхгүй. Харин католик шашны хувьд, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн, улсад бүртгэлтэй шашин номын үйл ажиллагаа явуулдаг католикийн 9 сүм Монголд бий. Бидний ойлголтоор зөвхөн шашны зан үйл хийх нь хангалттай биш байдаг. Харин амьдрал дээрээ уг шашныхаа сургаалыг бодитой хэрэгжүүлэх, бусдын сайн сайхны төлөө ажиллах, нийгэмд эерэг үйл бүтээх үүрэгтэй. Ийм учраас манай гадаад мэргэжилтнүүд, дотоодын сүсэгтнүүд хамтраад олон төслийг хэрэгжүүлж байна.
Анх 1992 онд Гэгээн Ширээт Улс ба Монгол Улс хоорондоо дипломат харилцаа тогтоосон. Тэр цагаас хойш бид хүмүүнлэгийн чиглэлээр маш олон төслийг хэрэгжүүлсэн. Тэр үед монголчууд шилжилтийн буюу амар биш цаг үеийг гатлаж, нийгмийн бэрхшээлүүдтэй тулж байсан. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр манай төлөөлөгчид, тэр дундаа бидний хайртай талийгч Бишоп Падилла Монголын ард түмний төлөө олон төслийг хэрэгжүүлсэн. Үүнийг бид заавал онцлох ёстой. Харин одоо нийгэм хөгжиж, тэр үетэй харьцуулах аргагүй болжээ. Намайг 20 жилийн өмнө Монголд ирж байхад цаг үе арай өөр байсан. Гэсэн хэдий ч бид Монголын нийгмийн сайн сайхны төлөө боловсрол, эрүүл мэнд, шашин судлал, монгол судлалын талаар идэвхтэй ажиллаж байна.
– Дэлхийн загалмайн шашны төв Гэгээн Ширээт Улсаас Монголд түүхэн айлчлал хийх гэж байна. Олон зуун сая, тэрбум хүний шүтээн болсон загалмайн шашны тэргүүн Пап хэдхэн хоногийн дараа Монголд хөл тавина. Энэ айлчлалын зорилго юу вэ? 20 жилийн өмнө хоёрдугаар Иохан Паул Пап Монголд айчлахаар бэлдэж байсан гэж би сонссон. Энэ айлчлалын бэлтгэл хэзээ эхэлсэн бэ?
– Папын айлчлал нь эртнээс улбаатай. 1245 онд дөрөвдүгээр Инносент Пап лам дипломатч Плано Карпини-г Монголд илгээсэн. Ингэснээр барууны ертөнцийн анхны төлөөлөгч Их Монгол Улсын нийслэлд хөл тавьсан. Үүнээс хойш Пап нар Монголын хаадуудтай дипломат харилцаатай байхыг хүсч тогтмол харилцаатай явж ирсэн. Гэхдээ 777 жилийн турш аль нэг Пап Монголд хөл тавих боломж гараагүй. Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ яриаг ажил хэрэг болгохоор эрчимжүүлсэн. Пап 2003 онд Монголд ирэх байсан ч биеийн байдлаас болж чадаагүй юм. Яг тэр үед би Монголд ирсэн. Эрт үеэс Папууд, католик шашны удирдлагууд Монгол Улсын удирдлагыгүргэлж дээдэлж, онцгой ард түмэн гэж үзэж ирсэн учраас биечлэн уулзаж дэлхийн энхтайвны төлөө хамтран ажиллахыг хүсч байсан. Тэнгэрбурханы ивээлээр тэр боломж нь удахгүй биелэх нь ээ.
Миний дээр дурдсанчлан, 1992 онд Монгол Улс нь Гэгээн Ширээт Улстай дипломат харилцаа тогтоосон. Энэ үеэс Папын айлчлалын бэлтгэл хангагдаж эхэлсэн гэж хэлж болно. Улмаар өнгөрсөн жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсоор Папыг урьж, төрийн тэргүүнээс төрийн тэргүүнд хандсан учраас Пап Монголд зочлох боломж бүрдсэн.
– Папын Монгол дахь айлчлалын бүрэлдэхүүнд ямар хүмүүс ирж байгаа вэ? Мөн энэ айлчлалтай холбоотой олон улсаас багагүй тооны сэтгүүлчид, сүсэгтнүүд Монголыг зорьж байгаа гэж дуулсан.
– Папыг дагалдаад 50 гаруй Ватиканы өндөр зэрэглэлийн удирдлага, тухайлбал, Ерөнхий сайд, Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга, түүний орлогч сайд, Гадаад хэргийн сайд, кардиналууд ирж байгаа. Түүнчлэн Ватиканд хэд хэдэн хороод төрийн яамны статустай ажилладаг. Үүний нэг болох Шашин хоорондын эв найрамдлын хорооны кардинал айлчлалын бүрэлдэхүүнд багтсан. Айлчлалаар Папыг дагалдан олон улсын 75 сэтгүүлч ирнэ. Газраар багагүй тооны хэвлэлийнхэн Азийн бараг ихэнх орноос ирж буйгаас гадна Ази тивийн, тухайлбал, БНСУ, Тайланд, Вьетнам, Филиппин, Хонг Конг, Макао зэрэг улсын кардинал, хамба, ахлах хамба нар ирнэ. Учир нь Папын Монгол дахь айлчлал Ази тивийн католик шашинтнуудын хувьд амьдралд нэг удаа тохиох түүхэн ач холбогдолтой. Папууд Ази тивд өмнө нь олон удаа ирж байгаагүй.
– Энэ айлчлалын үеэр шашин хоорондын уулзалтууд хийгдэх үү? Айлчлалаас хүлээж буй хүлээлт, үр дүнг хэрхэн харж байна вэ?
– Түүхэн боломж гарч байгаа учраас бид сэтгэл өндөр байгаа. Пап Францис нь өдгөө 86 настай, өндөр боловсролтой, олон улсын туршлагатай, судлаач, хөгжилтэй, кардиналаас пап болсон дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн оюун санааны лидер хүн. Иймд түүний амнаас гарч буй үг бүр нь үнэ цэнтэй байдаг. Пап Монголд ирээд монголчууд төдийгүй дэлхийд хандаж хэлэх үг нь гүн утга учиртай, маш чухал байх болно. Монголчууд оюун санааны торгон мэдрэмжтэй, өргөн уламжлалтай ард түмэн учраас амархан ойлголцоно гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын хоорондын дипломат харилцааны хувьд ч маш чухал уулзалт болно.
Папын Монгол Улс дахь айлчлал оюун санааны эрх чөлөөт улс Азийн цээжинд байдаг гэдгийг баталгаажуулж, ардчилсан, тусгаар тогтносон, шүтлэг бишрэлийн эрх чөлөөт орон гэдгийг дэлхийд харуулж мэдрүүлнэ. Би хувьдаа энэ үр дүнг айлчлалаас хүлээж байгаа.
– Монголын эзэнт гүрний түүхийг уншиж байхад, амжилтын нууцуудын нэг нь шашны эрх чөлөө байсан. Тэр утгаараа шашнаар дамжуулан нийгмийг соён гэгээрүүлэх, сахилга бат, дэг журам мөрдүүлэх, энхтайван, эрүүл, аюулгүй орчныг бүтээхэд оруулж буй хувь нэмрийг хэрхэн дүгнэх вэ? Зөвхөн загалмайн шашин төдийгүй бусад шашны үүрэг оролцоог та хэрхэн хардаг вэ? Монголд буй шашны лидерүүд хоорондоо хамтран ажилладаг уу?
– Аль ч шашин оюун санааны үнэ цэнийг эрхэмлэж чадвал нийгэмд маш чухал хувь нэмэр оруулдаг. Өнгөрсөн 31 жилийн хугацаанд шашин хоорондын олон ажлыг Монголд хийсэн. Ялангуяа сүүлийн 3 жилд бидний харилцаа улам сайжирч, илүү идэвхтэй ажиллаж байна. 2 сард нэг удаа Монголд байгаа бүх шашны тэргүүн нар хоорондоо уулзаж ярилцахаас гадна өөрсдийн баяр ёслолд бусад шашны тэргүүнийг урьж, өөрсдийн оюун санааны өвийг хоорондоо хуваалцдаг. Бид бие биеэ илүү сайн ойлгож мэдэх учиртай. Хоёрт, харилцааны хувьд Жиоржио Маренго болон Дамбажав гуай бид хоорондоо сайхан харилцаатай байж гэмээнэ биднийг дагадаг хүмүүс зөв харилцаатай болно шүү дээ. Бид өөрсдөө үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж хэлмээр байна.
– Папын айлчлалын үеэр бүх шашны лидерүүдийн уулзалт зохион байгуулагдахаар байгаа юу?
– Айлчлалын хөтөлбөр 7 сард зарлагдсан. Энэхүү хөтөлбөрийн дагуу Папын айлчлалын үеэр 9 сарын 3-ны өглөө хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй шашны тэргүүн (тэнгэр өөд) цонх нь дээш харсан тоонот монгол гэрт цуглаж, нүүр нүүрээ хараад хоорондоо ярилцана. Өөрсдийн уламжлалын дагуу нэг сэдвийн дагуу шашин бүрийн төлөөлөгч үг хэлэх юм. Урьдчилсан байдлаар бид “монгол гэр” гэдэг сэдвийг сонгосон. Католик шашны зүгээс монгол гэр гэхээр яг ямар бодол санаа төрдөг, өөр хүний хувьд монгол гэр ямар ач холбогдолтой гэдэг нь сонин байдаг. Тухайн ард түмний зөвхөн материаллаг зүйлийг биш оюун санааны үнэ цэнийг харж чадвал тэр улс амархан хөгждөг төдийгүй нийгэмд хагарал үүсдэггүй. Олон шашин байх нь нийгмийг хагалах аюултай гэж зарим хүн үздэг. Гэвч үнэндээ шашны байгууллагууд сайн ажиллаж байвал эсрэгээр улсын хөгжил, нийгмийн оюун санаанд чухал эерэг нөлөөг үзүүлдэг. Үүнийг батлан харуулахын тулд бид Папын энэхүү албан ёсны айлчлалын үеэр энэхүү шашин хоорондын уулзалтыг зохион байгуулна. Энэ арга хэмжээ олон нийтэд нээлттэй явна.
– Та Монгол улсын үндэстний ижилсэл, ялгарал, тодотголыг юу гэж хардаг вэ?
– Монголчууд бол оюун санааны эрх чөлөөт хандлагатай, гүн гүнзгий мэдрэмжтэй ард түмэн гэж би үздэг. Монголчуудын тодотгол маш тодорхой гэж хэлмээр байна. Юу итали хүнийг итали болгодог вэ гээд ярихаар италичууд хоорондоо хүртэл хүлээн зөвшөөрөлцөж чаддаггүй. Үүний хажууд Монгол маш ойлгомжтой байдаг. Оюуны санааны эрх чөлөө, гүн гүнзгий мэдрэмж, үнэ цэн бол монголчуудын үндэстний ондоошил юм. Олон зуун жилийн өмнөөс нэг ард түмэн болж чадсан учраас “Би монгол хүн” гээд жаахан хүүхдүүд хүртэл шууд автоматаар хэлж чаддаг нь гайхалтай байдаг.
– Та яагаад католик шашин шүтэх болсон бэ? Өөрийгөө кардинал болно гэж төсөөлж байсан уу?
– Кардинал болох төлөвлөгөө огт байгаагүй. Бид амбицаар явдаггүй. Бусдад үйлчлэх үүрэгтэй байдаг. Есүс Христийн сайн мэдээ, үнэ цэнийг бусадтай хуваалцах зорилготой амьдарч ажилладаг. Би католик гэр бүлд өсч хүмүүжсэн. Гэр бүл болон улсын соёл намайг католик хүн болоход нөлөөлж, итгэл бишрэлээ нь хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ бүхэн дангаараа хангалттай байгаагүй. Хүн насанд хүрээд өөрийн шийдвэрээ гаргадаг. Би грек, латин хэлний лицей сургууль төгсөөд Хууль зүйн их сургуульд орж хуульч эсвэл шүүгч болох хүсэлтэй байв. Гэхдээ тэр үед миний хувьд, Тэнгэрбурхан, Эзэн Есүс Христтэй тогтоосон харилцаа илүү дотно болж, залбирлын үнэ цэн, гоо сайхныг илүү мэдэрсэн. Тэр үед миний амьдралын нэг мөчлөг дуусч, дараагийн шинэ мөчлөг эхэлж байсан учраас 1993 оны зун Эзэн намайг өөртөө дуудаж байгаа мэдрэмжийг авсан. Улмаар загалмайн шашны санваартны зөвлөгөөг дагаж Шашин судлалын их сургуульд элссэн. Энэ цагаас эхлэн бага багаар явсаар өдийг хүрчээ. Тэрнээс биш шашны өндөр албан тушаалтан ирээдүйд болно гэдэг ямар ч тийм ойлголт анхнаасаа байсангүй. Тухайн үед хийх ёстой байсан ажлуудаа хийсээр байгаад 2003 онд Монголд томилогдож ирж суурьшсан.
– Та өөрөө Монголыг сонгоогүй, цаанаас нь таныг томилж явуулсан юм уу?
– Тийм. Тэр томилолтод Тэнгэрбурхны хишиг ивээл байсан гэдэгт би итгэлтэй байна. Энэ замаар замнаж буйдаа баяртай явдаг.
– Асар завгүй айлчлалын бэлтгэл ажлын дундуур цаг гарган сонирхолтой ярилцлага өгсөн танд маш их баярлалаа!
()
Discussion about this post