Бээжингийн Төвийн үндэстний их сургуулийн багш , монголч судлаач Ван Мандугагтай ярилцлаа. Тэрээр Монголын орчин үеийн уран зохиолыг судлахад амьдралынхаа 30 гаруй жилийг зориулж яваа нэгэн.
–Монголын уран зохиолын түүхэнд бичигдэн үлдэж буй нэгэн том үйл явдал бол “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөө” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Та энэ хуралд сонирхолтой илтгэл танилцууллаа. Илтгэлийн утга агуулгын талаар хоёулаа ярицлагаа эхлүүлье?
-Олон улсын монголч эрдэмтний XII их хурлын дараа “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөө” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан нь үр дүнтэй, өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Хурлын сэдэв нь тусгайлсан, тодорхой байсан нь их таалагдсан. Энэ удаагийн хурлыг соён гэгээрүүлэгч В.Инжиннашийн 185 жилийн ойн хурал, Монгол-Японы уран зохиолын нийгэмлэгийн 2023 оны Улаанбаатарын хурал, “Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулсан юм. Би энэ хуралд 1992 оноос эхлэн зургаан жил оролцсон байна. Нэг л удаа оролцож чадаагүй. Энэ удаагийн “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөө” олон улсын эрдэм шинжилгээний хурал цаг үе нь таарсан, монголын уран зохиолыг илүү хөгжүүлэхэд тустай үйл ажиллагаа болсон. Улс бүрийн судлаач эрдэмтэд, туршлага, мэдээлэл, судалгааны арга барил, бүтээлээ солилцсон сайн ажил боллоо. Ер нь өнөөгийн уран зохиолыг хөгжүүлэхэд ийм ажлууд хэрэгтэй гэж бодож байна.
Би хуралд “Монгол соёл сурган хүмүүжил ба утга зохиол урлагийн тухай Лувсанчойдонгийн үзэл баримтлал гэсэн илтгэлийг хэлэлцүүлсэн. Илтгэлдээ Лувсанчойдонгийн намтар түүхтэй холбоотой зарим асуудлыг хөндлөө. Энэ хүн Японд суралцаж, ажиллаж байсан. Үүнийхээ дараа монгол соёлыг хөгжүүлэхийн тулд их цаг хугацааг зориулсан байдаг. Тиймээс ч Лувсанчойдонг монгол зан үйлийн алдартай судлаач гэж үнэлдэг. Түүний бүтээлийг олон улсын эрдэмтэд судалж байна. Гэхдээ энэ хүний утга зохиолын тухай дэвшүүлсэн үзэл бодлын талаар судалсан нь дутмаг. Би Лувсанчойдонг 1990 оны үеэс судалж эхэлсэн. Судалгааны материалаа Монголын уран зохиолын онол, шүүмжлэл номондоо оруулсан. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд үүн дээрээ илүү дэлгэрүүлж, “монголын жан аалийн ойлбор” ном дотор шүлгийн тухай ярьсан жишээнүүдийг онцолсон юм. Лувсанчойдонг утга санааг алдагдуулахгүйгээр толгой холбож шүлэглэх орчуулах бол монгол шүлгийн дүрэм гэжээ. Түүний шүлгийн онцлог нь толгой холболт байдаг. Жишээлбэл, шүлгийг бичихдээ А үсгээр холбосон бол дөрвөн мөрт шүлэгний эхний үе А үсэг байх тухай өгүүлсэн нь бий. Мөн илтгэлдээ Лувсанчойдонгийн утга зохиол болоод нийгмийн амьдралын харьцааг хөндөж ярьсан. Тэрээр уран зохиол, урлаг бол амьдралаас эхтэй гэдгийг олон бүтээлээрээ харуулсан байна. Жишээлбэл тухайн үеийн ардын аман зохиол, ардын дуунд маш сайн дүрийг шигтгэж оруулсан байдаг.
-Та илтгэлийнхээ дүрийн судалгааг 1990 оноос эхэлж хийсэн гэлээ. Тэгэхээр та Монголын уран зохиолтой холбогдоод 30 гаруй жил болжээ. Анх хэрхэн монголч судлаач болох замналаа эхлүүлж байв?
-Миний амьдралын 30 гаруй жил Монголын орчин үеийн уран зохиолтой салшгүй холбоотой. Энэ чиглэлийг би судалгааныхаа гол сэдэв болгож, ном бүтээлээ туурвижээ. Би Монголын орчин үеийн уран зохиолтой 1980-аад оны дунд үеэс холбогдсон. Тухайн үед академич П.Хорлоо багшийн найруулсан “Монголын уран зохиолын товч түүх” номыг Өвөрмонголын Ардын хэвлэлийн хороо хэвлүүлээд тараасан. Энэ номноос би Монголын орчин үеийн уран зохиолын тухай анх уншиж байлаа. Тэгээд 1991 онд Боловсролын яамны томилолтоор МУИС-д жилийн хугацаатай мэргэжил дээшлүүлж суралцсан.
Энэ үеэс Монголын орчин үеийн онол шүүмжлэлийн талаар ерөнхий ойлголттой болж, олон бүтээлтэй танилцаж, материал цуглуулж эхэлсэн дээ. Тэр үед монголд нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт явагдаж тогтворгүй байсан. Би энд суралцах нэг жилийн хугацаанд бараг улсын төв номын сангаас салаагүй. Учир нь номын санд хадгалагдаж байгаа олон гар бичмэл, ном болон 1920-1930 оны үед монгол бичгээр гарч байсан сонин, сэтгүүлүүдийг уншиж, танилцдаг байв. Зөвшөөрөл авч ихэнхийг нь бичиж, тэмдэглэж авсан. Заримыг нь хуулбарлаж авдаг байлаа. Тэр үед миний голчилж цуглуулсан материал бол 1920-1930 оны их хэлмэгдүүлэлтэд өртсөн зохиолчдын зохиол бүтээл, тэр дундаа уран зохиол онол шүүмжлэл байсан. Жишээлбэл, С.Буяннэмэх, Ш.Аюуш, Д.Чимэд, Ч.Дашням, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн зэрэг тэр үеийн Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн зохиол, бүтээлийг цуглуулсан юм. Судалгаанаас харахад 1920 -1930 онд “Үнэн” сонин, мөн “Монгол ардын үндэстний соёлын зам” сэтгүүл монгол бичгээр хэвлэгдэж гардаг байсан юм билээ.
–Таны голчилж цуглуулсан судалгааны материал 1920-1930 оны их хэлмэгдүүлэлтэд өртсөн зохиолчдын зохиол бүтээл гэж дурдлаа. С.Буяннэмэх, Ш.Аюуш,Д.Чимэд, Ч.Дашням, М.Ядамсүрэн гээд зохиолчид бол яах аргагүй Монголын орчин үеийн уран зохиолын үндэслэгч шүү дээ?
-Тэгэлгүй яахав. 1920-1930 онд Монголын орчин үеийн уран зохиол бүрэлдэж, сайн бүтээлүүд төрж, хөгжлийн замдаа орсон гэж хэлж болно. Энэ үеийн уран бүтээлүүд агуулгын хувьд нам, үзэл суртлыг өндөр өргөсөн, ард түмнийг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх тал дээр чиглэл болгосон, тэр үеийн аж байдлыг тусгасан байдаг. Монголын орчин үеийн уран зохиол үүнээс эхлэлтэй гэж хэлж болно. С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ш.Аюуш, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн зэрэг зохиолч Монголын орчин үеийн уран зохиолын үндэс суурийг тавьсан, гар бие оролцсон гавьяатай хүмүүс.
-Судалгаанаас үзэхэд Монголын уран зохиолын хамгийн хөгжил дэвшилттэй, бас бууралттай үе нь аль цаг хугацаа байв?
-1920-1930 оны үед С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ш.Аюуш, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн зэрэг орчин үеийн зохиолчдын сайн бүтээлүүд төрөн гарч Монголын уран зохиол хөгжил цэцэглэж эхэлсэн. Гэвч 1937-1938 оны их хэлмэгдүүлэлтийн үед олон сайн зохиолчид хоригдож, зарим нь амиа алдсан. Энэ үе бол Монголын уран зохиолын хөгжил тасалдсан цаг хугацаа гэж хэлж болно. Нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалж 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед Монголын орчин үеийн зохиолчид ховордож, шинээр зохиолчид төрж гарах боломж, нөхцөл багасаж, зохиол бичихээсээ эмээж эхэлсэн гэж санагддаг. Хэрэв эдгээр зохиолчид хэлмэгдэж амь насаа алдаж, уран бүтээлээ туурвих боломжоо алдаагүй байсан бол энэ цаг хугацаанд маш сайн бүтээлүүд төрөн гарах байх. Магадгүй өнөөдөр энэ салбар үүнээс илүү хөгжилтэй байх байсан болов уу. Монголын орчин үеийн уран зохиол хөгжиж цэцэглэж байсан чухал цаг хугацаанд ийм үйл явдал болсон нь харамсалтай. Энэ үе 1946-1947 он буюу Дэлхийн II дайн дуусах хүртэл үргэлжилсэн байдаг.
Үүнээс хойш Монголын уран зохиолын түүхэнд өөрчлөлт гарсан үе бол 1948 он. Энэ үед Монголын зохиолчдын хороо байгуулагдаж, анхны хурлаа зохион байгуулж байсан түүхтэй. Энэ цаг үеэс эхлэн Монголын уран зохиол хөгжлийн шатандаа орсон гэж хэлж болно. Жишээлбэл, нам засгаас уран зохиолын салбарын арга хэмжээг дэмжиж, тусгайлан зохиолчдын хороо байгуулан, зохиолчдоо урамшуулах зэрэг арга хэмжээг шат дараатай хийж байсан. Энэ цаг үе 1980 -аад он хүртэл үргэлжилсэн.
-Энэ үед гарсан таны судалгаанд орсон бүтээлүүдээс дурдахгүй юу?
-Монголын уран зохиолын түүхэнд 1948-1989 он хүртэл 40 жилийн хугацаанд маш сайн бүтээлүүд төрөн гарсан байдаг. Жишээлбэл, “Тунгалаг тамир” роман, “Гарын таван хуруу” жүжиг, “Цаг төрийн үймээн”, “Өвгөн тогоочийн үлгэр”, “Тагтаа” зэрэг сайн бүтээл уншигчдад хүрсэн. “Гарын таван хуруу” жүжгийн хувьд гэхэд зохиолын хэл нь энгийн мөртлөө хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан бүтээл болсон. Ер нь энэ үед үзэгчдийн сэтгэлд буух сайн дүр, уран зохиолын хэллэг зэрэг эерэг, жишиг өөрчлөлт гарсан. Тиймээс ч Монголын орчин үеийн уран зохиолын хамгийн сайн хөгжлийн үе гэж хардаг. Уран зохиолын түүхэнд тодоор үлдэж уламжлагддаг одоо ч бид суралцах, хэрэгтэй зохиол бүтээл энэ цаг үед төрөн гарчээ.
–Та амьдралынхаа олон жилийг Монголын орчин үеийн уран зохиолын судалгаанд зориулжээ. Судалгаа, ажиглалтаар харахад шинэ үеийн уран зохиолын өөрчлөлтийг хэрхэн дүгнэх вэ?
-1989 онд ЗХУ задраад Монгол Улс шилжилт, өөрчлөлтийн шинэ эрин болсон тэр үеэс уран зохиол туурвих уран бүтээлчид хэв маяг, цар хүрээ тэлж эхэлсэн. Жишээлбэл, энэ үеийн зохиолчид өмнөх социалист, реализм гэсэн нэгэн хэв маягаар бичих, тэр үеийн аж байдлыг тусгаж байсан цар хүрээнээс гарч, тухайн урсгалыг халж, олон ургальч үзлийн аргаар бичих болсон. Үүнийг шинэ эриний уран зохиол гэж үзэж болно. Тухайлбал, хуулбарлах үзэл, сонгодог үзэл зэрэг олон зохиол туурвих арга, зарчмаар бүтээлээ туурвиж иржээ. Шинэ үеийн уран зохиолын үйл явдлын зохиомж, хүний дүр, цаг үеэ тусгаж харуулсан байдал, сэдэв, агуулга чөлөөтэй болсон. Амьдралыг яаж ч харуулж, үзүүлж болно. Ийм өнгө аясаар яруу, найраг, роман илүү хөгжиж байна. Түүнчлэн өнөө үеийн роман, тууж, өгүүллэг, яруу найргийн зохиолуудыг ажиглаад үзэхэд дэлхий нийтэд хандсан зохиол бүтээлийг туурвиж олны бүтээл болгож байна. Жишээлбэл, жүжгийн зохиолоос авч үзвэл Б.Лхагвасүрэн, Д.Урианхайн жүжгүүд бий. Эдгээр зохиолчдын жүжгүүд 1920-1930 оны С.Буяннэмэх, Ш.Аюуш, М.Ядамсүрэн зэрэг зохиолчдын бичиж байсан жүжгээс их ялгаатай. Ер нь өрнө, дорно дахины шинэ арга барилыг ашиглаж жүжиг, тууж, романы зохиолыг бичих хандлагатай болж иржээ.
-Өнөө цагт Монголын орчин үеийн уран зохиолыг илүү хөгжүүлэхэд юун дээр анхаарах ёстой вэ?
-Монголын орчин үеийн уран зохиолд чухалчилж үзэх зүйлийн нэг бол 1920-1930-аад оны үеийн хэлмэгдсэн зохиолчдын судалгааны талаар анхаарал хандуулах хэрэгтэй. Тэр үеийн зохиолчид бол Монголын орчин үеийн уран зохиолчдын үндэс суурийг тавьсан гавьяатай хүмүүс. Тэдний уран зохиол болон нийгмийн байр суурь дээр ч гэсэн төрөөс анхаарал хандуулах хэрэгтэй болов уу. Жишээлбэл, зохиолч С.Буяннэмэх байна. Энэ хүн бол орчин үеийн уран зохиолын түүхэн дэх анхдагчдын нэг. Тэрээр анхны яруу найраг, эзэнтэй дуу, жүжиг, утга зохиолын онолын ном бичсэн байдаг.
Монголын шинэ үеийн уран зохиолыг хөгжүүлэхэд түүхийн туршлага хэрэгтэй. Өнгөрсөн түүхээ эргэцүүлж харж, туршлага сургамжийг дүгнэх хэрэгтэй. Энэ маш чухал. Монголын уран зохиол ямар үед хөгжил цэцэглэлттэй, бууралттай байсныг дүгнэж гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт, ахмад зохиолчдын зохиол туурвиж байсан туршлагыг нь сайн дүгнэж гаргах нь чухал. Жишээлбэл, Лодойдамбын зохиол яагаад дэлхий дахинаа монгол судлаачдын сэтгэлд хүрсэн бүтээл болж, одоо ч үнэ цэнээ алдалгүй, зохиолчдын судалгааны хэрэглэгдэхүүн болж байна гэдгийг харах хэрэгтэй. Ингэснээр манай залуу судлаачид туршлагаас суралцаж, өмнөх үеийн зохиолчдын хийсэн бүтээсэн зүйлээс сургамж авч, зохиол бүтээлээ сайн бичих нэг хөшүүрэг болох юм. Гуравдугаарт, олон улсын эрдэмтэн, судлаачдын харилцаа холбоог тодотгох эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах хэрэгтэй. Ер нь олон улсын эрдэм шинжилгээний хурлыг харахад шинэ эриний уран зохиолын судалгаа бага байна. Тиймээс одоо үеийн зохиолчдын бүтээл, нөхцөл байдлын талаар хэлэлцэж, тусгай сэдэв болгох нь чухал. Тусгай хурал хийх шаардлагатай. Залуусын бүтээлийг судалж, алдааг оноог хэлж, амжилттай талыг нь нотолж өгөх ажил хэрэгтэй байна.
-Утга, уран зохиол хийгээд аливаа салбарын хөгжилд шүүмж судлал чухал нөлөөтэй. Та судлаачийн хувьд манай улсын уран зохиолын салбарт шүүмж судлал хэр байна гэж дүгнэх вэ?
-Уран зохиол болон шүүмж судлал хоёр бол нэг зоосны хоёр тал гэж хэлж болно. Энэ хоёр хамтдаа хөгжиж гэмээнэ зэрэг явах боломжтой. Тиймээс утга зохиолын гол зүйлийн нэг бол шүүмжлэлийн жолоодлого. Сайн шүүмж болон шүүмжлэгч бол зохиолчдын дотны найз гэж Дамдинсүрэн, Ядамсүрэн, С.Буяннэмэх зэрэг Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчид ярьсан байдаг. Тиймээс шүүмжлэгчид зохиолчдын бичсэн уран бүтээлийг уншиж сонирхоод аль талаараа алдаж, оносон байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Хоосон магтаал хэрэггүй. Жишээлбэл, дүр бүтээх, хэл хэллэг тал дээр ямар байгааг хэлэх нь чухал. Манай Өвөрмонголын эрдэм шинжилгээний хурал дээр зарим шүүмжлэгчид магтаалыг илүүд үзэж асуудлыг нь дурдаж өгдөггүй. Тэгэхээр шүүмж судлалын нэг гол зүйл бол амжилтыг нь баталж нотлохоос гадна оршиж байгаа асуудал, болохгүй байгаа зүйлийг нь гаргах өгөх явдал юм. Энэ л шүүмжлэгчийн үүрэг. Тэгэхгүйгээр шүүмжилж байна гээд асуудлыг нь дурдаж, алдаа бурууг нь зааж өгөхгүй бол ямар ч үр дүнгүй. Энэ бол манай уран зохиолын хөгжил хийгээд зохиолчдын хүмүүжил боловсролд чухал.
-Таны судалгааны гол үе буюу 1920-1930-аад оны орчин үеийн уран зохиолд шүүмж судлал хэр байсан бэ?
-Энэ үед дайчин шүүмжлэгч олон байжээ. Жишээлбэл, Ч.Дашням залуу боловч их дайчин шүүмжлэгч байсан. Үүн дээр нэг жишээ дурдъя. Ч.Дашням Ц.Цэдэнжав зохиолчийн “Өвлийн гоёмсог” шүлгийн алдаа, оноог шүүмжилсэн байдаг. Ц.Цэдэнжав зохиолчийн хувьд шүлгээ бичихдээ мартагдсан үгүүдийг толь бичгээс түүж бүтээлдээ тусгадаг байж. Үүнийг нь Ч.Дашням шүүмжлэхдээ “Уран зохиолыг энгийн үгээр бичих хэрэгтэй. Нэгэнтээ мартагдсан үгийг бичээд уншигчид ойлгохгүй” гэсэн агуулгаар шүүмжилж байсан. Энэ нь тухайн үедээ “Монгол ардын үндэстний соёлын зам” сэтгүүл дээр нийтлэгдэж байсан. Үүнийг нь би хуулж авч байлаа.
Бас алдаатай шүүмжлэл гэж байна. Тухайлбал, Н.Данзан Ц.Дамдинсүрэнгийн “Буурал ээж” , “Зугаацахаар мордсон нь” шүлгийн гол агуулга, үзэл санаа, утгыг нь задалж үнэлэхийн оронд үгийг нь түүж аваад энэ шашны, феодалын үг байна гэж шүүмжилсэн. Энэ бол алдаатай шүүмжлэл. Яагаад гэвэл, урлаг, уран сайхан, утга агуулга, зохиолын талаас нь авч үзэхгүй нэг үг, өгүүлбэрийг онцолж харж болохгүй. Энэ мэт алдаатай шүүмжилж байсныг ч тэр үед шүүмжилж байсан. Ингэж зохиолч, шүүмжлэгчид хоорондоо зөвөөр алдаа оноогоо ярилцдаг байсан цаг үе байжээ. Энэ бол уран зохиолыг хөгжүүлэхэд зөв арга зам гэж бодож байна. Үүнтэй адил Монголын шинэ үеийн уран зохиол шүүмж судлалыг сайн хөгжүүлээсэй гэж бодож байна. Сайн шүүмжлэгч байвал зохиолчид зохиолоо сайн бичихэд анхаарна. Үгүй бол нэг зохиол биччихээд түүнийгээ яаралтай хэвлүүлэхэд илүү анхаардаг зүйл ажиглагдаж байна.
Тухайн бүтээлдээ цаг хугацааг зарцуулж, хэл хэллэг, найруулгыг сайн боловсруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Нэг бүтээл бичээд хэсэг хугацааны дараа түүнийгээ дахин нягтлах, бусдаар хянуулах зэрэгт сайн анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Зузаан, зузаан номнууд хэвлэгдлээ гэж бодоход үг, өгүүлбэр найруулга тааруу бүтээл бол уншигчдын сэтгэлд буухгүй, сонирхож уншихгүй. Тиймээс уншигчдын сэтгэлийг хөдөлгөх, уран зохиолын шинжийг агуулсан бүтээлийг гаргахад анхаарлаа хандуулах нь чухал юм. Мөн хэл хэллэг дээр анхаарах хэрэгтэй. Уран зохиол бол хэлний урлаг шүү дээ.
Мөн залуу үеийн залгамжлагчдыг уран зохиолдоо дуртай болгох, энэ чиглэлд хөтөлж оруулах хэрэгтэй. Олон болох тусмаа хөгжинө. Гэхдээ чанар дээр зохих хэмжээний арга хэмжээ авах нь чухал юм. Ингэхийн тулд онол шүүмжлэлийг чангатгах. Сайн шүүмжлэгчид их гарч ирэх хэрэгтэй.
-Таны амьдралаас утга уран зохиолыг ялгаж салгахын аргагүй бололтой. Ер нь уран зохиол гэж таны бодлоор ямар оршихуй юм бол?
-Би Бээжингийн Төвийн үндэстний их сургуульд 40 жил уран зохиолын багшаар ажилласан. Мэдээж уран зохиолын тухай хүн бүрийн тодорхойлолт харилцан адилгүй, ялгаатай. Миний хувьд бол уран зохиол бол хэлээр багаж хэрэгсэл болгож, амьдралыг тусгаж харуулдаг хэлний урлаг. Хоёрдугаарт, уран зохиол амьдралыг дүр дүрслэлээр тусгадаг. Уран дүргүйгээр уран зохиол үгүй. Жишээлбэл, “Тунгалаг тамир” романы Эрдэнэ, Итгэлтийн дүр бол бодитой хүн. Олон хүний дүрээр дамжуулж үзэгч, уншигчдад ойлгомжтой, нүдэнд үзэгдэхүйц хөтлөх нь уран зохиолын хамгийн чухал үзүүлэлт гэж боддог.
Мөн Монгол болон Өвөрмонголын сургалтын заах арга барилын нэг зүйлээр ялгаатай гэж багш хүний хувьд хардаг юм. Монголын багш нарын хичээлээ зааж байгаа үг яриа нь уран, их чөлөөтэй, сонсголонтой, тухайн зүйлийн утга санааг энгийнээр ойлгуулчихдаг. Жишээлбэл, намайг МУИС-д суралцаж байх үед найруулга зүйн хичээлийг Монгол хэл, тэнхимийн Ц.Сүхбаатар багш ордог байхдаа хичээлээ энгийн хийгээд их уран үгээр заадаг байсан. Монгол хэлний найруулга зүй бол Монгол Улсын ондоошлыг харуулах бас нэгэн өвөрмөц зүйлийн өв гэж хэлж болно.
-Та Монголын орчин үеийн уран зохиолын тухай хэр олон судалгааны хэрэглэгдэхүүн гаргасан бэ?
-Би Монголын орчин үеийн уран зохиолын судалгааны ажилд амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан байна. Энэ хугацаанд цуглуулсан материалаа арван жилийн хугацаанд эмхэтгэж, судалгааны бүтээл болгож хэвлүүлсэн. Жишээлбэл, Д.Цэдэв багштай хамтарч тухайн үед олдсон С.Буяннэмэхийн зохиолуудыг эмхэтгэж дөрвөн боть ном гаргасан. Мөн Ш.Аюушийн зохиолыг нэг ном болгож гаргасан. М.Ядамсүрэнгийн зохиолыг нэг боть болгож хэвлүүлсэн. Эдгээр ном, бүтээлүүд төв номын санд бий. Мөн миний чухал ажлын нэг бол Монголын уран зохиол тэр дотроо жүжгийн зохиолыг бүх талаар нь судалж, эмхэтгэн монгол бичигт хөрвүүлсэн явдал юм. Үүнийг Өвөрмонголын ардын хэвлэлийн хорооноос 2017-2022 хугацаанд арван боть болгож гаргасан юм. Бас эмхэтгэж хөрвүүлсэн 10-20 боть арай хэвлэгдээгүй байна. Энэ арван боть хэвлэгдэж уншигчдын хүртээл болсноор жүжгийн зохиолч Ш.Аюуш, С.Буяннэмэх, Ядамсүрэнгийн зохиолыг судлахад маш том судалгааны хэрэглэгдэхүүн болох боломжтой. Энэ ажил бол суртал агуулгын талаар судалгааны хэрэглэгдэхүүн болсон ажил.
Хоёр дахь бүтээл бол миний судалгааны ажил. Би судалгааны ажлаа Цэдэв багштай хамтарч “С.Буяннэмэх судлал” гэсэн номыг 2016 онд хэвлүүлсэн. Мөн БНХАУ-ын төслөөр “Монголын орчин үеийн уран зохиолын онол шүүмжлэлийн түүхийн шинэчлэл” гэсэн 600-700 хуудастай судалгааны номыг 2018 онд хэвлүүлсэн. Энэ ном бол XX зууны Монголын уран зохиолын онол шүүмжлэлийг харуулсан. Манай сургуулийн сурагчдын гарын авлага болоод хэрэглэгдэж байгаа. Монголын орчин үеийн уран зохиолтой холбогдоод хийсэн гурав дахь том ажил бол шавь нараа Монголын орчин үеийн уран зохиолын судалгаанд хөтөлж оруулсан явдал гэж хэлж болно. Одоогоор 21 хүн Монголын орчин үеийн уран зохиолыг судалж, диссертац бичиж эрдмийн зэрэг хамгаалсан. Зарим нь ном болгож гаргасан байна. Жишээлбэл, С.Буяннэмэхийн жүжиг, тууж, яруу найргийн зохиолыг судалсан хүн бий. Утга зохиолын онолын номыг тусгайлан судалсан докторант байна. Мөн Ш.Аюуш, Ч. Лодойдамбын жүжгийн зохиолыг судалсан доктарант бий.
“Зууны мэдээ” сонин П.Амгаланбаяр
()
Discussion about this post