Япончуудыг шударга, хариуцлагатай, бохир бизнесээс хол хүмүүс гэдэг. Тэгвэл Монголд бизнес эрхэлдэг “нарангууд” манайхнаас халдвар авчээ. Хироки Такуба нь лед гэрэл, шонгийн гэрлийн чиглэлээр ажилладаг “YLM” компанийн Н.Мөнхбаясгалантай хамтран ажиллаж иржээ. 2019 оны намар монгол түнш нь түүнд “чихэр” шиг санал тавьсан нь нүүрс тээврийн бизнес байв. “Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрс тээвэрлэх “ажиллагаан”-д нийт 1,3 сая доллар хэрэгтэйгээс 80 хувь нь боссон агаад үлдэгдэл 200 мянган долларт хөрөнгө оруулагч олж өгөхийг хүссэн байна. Энэ “ажиллагаа”-ы ар нь “түүз” гэжээ.
Монгол түншийнх нь хэлсэнээр МАН-ын нөлөө бүхий А гэх хүн өөрийн зөвлөх болох экс гишүүн Г-д нам дундах маргааныг шийдвэрлэж өгсөний шагнал хэмээн тээвэрлэлтийн зөвшөөрөл өгсөн, үүнд хөрөнгө оруулагч хэрэгтэй байна гэжээ. Энэ бизнест хөрөнгө оруулбал жилийн 40 хувийн ашиг хүртэх шүлс гоожуулам тооцоог үзүүлжээ. Их ашгийн “өгөөш”-ийг үмхсэн Хироки “хөрөнгө оруулагч” олохоор арлынхаа зүг нисжээ. Нутагтаа очдог “ТOPA21” сургуулийн эзэн найзынхаа “толгойг эргүүлээд” 100000 доллар салгаж чаджээ. Монголд ирээд 100 мянган доллар буюу тэр үеийн ханшаар 266 сая төгрөгөө хоёр хуваан Н.Мөнхбаясгалан руу шилжүүлжээ. Их хэмжээний мөнгө өгсөн тул гэрээ байгуулахаар болтол монгол түнш нь хөрөнгө оруулалтын биш харин зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан байна. Хугацаа нь нэг жил, хүү нь 20 хувь гэж заажээ. Ингээд 2020 он гарч корона өвчин дэгдсэн. Такуба бизнесийнхээ талаар асуухад өөдөөс нь бүх зүйл зогссон гэдэг байжээ. Гэтэл Н.Мөнхбаясгалан нь мөнгөнөөсөө 150 сая төгрөгийг нь Г-ын эхнэрийн хувь эзэмшдэг “Чандмань өгөөж” компанид зээлүүлж үлдсэн 116 саяыг хувьдаа хэрэглээд дуусгасан аж. Мөнгө авсан компани нь Өмнөговийн Цогтцэцийд кэмпээ байгуулаад л ажил зогссон байна. Ийнхүү хоёр жил өнгөрч коронагийн дэгдэлт намдсаны дараа 100 мянган долларын жинхэнэ эзэн болох “ТOPA21” сургуулийн эзэн мөнгөө хайж эхэлсэн. Хирокитой уулзаад мөнгө нь хөрөнгө оруулалт биш харин зээл болж хувирсаныг мэдээд монголчуудтай нийлж намайг залиллаа хэмээн нутаг нэгтэндээ уурлаж бөөн юм болжээ. Хэрэг дэгдэхэд “Чандмань өгөөж” нь зээлсэн мөнгөө төлж барагдуулжээ. Хөрөнгө оруулагчийн мөнгө ч төлөгдсөн байна. “Зуучлагч” Хироки нь Мөнхбаясгалан Г хоёрыг нь сайн найзууд тул нүүрс тээврийн бизнэст бүтнэ гэдэгт шууд итгэсэн гэжээ. Мөнхбаясгалан нь ЗТХЯ-нд төслийн зохицуулагчаар ажилладаг гэнэ.
Эх сурвалж: ALIM.MN
()
Discussion about this post