МОНГОЛЫН АНХНЫ ТӨРИЙН СҮЛД ДУУЛЛЫГ А. КАДЛЕЦ гэж Чех хүн ЗОХИОЖЭЭ: Энд харагдаж буй сонины хайчилбар “Сэргэн мандаж буй Монгол” гэсэн мэдээ Санкт Петербургд гарч байсан “Огонёк” сэтгүүлийн 1914 оны № 14 – т 3 -р сарын 19-ний өдрийн дугаарт гарсан байна.
Энэхүү мэдээг хуучны орос хэл бичгээс монголчлохыг оролдоё ! Энд жирэв сахалтай хүний зураг байна. Түүний дор ийн бичиж “Хөгжмийн зохиолч А. В. Кадлец бол Монголын сүлд дууллыг зохиогч юм” хэмээжээ.
Цааш мэдээг сийрүүлбэл “Оросын агуу их дэмжлэгээр Хятадын хэдэн зууны дарлалаас чөлөөлөгдсөн Монгол Гүрэн бага багаар бие даасан улсын өнгө төрхийг гадна талаасаа олсоор байна. Өөрийн мөнгөн тэмдэгтийг дотооддоо нэвтрүүлсэн болон төрийн одон шагнал үүтгэсэн зэрэг үйл явдлын араас Хутагтын зарлигаар цэргийн найрал хөгжмимд төрийн сүлд дуулал эгшиглүүлэх лүндэн гарав. Энэхүү сүлд дууллыг Монголын Засгийн Газрын тусгай захиалгаар орос хөгжмийн зохиолч ноён Кадлец туурвисан ба Санкт Петербургийн Их Сургуулийн Дорно Дахины Судлалын Тэнхимийн санал болгосон монгол аялгуунд дулдуйдсан байна. Энэхүү сүлд дууллын зохиогч нь тийм ч олны танихгүй, мэдэхгүй хүн биш. Тэрбээр Марийн театрт нэгдүгээр хийлээр хөгжимдөж байсан ба түүний хөгжмийн туурвил бүтээл нь бас чиг түгсэн хөгжмийн зохиолч юм. Тухайн цагтаа түүний туурвисан хөгжим бүтээл Марийн театрт тавигдаж байв. Сүлд дуу туурвисан хөгжмийн зохиолчийн үйлсийг нь үнэлж Хутагт (Богд Хаан Б.Б.) 2-р зэргийн Эрдэнийн Очир одонгоор шагнажээ”.
Төрийн дууллыг маань гадаад хүн зохиосон болж таарлаа. Анхны дуурийг маань бас гадаад хүн зохиосон гэдэг. Арай л юм аа! Тэгээд бид монголчууд өөрсдөө юу хийсэн болох вэ? Хариу нь “Социализм байгуулсан” гэдэг шиг…
1951 онд өдгөөгийн Төрийн дууллын хөгжмийн “клавир” буюу төгөлдөр хуур хөгжимд зохицуулсан найруулга болон найрал хөгжимд хуваарилан бичүүлэх зорилгоор “партитур” бүтээлгэхээр монголчуудын хөгжмийн анхны багш Б. Смирновыг Улаанбаатар хотод дахин залж, ажиллуулсан гэдэг. Энэ тухайд хөгжмийн зохиолч Л. Мөрдорж гуайн дурсахыг сонссон билээ. Тэгээд Б. Смирнов монголд нэгэнт ирсэнийх гээд өөрийн шавь Б. Дамдинсүрэн гуайтай “Учиртай гурван толгой” дуурийн партитур дээр эргэн хамтдаа ажилласан гэдэг. Энэ нь энэ дуурийн анхны засвар буюу “редакц” болох юм. Учир нь 1942 онд анх зохиосон паритур нь дуучин эхлэхийн өмнө эхлэх хөгжмийн өнгө, өндрийг нь найрал хөгжмөөр, эсвэл аль нэг хөгжмийн зэмсэгээр удтал дуугаргадаг байдлаар бичигдсэн байх ба 10 – аад жил өнгөрөхөд манай театрын дуучдын хөгжмийн боловсрол илт дээшилсэн тул хуучин байдлаар байх нь зохимжгүй хэмээн засварлах болсон гэдэг.
Б. Смирновын төрийн сүлд дууллын хөгжмийн найруулан бичих ажилд нь үнэнлэлт өгч, Засгийн Газар “Алтан гадас” одон олгосон нэгэн түүх буй.
“НүүрНом” хэмээх шидэт цонхны буянаар дэлхийгээр чөлөөтэй зорчиж, хүссэн хүнийхээ хүссэн мэдээлэлтэй учирч, уулзаж байдаг нь гайхам явдал шүү ! Энд анх Алтангэрэл гэдэг нүүр номын андын пост явсаар Энхбулаг гээд манай хөгжим судлалын гол хүнээр дамжин энэхүү мэдээлэл ирлээ. Нэлээд дэлгэрэнгүй тайлбар, хөрвүүлэг хийх хэрэгтэй санагдав.
VIII Богд Жавзандамба Хутагтыг Хаанаар өргөмжилсөн Автономит Монгол Улсын (1911-1921) судлал манай түүх бичлэгийн нэгэн чухаг хэсэг байдаг.
Автономит Монголын төрийн сүлд дууллын судалгааг манай эрдэмтэн, зохиолч, яруу найрагч Дожоогийн Цэдэв, хөгжим судлаач эрдэмтэн Жамбалын Энэбиш нар нэлээд нухацтай хийсэн байдаг.
1980-аад онд Ленинградад оюутан байхад маань миний багш доцент Г.Белов “танай сүлд дууллыг бичсэн хүний ач охин нь уулзаж, ноот үзүүлье” гэж байна гэж дуулгахад залуу насны гэнэн гоомой зангаас болоод уулзаж төвдөөгүй нэгэн тааруу түүх буй билээ…
Энэхүү ноотны зураг болон Монголын анхны сүлд дууллын түүхийг тун дэлгэрэнгүйгээр тодруулж, Чехийн нэрт монголч эрдэмтэн Иржи Шима гуай “Монголын анхны сүлд дуулллыг зохиогч нь Андржей Кадлец хэмээх чех хүн байжээ” нэртэй өгүүлэл бичиж нутгийнхаа “Чехийн хуудас” сэтгүүлийн 2005 оны 12 – р сарын дугаарт (16 – 17 хуудас) хэвлэлд хэвлүүлсэнийг нь Т. Ковалевская оросоор орчуулж тавьжээ. https://pomnenka2012.livejournal.com/5774.html Энэхүү орос орчуулгаас эрхэм нүүр номын анд танд сонирхолтой байж болох хэсгүүдийг монголчлох нь зүй хэмээн бодлоо.
А. КАДЛЕЦЫН НЭР, ТӨРСӨН, одсон ОГНОО: Ондржей Карел Кадлец. 1859 ны 02-р сарын 18-нд Чехийн Добржиши хотод мэндэлсэн ба 1928 оны 2-р сарын 28-нд Оросын Самар хотод насан эцэслэжээ.
1880-аад онд Кадлец Орост цагаачилсан ба нэрээ Андрей Вячеславович Кадлец гэж оросчилон өөрчилжээ.
А. КАДЛЕЦЫН БОЛОВСРОЛ: Прагийн Консерватори болон Санкт Петербургийн Консерваторид хийлч, хөгжмийн зохиолч, удирдаач мэргэжлээр тус тус суралцан төгсөж,
АЖИЛ, УРАН БҮТЭЭЛИЙН ТОВЧ: 1887-1907 онуудад Санкт Петербургийн Марийн театрын нэгдүгээр хийлчээр ажиллаж байж.
1907-1909 онд Хойд Осетинийн Владикавказ-Оржоникидзе хотын Казак Цэргийн тойргийн симфони найрал хөгжмийн удирдаачаар,
1909 оноос Санкт Петербургийн Финландийн Явган Цэргийн хөгжмийн салааны хөгжмийн удирдаач, дуурийн найрал хөгжмийн удирдаач болон дунд сургуулийн хөгжмийн багшаар ажилласан байна.
А. Кадлец хэд хэдэн хошин дуурь, бүжгэн жүжгийн хөгжим туурвисан нь тухайн цагтаа Марийн театрт тавигдаж байжээ.
VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ГЭГЭЭНТНИЙ МЭНДЭЛСНИЙ 150 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ
Batjargal Badamjav
()
Discussion about this post